"ХӨХ Танхим"

March 23, 2010

Цэнддоог Цэнддоогоос харамлах нь буюу дүйвээний сохор нохойг үзэн ядах нь

Filed under: Зууны Мэдээ сонинд хэвлэгдсэн — batjargaln @ 3:58 AM

Цэнддоог Цэнддоогоос харамлах нь буюу
Дүйвээний сохор нохойг үзэн ядах нь

Цэнддоо гэж нэг хүн байх. Төрөлхийн алиа хошин зантай бололтой юм билээ. Нэг удаа номын тухай сэдвээр хийж байсан телевизийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан. Уран хошин мэдрэмжийг бурхан түүнд харамгүй заяажээ. Манайх шиг бухимдалтай, утаатай, архичидтай, ядуучуудтай, бүр ийм олон улс төрчидтэй жижиг оронд юмыг ёжилж, шоолж жигшүүлэх ажил хийдэг түүн шиг хэдэн аятайхан нийтлэлч бий. За Баабарыг бол хүн бүхэн мэднэ, Болдхуяг, Дашрэнцэн, Цэнддоо, сүүлийн үед Гангаа аятайхан бичих гээд байгаа. Бүгд л өөр өөрийнхөө чиглэлээр бичдэг. Гэхдээ бас оролцохгүй сэдэв гэж байна. Жишээ нь Баабарыг хувцас загварын ертөнц, биеийн галбираа засах тухай бичиж байсныг ерөөсөө дуулаагүй юм байна. Бичвэл сонин л байх байх. Гэхдээ мань хүний хамгийн их айдаг зүйл нь ухаантай хүнд шоолуулах, мэргэжлийн юм бичихдээ алдаа гаргах гэж өөрөө хэлснийг нь бодоход энэ талаар бичихгүй ч байж магад. Харин Цэнддоог цаазаар авах ялын тухай бичихээр инээд хүрэх нь бүү хэл харин ч уур хүрлээ байна.
90 оны ардчилсан хувьсгалыг сэтгэл зүрхээрээ дэмжиж явсан олон сайхан сэтгүүлч, нийтлэлч нар бий. Тэр үед ардчилал, зах зээл гээч юмыг огт ойлгохгүй байсан монголын нийгмийн олонхийг хурц дайчин нийтлэл, шог уран өгүүллэгүүдээрээ цочроон сэрээж, ухуулан сэнхрүүлж явсан тэдэнд өнөөгийн бидний зүгээс талархах олон шалтгаан бий. Болохгүй бүтэхгүй байгаа бүхэнтэй үгийн хурцаар, үзэгний үзүүрээр үзэлцэж явсныг чинь хэн ч үгүйсгээгүй байна. Та нарын бичсэн нэг өгүүллэг, нэг нийтлэл чинь хэчнээн даргын тушаал шийдвэр, хэдэн сурах бичгийн хийж чадаагүйг хийж нөхөж, орлож байсан. Жишээ нь 90-ээд оны Тунгалаг Тамир бол зах зээлд шилжиж байх үеийн түүхийг Монголчуудын хамгийн сайн мэддэг уран сайхны киногоор төлөөлүүлэн үзүүлсэн нэг ёсны түүхийн хичээлийн сурах бичиг гэж би боддог. Та нарын алиа хошноор өгүүлсэн шүүмжлэлийг уншаад инээж, хөхрөлдөж, ярилцаж сэтгэлийн цэнгэл эдэлдэг бүхэл бүтэн нийгмийн давхарга бий. Яг үнэндээ тэд инээснээ бусдад дамжуулж тэр хэмжээгээр нийгэмд гэрэл гэгээ, тайвшрал нэмэгддэг нь худлаа биш.
Өнөөдөр монголд ардчилсан үзэл санаа төлөвших гэж 20 жил бэдэрч байна. Алдаа оноо, сайн муу бүхэн бий. Гэхдээ байраа олж төлөвшиж байгаа зүйлээ нураахыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Цэнддоогийн фельетоныг, Болдхуягийн онигоог уншаад инээхээ больвол, Баабарын нийтлэлийг уншаад юм бодохоо байвал нэг бол тэд, нэг бол нийгэм болохоо байж байна аа л гэсэн үг. Гэхдээ би нийгэм урагшилж тэд болохоо байж байна л гэж харна. Яг ийм байдал Цэнддоогийн цаазаар авах ялыг халах тухай Элбэгдоржийн санаачлагыг бялдуучилж бичсэн зүйлээс нь харагдаад байна. Үүнийг захиалгаар бичээгүй нь мэдээж л дээ, гэхдээ л инээлдэж байгаад ярьж уншиж боломгүй сэдвээр юмны ар хударгаар дургүй хүрмээр юм бичлээ дээ. Асашёюрүг нутагтаа ирж байхад, Батзандан Магнай 2-ыг жагсаалаа хийж байх хооронд, Ардчилсан хүчний Холбоо Засгийн газрыг унагах дуулианаар ийм нохой зан гаргаж, эмзэг юмыг инээд ч биш, ханиад ч биш болгож байгаад чинь үнэхээр их харамсаж байна.
Нэг амьсгаагаар, сэтгэлийн хөөрлөөр баахан орны элчин сайдын өмнө том том дуугарсан нь монголын нийгэмд эргээд ямар их хор уршиг тарихыг Элбэгдорж байтугай нь төсөөлөхгүй биз. Ямар ч гэсэн буруу байсан гэдэг нь парламентад энэ шийдвэрийг зарласнаас нь хойш болсон хэд хэдэн шүүх хурлын шийдвэрүүд харуулж байна. Шүүх шийдвэрээ гаргаж, илэрхий тодорхой хэрэгт нь зохих ялыг нь оногдуулж байгаа хэдий ч Ерөнхийлөгч уучилчихна гэсэн тэнэг бодлоор өөрийгөө баатар мэт санасан алуурчид энэ нийгмийг тэр чигээр нь айдаст автуулж байна. Тэгээд энийг Цэнддоо дэмжээд байгаа нь бүүр хачирхалтай. Яах гэж бичдэгээ энэхэн зуур мартаж боломгүй л санагдах юм. Сайн гээд байгаа удирдагчийн муу үйлдлээс нийгмийг хамгаалж, урьдчилан сэргийлж, гэгээрүүлж байх нь сэтгүүлч нарын үүрэг биш билүү. Хувьсгал хийхгүйгээр нийгэмд өөрчлөлт хийдэг хүмүүс чинь сэтгүүлчид биш билүү. Цэнддоо бол “улс төрийн захиалга”-аар бичдэггүй цөөн хэдэн хүний нэг гэж итгэдэг учраас ингэж эгдүүцэж байгаа хэрэг. Яль шалихгүй, шандан хүүхнүүд ингэж нялуурсан бол юугаа зарсаныг нь шууд ойлгож болохсон.
Үндсэн хуулийн үзэл санааны түвшинд асуудлыг авч үзэн, олон нийтийн санаа бодлыг сонсож, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачидтай зөвлөлдөж, болгоомжтой энэ асуудалд хандах ёстой. Өөрөө ч хуулийн төсөлд тусгах саналыг иргэд олон нийтийн саналыг Иргэний Танхимаар авна гээд баахан далбаганасан. Худлаа л байхгүй юу, шоудахаас өөр юу хийж байгаа юм бэ? Одоо ерөнхийлөгч болохдоо хүн гүтгэсэн, хулгай хийсэн баримт нь дэлгэгдээд юун цаазын ялыг халах манатай дараагийн шоуныхаа зохиолыг бичих гээд сууж байгаа гэвэл мөрий тавьсан ч чадах байна. Уг нь сэтгүүлч нь сэтгүүлчээрээ үлдэж соён гэгээрүүлж, улс төрч нь олон нийтээ сонсож ажилладаг бол энэ нийгэм ямар хурдан эрүүлжих бол. Улс төрчид нь луйварчин болж, сэтгүүлчид нь захиалгаар бичдэг болсноос л хамаг зовлонгийн үүд нээгдээд байгааг бүгд л ойлгож байна. Гэхдээ болихыг хүсэхгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Яг л “Утааны Хишиг” хүртэгсэд шиг.
Шалтгаан нь хэнд ч ил биш юмнаас хэнд ч дийлдэхгүй ойлгомжгүй үр дагавар гарах нь зүй. Яагаад, ямар шалтгаанаар, ямар үр дүн төсөөлж энэ шийдвэрийг гаргасныг нь хардаж бодолгүйгээр дагаж бялдуучлах нь та бидэнд өлзийгөө өгөх нь юу л бол. Ардчилсан хувьсгалын тугийг өргөлцөж явсан хүмүүс бүгд л нэг их ухаантай улсууд байгаагүй шүү дээ. Ялангуяа Элбэгдорж, Бат-Үүл 2-ыг хамгийн ухаантай нь байсан гэж ерөөсөө бодохгүй байна. Хэрвээ та нар тийм л ухаантай юм бол Нууц Товчоо унш л даа, сонгогч олон нийтийн үгийг сонс л доо. Ядахнаа шударга бай л даа. Тэр үед 20 жилийн дараа өөрсдийг нь ингээд шүүмжлэнэ, буруутгана гэдгийг хэн ч төсөөлж байгаагүй шүү дээ. 20 жилийн өмнөөс л бүгдийг мэдэж байсан юм шиг ухаантай царайлж алиалах нь үнэндээ ой гутмаар харагдаж байна. 20 жилийн хугацаанд бүгд л юм үзэж нүд тайллаа, эрийн цээнд хүрлээ, тамга атгаж үзлээ, баатар болж үзлээ, шоронгийн хаалга ч татаж үзлээ. Одоо ганцхан энэ асуудал дээр бүгдээрээ ярилцаж үзье л дээ. Хувьсгалт намын гишүүний амь, Ардчилсан намын гишүүний амь гэж ярьж болохгүй шүү дээ, эрдэнэт хүний амь л гэж ярих ёстой. Нээлттэй, ил тод мэтгэлцье л дээ. Олон нийттэйгээ ярилцъя. Энэ чинь хүний амины тухай асуудал шүү дээ. Хошигнож ярих асуудал биш шүү дээ.
Шударга байж чаддаггүй, ар хударгаар асуудлыг шийдэхийг монголчууд
Сохор нохой дүйвээнээр
Соотон халтар чимээнээр гэж зүйрлэн хэлсэн байдаг. Таны нийтлэлийг инээж унших боломжийг битгий үгүй хий л дээ Цэнддоо ахаа!

Н.Батжаргал

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: