"ХӨХ Танхим"

June 9, 2011

The piece of cake…

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 4:01 PM

21-р зуун. Дэлхийн ихэнхи улс орнууд мэдээллийн технологид суурилсан эдийн засаг улс төрийн тогтолцоо нь бүрэлдэн тогтож, зүйрлэвэл бат бөх цайз хэрэм шиг хүчирхэг нийгмийг бүтээн амьдарч буй цаг үе. Бусад улс оронтой дайн хийх нь шууд утгаараа олон улсын хуулийн дагуу хориглогдож, эдийн засаг улс төрийн үл үзэгдэх бусармаг аргаар хөрш болон зэргэлдээх улс орнууддаа түрэмгийлэх, нөгөө талаар эдийн засгаар хараат болгон өөрийн “түүхий эдийн түшиц газар” болгох нь “зайлшгүй аюул гэмээр” болжээ.
Технологи хөгжсөнөөр угаас хязгаарлагдмал нөөцтэй байгаль дэлхийн баялаг улам хомсдож, хөгжиж байгаа болон хөгжлийн түвшингээр доогуур, ядуу буурай орнууд улс төр эдийн засгийн тэрхүү үл үзэгдэх “тоглоомд” шатрын хүүгийн үүрэг гүйцэтгэж, төр засаг, хууль тогтоомжтойгоо эрхшээлд нь орох нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ардчиллын нэр барьсан хүчирхэг гүрнүүдийн эдийн засгийн эрх ашгийг байгалийн хууль ч тогтоож чадахааргүй болжээ. Тэдэнтэй өрсөлдөх нь амиараа дэнчин тавьсан удаан хугацааны үхлийн тоглоомд оролцох лугаа адил болж, тэд иймэрхүү ядуу буурай орнуудыг парламенттай бол парламенттай нь, хаантай бол хаантай нь, Үндсэн хуультай нь, цэрэг армитай нь, улс төрийн лидерүүдтэй нь, хэрвээ байдаг бол урлаг спортын одуудтай нь, газар нутагтай нь хяналтандаа байлгаж, зүгээр л “бялууны хэлтэрхий” хэмээн тохуурхан ярьж бичиж байна.
Тэд хүчирхэг улс төрийн “изм”-тэй, маш их мөнгө, их арга зальтай. Тэд бүхнийг хянадаг, тухайн улс орны хууль тогтоомжоос эхлээд үндэстний түүх, соёл, уламжлал, харилцаа холбоо, бүр удам судрыг чинь хүртэл хянана. Мэдээж газар сайгүй байдаг ухаантны дүр эсгэсэн дутуу боловсорсон сэхээтнүүд ямарваа нэгэн “изм”-ийн нөлөөнд хялбархан автадгаараа тэдний хувьд амархан өгөөш болдог бөгөөд, улс төрийн дайны хамгийн хүчирхэг зэвсэг болох хэвлэл мэдээллээр хооронд нь хэрэлдүүлэх, нэгийг нь баатар болгож нөгөөг нь хүний ёсноос гадуур үзэгдтэл нь доош нь хийдэг нарийн технологи хэдийнэ олон арван янзаар боловсруулагджээ. Тоглоомын дүрмийг үргэлж тэд зохиох бөгөөд, тэдний эрх ашиг бол тухайн нөөцөөс хамаарсан удаан хугацааны эдийн засгийн дээрэм юм. Тухайн улс орон, үндэстний үзүүлэх эсэргүүцэл, реакцаас шууд хамаарсан тоглоомын дүрмийн нэмэлт өөрчлөлтүүд үргэлж бэлэн бөгөөд, шаардлагатай үед төрийн хуульд нь засвар хийх замаар өөрсдийгөө богино хугацааны дотор эрсдэлээс хамгаалах боломж хүртэл тэдэнд бий.
Том гүрнүүдийн харилцан ашигтай, тэгш эрхийн зарчимд суурилсан бизнесийн эрх ашгаас эрс ондоо иймэрхүү үйлдлүүд нь ихэвчлэн тэдний “дуулгавартай гүйцэтгэгч” болсон тухайн улс орны улс төрийн лидерүүдээр дамжин хэрэгждэг. Ийм технологи өнөөдөр ч манай оронд үйлчилсээр, ажилласаар, хоорондоо хэрэлдсээр, том гүрнүүдийн эдийн засгийн бүлэглэлүүдийн зуултанд улам бүр орсоор байна. Аливаа “изм”-д автсан, төрийн өндөр алба он удаан жил хашсан улс төрч бол форматлахаас өөр засвар авахгүй компьютер шиг болтлоо “хэцүүджээ”. Дэлхийн улс орнуудтай ижил тэгш харилцах олон улсын хуулийн болон ёс суртахууны эрх, боломж бололцоогоо өөрсдөө үгүйсгэж, үндэстний эрхэмсэг оршихуйгаа зөвлөх нэртэй олон улсын луйварчдын “дипломат дээрмийн”адагт тавьж, ямар нэгэн “изм”-д автсан улс төрийн харалган үйлдлээрээ өөрсдийн хөгжих бололцоогоо солих гэж оролддог ба ихэнхи тохиолдолд сольж чаддаг ч болсон байна.
Ийм луйварчдыг танихад маш амархан бөгөөд төрд удаан ажилласан, тодорхойгүй орлогын эх үүсвэрээр асар их мөнгөжсөн, үргэлжийн эх орон улс үндэсний эрх ашиг ярьж явдаг хүмүүс юм. 1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш төр засгийн өндөр албан тушаалуудыг он удаан жил хашсан дийлэнхи олонхийн хөдөлмөрийн дэвтэр, улсын татварын албанд мэдүүлсэн орлогын тайлан зэргийг харвал, төрийн нэр барьж дээрэм яаж хийдгийг, ардчиллын нэр барьж эрх ашгаа яаж худалдаж болдгийг, шинэ тутам бий болж байгаа зах зээлийг гадны луйварчидтай хэрхэн хуваан “монополчилж” болдгийг бэлхнээ харах болно. Тэд түншүүдийнхээ харилцаанд үргэлжийн “хоёрдугаарт” байдаг ч үүнийгээ нуух үүднээс дотооддоо өөрсдийгөө том болгож харагдуулах, сонгуульд байнга ялсан баатар болохын тулд асар их луйвар хийж мөнгө хаядаг. Кг махны үнэ мэдэхгүй мөртлөө, хаана ямар нөөцтэй уурхай байгаа, хэзээ ямар хууль батлагдах гэж байгаа, татварын өршөөлд хэзээ “apply” хийхийгээ гаргуун мэддэг.

Тэд улс эх орон гэж хиймэл дүр эсгэхээс илүү, шударга ёс, иргэний нийгмийн хяналтыг чухалчилж, үндэстэн сэргэн мандах тухай үзлийг цоо шинээр гарган тавьж буй шинэ үеийнхнийг хамгаас их үзэн ядаж, хэвлэлийн кампаничилсан ажлаар нам дарахыг оролдож байна. Дутуу боловсорсон, “форматлахаас” өөр аргагүй болсон эдгээр хүмүүстэй тэмцэл хийх гэж оролдож буй ядуу иргэдийн төлөөллийн хийрхэл, сэтгэлийн хөөрөл, гэнэн улс төр, уран зохиолын гэмээр улс төрийн контент нь тэдний хувьд амархан олз болж, доог тохуу, үл хэрэгсэх байдлынх нь суурь болоод байгааг ойлгох хэрэгтэй болжээ. Үнэндээ “ташуураа бариад босохын цагт хэнд ч дийлдэхгүй” гэдэг нь түүхэнд үлдсэн “хэллэг л” болохоос одоо цаг үед модон ташуур барьсан хэнийг ч ямар ч аргаар хялбархан буулгаж авч болохыг хэн ч мэдэх цаг. Гэвч морьтой жагсах, дээл өмсөх зэрэг нь аливаа нэгэн эрх ашигт харшлахгүйгээр барахгүй үндэстэнд байдаг үл үзэгдэх далдын хүчийг өдөөж, тэгш эрх, шударга ёсыг шаардах асар их хүчийг сэрээж байдгаараа улс төрчдөд томоохон аюул тарьдаг юм.
Тэдэнтэй яг тэдний аргаар, тэдний технологиор тэмцэхээс өөр аргагүй нь үнэн юм. Илүү нарийн зохион байгуулалттай, илүү нягт боловсруулсан “контенттой улс төр” хийхийг гудамжны жагсагчдаас, Магнайчуудаас, Мөнхбаяртангуудаас энэ цаг үе шаардаж байна. Тэр бол үндэсний үзэл, тухай үндэстэн дотор нуугдаж байдаг хамгийн эрхэм, хамгийн хүчирхэг нандин өв болох өвөг дээдсийн гэрээслэл. Энийг тухайн үндэстэн л ойлгох давтагдашгүй хэлээр, мах цус, эд эсээрээ уламжлуулан үлдээдэг ч байж магадгүй юм. Үүнийг орчин цагийн хэлнээ өөртөө болон бусад хүнд ойлгогдохоор буулгаж, хийж буй улс төрийн тэмцлийнхээ гол агуулга болгож байж үр дүнд хүрнэ. Өнөө цагт үндэсний үзэлтнүүд улам олширч, үндэсний өөртөө итгэл улам бадрахын хэрээр үндэсний үзэлтнүүдийг хараар будах, мушгин гуйвуулах, хэвлэлийн кампанит ажлаар намнах ажилд нарийн зохион байгуулалттай баг хөлслөн ажиллуулдаг болж байна.
Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг өөрсдийгөө сэтгүүлч гэж боддог, үзэг барьсан “жаалууд” юу хийж, ямар увайгүй үйлдлийн гар хөл, багаж хэрэгсэл болж байгаагаа мэдэх ч юм алга. Автобусны мөнгө, утасны нэгж, хуушуураа залгуулж байвал тэд юу ч бичихээс сийхгүй, эрээ цээргүй болчихож. Ийм тохиолдолд жагсагчид, хувьсгалчид илүү ухаалаг, илүү бат бэх, илүү олуулаа, илүү нарийн зохион байгуулалттай болж байж үр дүнд хүрнэ. Нум сум барьсан гэнэн хонгорууд өөрийгөө түүхэн баатрын дүр бүтээж байгаа кино од мэтээр төсөөлөн манараад явбал, амьдрал ч үгүй, морь ч үгүй, нум сум ч үгүй, эцэстээ шоронгийн хадаас болоод дуусах цаг хамрын чинь үзүүр дээр байна. Цаана чинь мөрдөн байцаагчийн асуултаас эхлээд, ялын төлөвлөгөө чинь хүртэл бэлэн байгааг ухаарагтун.

2011.06.09

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: