"ХӨХ Танхим"

March 29, 2010

“ Хүүхдэд ээлтэй Бизнест тустай, Аа дарга нарт халтай FM 107,5 …”

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 12:13 PM

Одоогоос 6 жилийн өмнө Дундговь аймгийн төвд ажилладаг богино долгионы жижигхээн FM радиогоор ийм үгтэй шторк цацагддаг байлаа. Тэр үед утгыг нь анзаарсан хэн ч байхгүй, зүгээр л “дарга нарт халтай FM” гэсэн үг нь инээдтэй санагдаад сонсдог байсан байх. Уг нь энэ шторкийг хийхдээ “цэцэрлэгийн хүүхдэд үнэгүй, сургуулийн хүүхдэд хөнгөлөлттэй үйлчлэнэ, төрийн байгууллагын дарга нарт шүүмжлэлтэй хандана, харин бизнесийнхэнд ашигтай байх” гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн зарим үүргийг сурталчлах зорилго агуулсан юм. Өнөөдрийн түвшнээс эргэж харахад дажгүй л юм хийж байж. Хэрвээ энэ үгээр юмуу, эсвэл энэ үгнээс санаа аваад нийгэмд тустай сурталчилгаа цацвал миний бие баяртайгаар хамтран ажиллах болно гэдгээ хэлье.
Олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж Үндсэн хуулиндаа тунхагласан манай орон зах зээлийн эдийн засаг бүхий нийгмийн харилцаанд шилжсэнээс хойш ямар ч хяналтгүй байгаа хэд хэдэн салбар бий. Зарим нь хянах ч боломжгүй гэж үздэг. Тэр салбаруудын нэг нь яах аргагүй реклам зар сурталчилгааны салбар. Зарж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь л хууль бус бол түүнийг хэрхэн яаж борлуулах нь бизнес эрхлэгчдийн асуудал мэт ханддаг байлаа. Одоо ч энэ үзэл зарим талаараа огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Хууль тогтоомжоор биш, хүмүүсийн ухамсараас шалтгаалж өөрчлөгддөг болохоор нэлээдгүй хугацаа орох нь ойлгомжтой. Санаа зовнидог, энэ салбарт ажилладаг хүмүүс нь нэгийг бодож л суугаа биз. Ёс зүйтэй бизнес гэсэн үзэл хандлага бий болоод ирсэн цагт энэ сэдэв моодонд орж ирэх нь ойлгомжтой. Хамгийн наад захын жишээ л гэхэд архины сурталчилгаа байна. Архи үйлдвэрлэх үү, ундаа хийх үү гэдэг нь хувь хүний сонголт учраас хорьж болдоггүй. Гэхдээ архи бол ерөнхий утгаараа нийгэмд хамгийн хортой бүтээгдэхүүн. Архинаас болж бүхэл бүтэн төр засаг мөхөж байсан түүх дэлхийн улс орнуудад олон бий. Энэ үүднээс харвал харин ч хориглогдох ёстой бүтээгдэхүүн мөн үү гэвэл мөн. Гэтэл улсын төсвийн орлого тасарчих гээд байдаг биз, архиа хийгээд уугаад л байх нь эцсийн дүндээ зөв. “Спиртээр хичээллэх санаа” эндээс ч төрөө юм уу хэн мэдлээ.
Шууд утгаар нь зар сурталчилгааг бизнесийн болон улс төрийн гэж ангилдаг гэж боддог байлаа. Энэ ангиллын дагуу ажиллаж ч үзсэн. Аль аль нь л мөнгө олж болдог, ялангуяа улс төрийн зар сурталчилгаа бол богино хугацаанд асар их мөнгө хийдэг хэлбэр л дээ. Эрх мэдлийн төлөө үзэлцдэг болохоороо тэр биз, хамаг байдгаа тавьж байгаад л сонгуульд өрсөлддөг. Тэрнийхээ хэмжээгээр их ч мөнгө цацдаг. Харин сүүлийн хэд хоног Нийгмийн Рекламны Фестиваль гэсэн сонин содон нэр сонсоод өөрийн бодлоо хуваалцаж байна. Реклам зар сурталчилгааны мөн чанар нь ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготой, мөнгөний төлөө байдаг болохоор түүнийг бүтээж байгаа этгээд нь оюун бодлоо шавхаж байгаад хүнд хүрэхүйц бүтээл гаргадаг. Харин энэ фестивальд оролцогчид одоо яах бол. Фестивалийн нэр нь ч “Бидэнд ойрхон ирээдүй”. Ямар ч гэсэн бидэнд ойрхон мөнгө гээгүй байна. Тэгэхээр толгой нь аль хэр ажиллахыг харах үлдлээ. Дүн нь гарах болоогүй болохоор жаахан эерэг, дэгсдүүлж хэлбэл “гоё хүлээлт” үүсгэх хэрэгтэй юм.
Зөвхөн зохион байгуулагчид нь сэдсэн үү, эсвэл ийм ажил үнэхээр хийх шаардлага манай рекламчдын өмнө тулгарсан уу, цагаа ч олсон гэж магтаж болохоор ажил болжээ. Миний зүгээс архины болон усны зөв зохистой хэрэглээний талаар реклам бүтээгчдэд хандъя гэж их боддог. Энэ талаар ч төлөвлөж буй ажил нэлээд буй. Гэхдээ ийм төрлийн реклам хийхэд анхаарах зүйл их, жишээ нь архи хортой гэсэн санаа нь хэдийгээр нийгэмд тустай хэдий ч архины бизнес эрхлэгчдэд жаахан хэцүү юм. Дундговь аймгийн Говь, Онги нэртэй 2 архи байдаг. Үүнийг бичигч вээр “Архигүй амьдарцгаая” гэсэн уриатай реклам хийхдээ …Говь ууж годройтоод яахав,
Онги ууж онхолдоод яахав
Архигүй амьдарцгаая… гэчихсэн чинь бизнесийн нэр хүндэд халдлаа гээд бөөн
хэл ам болж байсныг санаж байна. Иймэрхүү байдлаар нэр зааж, хувийн бизнес рүү халдахгүй байхыг юуны түрүүнд анхаарах хэрэгтэй санагддаг. Түүнээс гадна зохиогчийн эрх гэж хамгийн чухал юм бий. Рекламанд ашиглагддаг дуу, шүлгийн мөр, хэлц үгийн хувьд бүгд л зохиогчийн зөвшөөрөл авах шаардлагатай. Манайхны нэг тоодоггүй юм нь энэ чинь зохиогчийн эрхээ баталгаажуулаагүй юм чинь юуг нь асуудаг юм гэх хандлага бий. Ингэж хэрхэвч болохгүй. Жишээ нь …Зуу зуун жил би чамайгаа хайрламаар байна
Зуу зуун жил ганцхан чамайгаа энхрийлмээр байна… гэдэг дуугаар “Зууны мэдээтэй хамт” гэдэг реклам хийж болох юм. Гэхдээ Харангын Чукагаас асуух л хэрэгтэй дээ. Сонинг хайрлаж энхрийлээд байх нь ч юу юм, харин … Зуу зуун жил Зууны мэдээтэй хамт … гээд олны танил хүмүүсээр хэлүүлээд, дуунаас нь эвлүүлээд цацвал сурталчилгаа болж л таараа, захиалга явагдаж байгааг ч хэлэх үү. Эс тэгвэл, …хэн нь цэрэгт явсан бэ… гээд нөгөө ерөнхийлөгчийн сонгуулиар Ядуусын Хорооллын Саятан гэдэг киноны хэсгээс хулгайлдаг шиг эрээ цээргүй юм болж хувирна.
ВВС-ээр “Incredible India” гэдэг гоё аялгуутай реклам цацагддаг. Тэнд аялаад, амраад буцаж байгаа нэг залуугийн ил захидал дээр бичигдэж байгаа үг. Аялал жуулчлал, хөрөнгө оруулалт татах гоё реклам. Үгний сонголт, хийц энэ тэр нь манайханд бол суралцмаар зүйл. Манайхан аялал жуулчлалыг дэмжих жил, хөрөнгө оруулалтыг дэмжих жил гэж өчнөөн шоуддаг мөртлөө энэ талын ажилдаа ерөөсөө ач холбогдол өгдөггүй, эсвэл мэддэггүй юм уу. Дэлхийн томоохон мэдээллийн сувгуудаар ганц ч олигтой сурталчилгаа байхгүй шүү. Үгний сонголт бол яахын аргагүй чухал. Сүүлийн үед нуршсаар байгаад монгол хэлний үгийн санд байдаг зарим үгний үнэ цэнэ хүртэл алдагдаж байгаа. Жишээ нь, “Гайхалтай” гэдэг үгийг сонсохоор одоо бүр уур хүрдэг болсон. 00-ын цаас ч байсан гайхалтай, гар нүүрийн саван ч байсан гайхалтай, сүүлдээ “өвчин маань ч гэсэн гайхалтай” гэх боллоо. Иймэрхүү байдлаар сурталчилгааныхаа агуулгыг зохиовол хүн үргээх ажил л болох вий. Яруу, өвөрмөц содон үг сонгоход толгойгоо ажиллуулах л хэрэгтэй дээ.
Танд ойрхон
Түмэнд чимээтэй
Чихэнд чимэгтэй FM 107,5. Ямар сонсогдож байна?
2010.03.29

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: