"ХӨХ Танхим"

September 16, 2011

Энхбаяр . . .

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:31 PM

Дуучин Жавхланг хэвлэлүүд гөвөөд байхаар нь дуунд нь дуртайгаасаа болж нэг удаа өмөөрч бичиж билээ. Сүүлийн үед ийм хэвшил үе үе сэдрэх болж. Хамгийн их гөвүүлдэг, гөвүүлэх ёстой нэг хүний тухай бичмээр санагдаад болдоггүй.
Бараг саяхан даа, 65 хувийг нь Ц.Элбэгдорж гэдэг хүн эзэмшдэг Оллоо.мн сайт дээр саяхан тавигдсан нэгэн нийтлэлд ингэж дурджээ. “Энхбаяр бол маш сонирхолтой судлагдахуун, нэгэн цоо шинэ vзэгдэл юм хэмээн нэгэн хvн тодорхойлсон байдаг. Тэр улам шинэ болж, тvvнтэй тэмцэх, єрсєлдєхийн тулд ихээхэн хvч шаардагдах боллоо” гэж. Уг нь Энхбаяр нэртэй олон хүн бий. Бүр миний танилууд, найз нар дотор ч хэд хэд бий. Гэхдээ өнөөдөр Энхбаяр гэхээр нэг л хүнийг ойлгодог нь ёс юм шиг болж. Дээхнэ үед нэг ийм онигоо сонсож байсан юм. Буухгүй нисээд байвал хятад кино, буудалцаан ихтэй бол америк кино, нэг хүн олон хүнийг зодож байвал солонгос кино, олон хүн нэг хүнийг зодож байвал монгол кино гэж. Яг энэ дүрслэл шиг монголын бичиг үсэгтэй, өөрийгөө ухаантай гэж боддог нь ч , улс төрч гэж боддог нь ч Энхбаяр гэдэг ганцхан хүнийг л гөвөх юм. Ганцаараа үлдлээ, хаягдлаа, мөрөөдөж байна, албан тушаалын шуналтай, авилгачин хулгайч… энэ мэтээр тоочоод байвал хэвлэлүүд Энхбаярын тухай бичиж амьдардаг болов уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр. Хүн амаа тоолохоос эхлээд ядаж ганц хүүхдийн эмнэлэг барих гэхчлэн Энхбаяртай хийх тэмцлээс илүү чухал ажлууд энэ улсад олон л баймаар. Гэвч төрийг шахаж шаардаж, ажлыг нь хийлгэхээс илүү Энхбаяртай хийх тэмцэл л илүү чухал аж.
Энхбаярын “тухай мэт” бичих болсон шалтгааны нэг нь энэ гэлээ ч Энхбаяр гэдэг улс төрчийг хэрхэн дүгнэх нь хорин жилийн настай Монголын ардчилалд дүгнэлт хийх нэг “өнцөг ч” байж болмоор санагддаг. Түүнчлэн ардчиллыг өмчлөх гэж үргэлж оролддог ардчилсан хүчнийхэнд, ялангуяа ардчилсан хүчний лидерүүдэд өгөх дүгнэлт ч бас мөн. Учир нь Ардчилсан намд Энхбаяр шиг намын дарга хэрэгтэй учраас, намаа сонгуульд ялуулчхаад, хүссэн хүнээ дуртай албан тушаалд нь тавьж чаддаг намын дарга хэрэгтэй байгаа учраас тэр. Мэдээж, нөгөө л хэлтэй амтай хэсэг нь долигонуур, Энхбаярын гар хөл гэж энээ тэрээгээр нь дуудах биз. Энхбаяр захиалгаар бичүүллээ гэх биз, гээд яахав бодсон санаснаа хэлдэг, бичдэг боломжийг Энхбаярын захиалгаас илүү мэдээллийн технологийн хөгжил л хүмүүст өгч байгаа нь бас худал биш юм хойно. Харин Монголын ардчилалыг хорин жилийн түүхэнд нь Энхбаяр ба бусад нь гэсэн хуваагдалд 10 гаруй жил хөтөлж явсан Энхбаяр гэж яг хэн юм бол гэдэг бодол миний дотор их сонин байдаг юм. Ямар ч гэсэн тэрээр Ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн 12-т нь “улс төрийг бүрэн засаглаж” чаджээ.
Улс төрчдийн “хийж чадаагүй, яг хийх гэж байсан” бүх л сайн сайхан зүйлийнх нь “хийгдээгүй шалтгаан” гэж ад үзэгддэг энэ хүн улс төрийн эрх мэдэлд бодитоор 1997 оноос эхлэн хүрч, өөрийн орон зайгаа бий болгож эхэлж. Өмнө нь Жасрай гуайн Засгийн газарт Соёлын сайдаар ажиллаж, 1997 онд намын даргаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа УИХ-ын нөхөн сонгуулиар намынхаа нэг суудлыг хадгалан их хуралд орж ирж байж. Тэр үеийн МАХН бол албан ёсоор сонгуульд ялагдсан нам байлаа. Сонгуульд ялагдсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, их хуралд орж ирээд намын бүлгээ ахлан ажиллав. Том нам түүхэндээ анх удаа сонгуульд ялагдсан мэт боловч, үнэндээ улс төрийн эрх мэдлээ алдаагүй байсан цаг. Ямар ч байсан намын бүлгээ эрх баригч хүчний бүлэгтэй нийлүүлэн, тэр үеийн Ардчилсан Холбоо эвслийн “бүлгийн орлогч дарга” болоогүй юмдаг. “Ардчилсан Холбоо эвслийн орлогч дарга бөгөөд МАХН-ын дарга” Энхбаяр гэж хэлүүлвэл намын нөхөд нь амьдаар нь тас татах байсан биз, гэхдээ түүний хувьд ийм зүйл хийгээгүй, харин манай Ардчилсан намын хувьд ийм үйлдлийг “шийдэл” гэж нэрлэдэг, бодвол барууныг шүтдэг ухаалаг удирдагчдынх нь бодож олсон нэр томъёо байх.
Энхбаярыг мэддэг мэддэггүй их олон хүн түүний тухай сайн муугаар хэлж бичсэн дээ, үндэсний удирдагч, Монголын сүүлчийн “хаан” гэхчлэнгээр ёжтой, ёгтлолтой олон талаас нь дүгнэсэн байдаг юм билээ. Хэзээ ч уулзаж байгаагүй, сонин хэвлэлээс л зургийг нь харсан, телевизээр л ярьж байхыг нь сонссон хүнээ ингэтлээ их үзэн ядах нь өнөө цагт зүгээр л нэг төрлийн “солиорол” ч байж магадгүй. Улс төр гэж юу юм гэдгийг ойлгож амжаагүй байсан 90-ээд оны дунд үед улс төрийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, өөр өөрийнхөөрөө хийж байсан үе. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой гэсэн ойлголт ч манайханд эмх замбараагүй, эрх мэдлийн төлөөх чимээгүй дайныг эхлүүлсэн. Хэрвээ тийм байсан бол 2004 онд Ерөнхий сайд хэн болох байсан тухай асуудал нь улс төрийн маргаан яахын аргагүй мөн байсан. Хэрвээ хууль ёсыг дээдэлдэг улс орон бий болгох гэж, хуулийн хэрэгжилтэнд суурилж ажилладаг улс төрийн зарчмыг бий болгох гэж байгаа бол улс төрийн хариуцлага гэдэг юманд суралцах ёстой байх. Саяхныг хүртэл бараг нэг ч удаа сонгуульд ялж үзээгүй Ардчилсан намын үе үеийн удирдлагууд болж бүтэхгүй байгаа бүхнийг, тэр дундаа сонгуульд ялагдсан шалтгаанаа хүртэл өөрсдийн сонгуулийн менежмент, сайн ажиллаагүйтэйгээ бус эрх баригч намын дарга Энхбаяр гэдэг ганцхан хувь хүн рүү чиглүүлэн зэмлэх нь улс төрийн хариуцлагаас мултрах л арга төдий харагддаг юм. Түүнээс, зохион байгуулалт, итгэл үнэмшил, нам доторх нэгэн зорилгын төлөөх хатуу дэг журмыг үнэндээ бий болгож чаддаггүйгээ юугаар ч зөвтгөж чаддаггүй билээ.
2000 онд МАХН УИХ-ын 76 суудлын 72-ыг авав. Хувьсгалт нам луйвардсан, тогтолцоо нь буруу байсан, сонгогчдыг хууран мэхэлсэн гэж олон хүн буруутгаж боддог. Гэхдээ яаж ч дүгнэсэн энэ бол цэвэр ялалт. 76-д 25 байсан суудлаа 72 болгож байгаа ялалтыг цэвэр ялалт л гэж хэлнэ. Манай Ардчилсан намынхан дургүйдээ хүлээн зөвшөөрч чаддаггүй юм, түүнээс ухаантай хандвал хүлээн зөвшөөрөх ёстой ялалт, тэгээд ч болоод өнгөрсөн түүх юм. Ардчилсан Холбоо эвслийн нэр хүнд, Зоригийн хэрэг, банкны хямрал гээд “сонгуулийн кампанит ажлын эргэлтэнд” зөв оруулж чадвал сонгогчдод нөлөөлж чадах олон хөзөр МАХН-ын талд байсан, Энхбаяр ч тэрийг сайн эргүүлсэн, үнэмлэхүй ч ялсан. Одоо болтол судалж үзэх гэж ч оролдоогүй энэ ялалт бол орчин цагийн Монголд сонгууль удирддаг хүмүүс бэлтгэгдэж буйн шинж гэж дүгнэж болохоор амжилт гэж би боддог. 1996 онд Ардчилсан Холбоо эвслийн сонгуулийн менежер Энхсайхан 6 байсан суудлыг 50 болгосон. Зөв ухаалаг менежмент хийхгүй бол ямар ч давуу талыг хормын төдийд алдаж болдгийг улс төрд хал үзсэн хэн ч сайн ойлгоно. “Жүдогийнхон бол бүр яс махандаа шингэтэл ойлгодог, учир нь сүүлийн тавхан секундэнд цэвэр ялагддаг учраас тэр”.
Энэ утгаар нь харвал Энхбаяр хүлээн зөвшөөрөхөөр сонгуулийн менежер мөн үү гэвэл мөн. Энхбаярыг далд үгээр дандаа “гөвдөг” Багабанди гуай сонгууль удирдаж байсан уу үгүй, Элбэгдорж, Баабар, Бат-Үүл, Амаржаргал, Да.Ганболд нар сонгууль удирдаж байсан уу, үгүй, намын дарга бол байж үзсэн. Тэр байтугай ардчилсан намын лидерүүдээс Гончигдоржийг эс тооцвол төрийн өндөр албан тушаалыг бүрэн эрхийнхээ хугацааг дуустал хашч үзээгүй нь бодит үнэн үү гэвэл үнэн. Элбэгдорж Ерөнхий сайдыг 3 сар, үүрэг гүйцэтгэгч долоон сар, сүүлд нь Ерөнхий сайдаар жил зургаан сар, Баабар Сангийн сайд гурван сар, Да.Ганболд их хурлын гишүүнээр 4 жил бөгөөд Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшигч гээд төрийн өндөр албан тушаалыг бүрэн хашсан улс төрч манай Ардчилсан намынханд цөөн байдгийн учрыг бодож үзэх хэрэгтэй байх, эсвэл шалтгаан нь Энхбаярт байдаг байх. Тус бүрдээ мундаг хүмүүс мөн үү, мөн, гэхдээ Энхбаяр шиг амжилт гаргасан уу улс төрд, үгүй. Өнөөдрийн айхтар өрсөлдөөнтэй цаг үед бол цаашдаа ч үгүй биз…

Улс төрийн нам төрийн эрх мэдлийн төлөө зүтгэдэг мөн чанартай л юм бол Энхбаяр зүтгэсэн үү, зүтгэсэн, төрийн эрх мэдлээ авсан уу авсан, авах авахдаа улс төрийн эрх мэдэлтэй нь хамт авсан, ингэж байж үнэмлэхүй засаглаж чадсан юм. Үүнээс цааш хэзээ ч түүний амжилтыг ямар ч луйвар, ямар ч шударга ёс яриад давтаж чадахааргүй авч байж. Тэр Хувьсгалт намынх л байсан болохоос монголын ардчилсан хувьсгалын жилүүдэд төрж гарсан хамгийн “лаг” сонгуулийн менежер мөн үү гэвэл гарцаа байхгүй мөн. Монголд сонгуульд ялдаг хэдэн менежер байна, Ардчилсан намаас Энхсайхан, Хувьсгалт намаас Энхбаяр л байна. Гэхдээ Энхбаярын амжилт нь илүү том бөгөөд бат бэх байлаа. Өөр монголд хэн нам удирдаад сонгуульд ялуулж байсан юм, Элбэгдорж ялуулж байсан уу үгүй, Баяр ялуулж байсан уу үгүй, Багабанди ялуулж байсан уу үгүй. Харин Алтанхуяг хаа очиж Энхсайханы амжилтыг давтаж Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулсан гавъяа эдлэхюм даа, гэвч манай Ардчилсан намынхан сонгуульд ялсан менежерээ булгиад хаячихдаг “эмгэгтэй” улс.
Энэ талаас нь харвал Энхбаяр бол өөр байж, 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд 2009 онд Ерөнхийлөгчийн ажлаа өгтөл тэр хүнд төрийн том, жижиг бүх тамга атгаастай явлаа. Монголд намаа сонгуульд үнэмлэхүйгээр ялуулаад “хаан” гэж цоллуулж, хаан шиг засаглаж явсан улс төрч байна уу, Энхбаяраас өөр. Энэ амжилт, энэ түүх рүүгээ шороо өвс цацаж байгаа улс төрийн намынхны ирээдүй цаашдаа яах нь надад үнэндээ хамаа алга. Ийм улс төрийн капиталаа үнэгүйтүүлсэнээрээ түүний хуучин хамтран зүтгэгчид өөрсдөө “үнэгүйтэж ч” мэдэх юм. Сонгуульд ялчихаад нэрээ сольдог улс төрийн нам дэлхийд байдаггүй байх. Орсон сонгууль болгондоо ялж байсан сонгуулийн менежер л лав ийм тэнэг юм хийхгүй нь ойлгомжтой.
Улс төрд байгаа хэн бүхний хүсч мөрөөддөг, заримынх нь хувьд хэзээ ч үл хүрэх оргилууд дээр амьдарч байсан хүн бол Энхбаяр. Оргилд байхад нь түүний нэрийг сонсоод долигонон гүйдэг, алга ташдаг, дагжин чичирдэг, хорсон тэчъяаддаг хүмүүсийн тоо ямар олон байж вэ. Тиймээс ч тэр хүчтэй, эрх мэдлийг атгасан шиг атгаж байж. Дэлхийн улс орнуудад ерөнхийлөгч, парламентын дарга, ерөнхий сайдын албыг нэг жилийн дотор цувуулан хашсан улс төрч бодвол байдаг л байх, манайд Энхбаяраас өөр хүн алга. 2008 оны 6 сард УИХ-ын ээлжит сонгууль болж байхад тэрээр Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашч байлаа, энэ сонгуулиар нам нь өмнөх сонгуулиар авсан суудлаасаа цөөн суудал авсан ч тэрээр УИХ-ын даргаар сонгогдсон. Элбэгдоржийн хэлсэн нэг сүрхий үг байдаг, “эхлээд нам дотроо хүлээн зөвшөөрөгд” гэж, тэр хүлээн зөвшөөрөгдөж чадаж байж. Хойтон жил нь, 2009 оны таван сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар гурван нэр дэвшигчтэй өрсөлдөн Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан юм. Гурван намын дарга, гурван их хурлын гишүүн, Монгол улсын анхны Ардчилсан Засгийн газрын Ерөнхий сайд байсан хүнтэй өрсөлдөж байж Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Хэдийгээр арга бааштай, луйварчин, хулгайч авилгачин гэж элдвээр хэлүүлсэн ч гэлээ энэ улсад байдаг улс төрийн сөрөг хүчинтэй тэрээр улс төр хийж байж л энэ бүхэнд хүрсэн шиг билээ. Харин Ардчилсан намынхан маань хаана яваад байна аа?!
Харин өнөөдөр тэрвээр жирийн “иргэн Энхбаяр”. Төрд ямар нэгэн албан тушаал эрхлээгүй ч, төрийн өндөр албан тушаалтан бүхний хорсол заналыг төрүүлсэн, хорон үгийн бай болсон “иргэн Энхбаяр”. Өмнө нь “хаан Энхбаяр” ба бусад нь байсан бол өнөөдөр “иргэн Энхбаяр” ба бусад нь гэсэн хуваагдалд монголын улс төрчдийг оруулж байгаа “улс төрч Энхбаяр” болж. Тэр бол сонгууль удирддаг намын дарга, их хүчтэй байсан, амжилт нь бат бөх байсан намын дарга, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
2011.09.16
Үргэжлэл бий.

1 Comment »

  1. Социализмын үзэл баримтлал буруу байсан уу, эсвэл, хэрэгжүүлэлт нь гажуудсан уу ? Юутай ч Монголын нийгэм социализмаа татан буулгачихаад “Бид яаж аж төрөх ёстой вэ ?” гэдэг асуултанд хариу олж чадахгүй сандралдаж байхад нь “Бид төв байдлаар төвхнөнө” гэх аястай үзэл баримтлал дэвшүүлж Н.Энхбаяр ард олны талархлыг олж авч чадсанд нь түүний хүч оршиж байсан байх… Гэвч тодорхой хүчин үйлчилж хэрэгжүүлэлтийг нь бас л гажуудуулж орхисон… Харин одоо “Бид гажчихсан байна” гээд … хаашаа нь бүү мэд … өөр нэгэн тийшээ зүтгээд л байх шиг…… Гэтэл та нарын зүтгээд байгаа зүгийг “Гуманитаризм” гэж нэрлэвэл зохимжтой гээд Харь гаригийнхан хэлчихсэн байх юм даа. “Харь гаригийнханы захиас” номыг дэлхийн бүх хэлээр шамдан судалж байгаа ажээ. http://mn.rael.org/download.php

    Comment by Т.Минжүүр — October 27, 2011 @ 12:05 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: