"ХӨХ Танхим"

March 23, 2010

ЯС ӨНДӨЛЗҮҮЛЭГЧ

Filed under: Зууны Мэдээ сонинд хэвлэгдсэн — batjargaln @ 7:44 AM

Монголчууд буруу муу хэрэг хийсэн нэгнийг үхсэний ясыг өндөлзүүлж, амьдын чихийг халууцууллаа гэж зэмлэдэг. Ерөнхийдөө л таагүй ханддаг. Шинэ он гараад баярын уур амьсгал арилаагүй шахам байхад Ц.Элбэгдоржийн парламентад хэлсэн үг өөрөөс нь бусад хүний чихийг халууцуулж, өрөөлийн гарт амиа алдагсадын ясыг өндөлзүүлж байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр хүнд халдашгүй дархан байна / 36-р зүйлийн 2 / гэсэн нэг заалт бий. Хэрвээ нэр хүндэд чинь халдлаа гэж үзвэл шүүх дээр уулзана биз. Яс өндөлзүүлэгч гэдгийг чинь бичиг үсэг мэддэг бүх монгол хүн батлаад өгнө.
Элбэгдорж оо!
Юм болгон дээр цэцэрхэж амаа урчих шахдаг нөгөө их дарвалзуур зан чинь хаачсан бэ? Олон зуун жилийн буурал түүхтэй Монгол төрийн тамгыг атгаж байгаагийн чинь хувьд та гэж хүндэлмээр байна. Гэвч хүмүүсийн нулимсаар жаргал хийж, сумаа тавиад нумаа нууж байгааг чинь харахаар үнэхээр их уур хүрч байна. Юун та, чамайг чи ч гэж хэлэхэд багадна. Эрхэм сайхан монгол хэлний үгийн санд өөрт чинь зориулах муу үг даанч алга. Дэргэд чинь байсан бол барьж аваад тонгормоор байна. Үзэн ядаж байна. Монголчууд бид Ерөнхийлөгч болгож болсон юм, сольж бас чадна гэдгийг хэлье.
Өндөр хөгжилтэй орнуудад цаазаар авах ялыг халсан туршлагыг судалж үзэлгүйгээр, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныгаа өөрийнхөө сайнд хэмээн эндүүрч олон орны элчин сайдын өмнө ухаантай хүн болж харагдах гэсэн үйлдэл чинь монголын нийгмийг харуусал, нулимс, айдас түгшүүрт автуулаад байгааг мэдэрч байна уу Элбэгдорж оо! Ижийгээ хөнөөсөн, бие давхар найз эмэгтэйгээ зодож хөнөөн нохойд идүүлсэн, гэр бүлээр нь шатааж алсан, 5 настай балчир охины хоолойг хэрчиж хөнөөсөн, 9 настай балчир охиныг хүчирхийлж алсан, заазуурдаж тамласан, нууранд живүүлсэн гээд бичих гэхээр уур хүрч, багтарч унамаар аймшигтай хэргүүдийн талаар хүмүүс ярьж эхэлж байна. Мэдээллийн хэрэгсэл болгон дээр энэ талаар материал гарч байна. Ярих ярихгүй сэдэв гэж байна. Өдөр болгон ийм сэдэв унших хүмүүсийн сэтгэл зүйд ямар хортой нөлөөлж байгааг чи мэдэх үү. Шүүхийг шинэчилж болно, гэхдээ өшөө авч болохгүй. Хуулийг өөрчилж болно, гэхдээ нэр хүндээ өсгөх гэж биш. Шийдвэр гаргаж болно, гэхдээ үр дүнг нь тооцож гарга.
Чи хэлсэн үгэндээ нууц юм гэж байхгүй гэсэн байна лээ. Энэ улс төрийн шийдвэрийг хэнд зориулж, хэрхэн зохион байгуулсныг чинь мэдээд авах сэргэлэн авхаалжтай сэтгүүлчид захаас аван бий. Ийм болчимгүй шийдвэр гаргаснаас чинь хойш бараг 2 сар болох гэж байна. Энэ хооронд нэг ч хохирогчтой уулзсангүй. Ерөнхийлөгчийн тамгын газраас нэг ч удаа мэдэгдэл хийсэнгүй. Нэг ч удаа шийдвэрээ хамгаалж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гарсангүй. Чи Монголын Цагаан сарыг гутаан доромжилж, бэлэг дэмбэрэлгүй сэдвээр гашуудал гунигт автуулж өнгөрүүллээ. Зүгээр л ийм санаачлага гаргасны чинь төлөө чамд үрийн үрд улс төрийн хонзон санаж явах болно. Ерөнхийлөгчийн нэр хүнд гэж ер нь юу байдаг юм? Хүний аминаас үнэтэй эд үү? Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар биш Ерөнхийлөгч болсон хүн өөрөө хамгаалж байх ёстой юм. Олон нийтийн өмнө ил тод, шударга байж, мэтгэлцэж, нотолж байж хамгаалах ёстой. Улс төрчийн нэр хүндээс өөр хуулиар хамгаалах зүйл манай улсад үй түмээрээ байна.
Энэ бичвэрийг уншихгүйг чинь мэдэж байна. Яагаад гэвэл айна. Үхтлээ айна. Шударга үнэн чамайг сэтгэл амар нэг ч өдөр байлгахгүй. Шийдвэрээ цуцлах, эсвэл огцрох хүртэл чинь шударга үнэн чамайг нэг хором ч орхихгүй дагаж мөрдөнө. Яагаад гэвэл энэ шийдвэр чинь дэндүү нэг талыг барьсан, хэтэрхий даган дууриасан, Монголчуудад зориулсан шийдвэр биш байсан. Монгол улсын хууль зөвхөн Монголын нийгмийн харилцааг л зохицуулах үүрэгтэй. Монголын нийгмийн харилцааг зохицуулахын тулд Монголчууд бид хэн бэ гэдгийг судлах ёстой. Бидэнд ямар хууль хэрэгтэй вэ гэдгийг урьдчилан судлах ёстой. Бидэнд зохицуулах шаардлагатай ямар асуудал, ямар харилцаа үүсээд байгааг судлах ёстой. Хэрцгий алуурчны гарт дотны хүнээ алдсан хүний нулимсаар нэр хүндээ өсгөх замаа дэвтээж байгааг чинь омголон цустай Монголын ард түмэн хэзээ ч тэвчихгүй.
Бид цаазаар авах ялыг халах тийм халуун зөөлөн сайхан нийгэмтэй билүү? Бид эцэг эх хоёрыгоо хэрцгий алуурчны гарт алдаад уйлаад л сууж байдаг тийм хариугүй, сул дорой цустай билүү? Бид нялх хонгор үрээ алуурчны гарт алдчаад, шүүх хурал дээр нь доромжлуулаад уйлаад байж байдаг арчаагүй амьтад билүү? Бидэнд НҮБ-ын өмнө цаазаар авах ялыг халах гэрээгээр хүлээсэн үүрэг бий билүү? Бид бусдыг даган дууриагаад, аялдан дагалдаад байдаг, өөрийн гэсэн толгойгүй, өөрийн уламжлалгүй, өөрийн түүх соёлгүй, өөрийн бодолгүй ард түмэн билүү? Бид дэлхий ертөнцөөс нэр хүнд гуйгаад байх хариугүй амьтад билүү? Хэнийг ч уриад үзүүлэх тал нутаггүй билүү, хэнтэй ч хамтраад ажиллах мэдлэг боловсролгүй билүү? Хэнд ч юугаа ч ойлгуулж чадахгүй хэл усгүй амьтад уу? Ийм хүмүүст ямар хууль хэрэгтэй вэ гэж бодож үзсэн үү?
Дэлхийн улс орнуудад төрийн шийдвэр яаж гардгийг Монголчууд сайн мэднэ, мэдээгүй нэг нь амархан мэдэх боломжтой. Бид 21-р зуунд амьдарч байна. Бид дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй оронтой ижил тэгш эрхтэй, бид хэнийг ч даган дууриах албагүй. Шүүх хүн хэлмэгдүүлсэн бол бид л дотроо хариуцлага тооцох ёстой, хуулиа чангаруулах зөөллөхийг л бид л мэдэж шийдэх ёстой. Гэхдээ тэднийг даган дууриаж биш. Харин чам мэтийн улс төрчид дандаа олиггүйг нь дууриах гээд байх юм. Чи хар даа. Америкийг хар. Ерөнхийлөгч нь Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо шинэчлэх гэж гаргасан шийдвэрээ ямар удаан тайлбарлаж байна, энэ талаар бүгдээрээ нээлттэй, ямар шударга хэлэлцэж байна. Төрийн өндөр албан тушаалтан гаргасан шийдвэрээ олон нийтийн өмнө ямар сайн хамгаалж, тайлбарлаж чадаж байна. Чамд үүнээс сурах юм алга уу? Төрийн шийдвэр хууль болж гарна. Хэнийг ч ялгалгүй үйлчлэнэ. Харин тогтвортой байх ёстой. Тийм байхын тулд ямар байх ёстой вэ? Монголын парламент дотор олон сайн хуульч бий. Хэнээс нь ч асуусан хэлээд өгнө. Асуугаагүй бол би чамд хэлж өгье. Хууль бол ямар ч асуудал үүссэн бүрэн зохицуулах чадалтай, баялаг, тогтвортой, хүмүүсийг хамгаалсан, урьдчилан сэргийлсэн шударга ёсны үнэлэмж дээр тулгуурласан байх ёстой. Гэхдээ энэ нь өөрчилж болохгүй гэсэн үг биш. Харин олон нийтийн эрх ашигт нийцүүлсэн өөрчлөлтийг тусгаж байх ёстой.
Өндөр хөгжилтэй гэгдэх дэлхийн улс орнуудад алан хядагч нар ганц нэгээр нь биш, бөөнөөр нь гэмгүй хүмүүсийг хөнөөж байна. Олноор нь нэг дор халуун амийг нь бүрэлгэж байна. Тийм хүмүүстэй үг хэлээрээ ойлголцох гээд дийлэхгүй байна. Чи ер нь “Олон” гэж ямар тоог хэлдгийг мэдэх үү? Хоёр буюу түүнээс дээш утгыг “Олон” гэсэн үгээр илэрхийлдэг юм. Бас “Хядах” гэж юу гэсэн утгатай үг болохыг мэдэх үү? Аливаа амьд биетийг нэг дор олноор нь алж хөнөөж устгахыг хэлдэг юм. Тэнэг хуулиасаа болоод өндөр хөгжилтэй орнуудад шударга ёсыг хэрэгжүүлж чадахгүй байна. Хүний халуун амийг халуун амиар нь төлүүлж чадахгүй мухардаад байна. Гэхдээ тэр улс орнуудад чинь хамгийн хүчтэй эрх мэдэл олон нийтэд байдаг юм. Хэзээ нэгэн цагт аллага хядлага нь дийлдэхээ болиод ирэхээр цаазын ялыг сэргээвэл яах вэ? Буцаад л дууриах уу? Өө тэд цаазалдаг болчихлоо, ер нь зөв юм байна гэж амаа барих уу? Хоёр нялх охины амийг нэг дор нь егүүтгэх, 4 халуун амийг нэг дор нь шатаах, 6 халуун амийг нэг дор нь хөнөөж байгаа нь тэгээд алан хядлага биш гэж үү Элбэгдорж оо? Манай орон ийм замаар явах ёстой гэж үү?
Элбэгдорж оо!
Шүүхэд хонзогносон хонзогнолоо ийм тэнэг байдлаар илэрхийлж болохгүй. Шүүхийг шинэчлэх ёстой, энэ тал дээр чамтай хамтарч ажиллаж ч болно. Шинэчилж байгаа нь энэ гээд шударга ёсыг хэрэгжүүлдэг тэдний гарыг мухарлаж болохгүй. Энэ ялын талаар хэрэглэдэг хүмүүсээс нь судалгаа авч үз л дээ. Ямар ямар хэрэгт оногдуулж, ямар ямар хэрэгт оногдуулж болохгүй вэ гээд зөндөө асуулт байна шүү дээ. Алуурчны аав ээжийн шаналлыг төсөөлөөд өрөвдөөд байгаа юм бол тэр хуульд нь өөрчлөлт хийх төсөл хийгээч. Огт байхгүй болгох, эсвэл бүрэн эрхийнхээ хугацаанд дандаа уучлаад байх гэж зөрүүдлээд хэрэгүй ээ. Тэрнээс чинь болоод хүн алсан алуурчид хохирогчдоор шүүх хурал, хохирогчид төдийгүй Монголын төрөөр даажигнаж байна. Тэдэнд найр тавилаа гээд чиний нэр хүнд өсөх ч үгүй, чи дахиад сонгогдох ч үгүй…
Энэ улсад өөрчлөлт хийж болно, өөртөө ч өөрчлөлт хийж болно. Сайхан өндөр нуруутай, олон нийтийн шаардлагыг хүлээн авдаг, хэлсэн үгэндээ хүрдэг байх өөрчлөлтийг өөртөө хийж болно шүү дээ. Шүүгчдийг бүгдийг нь солиод, хуулийг нь өөрчилж болно. Цаазын ялд хяналт тавьдаг болж болно, алуурчны цогцсыг гэрт нь өгдөг болж болно, харин өөрчилж болохгүй ганц л юм бий, тэр бол ШУДАРГА ЁС. Эрдэнэт хүний халуун амийг зэрлэгээр хөнөөсөн бол амиараа л төлдөг байх ёстой. Энэ бол шударга ёс.

Н.Батжаргал

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: