"ХӨХ Танхим"

March 6, 2011

Уруул дордойвч элэг дордойхгүй…

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 4:20 PM

90 оноос хойш Ардчилсан намын нэрээр засаг төрийн албанд ажилласан, өөрийгөө улс төрч төдийгүй “лидер” гэж боддог Ардчилсан намын үе үеийн дарга нар, гишүүд сайд нар, түүний дотор Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Их хурал болон Засгийн газарт ажиллаж байгаа бүх хүмүүст зориулав.

Ардчиллын тухай цэцэрхэгчид, мэдэмхийрэгчид их болчихжээ гэчихвэл “Баабар”-тны ишилсэн аугаа Вольтерын логикийг зөрчсөн болчихгүй байх. Итгэл үнэмшил, үзэл баримтлалын бяраар биш, мөнгө, албан тушаал, “ариун бус” явдлынхаа хүчинд өчигдөр хэн байснаа мартчихсан Ардчилсан намын, ардчиллын нэр барьсан хэдхээн хүн ингэж цэцэрхэж, мэдэмхийрч байна. Цэцэрхэж л байг, мэдэмхийрч л байг. Тэгж мэдэмхийрэх эрхийнх нь төлөө 20 жил тэмцсэн хүн мэдэж л ишилсэн байж таараа. Гэхдээ ялихгүй зусар баяжихад саад гэж үг бий. Ардчиллын төлөө тэмцлийн гал асааж байсан 90 оныхоо түүхийг ч бичээгүй яваа байж, сөрж байсан улс төрийн хүчиндээ түүхийн үнэ цэнэ, үзэл баримтлалынхаа гол зарчимуудаар найр тавьж, ардчилсан хувьсгалынхаа гол дүрүүдийг бүдгэрүүлж, зүгээр л холион бантан хутгаж байгааг нь хараад Ардчилагчид өөрсдөө, тэдний дундаас өнөөдөр эрх мэдэлтэй болчихсон цөөн хэд нь, түүний дунд Ерөнхийлөгч нь өөрөө ямар хөгийн болчихоо вэ гэж бодохоор ардчиллын тухай цэцэрхэгчидэд нэг үг хэлмээр санагдаад болдоггүй. Битгий “Сэрүүн Зүүдэл” та нар… Юунд цадчихаад байгаа юм, та нар?
Та нар хэн байснаа хэн болчхоод байгаа юм, юу та нарыг ийм болгочхоод байгаа юм, одоо болсон юм биш үү. Бүү март, мартвал сөнөнө гэсэн үгнийхээ хаана нь явна аа та нар? Өмнө нь үү, хойно нь уу? Ардчилал та нарыг эрх мэдэлд хүргэх, нийгмийг хуурах сонгуулийн сурталчилгаа төдий зүйл байсан хэрэг үү? Гутлаа эргэтэл сонгуулийн сонин тараасан хэдэн партизаны ачаар хивснээс өөр юман дээр гишгэж үзээгүй хөл чинь шороо байдгийг мартаа юу. 20 жил бага хугацаа биш. 80-тай байсан хэд нь бүгд бурхан болж, наймтай байсан хэд нь гуч шүргэсэн харчууд болж. 90 онд та нарыг дэмжсэнийхээ төлөө “төрд ширвэгдэж түмэнд ад шоо үзэгдэж” байсан ахмадууд ихэнхи нь бурхны орон руу явчихсан байна. Та нарыг сэтгэлдээ өмөөрч, та нарт итгэж, та нарын цуглаанд чинь оролцож, сэтгэл зүрхээрээ дэм тус болж явсан тэдэнд та нарыг гэх итгэл байсан, төрийн сонгуульд итгэл үнэмшил, зорилго, бодол үгэнд чинь итгэж саналаа өгч байлаа тэд нар, одоо дэргэд алга. 90 онд хорвоод мэндэлж байсан бяцхан жаалууд “интернэтийн эрин”-д эрийн цээнд хүрч байна. Та нарын өөрсдөө ч ойлгоогүй яваа “Ардчилал”-ын үүх түүх гарал үүсэл, хөгжил, онолын урсгалуудыг үүссэн орных нь эх хэл дээр, орчуулгатай юутай хээтэй нь судлаад дүгнэхээр болжээ тэд нар. Өнөөдөр харин тэд та нараас ичиж өсч байна, коммунистууд хичнээн ч зүсээ хувиргасан тэд таньдаг, харин зүсээ хувиргаж буй ардчилагчидыг тэд коммунистуудаас ялгаж чадахгүй байна.
Улс төрийн сэдвээр бичдэг хоёр сэтгүүлч тутмын нэг нь ардчилагчдыг, Ардчилсан намыг шүүмжилж байна. Сөрөг хүчингүй улс төрийн системд ардчилал амиа хорлодог гэдгийг хэлж, сануулж байна. Хэн нь ч та нарын мууг үзэх гээгүй, сайн санасандаа, хүчтэй байлгах гэсэндээ, итгэл үнэмшилтэй байгаасай гэж, тэр нь гүйцэтгэх биш, бодлого хууль тогтоогч, хянагч шиг илүү ажилллаасай гэж шүүмжилж байна. Та нарыг 70 жил төр бариадах гэж хэн ч хүсээгүй, хүсэх ч үгүй. Та нарыг жагссан хүмүүсийн өөдөөс буу шагай, үгээ хэлснийх нь төлөө буудаадах гэж хэн ч хүсээгүй, шагайлгах ч үгүй, буудуулах ч үгүй, хүн буудсан улс төрийн намтай очиж нийлээдэх гэж бүр ч хүсээгүй, та нарыг арчаагүй увайгүй, өрөвдмөөр бай гэж хэн ч хүсээгүй, хүсэх ч үгүй байна. Ядаж ганцхан л удаа сөрөг хүчинтэйгээр, ганцхан л удаа хяналттайгаар Засгийн эрх аваатах, ганцхан бүрэн эрхийн хугацаанд л нохой шиг уралцалгүй, нэгнийхээ цусаар гараа угаачихалгүйхэн шиг бодлого хэрэгжүүлээдэх гэж хүсч байлаа. Бүр шаардаж байлаа. Хорин жил болчихлоо, улс төрийн нам гэдэг чинь зүгээр л хүмүүсийн нэгдэл, итгэл үнэмшилтэй, зорилготой бахархалтай байхыг хүссэн хүмүүсийн л нэгдэл. Амжилтанд хүрэхийг хүсч тэмүүлдэг хүмүүсийн нэгдэл. Энэ нэгдэл бас тарж болно. Томорч “улам олуулаа” болж болдог нэгдэл. Харин ямар ч том дарга, ямар цэцэн ухаантан, ямар ч ардчилагч, ямар ч ЭнхБаабарҮүлБэгдорж байлаа гээд сонгуульд нэг хүн нэг л санал өгнө. Энэ бол алтан хууль. Нэг хүнийг ч, нэг гишүүнээ ч битгий хялайж хар, тэд чинь та нарын төлөө саналын хуудас дугуйлдаг юм. Гутлаа чирсэн, арчаагүй харагдаж болно, зуу татчихсан, ардчилал ярьчихсан яваа. Гэхдээ тэд та нарын гишгэх гишгүүр, албан тушаалд хүрэх жийрэг, амьдралаа дээшлүүлэх боломжийг өөрсдөө ч мэдэлгүй өгч яваа хүмүүс. Та нар хохь чинь гэж хэлэх байх, гэхдээ битгий давар. Үр хүүхэд нь, хойч ирээдүй нь, тэдний та нарын төлөө юу хийснийг түүхэнд хэлж үлдээх чадалтайгаа байх шүү.
Ардчилал эмзэг, партизанууд нь ядуу байна, нас нь явж байна, жил ирэх тутам цөөрч байна, ганцхан шил юмны ард гарч чадахаа больж, уярамтгай, өршөөмтгөй, амьдралд сөхрөмтгий болж. Итгэл үнэмшлээ өгсөн нам нь нэг ч удаа сонгуульд ялахыг үзсэнгүй, харин бие биенээ алахыг, намаа задрахыг, дахиад л нөгөө Ху намдаа ялагдаж, сүүлдээ бүр албан тушаал гуйж очиж нялуурахыг, арчаагаа алдаж шившиг болохыг үзлээ. Тэдэнд гэр орноо, амьдралаа биш намаа, намын цуглаанаа, итгэл үнэмшлээ илүүд үзэж явсан үе бий. Хорин жилийн хугацаанд Ардчилсан намын жирийн гишүүдээс, ардчилсан холбооны партизануудаас хэн Америкийг очиж үзсэн юм, хэн Японд хөл тавив, хэн Баруун Европт, ардчилал хүний эрхийг дээдэлдэг оронд очиж хүн болж төрсөнөө, хүнээр хүндлүүлэхийн эрхэмийг мэдэрсэн юм бэ? 90 оноос хойш гадагшаа дотогшоо явсан хүмүүсийн бүртгэлийг шүүгээд үзвэл дарга цэрэг, сайд гишүүдийн тоо хэдэн мянгаараа давхацна. Үүн дотор Ардчилсан намын дарга цэргийнх, эвэртэн туурайтных тэн хагасыг нь эзлэнэ. Намын гишүүн байх утгаа алдаж байна, нам өөрөө ямар ч утга учиргүй, үнэ цэнэгүй болжээ. Ийм болгох “сонирхол” ч улам ихсэж байна.
Дарга сайд болвол социализмын үеийн сайд дарга нарын эрх ямбыг нэхсэн, онолын битгий хэл уран зохиолын нэг ч бүтэн ном уншиж үзээгүй, сэтгэлгээ нь өлсгөлөн хэдэн увайгүйчүүд болжээ. Коммунистуудаас ялгагдахаа больсон зүсээ хувиргасан ардчилагчид. “Ижлээ идэгсэд, ханиа барагсад”. Мөнгөнөөс өөр мөрөөдөлгүй, албан тушаалаас өөр зорилгогүй, хэл хэл мэдэхгүй, соёл соёл мэдэхгүй, агуу ихийн өвчнөөр өвчлөгсөд болж. Ардчиллын хорин жилийн ойн түүхэн илтгэлийг нь Хувьсгалт намын дарга тавьж байна. Та нарын арчаагүйнх. Нэг ч удаа сонгуульд ялаагүй юм чинь. Итгэл авсан эхний жилээ юм үзээгүй царайлж, арай гэж байгуулсан Засгийн газраа удаа дараалан огцруулж, түмэнд шившигээ дэлгэснийх нь төлөө түүх даажигнаж байна, харин үүнээс чинь ичиж байна бид нар. Ерөнхийлөгчтэй, хүчтэйгээс хүчтэй сөрөг хүчин байх боломжтой улс төрийн намын гишүүн байхаасаа, энэ намыг сэтгэл зүрхээрээ дэмждэг байхаасаа ичиж байна. Гэхдээ урвахгүй ээ, Ху нам руу бүр ч урвахгүй. Сонгуулийн итгэл үнэмшлээсээ хэзээ ч урвахгүй. “Уруул дордойвч элэг дордойхгүй” гэдгийг бид мэддэг. Та нарыг коммунистуудтай нийлчхээд нэг муу ганцхан нүүрсний уурхай ажиллуулж чадахгүй, яаж алиагаа алдаж байгааг хараад ой гутаж байна. Ху намынхныг дайсан гэж боддогийг чинь хараад цөхөрч байна, тэд чинь бидний дайсан биш, харин коммунистууд бол мөн, олон нам гэдэг ардчиллын амин сүнс гэж заалгаж өссөн, коммунист нь ч социалист нь ч, ардчилсан үзэл баримтлал нь ч аль алин нь байж байж олон ургальч үзэл бодол оршдог гэдэгт итгэж үнэмшдэг үеийнхэн бид нар. Чөлөөт ардчилсан сонгууль олон намуудын оршин тогтнох өрсөлдөөний ганцхан зөв хэлбэр гэж ойлгосон, ном уншдаг шинэ үеийнхэн. Англи хэл мэднэ, оросыг бас ойлгодог, “Эрх Чөлөөний Хөшөө”-г нүдээр үзэж сэтгэлдээ омогшиж үзсэн, улс төрчид хариуцлагатай байж чадвал хүндлэл хүлээдэг нийгэмд сурч боловсорсон залуучууд бид. Ху намыг хагалан бутаргахыг дэмжих чинь та нарын хийх ажил биш, тэд хүчтэй байвал бид хүчтэй байна, тэд ухаантай байвал бид илүү ухаалаг байх гэж тэмүүлнэ. Тэд байхгүй бол биднийг хэн ч дэмжихгүй, тэд байхгүй бол бид хэнтэй ч өрсөлдөж чадахгүй, Ху ч бай, А нь ч бай, бид нам байгуулж өрсөлдөж байгаа эх орны хөвүүд, охид. Бидэнд Монгол гэдэг нэг л эх орон бий.
Ардчилагчид аа, өнөөдөр ардчилал чинь эзэнгүй болжээ. Эзэнтэй байлгах гэсэн, арчилж тордох гэсэн залуу үеийнхэн чинь та нарын арчаагүй улс төрийн алхамуудыг чинь, увайгүй шийдвэрүүдийг чинь онолын, зарчмын аль ч үүднээс хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Нам гэдгийг “албан тушаал”-д хүрэх шат дамжлага биш, бодлогын үнэт зүйлсээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм, энэ нэгдэл бодлого тодорхойлдог, хэрэгжилтэнд нь хяналт тавихад илүү анхаарах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Итгэл үнэмшил, тугаа болгосон ардчилалаа буруутгах, мушгиж тайлбарлах, түүндээ цөхрөх олон янзын хандлага Ардчилсан намын хүрээнээс нэгэнт хальж, бүр нийгэмд газар авчээ. Буруутан нь та нар. Та нар нэгэн цагт “бид гавъяа байгуулсан” гэж бодож яваа байх. Үгүй ээ, гавъяа байгаа бол жирийн гишүүдийн, тэдний саналаа өгсөн гавъяа л гэж бий. Яаж ч бодсон, яаж ч доромжилсон, яаж ч хагас дутуу ойлгосон ардчилсан зарчмын үүднээс тайлбарласан энэ бол маргашгүй үнэн. Болохгүй бүтэхгүй, увайгүй бүх алхамаа ардчиллын нэрээр халхалж, эмзэг залуу байгаа ардчиллын үнэт зүйлийн хөрсийг сандаачиж, байх л ёстой үзэгдэл мэтээр ардчиллын мөн чанарыг мушгин гуйвуулах нь яав ч зүйд нийцэхгүй билээ. Бид саналаа өгч чадсан, өгөхгүй байж бас чадна, сануулга өгч чадсан, одоо хариуцлага тооцож бас чадна гэдгээ хэлчихье. Мэдэмхийрлээ, агсарлаа гэж бас доромжлох байх, гэхдээ хүмүүст эрх чөлөө байсан цагт гайхамшгийг хэрхэн бүтээдгийг түүх хэдийнэ нотолсон, өмчлөх эзэнгүй үлдсэн ардчиллыг тордоод, түшээд авах хувь заяа залуу үеийнхэнд чинь байна, бүү гай бол!.

2011.03.06

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: