"ХӨХ Танхим"

July 25, 2011

Нутаг

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 11:53 PM

Төрсөн нутаг Дундговь аймгийн 70 жилийн ойгоор нутгаа санан хуваалцах дурсамж, сэтгэлийн үгээ бичив. Амьдарч буй хотоосоо нутгаадаа явах замыг харах санаатай гүүгэлдлээ. We couldn’t calculate directions between Pittsburgh, PA 15206 and Dundgovi, Mongolia гэнэ ээ. Коммпьютерийн программ бодож олж чадахгүй байгаа Хойд Номхон далай алгасан очих газраас дэргэд минь байгаа юм шиг л ойрхон санагдах нутгийнхаа тухай бодлоо хуваалцъя. Нутаг гэхээр л гэр орон, аав ээж, найз нөхөд, хүүхэд ахуй насны хамаг нандин дурсамж бодогддог. Гэхдээ энэ тухайгаа ингэж бичиж явсангүй, та ч бас үүнийг уншаад өөрийнхөө дурсамжийг бичээрэй.

Хааяа хааяа Мандалговийнхоо шороотой гудамжийг их санадаг юм. Модон хашааны өнгө, шорооных нь үнэр хүртэл сэтгэлд өег нутаг минь. Сэтгэлд байдаг нэг төрлийн тэжээл ч юм шиг, ядарсан тамирдсан цагт санаж дурсдаг нэг тийм нандин ертөнц гэвэл төрсөн нутаг минь л байдаг билээ. Аав ижий хоёр минь хэчнээн ч удаа үдэж өгч, хэчнээн ч удаа зам дээр машин саравчлан тоссон юм бүү мэд, анх оюутан болоод улаан модон хайрцаг өөрийн гараар урлаж, хувцсаа хийж аваад шуудангийн автобусанд сууж байснаас хойш мөн ч олон удаа нутагтаа ирж очжээ. Алхаа томорч, хилийн дээс алхсан ч сэтгэлд улам ойр болсон нутаг, Ижий үр хоёр минь амьдран суугаа нутаг, Маамуу нааш ир сурч, А үсэг заалгаж, Бүрдийн Уянгад шугам жагсаалд зогсож, орой унтахдаа Тавтай нойрсооройг дуулж явсан нутаг, Мөнгөн хонхны баяраа тэмдэглэн нулимс унагаж, сэтгэл догдолж байсан өлгий нутаг минь!

Аравдугаар ангиа арван гурвуулхнаа төгссөн нутаг, Эрдэнэчимэг багштай Хоёрдугаар арван жилийн Арвын “А” анги минь байдаг нутаг. Намрын спартакиадад багшийн “тушаал”-аар барилдаж байсан нутаг, “Мөнгөн утас”-тай Спорт заалны бүжгэнд ангийнхантайгаа орсон нутаг, дуучин Төмөрийг хүүхэд байхад нь дууны уралдаанд хамт орж байсан нутаг, Харангийн тоглолтыг үзэж даган дуулж явсан нутаг, Норовбанзад гуайн хөшөөн дээр очиж өлмийд нь сөгдсөн нутаг, Их Бага газрын чулуутай нутаг минь. Аль л нандин дурсамжийг минь яг өчигдөрхөн юм шиг тэр чигээр нь хадгалж байдаг нутаг. Долгорын Нямаа гуайтай улаан модон хайрцаган дээрээ нуруугаа нийлүүлж суугаад хот орж байсан нутаг, эмчийн тангараг гэж байдаг шиг багшийн тангараг зохиох юмсан гэж мөрөөдөж явсан нутаг. Тэмээн дээрээс наран ойрхон нутаг, Телевизийн дэлгэц дүүрэн тэмээний туулай хамартай нутаг.

Эхийн сүү шиг нутаг, Тодтойгоо өдрийн зусланд явж, баатарчуудын эгнээнд зогсож, пионерт элсэж явсан нутаг, аавдаа эрхэлж долоохон настайдаа сургуульд орсон нутаг. Бурханы оронд одсон аав минь Жаран жилийн түүхийг нь бичилцсэн Сайнцагаантай нутаг. Том ахынхаа пянз тоглуулагчийг эзгүйд нь хамгийн чанга дээр нь тавьж сонсдог байсан нутаг, Монголын радиогоос ярьж байна, Улаанбаатарт 6 цаг гэхээр өглөө болдог байсан хүүхэд ахуй үеийн амар амгалангийн орон – Зүрхний хайртай нутаг минь. Зулайг нь гишгэж төрсөн ганц эгчийнхээ нуруун дээр өссөн нутаг, Баянаагаа турникэн дээр “гар могой орооход” нь атаархаж зогссон, цэргээс бичсэн захиаг нь уншаад өмөлзөж суусан нутаг, Жагай ахыг цэрэгт явахад нь онгоцонд нь дагаад орчихмоор санагдаж, бушуухан том болох юмсан гэж мөрөөдөж явсан нутаг. Аав ээж хоёрыгоо томилолтоор хөдөө ажиллаж байхад нь хэдүүлхнээ цагаан сар тэмдэглэж, идээгээ өрөх гэж хөглөж явсан нутаг, хэвийн боовны гурил нухаж, цагаан сарын буузны гурил элдэж, аавынхаа монгол гутлыг өмсөж амбаараас хэвийн боовоо оруулж яваад босгондоо таварцаглаж унасан нутаг. Олз омог дуудсан ерөөл сонссон нутаг. Ижий минь залуухан, эгч минь хонгорхон явсан нутаг…

Бүх хүнийг нь таньдаг миний төрсөн нутаг, бүх хүн нь намайг аав ээжээр минь овоглож дууддаг нутаг. Хар овоон дээрээс алган дээр тавьсан юм шиг харагддаг нутаг, халуун залуу насын алдаа оноо бүхнээ хуваалцсан, хамгаас дотно газар шороо зориод очих нутаг минь. Мангасын аманд гулгаж тоглон хүүхэд насаа үдсэн нутаг. Зүүн цагаан дэлгүүрийн босгыг мөн ч их элээсэн нутаг, хүүхдийн зуслангаас буцахдаа улаан галстукаа холбон автобусны цонхоор хийсгэж дуулан хөгжилдөж явсан нутаг минь. Мөнгөгүй ядуу оюутан байхдаа аавдаа уншуулах гэж хуучин сонин зөөж явсан нутаг, өвлийнхөө амралтаар зуны пүүзтэй шуудангаар ирж ижийгээ уйлуулж явсан нутаг. Мордож буй улаан дээлтэй өвгөдтэй Монголын их амар амгалан нутаг, дуулсан дуугаа дахиж дуулдаггүй омголон найртай, дуучин алдрыг хүн болгон нь тээж яваа нутаг, дуу хуурын өлгий нутаг минь!

6 Comments »

  1. Unshihad saihan bailaa batjaa. Duulsan duugaa dahij duuldaggui omgolon nairtai, duuchin aldriig hun bolgon ni teej yavaa nutagtaa hezee ireh ve?

    Comment by Norovoo — November 18, 2011 @ 8:47 AM

  2. Сайхан болжээ. Гэртээ хариагүй удаад тэр юм уу уншиж суухдаа өөрийн эрхгүй нулимс унагалаа.

    Comment by Tsoglogmaa Tsogtsaikhan — November 18, 2011 @ 5:01 AM

  3. Сайн байна уу багшаа?
    Сайхан бичсэн байнаа.
    Амжилт

    Comment by turuu — November 18, 2011 @ 4:36 AM

  4. үзэж байна аа, Рааш гуайн ярилцлагыг харлаа

    Comment by batjargaln — July 31, 2011 @ 11:15 AM

  5. Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд . TV
    9-өөр шууд дамжуулж байгаа аймгийнхаа наадмыг үзэж бнуу

    Comment by Nara — July 29, 2011 @ 11:57 AM

  6. ih tanil, saihan saihan bichleg bolson baina.

    Comment by mandakhbat — July 27, 2011 @ 10:43 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: