"ХӨХ Танхим"

March 23, 2010

ҮХҮҮЛЭХ ЁСТОЙГ ҮХҮҮЛ

Filed under: Зууны Мэдээ сонинд хэвлэгдсэн — batjargaln @ 7:40 AM

Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай. Надтай зөвлөж, Шихихутагийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй.
Чингис Хааны зарлиг

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд долоо дахь сардаа ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсад цаазаар авах ялын гүйцэтгэл хийгдээгүйг дурьдах нь зүйтэй байх.
Ц. Элбэгдорж

Шалдир булдар улс төрчийг их хаантайгаа адилтгах гэсэнгүй. Заяа нь дутна биз. 20 жил хивсэн дээгүүр алхчаад улс төрч болоогүй хүнийг яалтай ч билээ. 20 жил би чадна, би хийнэ гэчхээд чадаагүй, хийгээгүй хүнтэй юу ч ярих билээ. Цагийн гарз биз гэж бодлоо. Гэтэл үгүй юм аа. Тэр өөр юм сэдэж. Дуугүй өнгөрч боломгүй юм сэдэж. Чингис хааны зарлигийг сонгуулийн кампанид ашигладаг үнэгүй юм гэж бодож. Ердөө жилийн өмнө ядуурлын зудад нэрвэгдсэн миний ард түмнэ гээд уйлагнаж явсан хүн өнөөдөр үхсэний хохь, амьдын зол гээд цэцэрхэж явна. Энэ хүн сонгуулийн худал амлалтаар ард түмнийг 20 жил хуурлаа, монголд бий болсон ардчилсан хувьсгалын үр шимийг 20 жил хүртлээ. Эцэст нь Монголын түүх соёлыг, Монголын Нууц Товчоог, Чингис хааны зарлигийг үл тоомсорлож байна. Монгол улсад Шариатын хууль хэрэгждэг юм шиг шүүх засаглал, хууль хяналтынхныг бүхэлд нь доромжилж байна. Бас дээр нь хүний амийг хүний аминаас өөрөөр үнэлэхээр шийджээ.
Одоогоос 20 жилийн тэртээ эрх чөлөөний жагсаал цуглаан зохион байгуулахдаа монголын ардчилагчид социализмыг засварлах, улс төрийн товчоог огцруулах төдийхнөөр ардчилсан хувьсгалын үр дүнг төсөөлөөгүйг хүн болгон мэднэ. Коммунизмаас татгалзах нь ч ардчилсан хувьсгалын зөвхөн нэг л алхам нь байсан билээ. Монголчуудын чин хүсэл бол улс гэрийнхээ явдлыг өөрсдөө мэдэж шийдэх, туурга тусгаар эрх чөлөөт улсаа байгуулах явдал байсан. Бусдыг аялдан дагах, даган дууриах, түүх уламжлалаа үгүйсгэх зэрэг нь тусгаар тогтнолоо алдаад зогсохгүй хэрхэн яаж бусдын өмнө бууран доройтохын гашууныг бидэнд мэдрүүлсэн билээ. Хүйтэн дайны хөшиг татсан 20-р зуунд жижиг буурай оронд ирэх улс төр, эдийн засгийн дарамт нь улс төрийн намын үзэл баримтлалаар тодорхой илэрдэг байсан бол мэдээллийн технологи, хиймэл дүр эсгэсэн улс төрийн чиг баримжаа, соёл хандлага ноёрхсон 21-р зуунд олон улсын чиг хандлага гэх тодорхойгүй нэр томъёогоор илрэн гарах болжээ. Үүний нэг нь цаазаар авах ялаас татгалзаж буй олон улсын гэх чиг хандлага. Яг үнэндээ цаазаар авах ялаас Үндсэн хуулийнхаа хүрээнд, олон нийтийн санал асуулгаар татгалзах эсэхээ шийдсэн болохоос биш олон улс гэх чиг хандлагыг хэн нь ч дагаагүй бололтой. Энэ нь хүний амь насыг хүний амиар л үнэлж үздэгтэй нь холбоотой хэрэг юм. Гэтэл монголын ерөнхийлөгч улс гэрийнхээ хэргийг өөрсдөө мэдэж шийдэх гэсэн 90 оны цагаан морин жилийн хувьсгалын үндсэн санааг үгүйсгэсэн, дэлхий нийтийн чиг хандлага гэдэг тодорхойгүй нэр томъёогоор хүний алтан амьтай холбоотой асуудлыг дур мэдэн шийдэх гэсэн санаархлаа олон орны элчин сайдын өмнө зарлаж орхив. Тэр хүн энэ санаагаа … олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орон дэлхийд үгүй… хэмээн баталжээ. Өөрөөр хэлбэл, бидэнд энэ асуудал хамаагүй гэсэн үг болж таарах нь.
Жилийн өмнөхөө мартдаг байж, сарын өмнөхийг арай л мартаж боломгүй. Төрийн шийдвэрт тусгуулах, хуулийн төсөлд оруулах саналаа Иргэний танхимаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар зарлаж байгаад авна гээд л баахан хөөрцөглөсөн. Ийм онцгой асуудлыг Иргэний танхимаар хэлэлцүүлэхгүй тэгээд өөр юу хэлэлцүүлэх гэсэн юм. Хэлсэн, ярьсан болгон нь алхам тутамдаа зөрөлддөг энэ хүн ямар замаар ард түмнээс сонгогдов гэдгийг нь эргэж харах нь ч зөв байх. Ямар ч гэсэн Чингис хааны зарлигт байгаа улсын доторх хулгайн нэг мөн гэдгээ өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар харуулаад авсан. Ядуусын хорооллын саятан гэдэг орлогоороо дэлхийн кино ертөнцөд шуугиан тарьж байгаа киноны хэсгээс сонгуулийн кампанит ажилдаа хулгайгаар ашиглаж хилийн чанадад амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ ичээгээд авсан. Харин ч кино кампани нь мөнгө нэхсэнгүй, жижиг улс болохоор нь тэгсгээд орхисон байх. Эсвэл хулгайг өөгшүүлж байх нь бас нэг төрлийн олон улсын чиг хандлага байж магадгүй юм, би дуулаагүй байх.
Улсын ерөнхийлөгч гэдэг юм болгоныг мэддэг чаддаг байх албагүй ч хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Шударга ёсыг хэрэгжүүлэх гэсэн гол уриандаа эзэн байх ёстой. Гэм бүхэн зэмтэй. Манай орны хуулинд хүний нүд сохолсон бол нүдийг нь сохолдог тухай заагаагүй, хөлийг нь хугалсан бол хөлийг хугалах тухай заагаагүй, өөр төрлийн шийтгэл ногдуулдаг. Харин эрдэнэт хүний алтан амийг санаатайгаар, онц хэрцгийгээр бүрэлгэсэн бол амиараа л төлөх хуультай. Хүний амийг хүний л амиар үнэлнэ. Өөр юугаар ч орлуулах боломжгүй. Гэхдээ монголын төр хилэгнэж иргэндээ цаазын ял оноодоггүй юм. Шударга ёсыг хэрэгжүүлж ял оноодог юм. Иргэд хооронд цусан өшөө авах, удам дамжсан хонзогнол бий болохоос сэргийлж бие биенээр нь асуудлыг нь шийдүүлэхгүйн тулд төр өөртөө ийм онцгой үүрэг хүлээдэг юм. Төр иргэнийхээ гарыг цусаар будахгүйн тулд өөртөө ийм онцгой үүрэг хүлээдэг юм. Ингэж байж арга билиг оршдог юм. Хүний амийг хүний амины үнэтэй байлгах гэж ийм ял оноодог юм.
Ерөнхийлөгч ба түүний багийнхны хууль цааз, эрх зүйн онолын талаарх мэдлэг туршлага үнэхээр түүхий байгаа нь энэ удаагийн шийдвэрээс нь харагдаж байна. Юуны өмнө та нарт харамсаж байгаагаа хэлье. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд аллагыг аллагаар засахгүй хэмээн дурджээ. Цаазын ял бол бусдыг айлгах гэж, эсвэл хүн амины гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах/ гэж байдаггүй юм. Энэ бол хэрцгий алуурчинтай хариуцлага тооцох гэж л байдаг зүйл. Монголчууд нэг үе ээ бодвол хэн нэгэн улс төрчийн үгэнд амархан хууртахаа больсон байна. Ерөнхийлөгчийн үг нь зүгээр ч нэг улс төрийн илтгэл биш, бүхэлдээ хууль шүүхийнхнийг буруутгасан, тэдэнд итгэх аргагүй мэтээр мэдэн будилсан, бүх юм нууц ч юм шиг, үгүй ч юм шиг байдлаар олон нийтийн дунд итгэл алдуулахаар бэлтгэгдсэн байна. Ял шийтгэлийн ялгамжтай байх зарчимыг үгүйсгэж санамсаргүйгээр, эсвэл аргагүй хамгаалалт хийж хүний амь бүрэлгэсэн тохиолдолд цаазаар авдаг мэтээр ойлгогдохоор болсон байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн мөн чанарыг үгүйсгэж хүн л юм хойно шүүгчид ч гэсэн алдаа гаргаж хүний амь хилсээр хөнөөх шийдвэр гаргачиж магадгүй мэтээр өгүүлжээ. Энэ магадлалыг онцгой ухаантай энэ удаагийн ерөнхийлөгч цаазын ялыг халснаар тэглэж байгаа гэнэ. Дээд сургуулийн 2-р курсын оюутны реферат шиг үг бэлдэж өгснөөрөө та нар өөрсдийнхөө хэр хэмжээг харуулж байна. Ерөнхийлөгчийн институтцид ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадвар, чанар чансаа, тэнд хэн ажилладагийг ч харуулж байна.
…Цаазаар авах ял шийтгэгдсэн, гүйцэтгэл нь хийгдсэн иргэний талаар ерөнхийлөгчид бүрэн мэдээлэл байхгүй гэнэ, сайндаа л асууна, сайндаа л илтгэл сонсдог гэнэ… хөндлөнгөөс өөр хүн мэдээгүй, хараагүй юмыг ерөнхийлөгч ч харах мэдэх боломж байхгүй гэнэ. Тэгээд ийм онцгой мэдээллийг ерөнхийлөгчдөө илтгэж л мэдээлэхгүй өөр яах ёстой юм? Дагуулж очоод харуулах уу, эсвэл гэрийнх нь гадаа аваачиж гүйцэтгэх үү? Энэ үгээрээ ерөнхийлөгч нь төрийн тусгай албан хаагчдадаа итгэхгүй байгаагаа хэлж байгаа юм уу, эсвэл үгийг нь бэлдэж өгсөн хүмүүсийн алдаа юу? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг улсын ерөнхийлөгчид мэдэгддэггүй нууц юм гэж энэ улсад байдаг юм уу? Гэмт хэрэгтний хувь заяаг төр бүхэлд нь нууцлаад байх ёсгүй тухай дурджээ. Үнэн л дээ. Гэтэл цааш нь хэлэхдээ … нэгэнт л нууц юм бол нууц л байдаг гэнэ, гэхдээ мөнхийн нууц гэж үгүй гэнэ. Энэ үг нь ерөнхийлөгчийн ертөнцийг үзэх үзэл үү, эсвэл урагшгүй албатынх нь логикийн алдаа юу? Бүхэл бүтэн 10 орчим хуудас илтгэлд хохирогчдын талаар ганцхан өгүүлбэр оруулжээ. Үүгээрээ үхсэний хохь чинь гэдгийг харуулж байна. Хүний алтан амьтай холбоотой асуудлыг ярьж байхад үг үсэг, өгүүлбэр бүр нь шахуу зөрчилтэй, логикийн алдаатай, зөвхөн улс төрийн шоу хийж цэцэн цэлмэг хүн болж харагдах гэсний хэрэггүй, эсвэл тэгж харагдуулах гэсний ч хэрэггүй.
Монгол улсын иргэний хувьд Ерөнхийлөгчийн хууль санаачлах бүрэн эрхэд нь халдах гэсэнгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол хуулийн төсөл биш байлаа. Энэ бол төрийн өндөр албан тушаалтны гаргасан улс төрийн шийдвэр. Буруу шийдвэр, бүх ард түмнээс сонгогдсон албан тушаалтны хувьд өөрсдийнх нь амь насны тухай асуудлыг өөрсдөөс нь асуулгүй шийдэх гэсэн мунхаг улс төрийн шийдвэр. Цаазаар авах ялыг халах тухай асуудал нь сонгууьд нэр дэвших, улс төрийн илтгэл тавих, Холливуудын киноны хэсгээс хулгай хийж сонгуулийн кампанид ашиглахаас огт өөр зүйл. Энэ бол ямар ч Оюу толгой, Таван толгойгоос илүү эмзэг зүйл. Үүнийг телевизийн камерын өмнө уран цэцэн үгээр шийдэж болохгүй зүйл. Монголын ардчилагчид гэж цээжээ дэлдэгчид 20 жил эрх чөлөөний тухай ярилаа, 20 жил ардчиллын нэр барьж ард түмнийг хуурлаа.

Эрхэм Ерөнхийлөгч өө! Одоо та өөртөө, монголын ардчилагчид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг чинь болсон. Таныг ерөнхийлөгч болгох гэж саналаа өгсөн ард түмэн чинь өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрцгий алуурчны гарт ойр дотныхоо хүмүүсийг алдаж үзлээ, заримынх нь нулимс хатаагүй, заримынх алуурчин олдоогүй байна. Та чадна гэж сонгогддог байсан чадаагүй, та хийнэ гэж сонгогддог байсан хийгээгүй, Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, Их Хурлын гишүүн, дэд дарга гээд хашч үзээгүй алба байхгүй, таньд албан тушаал багадаагүй. Чин сэтгэл дутсан. Таньд түүхэнд үлдэх нэр л хэрэгтэй байсан болохоос түүхийг бүтээж байгаа ард түмний төлөө зөв зүйл хийх халуун сэтгэл дутсан, одоо ч алга байна. Өөрсдийн түүхээ өөрсдөө бүтээж байгаа монголын ард түмэн мэдээллийн технологи өндөр хөгжсөн 21-р зуунд амьдарч байна. Хариуцлагагүй улс төрийн шийдвэрээ олны эсэргүүцлээс зайлуулахын тулд хаа хамаагүй эдийн засагч, миний найз гэсэн дараагийн улс төрийн шоугаа хийж байгаад чинь харамсаж байна. Дэлхийн том эдийн засагчтай зиндаархах гэж оролдож байгаа чинь бүр ч хөгийн харагдаж байна.

Наад нөхрийн чинь номуудыг монголчууд хэвлэгдсэн хэл дээр нь ч, төрөлх хэл дээрээ ч аль хэдийнэ уншчихсан, интернэтийн эрин үед байгаа залуучууд аль хэдийнэ татаад үзчихсэн, нэг их сонин биш. Эдийн засагчид ирээд, лекц уншаад монголыг хөгжүүлдэг бол аль хэдийнэ хөгжихөөр болсон. Марк Скаузэн гэдэг нөхөр ирээд л явсан, хэнд хэрэгтэй юм. Номыг нь уншихад л болоо бишүү, ямар сахалтай хүн үзээгүй биш. Бид чадна хөгжүүлнэ гэж сонгогдчоод, тэгээд одоо хийхгүй яах гээд байгаа юм? Сото хийнэ гэх гээд байгаа юм уу? 20 жилийн өмнө та нар ард түмэнтэйгээ гудамжинд байсан, 20 жилийн дараа та нар ордонд, ард түмэн чинь гудамжинд хэвээрээ үлдлээ. КАС-ын суурин төлөөлөгчийн хэлж байсан энэ үг таньд танил байгаа байх гэж бодож байна.

Тэнгэр заяатай гэж даажигнаад байгаа ард түмэн чинь ядуу байна, тэд хүссэндээ ядуу байгаа юм биш, та нарт итгэсэндээ ядуу байгаа юм. Та нар монголчуудын итгэл үнэмшил, сонгогчдын санал, байгалийн баялаг гээд үнэгүйдүүлж болох бүх зүйлийг нь үнэгүйдүүлж байж сонгогддог. Одоо алтан амийг нь үнэгүйдүүлж байна. Одоо та нар хариуцлагатай байх цаг чинь болсон. Хариуцлагагүй шийдвэр гаргасан төрийн өндөр албан тушаалтантай тооцож болох ганц л хариуцлага бий. Тэр бол огцруулах. Гэхдээ таньд монголын ардчилсан хүчнийг төлөөлж нэр дэвшсэний чинь хувьд энэрэнгүй хандаж шийдвэрээ цуцлаж, уучлалт гуйхыг уриалж байна. Хэрвээ чадахгүй бол шударга ёсны төлөөх халз мэтгэлцээнд багаар чинь дуудъя.
Н.Батжаргал

2 Comments »

  1. elgebeeg muulj baigaad enhbayariin zardlaar ameri[ yavsan gel uu chi

    Comment by od — January 7, 2011 @ 10:53 AM

  2. ooriig chin bodwol Elbegdorj ex orondoo xeregtei yumnuud ih hiij bgaa shde.Taniig bol bi ex orniixoo toloo tiim iim yum hiisen gej ogthon ch,gants udaa ch sonsoj bgaagui yum bna.Ta ger ornoo l awch yawj bgaa bol,Elbegdorj chin buhel buten ulsaa awch ywaa hun shdee.ta getel geriinhee asuudliig ymar ch asuudalgui 100 % awch yawj chadaj bgaa bolow uu. Getel tanii shuumjleed bgaa hun taniig bodohod Mongol gdg ex oroniig awch ywaa hun yum.

    Comment by asd — November 6, 2010 @ 5:55 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: