"ХӨХ Танхим"

March 26, 2010

Эрдэнийн Бат-Үүл танаа

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 4:29 PM

Сайхан хаваржиж байна уу Үүл гишүүн ээ!
1996 онд оюутан болж хотод ирэхдээ ардчиллыг мөн чанарынх нь хувьд, Ардчилсан намыг улс төрийн хүчнийх нь хувьд дэмжиж ирсэн жирийн л нэг иргэнийхээ хувьд, Ардчилсан намд сонгуульт ажил хийж, сонин тарааж явсан дэмжигч гишүүний хувьд улсын Ерөнхийлөгч болон та 2-ын Цаазаар авах ялыг халах талаар гаргаж байгаа бурханлиг гэмээр санал санаачлагыг ёстой ч нэг дэмжихгүй байгаагаа илэрхийлж энэхүү захидлыг бичлээ. Цаазын ялыг халах тухай асуудал нь гэнэт хэн нэгэн ухаантны зохиосон мундаг ухаантай зүйл бишээ. Энэ ялыг халахын төлөө байр суурийг үзэл санааны хувьд ахалж буй Эмнэсти Интернэшнл нь дарангуйлагч дэглэмтэй улс орнуудад цаазын ялыг халах тухай улстөрийн зорилготой ажил хийж ирснийг мэргэжлийн судлаачид төдийгүй олон нийт мэддэг болоод байгаа. Энэ санаачлагыг улстөрийн зорилгоор монголын нийгэмд “импортолж” нэр хүндээ өсгөх гэсэн явуургүй алхам нь нулимс нь хатаж амжаагүй хохирогчдийн хувьд дэндүү шударга биш байна.
Энэ ял байх нь зөв, эсвэл байх ёсгүй гэсэн 2 л байр суурь байгаа. Байх нь зөв гэсэн байр суурийг дэмжиж байгаа хүмүүс үүнийгээ нотлохын тулд аймшигтай гэмт хэргийн материалыг жишээ татах, олон нийтэд харуулах үзүүлэх гэх мэтээр үнэхээр хэцүү алхмуудыг хийх байх. Нэгэнт л та бүхэн ингэж ухаантай царайлж зүтгээд байгаа юм бол би ч гэсэн өөрийнхөө байр суурийг хамгаалж дуугарахаас өөр арга алга, яаая гэхэв. Энэ чинь хирэндээ л ардчилсан нийгэм!!!
Жилдээ хэдэн зуун тонн архи зарагддаг, ажилгүй, овилгогүй, сэтгэлгээнээс нь эхлээд бэл бэнчингээрээ хүртэл ядуу иргэд олонтой манай орны хувьд цаазын ялыг халах нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил мөн юм уу? Мөн байлаа гэхэд хэн нэгнийг даган баясч, олон нийтийн тэр дундаа хохирогчдын санаа бодол, сэтгэлийн зовлонг үл тоон ухаантай царайлах нь Улсын баатрын хийх ажил мөн юм уу? Элбэгдорж та 2-оос өөр ухаантай хүн энэ улсад байхгүй юмуу? Яагаад олон нийтийн санаа бодол, хашир туршлагатай хуульчдын үгийг үл тоогоод томроод байгаа юм бэ? Улс төрийг эрүүлжүүлэх гэхээс илүү эрдэнэт хүний амийг юугаар үнэлэх юм бэ гэдэг дээр ухаан бодлоо уралдуулаач. Өнгөн дээрээ цаазаар авах ялыг халах гэсэн үгээр илэрхийлэгдэж байгаа боловч энэ чинь цаанаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал шүү дээ. Шүүгчдийн эрх хэмжээний тухай яригдана, Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийн тухай асуудал яригдана. Монголын нийгмийн харилцааг сайн ойлгож байж хууль гаргах хэрэгтэй. Урагшаа тэмүүлэх ёстой хэдий ч алгасч харайж болохгүй. Цаазаар авах ялыг халахаас өмнө Европын улс орнууд хуулийн шинэтгэлдээ ямар ямар алхмууд хийснийг судалж үзэх хэрэгтэй биз дээ.
Ядуу нойтон нь дүүрч, ядахнаа айдасгүй амьдармаар байна Баатар аа!!! Цаазаар авах ялыг халах эсэх нь тухайн орны хөгжлийн түвшинтэй нэг ч их хамааралтай зүйл биш, хэрэв тийм байсан бол Япон шиг өндөр хөгжилтэй орон яагаад хамгийн харгис аргаар дүүжилж цаазалж байгаа юм бэ? Япон хэл чинь дэлхийн хамгийн найрсаг хэл гэгддэг биз дээ. Хэдий найрсаг хэлтэй ч гэсэн тэд хэрцгий алуурчинтай шударга хариуцлагыг хатуу тооцож чадаж байна шүү дээ. Бид яагаад ингэж болохгүй гэж??? Та нарын жишээ авах, дууриах дуртай Америк, Японд Ерөнхий сайд нь юмуу, эсвэл нэг парламентын гишүүн нь дураараа ийм шийдвэр гаргачаад “Миний зөв, олон нийт битгий хуц” гэвэл нэг өдрийн дотор л огцроно. Энийг та нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, олон нийтийн санал асуулга, улс төрийн мэтгэлцээн гээд төрийн шийдвэр гаргахаас өмнө хийх ёстой хичнээн олон шат дарааллыг яагаад алгасаад байгаа юм бэ? Энэ чинь ярих болоогүй шийдвэр, 7 сарын 1-ны цусыг Монголчууд мартаагүй байна. Тэр хүмүүсийн амь насыг хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгочлоо. Нийгэм тайван биш байна, бухимдалтай, уур цухал ихтэй нийгэмд ийм сэдвээр тэнэгийн тэнэг байр суурь илэрхийлэх нь улам л бухимдуулна, цаашлаад юунд ч хүргэж мэднэ.
Давруу тэнэг алуурчид нь өнөөдөр шүүх хурал дээр бохь зажилчхаад Ерөнхийлөгч өршөөчихнө гээд зогсож байна. Юун гэмших. Юун тарчлах, харин ч хүн амины гэмт хэрэгтнүүд чинь хүний эрхийнхний хяналт нэртэй нялууралтан дор жаргах цаг ирээд байна Үүл гишүүн ээ! Асуудлыг бүхэлд нь хавтгайруулан нэг аргаар шийдвэрлэж болох байх. Гэхдээ хэзээд өөр өөр шалтгаантай, өөр өөр үр дагавартай байх болно. “Цусанд чинь хутгана”, “Хүүрийг чинь хэмхчинэ” гэдэг монгол хэлэнд байдаг аймшигтай үгийг англи хэл рүү орчуулах гээд үз дээ. Англи хэлтэй улс орнуудын сэтгэлгээ нь өөр, асуудалд хандах хандлага нь өөр. Англи хэл ч гэсэн манай монгол хэлнээс хамаагүй найрсаг хэл шүү дээ. Наад захын ийм ялгаа байхад яагаад заавал адилхан болох гэж зүтгээд байгаа юм бэ? Өөрийн улс үндэстний түүх соёл, уламжлал, сэтгэлгээний онцлог гээд олон юмаараа дэлхийн бусад улсуудаас ялгаатай. Та бол хотын хүүхэд, зөндөө л төмс арилгаж байсан байлгүй. Гараа исгэхэд ямар их өвддөг байснаа төсөөлөөч. Гэм зэмгүй нялх балчир амьтныг сэгчиж сийчиж, хүн таних аргагүй болтол нь зэрэмдэглэж алсан алуурчин гэмших үү тэгээд? Тийм аймшигтай өвдөлтийг мэдрэх үү, төсөөлөх үү? Ард түмэнд амьд явах баталгаа үнэндээ алга байна, ард түмэнд битгий хэл та нарын журмын нөхөр Зоригыг ажлаа тараад очиход нь гэрт нь хүлээж байгаад л алчихаа биз дээ? Тэгээд алуурчин нь хаана байна? Эхлээд тэр муу цуст алуурчныг олчихооч дээ, тэгээд дараа нь өршөөх эсэх тухай ярих гээд үз дээ. Монголын омголон цустай эрчүүд тийм алуурчныг мөн өршөөх байх даа!!! Ийм зүйл болохыг хүсээд байгаа юм уу Баатар аа?
Туйлшрал хэнд ч хэрэггүй Үүл гишүүн ээ! Цаазын ялыг халах гэсэн та нарын хэсэг хүмүүс үнэндээ туйлшраад байна. Энэ ял байх ёстой гэж үзэж байгаа хүмүүс харин туйлшраагүй шүү. Яагаад гэвэл хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насныханд цаазаар авах ял оноодоггүй хуулийн энэрэнгүй зарчмыг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүчээр хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр ажил хийдэг, цалин авдаг 17 настай хүүхэд бол цаазын ял авахгүй этгээд, гэхдээ тэр этгээд хэдийнэ хүүхэд байхаа больсон. Өөрийнхөө үйлдлийг бүрэн хариуцах чадвартай этгээд. Гэхдээ л тийм хүн 5-хан настай балчир охиныг хүний санаанд оромгүй зэрлэгээр алчхаад та нарын баталсан өршөөлийн хуулиар суллагдаад явж байна. Үнэхээр харамсалтай байна Үүл гишүүн ээ!!! Үүний төлөө та нар хариуцлага хүлээх ёстой шүү дээ, улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ингээгүй. Шударга байх тухай амаа цангатал ярьчхаад өөрсдөө шударга бай л даа. Таныг монголын ардчиллын алтан хараацай гэж хардаг нэг үеийнхэн байна. Тэдний хайр хүндэтгэлийг даагаач ээ. Мунхаг шийдвэр гаргасан Ерөнхийлөгчийн биш цөхрөнгөө барсан хохирогчдын талд, ядуу нойтон ард түмнийхээ талд байгаач ээ Баатар аа!!!

Ялихгүй зусар баяжихад саад! гэдэгсэн.

2010 .03.26

1 Comment »

  1. Unen heljee. Bat-Uul guai odoo buruu zo’noj baigaa.

    Comment by Bataa — March 29, 2010 @ 9:30 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: