"ХӨХ Танхим"

March 23, 2010

Айдасгүй амьдрах хүсэл ба Туйлшрал

Filed under: Өнөөдөр сонинд хэвлэгдсэн — batjargaln @ 7:42 AM

/ Эмнэсти Интернэшнл Олон Улсын Байгууллагад /

Дэлхийн улс орнууд айдасгүй, амар амгалан, төгс төгөлдөр нийгэм байгуулах хүсэл эрмэлзлэлээ хөгжлийн тодорхой үе шатуудад эрх зүйн зохицуулалт хийх замаар хангасаар өнөөг хүрсэн билээ. Ингэхдээ хүний жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрч, хөгжлийн түвшингээсээ үл хамааран хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийнхаа түвшинд баталгаажуулсаар ирсэн юм. Байшинг сууриас нь эхэлж барьдагтай адил Монголчууд өөрсдийн төсөөлж мөрөөдөж, тэмүүлж буй нийгмээ сууриас нь эхэлж бүтээн бий болгож, түүхэн он цагийн шалгуураар алдаа оноогоо шүүн дэнсэлсээр 21-р зуунтай золгосон. 2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улсын хувьд НҮБ-ын Дүрмийн дагуу тусгаар улсуудын бүрэн эрхт байдал, өөртөө засан тогтнох эрхийг харилцан хүндэтгэж, дотоод хэрэгт үл оролцох зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээг гадаад харилцаандаа удирдлага болгосоор ирсэн билээ.
Монгол улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд зааснаар манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхий дахины чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйлсэд боломжийн хэрээр хувь нэмрээ оруулахыг чармайх бөгөөд ингэхдээ улс үндэснийхээ ашиг сонирхол, соёлын үнэт зүйлс, Үндсэн хуулийн тулгуур зарчмуудаа юуны өмнө удирдлага болгох учиртай. Ингэх нь “Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байх” тухай Монгол улсын Үндсэн хуулийн агуулгатай бүрнээ нийцэж байгаа хэрэг юм. Монголчууд нэг намын үзэл суртал ноёрхсон тоталитар дэглэм бүхий нийгмийн тогтолцооноос хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэмд шилжих шилжилтийн үед ч энэхүү жанжин шугамаасаа хазайгаагүй билээ.
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь сонгуулийн ардчиллыг баталгаажуулан хуульчилж, хүний эрх, эрх чөлөөний тухай бүхэл бүтэн бүлэг оруулж өгсөнөөрөө шилжилтийнн үеийн Монголын нийгмийн суурь харилцааг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнүүдээр зохицуулах боломжийг бий болгосон юм. Энэ хуульд байгаа алдаа бүхэн биднийх. Ололт бүхэн ч биднийх. Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлэг нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрхийг тусгаагүй боловч энэ нь тэдгээр эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг бас биш юм. Гагцхүү тухайн түүхэн цаг үе дэх хууль эрх зүйн талаарх төсөөлөл, ойлголт ухамсар нь одоо мөрдөгдөж байгаа хүний эрхийн хэм хэмжээнүүдийг түлхүү оруулж өгөхөд нөлөөлсөн хэрэг. Энэ бол алдаа биш, үүнийг засах, өөрчлөх эрх мэдэл нь Монголын ард түмний мэдэлд, түүний дотор сонгуулийн зарчмаар байгуулагдаж хууль тогтоодог Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг.
Монгол улсын Үндсэн хуульд …. шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглох… тухай заалт бий. Энэ нь төр хилэгнэсэн үедээ хэн нэгнээс нөгөөгийнх нь өшөөг авах тухай хэрэг биш бөгөөд, олон зуун жилийн өмнөөс мөрдөж ирсэн эрдэнэт хүний халуун амийг санаатайгаар, онц хэрцгийгээр бүрэлгэсэн бол амиараа төлдөг байх тухай шударга ёсны үзлээс үндэстэй заалт юм. Түүхэн уламжлал нь ийм үйлдлийг шударга гэж үзсээр ирсэн нь өнөөгийн бидний буруу биш. Энэ үзэл өнөөдөр ч монголын нийгэмд үнэ цэнээ алдаагүй бөгөөд Үндсэн хуулийнхаа түвшинд хүлээн зөвшөөрсөн нь үүний илрэл юм. Гэхдээ ялыг ялгамжтай оногдуулах, эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүст цаазаар авах ял оногдуулахгүй байх зэрэг олон улсад мөрдөгддөг хэм хэмжээнүүд манай улсын Эрүүгийн хуульд тусгагдсан байдаг. Хүний амьтай холбоотой асуудалд Монголчууд хүндэтгэлтэй бөгөөд шударга хандаж ирсэн ард түмэн. Түүхэн улбааг нь авч үзвэл нэхэл хатуутай ард түмэн. Энэ байр суурь нь соёл иргэншилт 21-р зуунд олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шударга, энэрэнгүй байх зэрэг зарчмуудаар улам баяжин Монгол улсын хууль тогтоомжуудад тусгалаа олсоор ирсэн юм.
Эмнэсти Интернэшнлийн хүний эрхийг хангах талаар ажиллаж ирсэн баялаг туршлага, чин эрмэлзэл, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлийг талархан дэмжиж, чөлөөтэй бодож сэтгэх, үүнийгээ бусдад тайлбарлан таниулах эрхийг хүндэтгэж байгаа хэдий ч цаазаар авах ялын талаарх байр суурийг нь хоёргүй утгаар эсэргүүцэж байна. Учир нь Монгол улс бол тусгаар тогтносон улс. Өвөрмөц зан заншилтай, хууль цаазын өргөн баялаг түүхтэй орон. Монгол улсын Эрүүгийн хуулинд “Хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх” хууль ёсны зарчим бий. Монгол улсад хууль санаачлах эрхтэй гурван субьект байдаг бөгөөд үүнд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар багтдаг. Харин хууль тогтоох эрх мэдэл нь гагцхүү УИХ-д хадгалагддаг. УИХ-аас гарсан хууль тогтоомжид Монголын ард түмний эрх ашиг, хүсэл зориг тусгагдаж хууль тогтоох эрх мэдлийнх нь үндэс болж байх учиртай. Үүнд ямар нэг байгууллагын санал зөвлөмж нэртэй тулган шаардалт, хэт туйлширсан дарамт шахалт “эв санааны нэгдэл” огтоос хэрэггүй.
Эмнэсти Интернэшнлийн Монгол улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн төслийг “хянан хэлэлцэж” өгсөн санал зөвлөмж нь бусдын дотоод хэрэгт оролцохгүй байх тухай НҮБ-ын Дүрмийг зөрчиж байна. Танай байгууллага НҮБ-д зөвлөх эрхтэй байх нь Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд дураараа оролцож болно гэсэн үг биш гэдгийг сануулахыг хүсч байна. Хүн төрөлхтний түүхэнд гарч буй онолын сэтгэлгээний шинжтэй цаазаар авах ялыг халах тухай маргаанд төрийн байр суурийг хүчтэй дэмжиж, нөлөөлж байгааг тань шударга бус үйлдэл гэж үзэж байна. Ингэж нэг талыг хэтэрхий туйлшруулж Монголчуудад үзэл бодлоо хамгаалах боломж өгөхгүйгээр тулган шаардах нь зүйрлэн хэлбэл, хохирогчийг өмгөөлөгчгүйгээр шүүж буйтай агаар нэг юм. Энэ ялыг хэвээр үлдээхийн төлөө байр суурьтай хүмүүс нь ихэвчлэн хэрцгий алуурчны гарт ойр дотны хүнээ алдсан хохирогчид байдаг бөгөөд тэдний үзэл бодолд хөндлөнгийн ямар ч үйлдэл нөлөөлдөггүй. Учир нь тэд шударга ёсыг нэхэл хатуутай шаардаж, гэмт хэрэгтнийг хатуу цээрлүүлэх хүсэлтэй байдаг. Гэвч Монголын төр тэдгээр иргэдийнхээ уур хилэн бухимдлаас ангид байж хуулийн дагуу гэм бурууг шүүн тунгааж, зааглан ялгаж, энэрэнгүй байх зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулж байна.
Та бүхний гаргасан цаазаар авах явдлыг бүрмөсөн халах тухай санал зөвлөмж нэртэй “Тулган шаардалт” нь Монголын нийгмийг оюун санааны тогтворгүй байдалд оруулж, хий хоосон хардлага сэжиг, айдас болгоомжлол, хүчтэй хагаралд оруулж гэмт хэрэгтнүүд болон гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн хэн нэгнийг хууль бус үйлдэл рүү түлхэж мэдэхээр байдал үүсгээд байна. Өнөөгийн нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин, эрх зүйн ухамсар, төрийн хүчин чадал нь үүнийг зогсоож хүчрэхгүй бөгөөд эцсийн дүндээ Монголын нийгэм, олон нийт хохирч үлдэнэ. Үүн дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн парламентад хэлсэн үг, улс төрийн болчимгүй шийдвэр нь хуурай өвсөнд гал тавихын адилаар хүмүүсийг хагаралдуулж байна.
Монголын хууль шүүхийн практикт гарсан алдаа дутагдал байх аваас бид өөрсдөө засаж залруулан явах учиртай. Бид иргэний дайны хөлд нэрвэгдсэн хяналтгүй төр засагтай орон биш, бид олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг нэгийг нь ч биелүүлдэггүй дуулгаваргүй үндэстэн биш, ард иргэдээ баян ядуу, шашин шүтлэг, итгэл үнэмшил, үзэл бодлоор нь ялгаварлан эрүүгийн хариуцлага тооцон хэлмэгдүүлдэг цуст дарангуйлал тогтсон орон биш.

МОНГОЛЧУУД БОЛ “МАРТАГДСАН ХОРИГДЛУУД” БИШ.
Дэлхийн улс орнуудын түүх соёл, зан заншил, эрх зүйн ухамсар, үзэл бодлыг нэгэн адил хэвэнд цутгаж, бүгдийг адилхан хэлмэгдүүлэгч мэтээр хавтгайруулан яллаж, цаазаар авах ялыг шууд халах оюун санааны дарамт шахалт, тулган шаардалт хийхийг эрс эсэргүүцэж байна. Хүний эрх ярьсан хэт туйлшрагчид Монгол үндэстний оюун санааны эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байна. Энэ сэдвийг улам даамжруулан элдэв янзын кампанит ажил удаан хугацаанд өрнүүлэх нь алуурчны гарт ойр дотны хүнээ алдсан хохирогчдийг цусан өшөө авах сэдэлд хүргэж мэдэх юм. Үүний хариуцлагыг Эмнэсти Интернэшнл хүлээж чадахгүй бөгөөд хохирогч нь гэм зэмгүй олон нийт, Монгол иргэд байх болно.

ХҮМҮҮС БОЛ “БУРХАД” БИШ !
Зовлон шаналал, айдас хүйдсийг хүлцэнгүй тэвчин өнгөрүүлж чадах нэг нь байхад, түүний өмнө сөхрөн унаж санаанд оромгүй байдлаар асуудлыг шийдэх нэг нь ч байна. Энэ нь тухайн үндэстний хэл соёл, сэтгэхүйн онцлог, хувь хүний давтагдашгүй шинж чанартай шууд холбоотой бөгөөд асуудалд хандах зан үйл нь дэлхийн хүмүүсийх өөр өөр байна. Үүнийг кампаничлан нэгэн хэвэнд цутгах нь сайн үр дүнд хэзээ ч хүргэхгүй. Гэмт хэрэгтний зан үйл, гэмт хэргийн нөхцөл байдал, цаазаар авах ялыг гүйцэтгэж байгаа арга хэлбэрээс үл хамааран бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг бүрмөсөн халах тухай танай байгууллагын хэт туйлшралыг хүн төрөлхтөний оюун санааны ололт гэж үзэхгүй байна. Монголчууд бид эрдэнэт хүний халуун амийг хороох дуртай цуст үндэстэн биш. Гэвч учрах байсан аюулаас урьдчилан сэргийлж, төрийн хуулиар гэмт хэрэгтэнд хуулийн дээд хэмжээ оногдуулахыг шударга ёс гэж үзэж байна. Энэ нь алуурчныг дахин гэмт хэрэг үйлдэхээс нь урьдчилан сэргийлэх төдийгүй, алуурчны ар гэрээс цусан өшөө авч болзошгүй хохирогчдын халдлагаас болгоомжилж буй хэрэг юм.
Өнөөгийн Монгол улсад ямар ч тохиолдолд хэрцгий алуурчныг өршөөх нийгмийн сэтгэлзүй бэлэн биш төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн алуурчныг барих хууль хяналтын байгууллагын хүчин чадал хүч мөхөс байна. Монголчууд хүнийг хайрлах ухамсрыг иргэддээ бүрэн төлөвшүүлж чадсан цагт цаазаар авах ялыг халах эсэхээ олон нийтийнхээ санал асуулгаар, хөндлөнгийн тулган шаардалтгүйгээр шийдвэрлэж чадах оюунлаг ард түмэн. 1937 оны үеийн Коминтерний зааварлагч шиг тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын нийгмийн харилцааг зохицуулагч гол хуулийн төслийг үг бүрчлэн хянан хэлэлцэж, тулган шаардалт хийж нийгмийн тогтворгүй байдал үүсгэж байгааг чинь эрс эсэргүүцэж байна.
Гэмт хэрэгтнийг цаазаар авах ёстой гэсэн үзлийг дэмжигчид нь өөрийн байр сууриа нотлохын тулд хүний санаанд оромгүй аймшигт гэмт хэргүүдийн талаарх дэлгэрэнгүй материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байна. Энэ бол тэдний буруу биш. Хэт туйлширсан үзлийг эргэцүүлж үзэх боломж өгөлгүйгээр тулган шаардаж, төрийн байр суурийг дэмжиж байгаа Эмнэсти Интернэшнлийн буруу юм. Энэ үйлдлээ цаашид үргэлжлүүлэн Монгол улсын хууль тогтоогчдод нөлөөлөх гэж оролдвол хэт үндсэрхэг үзэлтнүүдийн эгдүүцлийг хүргэж Монгол улс болон Олон улсын байгууллагын хоорондын харилцаанд сэв суулгаж болзошгүйг анхааруулж байна.
Энэхүү үзэл бодол нь зөвхөн гэмт хэргийн улмаас өөрийн дотны хүнээ алдсан хохирогчийн байр суурь бөгөөд цаашид энэ талаар үзэл бодол нэгтэй хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу иргэний тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байна.

Монгол Улсын Иргэн
Н.Батжаргал

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: