"ХӨХ Танхим"

March 23, 2010

Үүнээс өөр хийх ажил алга уу? Ерөнхийлөгч өө?

Filed under: Зууны Мэдээ сонинд хэвлэгдсэн — batjargaln @ 7:45 AM

Улсын Ерөнхийлөгч гэж нэг нөхөр байх, нэг л их хэнд ч хамаагүй хайртай хүн болж нэр хүндээ өсгөх гэсэн хүн. Юм л бол дэлхийд, бүс нутагтаа гэсэн том том “баасан” хүн. Сүүлийн хэд хоног цаазаар авах ялыг халах тухай солиорч, алуурчдад хайр зарлаж, цаг бусаар, онц хэрцгийгээр, хамгийн хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн зовлонгоор улс төр хийж, дэлхийд мундаг хүн болж харагдах гэсэн ядмаг оролдогоороо хамаг нервийг минь барав, тэссэнгүй үзэг цаас нийлүүллээ. Ингэснээрээ дэлхийд нэр хүндээ өсгөх юм гэнэ ээ. “Fucking go away” гэдэг нэг үг бий. Өөрөө сэтгүүлч мэргэжилтэй, хэл ус гадарладаг болохоор улсынх нь иргэн нь хэр их уурлаж бухимдсаныг ойлгох биз.
Толгойг нь огтолж, гэдсийг нь хүүлж, хүчирхийлж, нүдийг нь ухаж, насны тооноос нь олон удаа хутгалж, буудаж, шатааж гээд, тайлбарлаж хэлэхэд монгол хэлний үгийн сан багадахаар бузар хэрэг хийсэн алуурчинг нулимс нь хатаж гүйцээгүй ар гэрийнхнийх нь татварын мөнгөөр тэжээж, тэрийгээ ид бах болгон зарлаж, энийгээ энэрэнгүй нийгэм гэж байгаа юм уу Ерөнхийлөгч өө? Тэд ямар гэм хийсэндээ ийм даажигналыг таныг Ерөнхийлөгч болгосныхоо төлөө амсах ёстой гэж? Яагаад хүний амь настай холбоотой асуудлыг баахан элчин сайд цуглуулж байгаад сэтгүүлчдийн өмнө баяр ёслолын байдалтай зарлаж хөөрөөд байгаа юм бэ? Улсын ерөнхийлөгч болохоор 2 ам 4 нүдтэй болдог юм гэж санаагүй биз дээ? Хууль санаачлах эрхэнд чинь халдах гэсэнгүй, гэхдээ энэ асуудал таны Их хуралд нэр дэвшихдээ, Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө дэвшүүлсэн хоосон амлалтанд чинь байхгүй. Өмнөхөө хийвэл барав. Юм л бол ард түмэн мэднэ гэсэн манж үг хэлдэг улс төрчид нь ч дуугарахгүй юм. Алуурчныг өршөөх тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болдоггүй юм уу? Ялангуяа хэрцгий алуурчдын гарт амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхнээс нь санал авч байж шийдэхгүй юм уу?
Би яагаад монгол хүн болж төрснийхөө төлөө цэцэг цэврүү шиг охиныг хүчирхийлэн алж эхийг нь дээлтэй нь хатааж байгаа, хүүгийн сайхан аав, ээж, хүний сайхан ханийг цаг бусаар хорвоогоос явуулсан хэрцгий алуурчинтай нэг нийгэмд амьдрах ёстой юм. Эсвэл ухаанаа алдталаа архи уусан, эсвэл энэ хүн яг надтай адилхан хүн шүү гэх хумсын толион чинээ өрөвч сэтгэлгүйгээр хүн алчхаад дараа нь гэмшинэ гэж бодож байна уу? Хийсэн хэргээ бодож тарчлана гэж бодож байна уу? Харин ч эсрэгээр энэ хэргийг хурдхан шиг мартах юмсан гээд суух бусуу? Ялын хугацаа бушуу дуусаасай гээд суух бус уу? Дараа нь та мэтийн нэр хүндэд дуртай улс төрчдийн тэнэг өршөөлийн хуулиар ялаа хөнгөлүүлэхийг мөрөөдөөд суух бус уу? Эцсийн эцэст тэрний гэмшил хэнд хэрэгтэй юм. Миний аавыг, ээжийг, ахыг, хүүг, охиныг, нөхрийг, эхнэрийг алсан хүн одоо болтол амьд байгаа шүү гэсэн шаналант бодлоор сэтгэлийн шархыг нь хөндөн байж ар гэрнийнхнийг нь шар махтай нь хатаах нь тийм өрөвч шийдвэр үү? Тэр тарчлаан дунд монголын нэр хүнд өсөх юм уу? Тэр өссөн нэрний үр шимийг чам мэт нь хүртэнэ үү гэхээс бидэнд хамаатай гэж үү Ерөнхийлөгч өө?
Цөөхөн монголын дунд хайртай хүнээ цаг бусаар бусдын гарт алдаагүй тийм хамаатан садан, тийм гэр бүл байна уу, үгүй юу? Та ядаж бид хэнийг цаазаар авдаг юм бэ гэж хуулийнхнаас асуусан уу? Эсвэл танай намынх биш болохоор тэдэнтэй харьцдаггүй юм уу? Ядаж сүүлийн 10 жилд гарсан хүн амины гэмт хэрэг дотор ямар аргаар хүн алсан байна вэ гэдгийг судалж үзсэн үү? Та бол дугаар хорооны хэн нэгэн иргэн биш учраас таны гаргаж байгаа шийдвэр үндэслэл судалгаатай байдаг байх. Хүний амь өршөөх эсэхийг сэтгэлийн хөөрлөөр шийдэж болдгүй юм. 20 жилийн өмнө бид өндөр хөгжилтэй орнуудыг даган дууриах гэж биш, өөрийн хэргийг өөрсдөө шийдэх гэж энэ нийгмийг сонгосон. Цаазаар авах ялыг халах эсэхийг иргэдийнхээ санал асуулгаар, ялангуяа хохирогчдынх нь ар гэрийнхнийх нь саналыг харгалзаж байж шийдэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн улс төрч, ямар ч хамаагүй аргаар төрийн өндөр албан тушаалд хүрчхээд, өндөр хөгжилтэй орнуудын удирдагч нартай зиндаархаж, телевизийн камерын өмнө шийддэггүй юм. Хүний амь өршөөх эсэх чинь мөнгө төгрөгөөр хуурч мэхэлж, хүн доромжилж байж цуглуулдаг сонгуулийн кампаний агуулгаас хахь ондоо зүйл. Цаазаар авах ялтай байхаар ямар зээл тусламж зогсох гээд байна, ямар улс орон биднээс нүүр буруулах гээд байна, Монголын нэр хүнд яаж өсөх гээд байгаа юм бэ?
Таныг бялдуучлагч нэгэн сэтгүүлч … цаазаар авах ялыг халах нь шинэ үеийн монголчуудын хүнлэг чанарын илэрхийлэл… гэжээ. Таны хэлсэн үгэнд хүмүүнлэгээр цаазлах тухай дурдаад авчээ. Хүнээ тоолж чадахгүй байж цогцсоо яаж тоолох юм гэх маягийн үг оржээ. Яаж толгойд нь ийм бодол төрдөг юм бэ? Тийм л их хүнлэг зан гаргаж хайр чинь хүрээд байгаа юм бол алуурчдын ар гэрийнхэнд нь цогцсыг өгчих л дөө, эсвэл цаазаар авахуулсан хүнийх нь ар гэрээс оршуулах ажилд нь хүн оролцуулаад шийдээч дээ. Тэр тийм болохгүй зүйл үү? Тэгж их даган дууриах гээд байгаа америкчууд чинь хэрвээ хүсвэл хохирогчдын ар гэрээс ялын тогтоол гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж хардлага сэрдлэгэ, гомдол гунигийг нь багахан ч болов тайлдаг юм. Төрд нууц юм гэж байх ёстой юм бол цаазын ял гүйцэтгэдэг хүмүүсийнхээ амь нас, аюулгүй байдлыг нь дээд зэргээр хамгаалж, энэ тухай мэдээллийн нууцыг чандлах ёстой. Яагаад алуурчны цогцсыг ар гэрт нь өгч болдоггүй юм, яагаад энэ тухай мэдээлэл нээлттэй байж болдгүй юм? Тэглээ гээд хэн хохирох гээд байгаа юм? Энэ чинь харин төрийн хүнлэг чанар юм биш үү? Яагаад заавал нэгийг нь золиослон байж нөгөөг нь өрөвдөх ёстой юм.
Хүн алсан алуурчнаа олоо ч үгүй байж амийг нь өршөөх тухай ярьдаг нь эрүүл ухаан мөн юм уу? Хаана байна тэр Зоригийг алсан алуурчин, хаана байна миний ахыг алсан алуурчин? Ийм болчимгүй юм ярьсныхаа төлөө, ийм ухаангүй юм хийснийхээ төлөө та ОГЦРОХ ёстой. Төр цаазаар авах асуудлыг дангаараа шийдэх тухай дурджээ. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийнхаа язгуур санааг үл тоожээ. Ард түмнээс ангид юу ч байхгүй, та мэтийн улс төрчид тийм байлгаад байгаа юм. Амийг амиар гэдэг хууль бол ертөнцийн үнэн, сөрнө гэвэл заяа чинь дутна!!! Алуурчны амь насыг өршөөх тухай яриа сэдсэнээрээ мянга мянган гэр бүлд айдас нэмж, мянга мянган иргэдийнхээ сэтгэлийн шархыг хөндөж, мянга мянган ижийг дээлтэй нь хатааж байна. Бас хэн нэгнийг занасан, алахыг хүсч байгаа, гэмт хэрэг хийхээр тооцоолж, төлөвлөж байгаа олон хүнд хуулийн дагуу боломж гаргаж өгч байна.
Хүн амины хэрэгтэй тулж ажилладаг хууль хяналтын олон хүнийг сэтгэлийн дарамтад оруулж байна. Та цус үнэрлэж үзсэн юм уу Ерөнхийлөгч өө? Аллага гарсан хэргийн газар дээр очиж үзсэн үү? Хүний тасарсан толгой харсан юм уу? Газраар нэг цусан зам татуулсан цуст алуурчинтай уулзаж үзсэн юм уу, барааг нь харсан юм уу? Ямар хүн хүн алдгийг мэддэг юм уу? Хэнийг өршөөх гэж байгаагаа төсөөлж байна уу? Энэ хэрэг дээр ажилласан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийнхэн гээд хавтаст хэргийн үг үсэг бүртэй танилцдаг, эд мөрийн баримт, амьгүй цогцос, тасарсан мөч, ар гэрнийнхний уй гашуу гээд үй түмэн сэтгэлийн шаналал дор ажилладаг Монгол төрийн ажилтан албан хаагчдаар даажигнаж байгаа юм уу? Ээжийнхээ өврөөс салаагүй шахам нялх охиныг хүчиндээд алчихсан, өлгийтэй нялзрай амьтныг буудаад алчихсан, халуун амийг нь гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн алуурчин амьд үлдэнэ дээ гэж бодохоор тэдэнд ажлаа хийх сэтгэлийн чин эрмэлзэл байх уу? Тэд жигшүүрт алуурчдын хэргийг жирийн санамсаргүй алдаанаас ялгаж, сэтгэлээ чилээж, нойр хоолоо хагаслан байж хүний амь бүрэлгэх төрийн шийдвэр гаргадаг хүмүүс.
Таны тэнэглэлийг зөвтгөж бичсэн нэгэн сэтгүүлч хуулийн зорилгыг буруугаар мушгин тайлбарлаж, хэр их зовж тарчлаах тухай төсөөллөө дүрсэлжээ. Яг үнэндээ аливаа хуулийн зорилго нь ял шийтгэл гарцаагүйдээ байдаг болохоос их багадаа байдаггүй юм. 30 жил гянданд хоривол тэндээ үхдэг тухай таны илтгэлд дурджээ. Тамлан тарчилж байгаа нь тэр юм байх. Тэглээ гээд тэр алуурчин чинь өөрийнх нь гарт амиа алдсан хүнийх шиг өвдөлтийг мэдрэх үү? Үрээ алдсан эхийн шаналанг мэдрэх үү? Шударга байх тухай таны сонгуулийн уриа чинь улс төрчдийн хариуцлагатай холбоотой байсан болохоос хүний амь нас хөнөсөн алуурчинтай огт хамаагүй байсныг Монголчууд мартаагүй байна. Таны хувьд шударга байх тухай яриа хоосон үг байсныг одоо л ухаарч байна. Үхүүлэх ёстойг үхүүл гэж хэн хэнд зарлиг буулгаж байсныг номноос унш Ерөнхийлөгч өө? Түүх ээ судал, өвгөдтэй уулз, хүн төрөлхтөн түүхэндээ хэнийг өршөөж, хэнийг цээрлүүлж байсныг мэдэж ав. Төрийн хуулиар таньд олгогдсон …УУЧЛАХ… гэдэг онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс битгий татгалз, битгий ай. Улсын Ерөнхийлөгч байна гэдгийг төсөөлж мэдэхгүй юм, гэхдээ чадна гээд зүтгэсэн учраас замын дундаас ухрах эрх битгий хэл, зориг таньд байхгүйг мэдэж байна. Олон зууны буурал түүхтэй Монголын төр онцгой тохиолдолд хүний амь бүрэлгэдэг болохоос санамсаргүйгээр хүний амь бүрэлгэсэн алдаа болгоныг цээрлүүлдгүй юм.
Хий хоосон даган дууриаж биш, хэмжээгээ мэдэхгүй зиндаархаж биш, зүгээр л яагаад гэдэг асуултаар дэлхийн том улс төрчдөөс суралц, яагаад одоо болтол америк цаазаар авах ялыг халаагүй байгаа юм бэ гэдгийг ард иргэдээсээ асуу! Ухаангүй ноёнд урагшгүй албатын үлгэрийг битгий үзүүлээд бай. Авах гээхийн ухаан гэж нандин чанар монголчуудад бий. Бага насны минь хамгийн нандин дурсамжуудийг, гэрэл гэгээн үеийн түүхийг минь цусан зам татуулан байж ой ухаанаас минь арчсан алуурчин одоо болтол олдоогүй байна, Монголчуудын хувьд үнэт зүйлс болтлоо хүндлэгдсэн Зоригийг алсан алуурчин одоо болтол олдоогүй байна. Олдоогүй, олоогүй алуурчныг өршөөх тухай ярих нь улсын Ерөнхийлөгчийн хийх ажил мөн үү? Энэ захидлыг таньд хувь хүнийх нь хувьд бичих гэсэн боловч хэзээ ч уншихгүй байх гэж бодоод хэвлэлд хандсаныг ойлгоно биз.

Н.Батжаргал

1 Comment »

  1. YAg zuv ene Elbegdorj er ni yu yum be dandaa l karier huuj yavdag bas neg hudlaa gadaadad suraad zailuul ter ni helnii kurs tiim bj bas teriigee reklamdana naad helnii kursiig chini myanga myngan mongol zaluus hari orond surch bn. Elbegdorj Erunhiilugchuu teneg zuudneesee sereechee genet erunhiilugch bolood shoknoosoo garaagui l yavaad bgamu da huurhii neg saihjan algadaad sereeh yumsan ene tagjigar nuhriig…..

    Comment by Otgoo — August 2, 2010 @ 12:14 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: