"ХӨХ Танхим"

March 19, 2011

Сэтгүүлч гэж “хэн” юм бэ?

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 12:23 AM

Сэтгүүлч биш хүний нүдээр “сэтгүүлч хүнийг юу гэж тодорхойлж” болох вэ? Энэ мэргэжлийн талаар хөндөх нь санамсаргүй хэрэг биш ч гэлээ тулган шаардалт бас биш билээ. Унших зуршилтай хэн бүхэн өөрийн үнэлэмжээр энэ мэргэжлийн тухай саналаа хэлэх нь нээлттэйг хэлүүлэх юун. Улс төрч, кино жүжигчин, таксины жолооч, лам зэрэг захын “баагий” хийчихдэг ажлаас хамаагүй өөр, ажлын цар хүрээ, олон нийтэд хүргэж буй мэдээ мэдээлэл нь “намайг оролцуулаад” нэг өдөрт дор хаяж хэдэн арван мянгаар тоологдох хүнд зэрэг хүрдэг болохоор энэ мэргэжлийнхэнд хандах хандлага чанга, тавих шаардлага маань өндөр байна. Гэхдээ тэдний тусын тулд биш, өөрснийхөө тусын тулд, зөв бичих дүрмийн алдаанаас эхлээд, найруулга зүй, ёс зүй, монгол хэлний бичгийн соёлын их өвийг унтраасан, улс төрчдийн “бууны” мөнгөний “анд” болж, мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэхээсээ, “түргэн өөрөөр, түргэн дутуу хүргэх сонирхол”-той, төрийн шагнал урамшуулалд дуртай, өөрсдийгөө үнэн худлын хэмжүүр мэтээр төсөөлдөг байж болох хүмүүсийг “сэтгүүлч” гэдэггүй байх гэж бодоод бичиж байна. Мэдээж, сэтгүүлчид нэрэн дор сайн бичдэг, унших дуртай сэтгүүлчдээ хамруулан “гөвж” буйдаа хүлцэл өчье, гэхдээ эргээд “гөвөх” боломж нь та нарт “хотын утаа шиг арвин” билээ.

Бичиж буй салбараараа төрөлжсөн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон байдаг ч сонгууль болохоор нэг улс төрчийн пиар хийчих юмсан, ганц хөрөг биччих юмсан, өөрсдийнх нь хэлээр “гайгүй мөнгөтэй нэг баагийтэй ажиллачих юмсан” гэж боддог сэтгүүлчид түүнээс олон. Нэг ёсондоо сонгууль дөхөхөөр бүгд улс төр бичигч болж хувирна. Ганц сэтгүүлч ч биш хэн хүнгүй л тэгж хүснэ, таксины жолооч бол плакатыг нь наагаад нэг мөнгөтэйхэн штабт ажиллачих юмсан гэж бодно, боломжийн хэвлэлийн компанитай бол юмыг нь хэвлээд өгчих юмсан гэх мэтээр, ганц нэг маань мэддэг лам нар бол хийморийн сан тавиад, засал номыг нь хийгээд өгчихийг бодно. Тэдний буруу биш, сонгууль гэдэг их мөнгөнөөс савныхаа хэмжээгээр утгаж авч үлдэхийг бүгд хүсч таараа, хүсэх ч ёстой. Гэхдээ эдгээрээс хамгийн хорлонтой нь сэтгүүлчийн үйлдэл. Бараг шоронд байх ёстой хүнийг ордон руу илгээхийн тулд худлыг үнэн болгож, шулмыг бурхан болгож бичнэ. Үхэн хатан бичнэ, сонгогдож чадахгүй бол хохь чинь, чиний рейтинг л ийм байна гээд үргэлжлүүлээд доромжлоод бичнэ. Энэ үед сэтгүүлчид улс төрчдөд тавих гэж буй олон нийтийн дүнг “зүгээр л хэдэн төгрөгөөр ядах юмгүй зарж орхидог”. Тиймээс улс төрчидтэй хэрхэн харьцаж буйг нь гол болгож ямар хүнийг сэтгүүлч гэж хэлмээргүй байна вэ гэдэг талаар саналаа хэлье.

Ерөнхийлөгч гэдэг албан тушаал хашч байгаа улс төрчөөс нэг тэмдэг авахаараа хөөрч догдлоод, дараа нь тэр улс төрчийг ямар ч алдаа хийсэн шүүмжилж чадахаа больчихдог хүн бол сэтгүүлч биш. Шүүмжлэх асуудал гарсан ч “эс үйлдлээрээ” үүнийг хийхгүй байгаа хүнийг тухайн улс төрчийн дэмжигч л гэж нэрлэнэ. Ёс зүйн үүднээс, хийсэн ажлынхаа төлөө хянах ёстой хүнээсээ ямар нэгэн шан харамж, тэр дундаа төрөөс элдэв нэгэн тэмдэг авахаас шууд татгалзах ёстой. Нийгмийн үнэлэмж гэдэг заавал улс төрчийн тавьж буй шалгуурт нийцэх албагүй билээ. Улс төр сэтгүүл зүй хоёр холилдоод байна уу, улс төрч сэтгүүлч хоёр холилдоод байна уу гэдгийг ялгах амаргүй ч улс төрч сэтгүүлч хоёр л холилдоод байна гээд “таачихвал” буруудахгүй байх. “Сонгогдож чадаагүй улс төрч” сэтгүүлч болсон тохиолдол ховор байдаг, харин сэтгүүлчээс улс төрч болсон тохиолдол үй түмээрээ. Ёс суртахуунтай, зарчимтай, үнэт зүйлсээ сахидаг улс оронд бол ичгүүртэй юм. Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх нь өндөр хамгаалагдсан мэргэжилтэн тухайн мэдээллээ сонгуулийн сурталчилгаанд, өөрийн давуу байдал болгож ашиглана гэдэг бол үнэндээ гэмт хэрэг шахуу зүйл. Хувь хүний сонголт нэрэн дор үнэт зүйлсээсээ татгалзаж байгаа хүнийг юу гэхээ сайн мэдэхгүй байна.

Сонгууль болохоор шүүмж доромж хоёр нь ялгагдахаа байдаг, өөрсдийгөө “пиарчин” энэ тэр гэж нэрлэдэг, хүн магтах гээд ч байгаа юм шиг, нялуураад ч байгаа юм шиг, зөв ч бичиж чаддаггүй, халтуур хийдэг хүмүүс бол сэтгүүлчид ч биш, олон нийтийн харилцааны ажилтан ч биш, зүгээр л “новшнууд”. Ийм хүмүүс мэргэжлийнхээ нэр хүндэд хамгийн халгаатай байдаг, гэхдээ хэвлэл мэдээллийн ажилтнууд дотроос хамгийн мөнгөрхүү, хорлонтой байдаг. Харамсалтай нь, хэвлэл мэдээллийн бүх байгууллагад ийм хүмүүс бий, зарим газрууд бүр дан ийм хүмүүсээс бүрдсэн нь ч бий. Мэдээ мэдээллийг түргэн шуурхай, алдаа мадаггүй, бодитой дамжуулахаасаа илүү үнэн худал, зөв буруу, сайн муу, манай танай хэмээн хувааж, ингэснээрээ нийгмийг оюун санааны бухимдал руу хөтөлж байдаг. Тэдэнд зарчим гэдэг зүйл “баяртайгаар” байдаггүй. Тэднийг танихад их амархан, зүгээр л бичсэн зүйлийг нь уншихад хангалттай. Тэднээс ганц олигтой рекламны текст ч гарахгүй, ганц олигтой сонгуулийн мессеж ч гарахгүй. Хувь хүний амьдрал руу өнгийх, хов бичих хэрүүл хийх болохоороо сүрхий сүрхий гарчиг тавьж байгаад бичнэ, асуудлын голыг олох, цаад учрыг ухаарч ойлгож бичих гэдэг бол тэдний хувьд боломжгүй зүйл, тэгж төрөөгүй хүмүүс тэд. Тэгээд одоо хэнийг сэтгүүлч гэж бодоод бичсэн юмыг нь унших вэ гэж үү?

Хаа нэгтээ Сэтгүүлч мэргэжлээр бакалавраас доошгүй боловсрол эзэмшсэн, эсвэл Хэвлэлийн Хүрээлэнгийн “Сэтгүүл зүйн дээд курс” төгссөн, Сэтгүүлчдийн холбооны гишүүн, аль нэгэн хэвлэл мэдээллийн газар ажилладаг, ядаж л тийм газрын үнэмлэхтэй, нэгээс хоёр “шүлгийн ном” гаргасан хүнийг “Сэтгүүлч” гэх бөгөөд, тэдний бичсэн зүйлээр мэдээллийн хэрэгцээгээ хангана гэвэл захын “блогч”-ийн инээд нь хүрэх байх. “Иш чааваас” л гэж хэлнэ. Иймэрхүү сэтгүүлчдээс иргэний хувиар, өөрийн сонирхлоороо үзэл бодлоо илэрхийлж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог, энд тэндхийн мэдээ мэдээллийг өөрийнхөө боломжоор бусаддаа дамжуулж, хуваалцаж байдаг “блогчид” хавьгүй илүү юм.

Сонины, радиогийн, телевизийн болон сайтын сэтгүүлч гэж ангилагдах байх, гэхдээ мэдээлэл дамжуулж буй арга хэлбэр нь “өөр өөр техник ашигладаг” болохоос мэдээлэл дамжуулдаг гэдэг утгаараа нэг л төрлийн ажил хийдэг хүмүүс. Хэдийгээр интернэтийн эринд амьдарч байгаа ч гэсэн бидний хувьд мэдээллийн өдөр тутмын хэрэгцээгээ “мэргэжлийн гэгдэх сэтгүүлчдийн” дамжуулж буй мэдээллээр хангадаг. Шаардлага гарвал эх сурвалжаас нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл шууд авчдаг баймаар байна, утга учир нь цэгцтэй, ойлгомжтой баймаар байна, ямар нэгэн хувийн үзэл бодлоор хачирласан, үнэн худал нь мэдэгддэггүй баймааргүй байна. Монгол хэлний үгийн санг бүрэн ашиглаж сурахгүй бол “үг” өөрөө үнэ цэнэгүй болж шүүмжлэл хүчтэй байхаа больж байна. Энэ нь улс төрчдөд боломж олгож “тэгж л байдаг” мэтээр олон нийтийн санал бодол, эсэргүүцэл, шүүмжлэлийг хайхрахаа больж байна. Сэтгүүлч нь сэтгүүлч шиг байж, мэдээллээ “тунгалаг” болгож, улс төрчдийг хариуцлагатай болгож, мэдээллийн дэд бүтцээ жаахан хөгжүүлмээр байх юм. \үргэжлэл бий.\

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: