"ХӨХ Танхим"

March 25, 2010

Цэнхэр тойргийн нарны цацраг…

Filed under: www.monkey.mn-ээс бас үзээрэй — batjargaln @ 6:40 PM

/ Ж.Наранцацралт агсны гэгээн дурсгалд зориулав. /

Зайлуул, өнгөрснөөс нь хойш Наранцацралт агсны талаар нэг дурсамж бичих юмсан гэж бодоод л явлаа. Яагаад гэвэл энэ хүнтэй хол ойр байх нь яахав, ямар ч гэсэн 2 сонгуульд дараалан ажиллажээ. Гэхдээ улс төр сонирхогчийн хувиар түүний улс төрийн алхмуудад нь дотроо дүгнэлт хийж явсан боловч өнөөдөр эргээд харахад 10 жил өнгөрсөн байна. Говийн хүний уужуу тайван зан, төрийн хүний бурууд хатуу зөвд зөөлөн ухааныг хослуулж, эцэг эхийнхээ хайрласан нэр алдрыг цэвэрхэн авч явсан хүн монголын улс төрчид дунд цөөн байх. Хотын дарга, эрх баригч намын дарга, Их хурлын гишүүн, Ерөнхий сайд гээд улс төрчдийн мөрөөдөж болох бүхий л албан тушаалыг хашч явсаны хувьд манай Нараа гишүүн бол нэр цэвэр улс төрч байжээ, одоо бодоход. Тэр ч утгаараа түүний үлдээгээд явсан орон зай эзгүйрэх нь битгий хэл дундрах яагаа ч үгүй байна. Түүнийг залгамжлах хэнбугай ч тэр хүний туулсан мөр дээр нь гишгэж, амссан зовлонг нь амсаж, түшсэн нөхдийнх нь дэмжлэгээр овоглож явах биз.
Нараа гишүүний Их улс төрд хөл тавьсан 2000 оны УИХ-ын сонгууль бол Ардчилсан намын түүхэнд тодоор бичигдэх хамгийн гашуун сургамж болсон билээ. Улс төрийн амьдрал ороо бусгаа, эгзэгтэй байсан тэр үед Дундговьчууд түүнд итгэл хүлээлгэж УИХ-д сонгосон нь Монголын ардчилалд өгсөн цорын ганц санал байлаа. Банк санхүүгийн хямрал, Ардчилсан хувьсгалын удирдагчийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг, гурван ч Засгийн газраа огцруулж эрх мэдлийн төлөө улайрсан олонхийн тэнэглэл, хамгийн хэцүү нь тэр үеийн Ардчилсан Холбоо Эвслийг бүрдүүлж байсан МҮАН, МСДН-ууд тус тусдаа сонгуульд өрсөлдөхөөр болсон нь ардчилсан хүчнийг хариуцлагагүй, эв нэгдэлгүй харагдуулж сонгогчдын итгэлийг алдрахад хүргэсэн билээ. Тэр үед сонгогчид нам, улс төрийн бодлого гэхээсээ илүү хувь хүнийг нь харж сонголтоо хийсэн байж болох юм. Тэр үеийн сонгуульд МАХН-аас одоогийн аймгийн Засаг дарга Ш.Төрбат, МСДН-аас одоогийн аймгийн Ардчилсан намын дарга М.Энхбат нар экс Ерөнхий сайдтайгаа өрсөлдөж байлаа. Санал хураалт явагдахаас өмнөхөн улс төр судлаач, аядуу зөөлөн Энхбат нэрээ татсанаар ардчилсан хүчнийхний санал багцлагдаж Наранцацралт гэж 43 настай, ширвээ сахалтай идэрхэн эр Монголын парламентад ардчилсан хүчнийхний цорын ганц дуу хоолой нь, итгэл найдвар нь, өмөг түшиг нь болон сонгогдож байлаа. Тэр тойрог бол УИХ-ын 20-р тойрог. Дандаа ардчилсан хүчнийхэнд саналаа өгдөг цэнхэр тойрог байлаа, одоо манайхан аль хэдийнэ Хувьсгалт намд тавиад туучихсан тойрог. Цаг хугацаа ч улиран өнгөрч, Нараа гишүүн маань ч бурхны оронд одсон байна.
72 суудлыг Хувьсгалт нам, үлдсэн 4 суудалд бие даагч Гүндалай, Иргэний Зоригийн Оюун, Эх орон намын Эрдэнэбат, МҮАН-аас Наранцацралт нар суулаа. Ардчилсан хүчний хариуцлагагүй, эв нэгдэлгүй байдал нь сонгогчдын зүгээс ийм л үнэлгээ авахад хүргэсэн юм. Энэ 4 жил бол түүний хувьд их улс төрд хат суусан, улам хурцлагдсан он жилүүд байсан. Нэг намын дарангуйллын эсрэг тулж, хурал хаяж, шударга ёс үнэнийг эрж, дарамт шахалт үзэж явсан ч ардчиллын төлөө нугаршгүй ноён нуруу нь болон зогсож чадсан билээ. Хэрэв уншигч авхай санаж байгаа бол тэр үеийн сонин хэвлэлүүд дээр … цөөнхийн гишүүдийн чуулганы нээлт дээр “хэлэхээр зэхсэн үг”, “хэлүүлээгүй үг” гэхчлэн гардаг байлаа. Сэтгүүл зүйд ч юмуу, эсвэл улс төрд ч юмуу ийм нэр томъёо бий болтол нь нэг намын дарангуйлал тогтсон гашуун гунигтай үнэн гэвэл энэ. Аливаа дарангуйлал хэнийг ч ялгадаггүй, тэр үеийн эрх баригч намын дарга ийм дарангуйлал тогтоож байсан бол өнөөдөр тэр хүн намынхаа Бага хурал дээр үг хэлэх ч эрхгүй болтлоо гадуурхагдсан нь үйлийн үр биз. Эсвэл тэр намын мөн чанар байх.
Үндсэн хуулин дахь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж боомилж байсан нэг намын дарангуйллын бодит дүр зураг тэр. Орон даяар цацагддаг байсан Монголын Үндэсний Телевизэд цөөнхийн гишүүдийн дүрсийг хасах үүрэгтэй хүмүүс ажилладаг тухай Нараа гишүүн маань нэг удаа хуучилж билээ. Чухам тэр үеэс л ардчилсан хүчнийхэн эв нэгдлийг эрхэмлэж, урьд хожид байгаагүйгээр нэгдэл рүү тэмүүлцгээсэн юм. Тэр үеийн Ардчилсан намын дүрмийн автор Энхсайхан … Нэгдлийг зорилгоо болгох нь сонгуульд ялахаас илүү алс ирээдүйтэй… хэмээн мэдэгдэж байлаа. Улсын явдлыг цэгнэхэд учир их бий гэж нэг үг бий, тийм ч биз үгүй ч биз. Харин 2004 оны сонгуулийн дараахнаас ардчилсан хүчнийхэн дахиад л уралцаж эхэлсэн юм, бүр нохой шиг уралцаж эхэлсэн. Өөрийгөө лидер гэж боддог бүх л улс төрчид үүнд хамаатай. Мань хүн ч гэсэн тэдний нэг байсан. Шинэ нам байгуулах болсон шалтгаанаа цаг нь болохоор хэлнэ гэсээр бурхны оронд одсон болохоор дүгнэлт хэлэх ёс суртахууны эрх алга. Харин байдал яаж өрнөж байсныг л санаж байна.
Одоогийн Ерөнхийлөгч тэр үеийн Ардчилсан намын дарга Элбэгдорж нэг удаа уулзалт хийж байхдаа … бид адилхан л Ерөнхий сайд байсан, адилхан л тамга атгаж байсан, гэхдээ би төрсөн нутгаасаа тойрог гуйж явдаг жижиг гар биш… хэмээн шаралхаж байж билээ. Тэр үед Элбэгдорж Дундговьд ажиллаж байсан юм. Түүний хэлсэн үг ч түүнд хаяглагдаж, шаралхаж хэлсэн үг. Хэдийгээр хувь хүнийх нь хувьд, нэгэн зорилгын төлөө тэмцэж явсан журмын нөхрийнхөө хувьд хүндэтгэж явсан хэдий ч Засгын газрыг нь унагалцаж, монголын улс төрийг өөр өнцгөөр харах гэсэн улс төрийн сонирхолд нь эгдүүцэж хэлсэн биз. 2000 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчнийг төлөөлөн сонгогдож, Ардчилсан намыг байгуулах их зорилгын туг нь болж явсан хэрнээ хамгийн эгзэгтэй мөчид гал таслаад гараад явчхаар нь ганц Элбэгдоржоор тогтохгүй олон хүн харамсаж, эгдүүцэж, шаралхаж байсан юм. Сонгуулийн амжилт булаацалдсан лидерүүдийн толхилцоон байсан байх, гэхдээ одоо бол түүх. Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд хөшөөнд нь цэцэг өргөж зогсохдоо нэгийг бодоо биз дээ, эр хүн байна даа энэ чинь…
Өөрийн нэрээр сан байгуулж, нутагтаа хөрөнгө оруулалт хийж, олон ажил амжуулж байсан хэдий ч сангийн даргаараа хувьсгалт намынхнаас тавьж журмын нөхдийнхөө арга аяыг барж явсан үе түүнд бий. Тэр үед Ардчилсан намын олон сайхан залуучууд ажилгүй байсан, ажилгүй болчхоод байсан юм. … Чамайг бид Засгийн газраа унагачаад, өөр нам байгуулаад ирээрэй гэж сонгоогүй шүү гэсэн намын нөхдийнхөө хатуухан зэмлэлд ч ширүүлхэж хандаагүй. Тайван амгалан байцгаа, цаг нь болохоор би олон зүйлийг хэлнэ гээд инээгээд өнгөрөөж байж билээ. Түшээд босох нутаг усныхан, ядрахад гүйгээд очих уул ус, хайрлаж итгэж явсан намынхаа нөхдөдөө юу юунаас илүү найдаж байсан биз. Ерөнхий сайдаас огцорчхоод шантралгүй харин ч их улс төрд үзэхээр зориг шулуудаж байхдаа нутгаа л гэсэн хүн. Нийслэл Улаанбаатар гэдэг их айлтай олон жил ажил амьдралаа холбосон, хотын захирагч байсан хүн хотод дэвшсэн бол гарах шанс байсан л байж таараа. Гэхдээ тэгээгүй, нутгаадаа явсан хүн, нутагтаа хайртай хүн буруу явдгүйг богинохон амьдралаараа харуулж чаджээ.
… Дуу хуурын өлгий Дундговь минь дундрашгүй дүүрэн байг
Дуулим говийн нийслэл Мандалговь минь манхан тэнгэрийн дор мандан бадраг… гэсэн гоё үгтэй сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байхдаа нутгаа л гэсэн хүн. Гишүүнээр сонгогдсоныхоо дараа шинэ нам байгуулж, дарга нь болсон хэдий ч цээжээ дэлдээгүй, шинэ намынхаа салбарыг аймагтаа байгуулаагүй, байгуулахаар төлөвлөж байсан ч ямар ч л гэсэн яараагүй юм. Түүний сэтгэлд 17 жил ардчиллын төлөө тэмцэж, зүтгэж явсан Ардчилсан намынх нь нөхөд л байсан хэрэг. Угаасаа говийнхны уужуу тайвуу, зарим үед хэт удаан зан нь үүнд нөлөөлсөн ч байж болох юм. Тэгээд ч парламентад 2 удаа сонгогдсон хашир улс төрч мэдрэмжтэй л хандсан байж таараа. Хувь хүнийхээ хувьд их цэмцгэр сайхан хувцаслана, ер нь тэр үеийн Ардчилсан намын дарга байсан Хүүхэнбаатар гуай ч гэсэн их цэмцгэр сайхан хувцаслана, залуучуудыг ичтэл нь биеэ сайхан авч явдаг байсан. Улс төрч болох гэж байгаа бол эхлээд “зангиа зүүж сурах” ёстой гэдгийг ингэж л ойлгуулдаг улс байсан даа. Намын хэдтэйгээ хааяа зуу татна, залуучуудтай ажиллах дуртай, нэлээдгүй гаршиж ч байсан байх, сүүлийн сонгуулиар нь дандаа л таних танихгүй залуучууд бужигнацгаасан. Нутгийн зөвлөлийг олон жил тэргүүлэхдээ эе эвдрэлцэж байгаагүй, нам улс төр, лам харгүй л нутгаа гэсэн сэтгэлээр зориод очдог газар нь болгож чадсан хүн.
Өнөөдөр нутгийн тэр эрхэм ах бидний дунд алга. Олон хүний хувьд түшиж зогссон мод нь булгараад уначихлаа. Түүний нэрээр газар үзэж, түүний нүүрээр ордонд хөл төвьж үзсэн тойргийнх нь хэдэн партизанууд, хоёр сайхан хүү нь өнчрөөд хоцорлоо. Дундговьчууд монголын улс төрд бэлтгэгдсэн үнэтэй капиталаа алдлаа. Гэхдээ өөрийнх нь итгэл үнэмшил болсон, үзэл бодлынх нь ноён нуруу нь болсон Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ. Олон сайхан аавын хүүд нартай энэ улс орны ирээдүй хойч, хөгжил цэцэглэлт, эрх чөлөөний төлөө, монголын улс төрчдийн эвийн цавуу нь болж цохилох зүрхтэй явсан түүнийг түүхийн хуудаснаа хүндэтгэн дурсах учиртай. 20 жилийнх нь ойгоор нэхэн шагнах ч учиртай байлаа, яахав тэгсэнгүй, буянаараа болно биз. Намаасаа урвасан гэж, Засгийн газраа унагалаа гэж шаралхаж, эгдүүцэж явсан олон нөхөд нь түүнийгээ сэтгэлдээ уучлан, зул бадраан ерөөл хэлж суугаа бизээ. Хурмастын алтан нар манддагаараа л мандана, таны хайрлаж явсан Монголын сайхан оронд хүмүүний алдхан биеийг алагчлалгүй гийгүүлнэ. Тэр бол улс орон, нутаг ус, ирээдүй хойч, та бидний эрх чөлөөний төлөө бурхны орноос илгээсэн цэнхэр тойргийн нарны цацраг байх болно.
Сайн амгалан болтугай!

2010.03.25

1 Comment »

  1. saikhan boljee. nutag ornii mine ganst saikhan akh mine baisiim daa.
    batjaa chamd amjilt husue !

    Comment by Erdene — March 26, 2010 @ 12:14 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: