"ХӨХ Танхим"

August 11, 2010

Цэнхэр оронд минь дайсан халдвал Цэцэн буугаа надаар сумлаж бууд Эх Орон минь!

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 1:10 PM

Дуучин Самандын Жавхланд зориулав.

Яагаад ч юм түүнийг гавъяат гэж хэлмээргүй санагддаг юм. Атаархсандаа юмуу дургүйдээ ч биш л дээ. Бидний үеийнхэнд дуучин гэдэг нэр нь илүү хүндэтгэлтэй, илүү дотно сонсогддог болоод л тэр. Сүүлийн үеийн хэвлэлийн шүүмж, эсвэл хэвлэлийн бай болсон хүмүүсийг харахаар дандаа л өөрийнхөөрөө байж чадсан, өөрийнхөөрөө амжилтанд хүрсэн, эсвэл чадаж байгаа юманд арга байхгүй гэдгийг харуулж чадсан эх орны хөвгүүдийг илүү их “хорон үг”-ээр үгээр гөвөөд байх шиг санагдаад байх юм. Тэгээд бас л тэссэнгүй өмөөрмөөр санагдаад. Уг нь би “аналитикч” ч юмуу, эсвэл сэтгүүлч биш. Гэхдээ сүүлийн үед үндэсний гэх тодотголтой хэдхэн компаниудаа, эздийг нь, тамирчдаа, дуучдаа, өмөөрмөөр санагдаад байх болж. Зөвхөн өөрөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүнийхээ төлөө амжилтанд хүрч, түүгээрээ Адам Смитын тодорхойлсон “Үндэстний баялаг”-ийг оюун санааны хувьд ч, материаллаг ертөнцийн хувьд ч бүтээж босгож яваа хэнийг ч болов хэвлэлийнхний бодлогогүй хорон үгнээс өмөөрөх хэрэгтэй.
Сумогийн түүхэнд завсаргүй давсан давааныхаа тоогоор гуравт бичигдсэнийх нь төлөө Мөнхбатын Даваажаргалд Японы эзэн хаан баяр хүргэж захидал ирүүлсэн байна лээ. Эх орондоо хийхээр төлөвлөж, санаачилсан зүйлийг нь мушгиад гуйвуулаад гэр бүлийнх нь амьдралыг доромжлоод гөвөөд л хаячихсан байсан. Зодог тайлаад эх орондоо ирж байхад нь Долгорсүрэнгийн Дагвадоржийг юу гэснийг мартаагүй байна, ер нь мартах ч үгүй гэж боддог. Түүнийг бичсэн сэтгүүлчид хонзон санаж байгаа юм биш, гэхдээ л тэгж хэлүүлмээргүй санагдаад шаралхаж байгаа хэрэг. Олимпийн аварга Түвшинбаяр, Бадар-Ууган хоёрыг Дагваа аваргадаа хүндэтгэл үзүүлж очсоных нь төлөө олимп сумо 2-ыг харьцуулаад байгаа юмуу, эсвэл бие хаа нас үсээр нь ялгаад байгаа юмуу бүү мэд, баахан доромжлоод л байсан. Юуны төлөө тэр вэ??? Сумог амархан спорт гэж хэн ч хэлэхгүй байх. Өөрийн хүчирхэг телевизийн нөлөөг ашиглаж үндэсний спортоо дэлхий дахинд үзүүлж байгаа арлын их гүрний түүхийг нь бичиж өгч, уламжлалыг нь сэргээж, түүх соёлыг нь залуучуудад нь ойлгуулж өгч байгаагаараа энэ 2 залуу Монголын залуучуудад ямар их бахархал, үлгэр дууриал өгсөнийг нь яагаад тоохгүй байгаа юм бэ? Монгол хүний ид хавыг гайхуулж тэр их гүрнийг тэр чигт нь өөрсдийнхөө амжилтанд бүтэн сараар уяж чаддагийг нь яагаад боддоггүй юм бэ? Улс төрчид ард түмэн гэж ярьж болдог, тамирчид болдоггүй хэрэг үү? Улс төрчид ард түмнийг улс төр, намын харъяаллаар нь талцуулж хагалан бутаргаж, цусыг нь урсгаж байхад тамирчид л эвлэрүүлж, тэврэлдүүлж гар бариулж байдаг нь худлаа биш шүү дээ. Элбэгдорж ард түмэнтэй, Дагвадорж ард түмэнгүй хэрэг үү тэгээд? Юу бичиж байгаагаа, ямар үр дүн гарахыг нь төсөөлж чадахгүй бол бичихээ болиод, чадал чинь хүрвэл явж тэр Оюу толгойд ажилла л даа, даах юм чинь үзэг болохоос хүрз биш шүү дээ, сэтгүүлчид ээ!!!
Нэг л сайн амжилт гаргаж гавихгүй байсан спортынхноос олимпийн аварга төрөхөд нь энэ хоёр залуугийн нөлөөлж байсан сэтгэл зүйн нөлөө, дэм ямар их байсныг олимпийн аваргуудаасаа өөрсдөөс нь асуугаач, нэгийг хэлэх л байх. Дагваа Японы Эзэн хааны цом авсаны дараа Түвшинбаяр Японы Олимп Дэлхийн аваргыг ялж байлаа. Энэ хоёр амжилтын хооронд Монгол хүний нэг нэгэндээ эх орон болсон сэтгэл зүйн нарийн шижим байхгүй гэж үү??? Тэднийг дуугараагүй байхад л “Баабар” царайлаад мэдэмхийрээд, дүгнэж цэгнээд, доромжлоод байхаа “больчихээч та нар” энэ хэдэн сэтгүүлч нар. Тэгсэн мөртлөө энэ нэг хэдэн тэнэг улс төрчдийг магтаад нялуураад, өмхийрөөд, солиороод элийрээд байдаг. Дагваа ямар хүн болгонд сая таван зууг өгнө гэсэн юмуу, Хакухо ямар хүүхдийн чинь сургалтын төлбөрийг төлнө гэсэн юмуу… Өөрт байгаа боломжоо тултал нь ашиглахыг эрх чөлөө гэдэг юм бол эдгээр залуус эрх чөлөөгөө эдэлж чадаж байгаа хүмүүсийн сонгодог төлөөлөл болох бишүү. Дөнгөж сэргэж өндийж байгаа том түүхийн өчүүхэн хэлтэрхий манайх шиг улсад ийм чухал зүйлийг ойлгохгүй царайлж яаж болох юм бэ?
Одоо энэ Жавхлан гэдэг залууг бүүр “номхон тэмээ ноолоход амар” гэдэг шиг л доромжлох юм. Нэр дэвшсэнээс нь хойш, за тэр дээл өмсдөг болсноос нь хойш бүүр маргаашийн, тулчихсан, “материал дутуу дугаар”-ын нөхөөс шиг л хандах болж, доромжлох л юм, баалж тавлах л юм, мунхаг тэнэгийг нь гайхах л юм. Хэнд хэрэгтэй юм бэ, юуны төлөө тэр вэ??? Төгссөн сургуулийнхаа бахархал болж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, өөрийнхөө салбартаа номер нэг нь байж чадаж байна. Зохиолын байна уу, рок попын байна уу тайзан дээр гараад дуулдаг аль ч салбарт тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадаж байна. Нэг үе ХИТ-ын Давааням түүнийг “Зохиолын дууны хаан” гэж нэрлэж байсан. Даваанаям гэж хэн билээ гэдгийг Монголын рок попынхон надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хөгжим аранжировщик, хувцаслалт, тайз заслаар нь зохиолын дууг Адарсүрэн, Өлзий-Оршихоор төсөөлдөг байсан нэгэн үеийнхэнд “цаг өөр болсон шүү” гэдгийг мэдрүүлснийх нь төлөө түүнийг “Зохиолын дууны хаан” гэж нэрлэж байсан, Даваанямын зөв байсан.
Сүүлийн гурван жил нэг ч дуу бичүүлээгүй мөртлөө “урлагийн бид нар чинь” гэж ярьдаг рок попчин байдгийг би мэднэ. Шорон оронд орлоо л гэнэ, хар тамхи татлаа л гэнэ, авгай хүүхдээсээ саллаа л гэнэ, зодоон цохион хийлээ л гэнэ, рок попынхноос л ийм юм дуулддаг. Гэхдээ эх орон, нутаг ус ярьж, дээл өмсч, сонин гаргаж, караоке ажиллуулж, Хаммер унадаг, имижмейкертэй рок попчин дуучин, хамтлаг гэж би л лав дуулаагүй юм байна. Зохиолын дууг илүү олон хүн сонсоод, энэ утаатай хотод чинь ихэнхи нь хөдөөнийхөн цуглаад байгаа ч гэсэн хийж байгаа ажилдаа эзэн нь болоод, толгойгоо илүү ажиллуулаад, арай олон цаг хөдөлмөрлөөд байгаа нь л амжилтанд хүрч байна шүү дээ, үүнийх нь төлөө ингэж харааж зүхэж, дарамталж доромжлохын хэрэг юу байна аа нэгийгээ!!! Яахав нэр дэвшээ л биз, үүгээрээ хэнд саад болчихоов, улс төрийн идэвхитэй оролцоотой байхыг л уриалсан шүү дээ, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг л шүүмжилсэн шүү дээ, санаа нь л зовж байна шүү дээ, энэ тэгээд муу зүйл хэрэг үү??? Эхнэрээсээ саллаа л гэнэ, тэгээд яах юм, үзэл бодол, сэтгэл санаа нийлэхгүй байж дэлүү шиг наалдаад байх хэрэг үү. Халхын харцуул хаданд гарсан биш, тэр хүүхэн нь дахиад л амьдрал зохиогоод сайхан амьдраад л явна шүү дээ, амьдрал юугаар баян, ийм л зүйлээр баян шүү дээ.
Хөдөө өссөн, нутаг ус эцэг эх, газар шорооны тухай үзэл бодол нь эрт төлөвшсөн, багаасаа хэрсүүжсэн хүүхэд амжилтанд хүрснийхээ дараа эх орон, улс үндэстэн, түүх соёл ярихгүй тэгээд өөр юу ярих юм? Өмд гутал, машин тэрэг, нүдний шил ярих уу, авч чадахгүйдээ биш, мөнгө байна уу байна, чадал байна уу байна, зүгээр л сонирхол нь өөр хэрэг. Өөрийнхөө орлогоор 23, 4-хөн настайдаа одоогийн тэр мөрөөдөөд байгаа Хаммерыг нь унаад үзчихлээ, Монголын шилдэг гэгддэг гитарчнаар нь хөгжимдүүлж байгаад концерт хийчихлээ, гаргасан дуу болгон нь хит болж байна, халтуур хайж явах биш, захиалганд дарагдаж суудаг боллоо, өөрийн гэсэн зах зээлтэй, өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй боллоо, CD гаргах нь мөрөөдөл биш төлөвлөгөө болчихлоо, рок попынхонтой зохицож хамтарч, өрсөлдөж, хүлээн зөвшөөрөгдөж чадаж байна, ялгарч атаархуулж чадаж байна, өөрийнхөө тухай бичүүлж чадаж байна, амьдарч байгаа хотынхоо хамгийн том тайзан дээр дуулж чадаж байна, хамгийн гол нь өөрийн гэсэн орон зайтай, итгэл үнэмшилтэй зорилготой болж чаджээ. Quiza хот ярьдаг бол тэр Монгол гэж ярьдаг, Эх орон гэж ярьдаг, үүнийхээ төлөө өөрийнхөө итгэл үнэмшил дээр хатуу зогсож чадаж байна.
Хүүхэд залуусыг идэвхитэй оролцоотой байхыг уриалж өөрөө ч тийм байж чадаж байна, нэр дэвшиж үзлээ, улс төр ямар байдгийг биеэрээ мэдэрлээ, төрөөс хүсэх дэмжлэгээ шаардаж чадаж байна. Яадгийн! Тэглээ гээд хэнд саад болоод байгаа юм, ямар хөгжлийг хойш нь чангаагаад байгаа юм? Жавхлан Монголд хэрэгтэй болохоос Монгол Жавхланд хэрэггүй гэж элийрээгүй, тэр Монголоосоо зүүгдэж, Монголтойгоо хамт амьдарч, Монголтойгоо хамт өсч өндийж байна, Монголтойгоо хамт “чангарч” байна. Ийм байж чадсан эх орны хөвгүүдийг намнаж байдаг урт хугацааны хэвлэлийн кампанит ажил яваад байна уу даа гэх хардлага төрөх юм. Монгол 999 гэж баахан шуугисан, одоо ТУЗ-ын гишүүдийг нь яллаад уналаа, шүүнэ л гэнэ, шорон ханхлуулсан заналхийлэл хэвлэлийн хуудаснаас салахаа больж. Юуны учир тэр вэ??? Хэрвээ тэд нар “Монголчууд газар шороондоо, баялагтаа эзэн сууя” гэж дуугараагүйсэн бол, “Таван толгой бол Монголын хүүхдүүдийн 200 жил идэх талх” тодорхойлоогүй бол хэн тэднээр оролдох юм. Түүхээ өөрсдөө бичиж чадвал үндэстэн сэргэж буйн шинж бишүү. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, түүнийгээ харуулж чадсан, Эх орон Монгол гэж дуугарсан хөвгүүдээ доромжлох, балбах тусам нь өмөөрөх хэрэгтэй байна аа, “найзууд аа”.

6 Comments »

  1. үнэн шүү

    Comment by төгөл — May 13, 2011 @ 10:53 AM

  2. tiim shu, javhlan bol unuudriin mongol zaluu hunii saihan tuluulugch gej bi boddog. ter erh chuluu, ardchilaliin ur shimiin bolovsorson soyolj. tuund uran buteel, amidrald n ihiin ih amjilt husie

    Comment by tuja — April 9, 2011 @ 12:10 AM

  3. zaluu mini ooroo l hund bagahan gai bolj amidaraarai amerikt eh ornoo zarchihvaa

    Comment by od — January 7, 2011 @ 10:49 AM

  4. javland buruu yu bainaa hend gai bolood baigaa yum bol yalanguya chamd aan

    Comment by bar — January 7, 2011 @ 10:46 AM

  5. шүүмжлэх доромжлох хоёр их өөр, анализ хийх бол бүүр өөр, харин сэтгэгдэл бол их амархан, цензур байдаггүй болохоор тэр биз…

    Comment by batjargaln — August 12, 2010 @ 2:22 PM

  6. Овоо хөөрхөн дуулаад явдаг нэг банди байсан юм. Хүмүүс оролдсоор байгаад хөөрхийг бүр өвчтэй болгочиж. Соёл, иргэншил, хотжил, хөгжил цэцэрлэгжилтийн эсрэг амьхандаа томоохон дайн зарлаад явах шиг. Хаа ч ийм хүмүүс байдаг л даа. Токиогийн цэцэрлэгт урьд нэр хүндтэй профессор байсан хүн хүртэл иргэншлийг эсэргүүцэн траншейны хүн болчихсон бараг чармай нүцгэн явж байхыг харсан. Ингэхээр тэр банди шинэ юм бодож олоогүй бололтой. Харин бид бүгдээрээ, эсвэл ихэнх маань ийм болчихвол нийгэм баримжаагаа алдаж байна гэсэн үг. Генийн өөрчлөлтөнд орсон гэсээр байгаад амьтанд тооцогддог болчих вий дээ

    Comment by unshigch — August 11, 2010 @ 11:38 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: