"ХӨХ Танхим"

May 5, 2011

Нөгөө л улиг болсон муухай “76” шиг Бүх л сценари нь ижилхэн бол . . .

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 12:30 PM

“Сайтын сэтгүүлч, сайтын бодлого, вэб менежмент” гэхээр нэг их гайхаад байх нэр томъёо биш болчихож. Тийм болохоор интернэтийн тухай нийтлэлээ задлаж, улам “олон нийтийнх” болгож үргэлжлүүлмээр байна. Эхнийхээ өгүүллийг жаахан сүртэй, нэлээн “романтик” гарчигтай нийтлүүлсэнийг ч хэлэх үү, ер нь “нэт”-ийн тухай бодлоо энгийнээр хүнд хүргэхийг зорьсон маань хүмүүст таалагдсан бололтой. Монголын хамаг л сайтууд “үнэгүй тарааж өгч” тус болоод. Урам ч орсоных, бас асуудал байгаагийнх вэбсайтын орчинд саналаа хуваалцая гэж бодлоо.
Ер нь монголын вэбсайтууд хоорондоо юугаараа өрсөлддөг вэ гэдэг их сонирхолтой санагддаг. Хэрвээ Улаанбаатарт байдаг хэдхээн телевиз шиг, тэгээд бүх сценари нь ижилхэн шиг, нэг л мэдээний сэтгүүлчтэй шиг, нэг камертай, тэрийгээ аваад хаа л бол хаа явж байдаг шиг, бүх мэдээ нь ижилхэн шиг, хулгайн кино эсвэл нэг шоу орчуулж гаргадаг шиг, орчуулга гэж авах юмгүй шиг, хэдхээн реклам хувааж цацдаг шиг болчихвол вэбсайт хэзээ ч хөгжихгүй л дээ.
Дээрхи “шиг” телевизүүд бол хаанаас мөнгө олдог нь их тодорхой. Сонгууль л хүлээдэг, угаасаа байгуулагдсан учир шалтгаан нь энэ юм билээ. Гэхдээ хийж байгаа ажил нь харин их хорлонтой эд дээ. Аливаа мэдээллийг эзэнгүйдүүлэх, будилуулах, саармагжуулах хатуухан хэлвэл шүүмжлэлийг утга учиргүй болгож олон нийтийн санаа бодлыг чухал сэдвүүдээс хөндийрүүлэх, эсвэл асуудлыг дэвэргэж олон нийтийн санаа бодлыг үймүүлэх зорилготой байгуулагдсан, яг газрын “мина” шиг хорлонтой эд. Цэргийг зуун жил тэжээж нэг удаа ашигладаг бол телевизийг дөрвөн жил тэжээж сонгууль болгоноор ашигладаг л болж.
Харин вэбсайтуудын хувьд?
Нууцгүй хэлэхэд бараг л “ноднингоос” л хөгжих өнгөндөө орж байгаа эд шүү дээ. Туйлширч байна гэж битгий бодоорой. “Шинэ тутам” гэдгийг ингэж хэлдэг болсон юм билээ шүү. Эхлээд хэвлэмэл материалыг онлайн хувилж тавьдаг, “интернэт агуулах” шахуу байсан санагддаг. “Оллоо” гэдэг ганцхан сайт л ажилладаг байсан даа бараг, одоо ч байгаа. Харин вэбсайтын “үсрэнгүй” гэмээр хөгжилд блогчдоос эхлээд вэб 2.0 технологийн хувь нэмэр их болов уу гэж боддог. Гэхдээ вэбсайт юм бол ганцхан хүн ажиллуулж байгаа блогоос юугаараа илүү байх вэ гэдэг нь нэр төрийн ч, цар хүрээний ч, чадал чансааны ч хэрэг байх. Түүнчлэн тухайн сайтыг хэрхэн ашиглах заавар нь тодорхой, тухайн үг хэллэг нь олон нийтийнх болохгүй бол хэдэн программист нэртэй гаруудын мэргэжлийн ярианы хэллэгтэй, сайт хийх, ажиллуулахад мэргэжлийн салбарын ааш гаргаад байвал улам л явцуурах хандлагатай болно, үүнд ямар ч холбоо молбоо, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан хэрэггүй, тэр Ерөнхий сайд майдын мэндчилгээ бүүр ч хэрэггүй.
Шуудхан хэлэхэд манай хэдэн вэбсайтууд хэлбэр дүрс, өнгө чимэглэл нь л өөр болохоос бусад зүйлээрээ бие биенээсээ төдийлөн сайн ялгарч чадахгүй байгаа санагддаг. Эхлэл, улс төр, эдийн засаг, хууль ч гэх шиг нөгөө л “улиг болсон муухай 76 шиг” хэдэн цонхтой, тэр нь утга найруулга гэж бөөлжмөөр хэдэн тексттэй. Өөрчилдөг ч үгүй, “делетелдэг ч үгүй” байж л байдаг, сайт нээхэд л тийм байсан, “стилл” хэвээрээ. Одоо ийм агуулах хэлбэрээс салах цаг аль хэдийнэ болсон байхаа.
Юуны өмнө миний мэддэг болсон, “интернэт сайн хэрэглэгч бусдын аль хэдийнэ мэддэг” нэг философи бол “интернэт бол хурд” юм. Гэхдээ энэ хурд бол ажиллах хурд, толгойгоо ажиллуулах хурд, сэтгэх хурд. Үйлээ үзэж орчуулсан ганц мэдээг чинь хурууны үзүүрээрээ минутанд наян зургаа хувилаад дэлхийгээр нэг цацчихна. Нэг их “том юм” орчуулчихсан мэт аашлаад яваад байвал “тэгээ л яваа л байхгүй юу”. Интернэт бол шинэ соргог мэдээллээр байнга цангаж, бас тийм мэдээллээр “буцалж” байдаг ертөнц. Тэр нь тэгээд “үнэгүй” байхыг яана. Гэхдээ сайтыг зугаацаж ажиллуулдаг бол хамаа алга, гол нь мөнгө олохгүй бол тэр “хогоор” юугаа хийнэ. Нэг одонцорын ярилцлага, эсвэл нэг хорчин улс төрчийн пиар, эсвэл нэг хов. Ийм тохиолдолд хэвлэмэл сонин харин ч сайтуудаас илүү чухал мэдээлэл агуулах талтай. Учир нь сонины тэр жижигхэн зай талбайг ядаж л зөв бичсэн, хүнд хэрэгтэй мэдээллээр дүүргэж байж зарахгүй бол хэн ч тоохгүй шүү дээ. Хажуугаар нь үнэгүй сонин дүүрэн байгааг хэлэх үү. Тиймээс сайтад “ажиллах хурд” маш чухал байна.
Дараагийн нэг чухал онцолмоор зүйл нь “цагийн зөрүү”. Жишээ нь, өнгөрсөн гурван сараас буцалж эхэлсэн ислам ертөнцийн дараалсан хувьсгалуудын тухай мэдээлэл авахад цагийн зөрүү үнэхээр тооцмоор санагдсан юм. Ухаандаа, Мубарак огцорсон тухай мэдээллийг Ассошейтэд Пресс таван минутын дараа дэлхийн томоохон сайтуудаар цацаж байхад манай сайтууд нэг хоногийн дараа орчуулж эхэлж байх жишээтэй. Гэтэл саяхан болж өнгөрсөн зайлуул муу Бин Ладений бодийг хөтөлсөн тухай мэдээг америкийн сайтууд Цагаан Ордоноос нь шууд дамжуулж байх юм. “Мууд нь дурлахаас” гадна техникийн боломж нь үнэхээр лаг л даа. Би Нью Иорк Таймсын сайтан дээр шууд үзсэн. Обамаг камерын өмнө алхаж хүрч ирээд үгээ хэлчихээд буцаад цаашаа явж одохыг нь шууд үзэж байх жишээтэй, Улаанбаатрын цагаар шөнийн гурван цагийн үед. Гэтэл ингэж ажилладаг сайт байна уу манайд. Энэ бол цагийн зөрүүтэй холбоотой ганцхан жишээ. Хагас бүтэн сайнд тас хаагаад яваад өгдөг оффисийн ажил мэтээр бодвол бүтэхгүй л дээ, мэдээлэл нь “баасан ахын төрсөн өдөр” ямар байсан, “мондейд” бахь л байдгаараа байгаад байвал тэгээд л “зэврэнэ” гэсэн үг.
Сайн ойлгох ёстой дараагийн нэг зүйл байна. Энэ бол төлбөр тооцооны систем. Угаасаа онлайн хэрэгсэл ашиглаж бизнес хийж байгаа хүн төлбөр тооцоогоо онлайнаар хийхгүй бол сайт биш. Энгийнээр төсөөлөхөд сайтыг мэдээлэл зардаг дэлгүүр гэж бодъё. Та дэлгүүрт ороод мөнгөө өгөөд бараагаа аваад гардагтай яг ижил, тухайн сайтад ороод санал болгож байгаа мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг нь аваад, захиалгаа өгөөд, эсвэл “давнлүүд” хийгээд, картаараа төлбөрөө хийгээд гарах боломжтой байх ёстой. Зарим нэг кино, хичээл татах үйлчилгээ үзүүлдэг сайтууд гар утсаар төлбөрөө хийх боломжийг бий болгосон байна лээ. Энэ сайн хэдий ч гүйцэт боловсронгуй болох болоогүй л байна. Дебит, кредит картны ялгаагаар төлбөр хийхээ байг, ядаж л үйлчилгээ үзүүлдэг бүх банкны данстай харьцаж чаддаг чадавхи хэрэгтэй шүү. Манайхан сүйхээтэй юм хойно удахгүй ийм болох биз.
Тэгэхгүй бол ядаж л интернэт ашигладаг хүн төлбөрөө “нэт”-ээр хийх бололцоогүй бол инээдтэй шүү дээ, хүмүүс ихэвчлэн үйлчилгээний хугацаа дуусах гэж байгааг анзаардаггүй. Дуусаад “нэт”-ийг нь тасалчихаар хараал зүхэл болоод гэрээгээ аваад нөгөө газар руугаа салгалдаг. Би тэдний нэг байсан, хоёр хоногийн өмнө мейлээр, утсаар, мессежээр ч болтугай мэдэгдээд төлбөрийн тухай сануулчих сэтгэл ч байхгүй, тийм программ ч байхгүй, дээрээс нь харилцааны соёл “умаахан” улсууд чинь бизнес хийх гэж зүгээр л самарч өгдөг. Гар утасны төлбөрөө хүртэл хотын замын түгжээнд “гүрээнийхээ судсыг гүрэлзтэл хүрэнтүүлж” очиж тушаадаг. Үйлчилгээ үзүүлж байгаа компани нь ч олигтой тайлбарладаггүй, үйлчлүүлэгч нь ч мэддэггүй. Тиймээс төлбөр тооцооны нөхцөл онлайн байхын чухал нь зөвхөн нэг талын асуудал биш юм. Сайтууд өөрсдөө ийм үйлчилгээнд бүрэн шилжсэний дараа хүмүүст зааж сургаж хэвшүүлэх тал дээр нийлээд ч болтугай анхаарах ёстой байх. Банкууд, гар утасны операторуудтай л ажиллах асуудал, тэрнээс тэр яам маам, төрийн нэр барьсан паразитууд хэнд ч хэрэггүй.
За тэгээд өөрийн вэбсайттай дэлгүүр бол шиппингийн үйлчилгээтэй сайтынхаа үйлчилгээг уях ёстой, ингэхээр хотын гэр хорооллыг байг, ядаж л байшин хорооллын хаягийн мэдээллүүд байх хэрэгтэй болно. Үүнийг нэг л хийчихвэл олон нийтийнх болчихно. Яг миний хэлсэн шиг, хүн утсаараа, лэптопноосоо бүхий л үйлчилгээг авах боломжийг хангаж өгч байж сая ашиг олж эхлэх учиртай. Сайт ажиллуулах арга, менежментийн талаар олон нийтэд зориулсан мэдээллийг орчуулахаас эхлээд хийх ажил ч их байна даа, ядаж байхад үнэгүй байх ёстой мэдээлэл. Интернэтийн орчинд ажилладаг, бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэдэг бизнесүүд өөрсдийн хэрэглэгчээ бэлтгэхгүй бол хүн ам цөөтэй манай орны хувьд бизнесийн хамрах хүрээ хязгаартай. Гэхдээ энэ нь юм л бол “төрөөс дэмжээд, төр засгийн дэмжлэгтэйгээр” гэдэг вирустсэн үг хэллэгэнд ороогдоод бай гэсэн үг биш. Угаасаа интернэт гэдэг чинь төрөөс даанч нэг хамааралгүй эд. Хурууны чинь үзүүрт энэ бүх боломж байж байна, байж байх ч ёстой юм, гэхдээ баагийнуудаа “жимд явахаа мартав”, шалхайгаад л унжаад, сүвээн дээр чинь давалгаалаад эхлэвэл за тэгээд авгай чинь гоморхоно, алхаа удаашрана цаашлаад амьсгаа давхацна шүү дээ.
Энэ бүх санал болгож байгаа зүйлс хэвшээд ирэхийн цагт сайтууд шинээр боловсруулсан контентаар л өрсөлдөх болов уу даа, мэдээний, уран зохиолын, улс төрийн, эдийн засгийн, мөн бүх хүмүүсийн “нууцаар” сонирхдог эротик элдэв төрлийн контентын тухай дараа бичье.

2011.05.05

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: