"ХӨХ Танхим"

July 2, 2010

Rise and Rise again until Lambs become Lions… / Робин Гүүд киноноос… /

Filed under: www.news.mn сайтад нийтлэгдсэн — batjargaln @ 9:27 AM

/ Үндэсний компаниуддаа зориулав /
Баялаг гэж юу юм бэ, яагаад үе үеийн сэтгэгч нар баялгын эргэн тойронд анхаарлаа хандуулж байсан юм бол, нийгэмд баялгийг хэн бүтээдэг юм бэ гэх бодол сүүлийн хэдэн сар зовоолоо. Бас байгалийн баялгийг хэрхэн ашиглах талаарх улс төрчдийн маргаан энэ бодлыг минь улам ташуурдаад болдоггүй. Тэгээд үзэг цаас нийлүүллээ. Засгийн газрын гишүүдийг юу ч хийж мэдэхгүй ба юу ч хийж мэдэх хүмүүс гэж 2 ангилдаг гэдэг шиг нийгмийг ерөнхийд нь баялаг бүтээгч хэсэг ба баялагийг хэрэглэгч гэж ангилж болох. Баялаг бүтээгч нь олон нийт буюу нийгэм, /энд төрд харъяалагддаггүй бүх субьектыг хамааруулж байна/ харин хэрэглэгч нь төр. Гэхдээ нийгэм хэзээ ч байгалийнх шиг баялаг бүтээж чадахгүй нь ойлгомжтой ч гэсэн байгалийнх шиг баялаг бүтээх хүсэл мөрөөдөл рүүгээ тооны хэлээр “хязгааргүйгээр дөхсөөр” яваа. Харин төр хэзээ ч ямар ч баялаг бүтээж чадахгүй атлаа бүтээсэн баялгийг үргэлж “голж шилж хуваарилж” байдаг зүй тогтолтой юм.

Энэ голж буй байдал нь засаглалаар боомилох эрх чөлөөний хязгаарлалтаар илэрдэг. Төр үүссэн цагаас л засаглал эрх чөлөө 2 зөрчилдөж, засаглалын өмнө хувь хүний эрх чөлөө хүчин мөхөсдөж түүний төлөө хүн төрөлхтөн тэмцсээр, амь насаа, зүрх сэтгэлээ зориулсаар ирсэн юм. Үндсэн хууль хүртэл бодож олсон боловч төр үргэлж л эрх чөлөөг боомилж байх эрмэлзэлтэй. Эрх чөлөө байсан цагт баялаг бий болдог, баялаг байж эрх чөлөөний баталгаа болно. Гэхдээ байгалийн баялаг өнөөдөр эрх чөлөөний баталгаа болж чадах уу гэдэг нэлээн эргэлзээтэй. Яагаад гэвэл тэр нь хувийн өмч биш. Түүнийг эзэмшигч нь төр учраас засаглалын хүч чадал улам нэмэгдэнэ, тэр хэрээр эрх чөлөөнд учрах аюул нэмэгдэнэ. Ийм цаг үед хүн төрөлхтөнд эдийн засгийн утгаараа хамгийн ашигтайд тооцогдох байгалийн баялагийн их нөөц бидэнд олдсон нь чухам л бурханы хишиг боловч түүнийг эзэмшихийн төлөөх улс төр, эдийн засгийн хүчтэй өрсөлдөөнд бид хэрхэн тэсч үлдэх вэ? Үлдвэл эрх чөлөөгөө хэрхэн хамгаалах вэ?

Дээр өгүүлсэн улс төр, эдийн засгийн өрсөлдөөн нь аливаа нэг улс орны хил хязгаараас хэдийнэ хальсан юм. Монголын хөрсөн дор булаатай баялгийн төлөө Америк, Европ, Ази, Автсралт тивийн улс орнууд өрсөлдөж байна. Мэдээллийн технологи болон даяаршлын нөлөөгөөр “аливаа нэг улс төрийн бодлого болж хувирсан үзэл санаа” дэлхийн улс орнуудыг хэрэн хэсүүчлэхдээ өөрийн технологитой, хэрэгжүүлэх арга механизмтай, онилсон бай цэгтэй, тэр ч бүү хэл тухайн орны төр засгийн түвшинд болон оюун санааны түвшинд өөрийн дэмжин туслагчтай болж хөгжсөн байх юм. Тэд баялаг бүтээгчид рүү биш, баялгийг хуваарилагч эзэн биегү систем болох төр рүү овоо хараагаа чиглүүлж байна. Золиос нь мэдээж үндэсний компаниуд. Аливаа юм хоёр талтай байдаг юм хойно ашиг тустай нь ч бий, огтоос хэрэггүй нь ч бий. Харин тэр “ үзэл санаа”-г хэрхэн таних вэ гэдэгт л асуудал байгаа юм. Энийг зөв таньж мэдвэл хараат байх уу, бие даасан байх уу гэдэг нь тодорхой болох юм. Хувь хүний эрх чөлөө төрөөс хараат байх уу, улс үндэстний хувьд тусгаар тогтнолоороо бусдаас хараат байх уу, аль аль нь л шийдэгдэнэ, ядахнаа л ойлгомжтой болно. Харин ямар шалгуураар таньж мэдэх вэ гэдэг ихээхэн ээдрээтэй.

Эрх чөлөөний төлөөх цус урсгасан ширүүн тэмцлийн түүх ихтэй Америк, Европын улс орнуудын дэргэд Чингисийн үр сад бид харьцангуйгаар эрх чөлөө гэхээсээ тусгаар тогтнолын талаарх эрмэлзэл нь эрх чөлөөнийхийг бодвол бат бэх, илүү уламжлагдсан байдаг. Зүйрлэвэл, далай тэнгис нь том, цэнгэг, ус ихтэй байхыг эрмэлзэж тэмцэж явсан болохоос түүнд цутгадаг олон гол горхи, мөрөнг элбэг устай, ундарга сайтай байхыг урьтал болгоогүй юм. Та үүнтэй санал нийлэхгүй байж болох юм, гэвч өнөөдрийн улс төр эдийн засгийн үзэл баримтлалд буй “тусгаар тогтнол гэсэн нэрэн дор /ард нь/ орхигдсон эрх чөлөө”-ний төлөө хүн төрөлхтөн оюун санаа, сэтгэлгээнийхээ хэдэн зуун жилийг зориулжээ. Энэ зүйрлэл нь эрх чөлөөнд суурилсан тусгаар тогтнолын үзэл санааг тодруулан ойлгоход чухал бөгөөд өнөөдрийн гажуудсан гэж дүгнэгддэг нийгмийнхээ учрыг олоход тань нэмэр болно.

Эрх чөлөө бол ямагт тусгаар тогтнолын өмнө нь явдаг үг, эхэнд нь тавигддаг ойлголт. Эрх чөлөө байхгүй бол тусгаар тогтнол байхгүй, гэхдээ энэ хоёр бол нэг нь хувь хүний, нөгөө нь төрийн утга мөн чанарын тухай ойлголт билээ. Яг үнэнийг хэлэхэд манайд өнөөдөр энэ ойлголтыг байнга хольж хутгасаар эсвэл холбоо үг хэллэг шиг хэрэглэдэг боловч хатуухан хэлэхэд огт ойлгоогүй яваа юм. Ялангуяа ардчиллын гэгддэг лидерүүд. Хотын дарга бол бүр хэзээ ч ойлгохгүй шинжтэй, “Эрх чөлөөний талбай” дээр хэдэн хятад пялтаа наагаад л шууд “Тусгаар тогтнолын талбай” болгох юм гэнэ. Дутуу боловсорсон сэхээтнүүд юу хийж байгаагаа хэзээ ч ойлгодоггүй. Хэн нэгэнд өмчилж өгч болохгүй, хэн нэгэн төрийн албан тушаалтан цохож олгож болохгүй, хүн эхээс төрөхөд л хамт заяадаг зүйл бол эрх чөлөө. Гэтэл үүнийг хуулиар олгосон эрх гэж ойлгоод байдаг, ийм нийгэмд яаж ч бодитой байх билээ дээ. Эрх чөлөө бол баялаг байж гэмээнэ, хувийн өмч байж гэмээнэ баталгааждаг зүйл, хуулиар олгосон эрх бол зөвхөн улс төрчдийн хүсэл зорилгоор баталгааждаг зүйл. Үүний хооронд газар тэнгэр шиг, “эрэгтэй эмэгтэй” хоёр хүн шиг их ялгаа бий. Тэгэхээр баялгийн тухай энэхүү санаа нь эрх чөлөөтэй байх уу, эсвэл үгүй юу, баялгийг бүтээгч нийгэм байх уу, эсвэл хэрэглэгч нийгэм байх уу, тусгаар тогтносон байх уу, эсвэл хараат байх уу гэсэн олон асуултанд хариулт өгөх оюун санааны эрэл хайгуулд уншигч таныг уриалах учиртай юм.
Баялаг гэж юу вэ, хэн бүтээдэг вэ? Хоёргүй утгаар хэлэхэд баялаг бол төрийн бүтээгээгүй, хэзээ ч бүтээж чадахгүй бүх зүйл юм. Баялгийг байгаль дэлхий эсвэл, зөвхөн хувийн салбарынхан бүтээдэг. Төр түүнийг хэрэглэдэг, хуваарилдаг. Язгуур үзэл санааг нь хэзээ ч ойлгоогүй хүн л “төр Таван толгойг 100 хувь эзэмшинэ, түүнээсээ ард түмэндээ хувь өгнө” гэж нүдээ ч цавчихгүй хэлж чадна. Зүйрлэвэл энэ нь, “ эрх чөлөөг төр эзэмшдэг юм, яахав та нарт бас өгч болох юм” гэсэнтэй агаар нэг юм. Ийм төртэй байх цагт нийгэм хэзээ ч баялаг бүтээж чадахгүй, байгалийн баялаг хэзээ ч хувийн өмч болж хувирахгүй. Бид байгалийн баялгаараараа эрх чөлөөнийхөө баталгааг хийж хэзээ ч чадахгүй. Байгалийн баялгыг бурхны хишиг гэж зүгээр ч нэг хэлээгүй үг. Телевизийн камер харахаараа уран цэцэн болдог хүмүүсийн бодож буйгаас тэс ондоо зүйл. Нэг ч хүнд халааснаасаа таван төгрөг аваад өгч үзээгүй, нэг ч хүнд ажлын байр бий болгож үзээгүй, нэг ч хүний гар дээр хувиасаа цалин гэж тавьж үзээгүй, нэг түц ч ажиллуулж үзээгүй хэсэг хүн хагас дутуу ойлгосон дэлхийг хэрэн хэсүүчилж яваа улс төрийн бодлогын үзэл санааг дөнгөж өсч өндийж яваа зах зээлийн нийгэм дэх хувийн хэвшлийнхэнд төрийн нэрээр тулгана гэвэл эмгэнэлтэй гэхэд багадсан хэрэг болно.
Буруутан нь хэн бэ? Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид. Энэ нийгмийг ийм болгож байгаа хүмүүс нь ердөө л тэд. Улс төрчидтэй нийлж хариуцлагаас бултаж зугтаж чаддаг мэргэжлийнхэн. Зүйрлэвэл хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой. Их хорон. Нийгмийг хамгийн ихээр төөрөгдүүлдэг, хамгийн ихээр хагалан бутаргадаг. Мартаагүй бол зах зухаас нь сануулъя, Ариунааг Сараатай, Ху намыг А намтай, зохиолын дуучдыг рок попынхонтой, Харааг Ерөөлтэй хэн муудалцуулдаг юм бэ? Үйлдвэрлэгчийг хэрэглэгчидтэй нь, худалдагчийг худалдан авагчтай нь, бизнес эрхлэгчдийг банктай нь. Эцсийн үр дүндээ баялаг бүтээж буй үйл бүхнийг түйвээн бусниулж байна, тэр хэрээрээ эрх чөлөөнд аюул учруулж байна. Сэрэмжлүүлэх, гэгээрүүлэх, үнэн бодитоор мэдээлэх бүх үүргээ умартсан. Үүнийхээ үр дүнд итгэл гэдэг хамгийн удаан бий болдог, хамгийн нандин юмыг устгаж хаядаг. Аливаа мэдээллийг нягтлахгүй дамжуулдаг, улс төрийн мэдээлэл бол ойлгомжтой зүйл, зорилго нь ч өөр байдаг. Бизнесийн мэдээллийг, зар сурталчилгааг хэзээ ч хянаж үздэггүй. Хэрэглэгч татахын тулд хийж буй хөөс ихтэй сурталчилгаанаас болж бизнес эрхлэгч хэрэглэгч хоёр үл ойлголцоход зар сурталчилгааны бодит үнэнийг зарлуулсан байгууллага хувь хүн хариуцна гэх нэрийдлээр хариуцлагаас мултарч үлддэг.
Зүй нь худлаа зар сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бол худлаа юмыг дамжуулсан байгууллага адилхан хариуцлага хүлээх ёстой. Тэд шүүмжилдэггүй, доромжилдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит мэдээлэл дамжуулахгүй бол шууд ч, шууд биш ч утгаараа хэзээ ч баялаг бүтээхгүй ангилалд үүрд үлдэх болно. Хэвлэл мэдээллийнхэн ийм ангилалд орсон цагт эрх чөлөөний хамгийн том дайсан болж хувирна. Эцсийн дүндээ хэвлэл мэдээлэл баялаг бүтээдэггүй, баялгын тухай мэдээллийг дамжуулдаг, баялгыг хэрэглэдэг салбар. Гэхдээ тэдний энэ нөлөө асар их, “Дөрөв дэх засаглал” гэдэг нэр нь ийм аюулыг анхааруулсан, егөөдсөн утгатай нэр томъёо юм шүү дээ уг нь. Тэд одоо энэ чадлаа дөнгөж өсч өндийж байгаа хувийн хэвшлийнхнийг, баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчдийг, ажлын байр бий болгогчдыг нухчин дарж, эзэнгүй, хэн зохиосон нь мэдэгдэхгүй, хэрэгтэй ашигтай нь тодорхойгүй улс төрийн бодлогын золиос, боол болгоход хэрэглэж байна. “Хэлдэг гурвын талд орж хийдэг ганц”-ыгаа шар махтай нь хатааж байна.
Хэрвээ бизнес эрхлэгчид хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн бол шүүх суудлыг нь шийднэ, сэтгүүлчид биш. Алдаж онож яваа үндэсний жижигхэн компанийг дэлхийн шилдэг брэнд үйлдвэрлэдэг том корпорациудтай харьцуулан жишиж, гутаан доромжилж, яг адилхан шаардлага тавьдаг. Форд дөнгөж байгуулагдаж байхдаа хэзээ монголд салбартай байсан юм, BBC байгуулагдаж байхдаа хэзээ монголд мэдээгээ цацаж байсан юм. Тэгвэл яагаад дөнгөж зургаахан жил болсон Эко Констракшн Empire State Building-ийг барьсан компанитай адилхан шаардлага хүлээж авах ёстой юм. Дор хаяж л 100 жил болж байж хариуцлагын соёл, баялаг хэрхэн бүтдэг зарчимд суралцаж эзэмшиж байна. Зах зээл, хувийн өмч, бизнесийн харилцаа, хэрэглэгчийн өмнө хүлээх хариуцлага зэрэг бүх ойлголтууд нь, тэр байтугай баялаг гэдэг ойлголт нь өөрөө монголын нийгэмд шинэ зүйл, шинэ ойлголтууд. Гэхдээ хэрэндээ л өөрийнхөө хэмжээнд хурдан нутагшиж, түүнийг дагасан харилцааны соёлд монголчууд суралцаж байна. Харин тэднийг мөлжиж, мэрж, тавлаж амьдардаг хэвлэл мэдээллийн салбар BBC шиг, CNN шиг хариуцлагад, тэдний бодитой байх зарчимд ердөө ч суралцаж чадахгүй байна. Энэ хэрээрээ эрх чөлөөний хамгаалагч байх хамгийн чухал үүргээсээ алслан холдсоор.
Телевизээр үзсэн радиогоор сонссон зүйл давтахгүй л бол нэг удаа үзээд, сонсоод өнгөрдөг байлаа, харин сонин дээр хэвлэгдсэн материал ураад гал түлчихгүй л бол нэлээд удаан хадгалагддаг үе одоо өнгөрчээ. Мэдээллийн технологи хөгжсөнөөр интернэтэд дуутай, дүрстэй, бичмэл зэрэг бүх л төрлийн материал удаан хадгалагдах боломжтой болж, сүүлдээ дарамт рекетын нэг төрөл болтлоо хөгжиж байна. Үүний хохирогчид нь Үндэсний гэх тодотголтой цөөн хэдэн баялаг бүтээгчид. Өнөөдөр тэднийг өмөөрөх нь эрх чөлөөг өмөөрөхтэй агаар нэг, баялаг бий болгохтой агаар нэг байна. Монгол 999-өө, Монгол Газрын Мянгааг, Эрэлийн Эрдэнэбатыг, Экогийн Нямдавааг, Буянгийн Жагаагаа, хэвлэлээр балбуулдаг бүх бизнесүүдээ өмөөрцгөөе. Нийтлэлийн гарчиганд өгүүлсэн санааг эргээд нэг хараарай. Өнөөдөр балчир байна. Гэхдээ хувьцаагаа Лондонгийн бирж дээр худалдах ирээдүйн мөрөөдлөө тов тодорхой зорилго болгож томъёолсон хүмүүс бол сэтгүүлчид биш, хувийн хэвшлийнхэн. Салбартаа тэргүүлэгч, Эх орноосоо дэлхийн тавцанд гаръя гэж өөртөө итгэлтэйгээр хэлж байгаа хүмүүс бол хувийнхан. Тэд хичээж байна, зүтгэж байна. Тэдний энэ хичээл зүтгэл нь мөн чанараараа эрх чөлөөний төлөөх тэмцэл юм. Тэдэнд зүгээр л сэтгэлийн дэм өгье. Та нараар үйлчлүүлье, барааг чинь худалдаж авъя. Үндэстэн сэргэн мандах нь хэл соёл итгэл үнэмшлээрээ адилхан хүмүүсийн нэг нэгэндээ өгч буй хайр, итгэл үнэмшил, нэг нэгнээ гэх өмөг түшигээс шууд хамаардаг юм гэдгийг хүмүүст ойлгуулах явдал юм. Монгол хүн нэг нэгэндээ эх орон болох цагт баялаг аяндаа бий болж, баялагийг бүтээгчдийнхээ эрх чөлөөний баталгаа болох ёстой. Үүний тулд “хэвлэлийнхэн ажлаа мэддэг” болох нь хоёр Солонгос нийлэхээс ч чухал зүйл юм шүү бидэнд.
Н.Батжаргал

3 Comments »

  1. mongold zohiomol top tom kompahiud baidag shde. uchir n ene top geed bui tom kompahiud chin ezdiinhee zutgel hudulmuruur usch undiisen bish, harin hamtiin luivriinh n ur dun, ganaatai hiisen buruu umch huvchlaliin ashig n geh uu dee. ardchilagchid ard tumniihee itgel deer hulhi ardchilaliig mongold hugjuulen unuudur mongoliin tuuhend hezee ch baigaagui yduural guilanchlaliig bii bolgochood, mongold urd n hezee ch baigaagui ajilguichuudiin armiig bii bolgon, taranshenii geh hun surgiig usgun urjuulj bndaa.
    ter top geed baigaa uildveruud n XX zuund bidnii ezeg eh, oros ah nartai hamtran zeel tuslamjiin ureer uursdiin ulaan garaaraa suuriig n barij, uil ajillagaag n ehluulsen ard tumnii, turiin umch baisan uildveruud shde. tuuniig huvchilah n zui bus uildel baisan. ter uildveruudiig l top geed baigaa shdee. uur shineer sunderlesen gevel huruu daram zuun mobikom,mcs barag duusah shiv ed bol ezen hunii avchaalj sambaan deeree bosson sain top uud da. iim numuus l hugjliin tulhuur, tuunees lav BATHUU l bish…

    Comment by tuja — April 9, 2011 @ 12:35 AM

  2. APU demjij bna

    Comment by Anonymous — December 29, 2010 @ 11:04 AM

  3. sain bolj ee! unen shuu. Tsoon heden undesnii kompaniudaa tor ni tatbar, hund surtalaar darna, hevlel medeelel gedegiin egneend bagtsan shar hevleluud ni raketlj oorsdiigoo tejeene, getel tedniig yag hen demjij bgaam be?

    Comment by unshigch — July 3, 2010 @ 7:48 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: