"ХӨХ Танхим"

May 22, 2010

“Ноён нуруу – Мажаахүүгийн Энхбат”

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 10:41 PM

“Том” Энхбат… Дундговь аймгийн Ардчилсан намын дарга Энхбатыг журмын нөхөд нь ингэж дууддаг юм. Үйлдвэрчний эвлэлд байхаасаа ч, 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш ч улс төрд жижиг байж үзээгүй түүнд энэ тодотгол яг таарна. Энэ хүний тухай өгүүлэх нь тэр чигээрээ Дундговийн Ардчиллын түүх юм. Ерөөс улс төр бол тэр чигээрээ түүх, тиймээс Дундговийн Энхбатын тухай хүүрнэж Дундговь аймгийн Ардчилсан намын нэгэн зурвас үеийн түүхийг өгүүлсү.

Үнэт зүйлсийн манаач
Ардчилсан нам байгуулагдаад 2 жил өнгөрсний хойно их сургууль төгсөөд нутагтаа очив. Улсын хөрөнгөөр сурсан болохоор улсад ажиллах ёстой гэж үздэг, нэг л их ардчилал ярьсан, шүүмжилсэн, ирээдүйд улс орон хаашаа явахыг зөгнөсөн хүн Хувьсгалт намын хязгааргүй ноёрхол тогтож, хүний эрхийн зөрчил хамаа замбараагаа алдсан байхад нь очиж билээ. Хэдийгээр Ардчиллын төлөөх намууд нэгдээд 2 жил орчим хугацаа өнгөрсөн хэдий ч намын угшил, харъяаллаараа талцдаг, нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл хурц цаг үе байлаа. Гэхдээ Ардчилсан нам гэдэг улс төрийн хүчнийг төлөвшүүлэх нь чухал байсан болохоос хуучин намынхаа үзэл баримтлалыг шинээр зохион байгуулагдсан нам дотор хэвээр нь авч үлдэх явдлыг хаана хаанаа санаатай орхигдуулж байсан нь түүхийн хуудаснаа үнэн мөнөөрөө буух ёстой. Ингэж Ардчилсан нам дотор олон ургальч үзэл нь ч байж, харин Монголын улс төрд Ардчилал өөрөө багцлагдаж өрсөлдөх ёстой гэсэн ерөнхий дүрслэл намын гишүүд, ардчиллыг дэмжигчид дунд бий болж чадсан юм.
Тэр үед шинээр батлагдсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн концепцийг хүмүүст ойлгуулах, намын гишүүдийг идэвхжүүлэх их ажил ид хийгдэж байсан үе. Энэ үед намын үзэл баримтлалыг онолын хувьд тайлбарлах, нотлох, итгэл үнэмшил болгохын тулд намын дотоодод сургалт семинар, хурал цуглаан ар араасаа зохион байгуулагдаж байлаа. Нэг тийм хурлын дараа “Том” Энхбат даргатай танилцаж билээ. Жаахан “улс төр” ярьж суугаад дараа нь ажлын өрөөнд нь дагаж очсон юм. Улс төрийн боловсролын академийнх нь өрөөнд кофе ууж, улс орны нийгэм эдийн засаг, либерализм, социал демократизм ярьж байгаад сүүлдээ халуураад Beatles, Bee Gees яриад дуусч байж билээ. Тэгээд гарахдаа Бжинскийн “Коммунизм 20-р зуунд мэндэлж мөхсөн нь” гэдэг ном аваад дараа уулзахаар тохиролцоод салсан юмдаг.
Дундговь аймагт Ардчилсан хөдөлгөөн байгуулагдсанаас хойш нэг ч цаг төрийн ажил хийж үзээгүй, үзэл баримтлал зарчим ярьдаг ийм хүн тухайн үедээ журмынхаа нөхдөөс нэлээдгүй содон атлаа, тэрслүү харагдаж байж билээ. Ер нь аливаа улс төрийн нам засгийн эрх авах эрмэлзлээс гадна сайтар боловсруулагдсан онолын үзэл баримтлалтай байх учиртай. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний талаар цэгцтэй, нэгдсэн ойлголттой, түүнийгээ өөрийн итгэл үнэмшил болгож чадсан хүн намын удирдлагад байх нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, тэднийг оюун санааны хувьд удирдан дагуулах чухал ач холбогдолтой юм. Ийм хүн 4-хөн жилийн сонгуулийн мөчлөгтэй улс төрийн албан тушаалд цаг наргүй чөдөрлүүлэх нь шинэ тутам зохион байгуулалтанд орж буй Ардчилсан намын хувьд ашиггүй байсныг зорилго нэгт намын нөхөд нь, ялангуяа намын залуучууд хүлээн зөвшөөрөх байх. Сонгуулийн үр дүн, эрх мэдэл албан тушаалаас илүү Ардчилсан намын үнэт зүйлс, амин сүнс нь болсон ардчиллын тухай онол, үзэл баримтлал, эрх чөлөө шударга ёсны тухай “судар ном”-ыг нь хадгалж, түгээн дэлгэрүүлж явах нь үнэ цэнэтэй, ач холбогдолтой юм гэдгийг “Том” Энхбат дарга амьдралаараа нотолсон хүн.

Всё один народ…
“Цэнхэр оронд минь дайсан халдвал цэцэн буугаа надаар сумлаж бууд – Эх орон минь!” гэж зоригтой хэлж чадах түүний журмын нөхөд, үе тэнгийнхний нэгэн үеийн амьдрал тэр чигээрээ Дундговийн Ардчиллын түүхийн хэсэг юм. Гох Баясаа, Чулуун-Эрдэнэ, Буурал Пүүжээ, Хүний эрхийн Гантуяа, Алтантогос, тэднийг Ардчиллын туган дор удирдаж байсан аймгийн Ардчилсан намын Анхны дарга Хүүхэнбаатар, “Хааны” Төмөрөө, залуучуудын дарга Отгонтөгс, Эрдэнэцогт гээд олон хүмүүс “Том” Энхбаттай мөр зэрэгцэн ардчиллын төлөө амьдралаараа дэнчин тавьж зүтгэж явсан юм. Тэр хүмүүстэй МҮАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байхдаа танилцаж байсан боловч хамтарч ажиллах боломж нутагтаа очсон цагаас л бий болсон юм.
Сургуулиа төгсөж очоод нэг л их хийж бүтээх гэсэн “гэнэн романтизм”-д үнэндээ намын улс төрийн ажилтнаас өөр хийх ажил олдоогүй билээ. Заримдаа Ардчилсан Үндсэн хуультай болоод 10 жил өнгөрч байхад ч гэсэн нэг намын дарангуйлал орон нутагт ийм хүчтэй байх ч гэж дээ хэмээн гутрах ч үе зөндөө байлаа. Харин энэ үеэс л Энхбат даргатай бие биенээ илүү сайн таньж мэдэж, шадарлах болсон юм. Намын сургалт, боловсон хүчин хариуцсан дэд даргын хувьд улс төрийн ажилтнаа аваад хөдөө гадаа их явна, түүндээ ч их дуртай. Хоёулаа дуу хөгжим, ялангуяа монгол, оросын гоё гоё хуучны эстрад дуунууд их сонсоно, Юрий Антонов, Скляр, Машина Времени гээд пянзаар нь сонсож өссөн олон дуучдаас гадна Сэтгэлийн жигүүр, Хонхны дуу, Аз жаргалын дууг машин дотроо мөн ч их сонссон доо.
Тэр үед аймгийн нам үзэл баримтлалаараа илүүтэйгээр нэгдсэн, улс төрийн намын чухал шинжээ хадгалж чадаж байсан гэж бодогддог. Нэг тийм сургалтаас буцаж явахдаа 2000 оны Их хурлын сонгуульд МСДН-аас нэр дэвшиж байсныг нь олж мэдсэн юм. Мань хүн хэдийгээр өөрийнхөө талаар нэг их зүйл яриагүй боловч Дундговьчууд Монголын Ардчилалд үнэнч байж, түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх цорын ганц суудлыг авчирч байсан нь “Том” Энхбатын оролцоо, гавъяа байсан гэдгийг санаатай, санамсаргүйгээр мартагнуулах нь түүх гуйвуулсан хэрэг болно. Сонгуулийн дүн гарах эцсийн мөчид нэрээ татаж, Ардчилсан хүчнийхний саналыг багцлах шийдвэр гаргасан нь 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойшхи хамгийн эгзэгтэй, чухал шийдвэр байсан гэвэл улс төр судлаачид, түүх сонирхогчдын хэн нь ч маргахгүй биз.
Соц Дек, МҮАН гэж бие биенээ хэмлэн сэлэм эргүүлж явсан намынхаа хэдэн нөхдөд төдийгүй, цагаач ногоочоор нь дуудаж явсан Ху намын хэдэн хорчинд ч тэр “Конце концов, всё один народ…” гэдгийг ажил амьдралаараа, сэтгэл зүрхээрээ харуулж, хүлээн зөвшөөрүүлж чадсан нь энэ хүний амьдралын утга учир юм.
Мөрөн гол нийлж далай болохыг үзнэм
Мөнх тэнгэрийн дор улс мандахыг үзнэм гэдэг үг бий. Монголчууд Ардчилалд үнэнч байж, итгэл үнэмшлээ болгож, үндэстний соёл болгож чадсан тэр цагт сонгууль шударга, амьдрал сонирхолтой болж, Ардчилсан нам өөрөө үнэт зүйлс болох учиртай. Тийм цаг үеийн түүчээ нь олон олон “Том” Энхбатууд байх болно. Монголын Ардчилалд харшлах шалтгаан бүхэн арилж, зохилдох шалтгаан бүхэн хуран чуулахын өлзийтэй ерөөлийг өргөж, төрж өссөн нутаг усныхандаа Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!.

1 Comment »

  1. энхбатдаа мэнд хүргэе

    Comment by димамид — May 23, 2010 @ 3:26 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: