"ХӨХ Танхим"

April 23, 2011

“Хурууны өндгөнд тэмтрэгдэх Ертөнцийн эрх чөлөө”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 5:58 PM

Сонин юм, автобус хүлээгээд зогсож байгаа оюутны үүргэвчин дотор дэлхий тэр чигээрээ багтачихна гэж хэн санах вэ. Үүргэвчинд битгий хэл гарын алганд багтдаг болчихлоо. Өнөөдөр Мобикомын “Ертөнцийг таны гарт атгуулна” гэдэг мессеж улам бүр утга төгөлдөр болж байна, харин өөрснөө ингэж төсөөлж байсан болов уу?. Үүргэвч, гарын алга төдийгөөр биш, ширээн дээр, өвөр дээр, сургуулийн анги танхимд, оффист, гэрт хаана л бол хаана хүн төрөлхтөний “хоёрдахь” амьдрал буцалж байна. Нүдэнд харагдсан ч “зөвхөн хуруунд л тэмтрэгдэх бодит амьдрал”. Шинэ тайлбар хэлэх гэхээр үг дутах ойлголт. Уран зохиолын хэлээр бол “учрал хагацал” хоёр секундэнд хэдэн зуун саяараа бүртгэгдэж, хөтлөгдөж үргэлжилж байдаг газар. Шинээр амьдрал үүсч, устаж мөхөж, дахин шинээр байгуулагдаж, энэ нь секунд болгонд бүртгэгдэж байх юм.
Үүнтэй зэрэгцээд миний мэдэх дэлхийн хамгийн том хөрөнгийн биржийн мэдээ мэдээллүүд цаг тутам шинэчлэгдэж, ажил руугаа явах замдаа өөрийнхөө салбарт хаана юу болж байгааг гэрлэн дохион дээр зогсож байхдаа л хараад амжина. Харилцааны чиг хандлага, хамрах хүрээ нэг “нам”-ын, нэг коллежийн, нэг аймаг нэг улс орны битгий хэл нэг тивийн хил хүрээнээс аль хэдийнэ давжээ. Өөрийнхөө бодсон санасныг дэлхий нийтэд дуртай цагтаа, дуртай үедээ бичээд явуулчихна. Дэлхий тэр чигээрээ надтай хамт байна, аврал эрсэн үедээ надад хэлнэ, тусламж хэрэгтэй үедээ би ч гэсэн дэлхий нийтэд хандана. Хэрвээ хүсвэл өнгөрсөнд болон ирээдүйд зочилж, болж өнгөрсөн, болж магадгүй үйл явдлыг дуу дүрстэй өнгөтэй, бодитоор харах боломж “хуруу” болгонд бий болсон болжээ.
Аливаа зүйлс, юмс үзэгдэл чи ба бусад нь, чинийх ба бусдынх, зөвхөн чинийх ба дэлхий нийтийнх гэсэн хуваагдалд орж байна. Хүссэн нэг нь нотебүүкний дэлгэцэн дээрээ дэлхийн хамгийн том номын сангуудыг нэг фолдерт, дэлхийн хамгийн олон уншигчтай вэбсайтуудыг нэг фолдерт, сонингуудыг нэг фолдерт хийчихсэн, угаасаа тэр хүнийх байсан юм шиг сууж байх юм. Сая сая ном, сая сая мэдээлэл тэдний хурууны үзүүрт байна гээд төсөөл дөө. Хэлний мэдлэг нь хангалттай хүрэлцээтэй бол энэ ертөнцийн бүх үйл явдлыг уншаад мэдчихнэ, хэрэгтэйгээ ялгаад авчихна хэрвээ хүсвэл. Хүн болгонд, бүр хүссэн хэн бүхэнд энэ бололцоо нээлттэй байна. Гайхамшиг нь чухам үүнд байгаа юм.
Энэ хөгжлийг дагаад маркетингийн бодлого олон нийтээс хувь хүн рүү шилжсэн, жишээ нь мейл болон мессеж маркетинг. Бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээ, зар сурталчилгаа зөвхөн хувь хүнд хандаж байна. Тэд хэрэглэгч бүрт, хүн бүрт хүрэхийг эрмэлзэж байна. Гар утас, нөүтбүүк, чихэвч бол үйлдвэрлэлийн тод жишээ, хамгийн “индивидуаль” техник болжээ. Энэ утгаараа хүн өөрөө улам үнэтэй болгож, улам хүчирхэгжиж байна. Нөгөө талаар эдгээр хэрэгслүүд нь аливаа харилцааг олны хүртээл болгох, тодруулж хэлбэл “олных” болох, олон нийттэй холбогдоход тун амархан болгож байгаа бөгөөд зөвхөн үйлдвэрлэгчдийн зүгээс хувь хүнийх байх боломжийг нь нэгдүгээрт тавьж байгаа хэрэг юм. Эсрэгээр нь харвал дэлхий ертөнц ба хувь хүн, улс орон ба хувь хүн, нийгэм ба хувь гэсэн байр суурь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд бие хүний үүрэг хариуцлагын чиг үүрэг нь эдгээрийг холбох гүүр болон өөрчлөгджээ.
Чихэвч, гар утас, нөүтбүүк гурав нь эрх чөлөөгөө хэний ч хяналт, нөлөө, тэр бүү хэл зааварчилгаагүй эдлэх, мэдээлэл түгээх, хүлээн авах хамгийн хүчирхэг техник бөгөөд хүнийг юунаас ч, хэнээс ч хамааралгүй болгож байна. Одоо iPad гарчихлаа. Энэ бол интернэтын мөн чанар, хүн төрөлхтөний хамгийн аугаа нээлт. Энэ бол хүний амьдралын гайхамшигтай сонин, баялаг ертөнц. Интернэт бол сүлжээгээр холбогдсон компьютер төдий зүйл биш юм. Ийм ойлголт байсан, одоо аль хэдийнэ хуучирсан. Угаасаа интернэтээс хүнд өгч байгаа боломжуудыг тооцоолох ямар ч боломж байхгүй. Гэхдээ иймэрхүү ойлголт манай нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд энэ ойлголтоосоо салаагүй цагт интернэтийг харж алмайрагч болж, хүний хөгжлийн сая сая боломжуудаас минут секунд бүрт улам хоцорсоор байх болно.
Интернэтийг мессенжердэж хов ярьдаг, мейл бичдэг төдийхнөөр ойлговол том эндүүрэл болжээ. Саяхан Монголд интернэт үүсч хөгжсөний ой болж баахан “өвгөн партизан”-ы яриа энд тэндхийн сайт, блогуудаар хөврөв. Датакомд чин сэтгэлийн талархал илэрхийлье, аливаа анхдагч, ачааны хүндийг үүрэгч байх нь сайхан байлгүй яахав. Яахав ойлгож байна, гэхдээ сэтгэл ханаж болохгүй, интернэтийг “олон нийтийнх”, “хүн бүрийнх” болгоогүй цагт анхдагч гэж цээжээ дэлдэх чинь ч утга учиргүй болно. Интернэтыг хөгжүүлэгч, бүтээгч нар ч өөрснөө 10 жилийн дараа ийм болохыг нь төсөөлж байсан эсэхийг мэдэхгүй юм. Үүнийг зөвхөн мэдээллийн технологийнхон гэх “модон малгайтай”, бүлт бүлт үсэрсэн баагийнуудын асуудал мэт ойлгоод ч хэрэггүй. Арай гэж бичсэн ганц программдаа толгой эргэсэн үнэ хэлээд хаашаа ч явахгүй, түүнээс чинь дээгүүр хувилбарууд онлайнаар дүүрэн үнэгүй байж байгаа. Илүү сайныг илүү хямдханаар санал болгохгүй бол энэ өрсөлдөөнд хэзээ ч амжилт олохгүй. Интернэт бол гар утастай адил жирийн л хэрэглээ, харин мөн чанарыг нь л хүмүүст ойлгуулах хэрэгтэй юм. Вэбсайттай байх, блогтой байх нь нэрийн хуудсан дээр чамирхдаг гоёл төдий зүйл биш, энэ нь иргэний оролцооны хамгийн идэвхитэй хэлбэр билээ.
Интернет!. Хүн төрөлхтөний амьдралын утга учрыг, мөнгөний тухай ойлголтыг, бизнесийн чиг хандлага, өмчийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилж байна. Интернэтэд бүх хүн ижил тэгш байдаг. Хэнээс ч хамааралгүй мэдээлэл авах боломж нь мэргэжлийн шаардлагуудыг өөрчилж, үүнээс болоод зарим мэргэжил үгүй болж байна. Бүх төрлийн мэргэжлийн шаардлагыг улам өсгөж байна, наад зах нь зоддог багш, аймаар багш, юу ч мэддэгүй багш гэдэг өнгөрсөн зууны ойлголтыг “будаа” болгож байна.
Хэрвээ чи мэргэжлийн ур чадвар муутай бол, хэрвээ чи багшлах чин хүсэл сэтгэлгүй бол, хэрвээ чи бие даан өөрийгөө хөгжүүлдэггүй бол, хэрвээ чи сурагчаа хүндэлж харьцдаггүй бол, хэрвээ чи ёс суртахуунгүй бол, хэрвээ чи мөнгөний төлөө л ажилладаг бол чам шиг “паразит” надад хэрэггүй, интернэт бүхнийг орлож чадна гэх хүн төрөлхтөний нэгэн үе өсч байна. Боловсролын байгууллагын менежмент энэ ертөнцөд хэрхэн хөлөө олж чадахаас шууд хамаарна. Онлайн сургалт, онлайн хичээл, үнэтэй үнэгүй, урт богино гээд хэдэн саяараа байна. Хүмүүс мэдэхийг хүссэн зүйлээ компьютерээсээ хайж олох болов, юу ч мэдэхгүй, заах арга барил ч байхгүй “арын хаалганы нэг будмал хүүхэн”-ээс юм асууж нервтэж байхаар “нэт” рүү ороод “гүүглэ”-дэхэд л болоо. Хариулт нь хэдэн зуун мянгаараа байж байна. Хөгжим тоглож, хэл сурч, усанд сэлж сурахад ядаад байх юм ерөөсөө байхгүй болжээ. Багш нь сурагчаасаа, оюутнаасаа юугаараа илүү байх вэ гэдэг нь боловсролын шинэчлэлийн гол асуудал ч болж магадгүй юм.
Бизнест нөлөөлж байна. Онлайн худалдаа хөгжсөнөөр cd, dvd зэрэг электрон хэрэгслүүд зах зээл дээрээс шахагдаж байна. Манай урлагийн “од” гэгддэг нялхсуудад хүнд цохилт ирэх болно. Хүний дуулсан дууг “зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй” хулгай хийж, өөрснөө зохиочихсон юм шиг дуулаад байдаг хөг өнгөрсөн. Оригиналь нь интэрнэтэд захаас аван тавиатай бий. Ямар ч хамаагүй аргаар нэг удаа хулгай хийж болох байх, гэхдээ хулгайлсан зүйлээрээ ашиг олох боломжгүй юм байна гэдгийг одоо ойлгох цаг нь болжээ. Дэлхий даяар нээлтээ хийж, зөвхөн кино театруудад л үзүүлж томроод байсан нөгөө Аватарыг “нэт”-д тавьснаар өнгөрсөн жилийн хамгийн их хууль бусаар татаж үзсэн киноны жагсаалтыг манлайлж байна. Нийт 16 сая хэрэглэгч “Аватар”-ыг хулгайлж үзжээ, нэг ч төгрөг төлөөгүй гэсэн үг.Сонин телевизийн орон зайг вэбсайтууд эзэлжээ. Одоо дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд бүгд онлайнаар зэрэг мэдээллээ цацаж байна. Улс төргүй амьдарч болно, “нам”-гүй амьдарч болно, нэр дэвшихгүй, гишүүн болохгүй, авилга өгөхгүй амьдарч болно. Харин интернэтгүй амьдарч хэзээ ч болохгүй, хэрвээ чи интернэтээр оролдохгүй бол интернэт чамаар оролдож эхлэнэ гэдгийг бизнесийнхэнд, хэвлэлийнхэнд хангалттай ойлгуулжээ. Хэрвээ чи толгойгоо ажиллуулах юм бол, хэрвээ чи бусдаас илүү сэтгэж чадвал интернэт мөнгийг чинь тариад өгч чадна. Төлбөр тооцоог чинь дэлхийн ямар ч том банкаар дамжуулаад хийгээд өгч болно. Бүх зүйлийг утгагүй мэт болгож, мөн чанарыг нь өөрчилж буйн нэгэн жишээ нь энэ.
Энэ ертөнцөд хэн ч эзэн биш, бас хэн ч юуны ч эзэн байж болно. Ямар ч том баян саятан тэрбумтан, од мичид бай интернэтийн жирийн л нэг хэрэглэгч болдог. Нөгөө айхтар лусын хаан шиг баян Билл Гейтс гэхэд л миний твиттерт байж л байна, твит бичээд л. Энэ ертөнцөд одуудтай зүгээр л хамт амьдарч болдог юм. 10-хан настай охин Леди Гагагийн дууг дуулжээ. Гэрийнхэн нь сонирхогчийн камераар бичээд youtube рүү оруулаадахсан чинь хүмүүст таалагдсан гэж жигтэйхэн, Леди Гага нь ч үзэж, бас “таалжээ”. Тэгээд өөрийн “бяцхан хувилбар”-аа Канадад болох тоглолтондоо урьснаар америкийн хамгийн том телевизийн шоунуудад оролцдог бас нэгэн бяцхан од төрж байна. Одоо тэр бичлэгийг 30 гаруй сая хүн үзээд байгаа. Нью Иоркын нэгэн дүүргийн бага сургуулийн тавдугаар ангийн сурагчид найрал дууны дугуйлангийн бичлэгээ youtube дээр тавьжээ. Үр дүнд нь Оскарын шагнал гардуулах 83 дахь ёслолын ажиллагаан дээр очиж дуулав. Гартаа Оскарын баримал атгасан одууд тэдний дуунд нэг хэсэгтээ л “найгав”. Чамд ч бас ийм боломж нээлттэй бий, хэрвээ сонирхож байвал. Мубарак гэж нөхөр мөнхийн юм шиг л солиороод, ханаж цадахаа мэдэхгүй идэж уугаад байсан, нэг л өдөр facebook-ээр саналаа солилцсоор найзууд болсон хүмүүс гудамжинд гарч жагссанаар гучин жилийн хаан шиг амьдрал нь төгсөж, шоронгийн хаалга татаж байна. Манай “манан” ч бас болгоомжлох хэрэгтэй шүү.
Энэ бол жам ёсны үнэт зүйлст дуртай ертөнц, хүн төрөлхтөний үнэт зүйлсийг дээдэлдэг ертөнц. Сайны хажуугаар саар юмнууд яг адилхан бий. Интернэтэд сул дорой байж болдгүй юм, нэг л өдөр чамайг хэн ч биш, юу ч биш болгох ангуучид сая саяараа бий. Хакерчид гэх том аюул зөвхөн компьютер дансыг эвдэж хоослоод зогсохгүй амьдралыг чинь тэр чигээр нь сүйрүүлж чадна. Интернэтэд холбогдсон компьютер бол тэдний гарт АК-47 л гэсэн үг. Тааралдсан бүхнээ сүйрүүлж устгаж чадна, гэхдээ үүний хажуугаар тэднийг зогсоож чадах аврагч хамгаалагч нар ёстой нөгөө “энхийн манаанд гэдэг шиг” цаг наргүй жижүүрлэж байдаг юм. Иймээс чи аль болох интернэтийг хэрхэн ашиглах мэдлэгээ дээшлүүлж, үргэлж шинэчлэгдэж байх ёстой.
Улс төрд нөлөөлж байна. Эрх чөлөө нь хүрээлэн буй орчин, хүсэл мөрөөдөл, техникийн боломжоор хангагдсан цагт хүн төрөлхтөн нэг л саналын эрхтэй, нэг үүрэг хариуцлагатай, нэг л дайсантай, амьдралын нэг л хэв маягтай болж байна. Интернэтэд ямар ч хил хязгаар, ямар ч виза хар тамга, ямар ч Засгийн газар хүнд суртал байхгүй. Хэрэглээ хувь хүний эрх чөлөөнд суурилжээ. Үүнийг дагаад үнэлэмж, хариуцлага хоёр ч бас эрх чөлөөнд суурилах бөгөөд энэ хандлага аль хэдийнэ биелэлээ олоод эхэлчихэж. Нэгэнт хавтгай болсон дэлхийг дээрээс нь харах боломжийг бий болгож байна. Чи ба бусад, чи ба дэлхий ертөнц, чи ба улс орон, чи ба нийгэм. Хяналттай, хамгийн сайн хяналттай ертөнц гэвэл интернэт л байна.
Өөрийн хуультай, өөрийн засаглалтай ертөнц. Оюун санааны хувьсгал интэрнэтэд амжилт олж чадвал хүний ертөнцөд гарч ирж ялалт байгуулж чадна. Энд ямар ч жагсаал цуглаан цус урсдаггүй, зөвхөн үг хэлээрээ л учраа ололцоно. Гэхдээ кибер дайн бол үргэлж гарна. Хамгийн сонирхолтой нь энэ дайнд ялагч гэж байхгүй, уствал бүгд устана, амьд үлдвэл бүгд амьд үлдэнэ. Энэ бол интернэт. Обама үсээ будчихаж, хэвлэлийнхэн аль хэдийнэ олж хараад будагтай будаггүй хоёр зургыг нь харьцуулаад тавьчихаж. Элбэгээ Bloomberg-т ярилцлага өгчээ, Монголын уул уурхай ч дэлхийг үнэхээр нэг хөдөлгөж байна даа, Аргог ярилцлага авна гэж урьчхаад байцаагаад байгаа нэг муу “хушга” одоо юу вэ, ямар онгироо дээрэлхүү хог вэ, нэрээ бичиж чаддаг ч юмуу, комментууд хөвөрсөөр…

Imagine there’s no countries
It isn’t hard to do
Nothing to hesitate or wait for
No corruption and election too,
Imagine all the people sharing all the world
I hope someday you will join us
And TIME isn’t gonna wait for you…

2011.04.23

1 Comment »

  1. bolomj urgelj neelteei

    Comment by badrakh — April 24, 2011 @ 2:14 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: