"ХӨХ Танхим"

November 30, 2011

Үндэсний “булчин”-гийн өрсөлдөх чадвар ба Үндэсний үзэл

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 11:37 PM

1. Азийн тулааны урлаг ба Кино

Хүүхэд байхдаа Брюс Лигийн тоглосон олон гоё кино үздэг байлаа, хүүхэд ахуй насны минь хамгийн гоё мөчүүд. Түүнээс өмнө тулааны урлагийг кино дэлгэцнээ хэрхэн харуулдаг байсныг сайн мэдэхгүй юм, лав л интернэтээр хайж үзэхэд тухайн цаг үедээ Брюс Лигийн тоглосон кинонууд шиг үзэгчдийн сэтгэлд хүртэл тулааны урлагийг харуулсан нь ховор байна. Тулааны гарамгай мастер, хамгийн гол нь эр хүний төгс сайн шинжийг бүгдийг нь агуулсан эрийн дүрээр кино дэлгэцнээ мөнхөрсөн түүнд дургүй үзэгч гэж цөөн байх. “Манай талын эр” ганцаараа маш олон хүнтэй зодолдоно, дандаа дийлнэ. Мэдээж кино учраас эерэг талын баатар маань бүх зүйлийг “яг зөв” хийнэ. Ийм гоё кино үзсэний дараа төрж буй мэдрэмж шиг сайхан зүйл үгүй. Түүн шиг болохыг хүсч тэмүүлж, бяр ч амтагдах шиг, хэнтэй ч “үзчихмээр” санагдах үе зөндөө байлаа. Киног хүмүүст тэгж нөлөөлөх гэж ч хийдэг байсан байх, түүнээс хойш олон жил өнгөрчээ. Киног ойлгож үзэхийг хичээдэг болж, бас үзэхээс гадна “киног уншдаг” болсон байна. Энэ хугацаанд дэлхийн кино урлагт ч бас олон өөрчлөлт гарч, ялангуяа “Брюс Ли баатрын” маань залгамжлагчид ч бас хэд хэд өөрчлөгдөөд авч.

Тэдгээр залгамжлагчидаас Хятадын үндэсний тулааны болон бие хамгаалах урлагийг киногоор дамжуулан дэлхий дахинаа амжилттай сурталчлан таниулсан жишээ маш олон бий. Жүжигчин Жет Ли бие хамгаалах урлагийн мастеруудын түүхэн дүр төрх, тулааны урлагийн аюултай, бодитой, гарамгай шинжийг кино дэлгэцнээ харуулж байгаа бол, холимог тулааны мастер Хонконгийн жүжигчин Донние Йен бие хамгаалах урлагийг Хятад үндэстний бахархал талаас нь харуулж олон гоё кино бүтээжээ. Бие хамгаалах урлагийг найрсаг, хөгжилтэй инээдмийн хэлбэрээр үзүүлж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан кино ертөнцөд хөл тавьсан хүн бол та бидний сайн мэдэх Жаки Чан. Бие хамгаалах урлаг бол зөвхөн зодоон цохион биш, нийгэмд хүмүүс хоорондын харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй амьдралын нэгэн хэв маяг гэдгийг харуулсан түүний кино бас л дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ.

Эдгээр жүжигчдийн дотроос Хятадуудын хувьд бие хамгаалах болон тулааны мастеруудын кино урлагт орох замыг нээж, дэлхийн зах зээл дээр гарах эхлэлийг тавьж өгснөөрөө “манай талын Брюс Ли баатар” бол яалт ч үгүй “бодит баатар”. Мөн түүнчлэн үндэснийхээ тулааны болон бие хамгаалах урлагийг барууны кино ертөнцөд дэлгэрүүлж, түүгээр дамжуулан Хятадын соёлын нөлөөг дэлхийн олон улс оронд бий болгосон хүн. Түүний үндэслэсэн “житкундо” хэмээх урсгал нь Хятадын уламжлалт тулааны урлагийг орчин үеийн барууны орнуудад хөгжсөн бие хамгаалах урлагийн элементүүдээр баяжуулж, дайчин зориг, эрэмгий шинж, бие бялдарын болон ёс суртахууны төлөвшлийн чухлыг үзүүлснээрээ үндэстнийхээ түүхэнд үнэтэй байр суурь эзэлдэг. Тэрээр бүжигчдээс дутахгүй уран гоёмсог хөдөлгөөнтэй, булчин шөрмөс нь зангирсан, харилцаа ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй, хэзээ ч эхэлж хүн рүү дайрч довтолдоггүй, төгс эр хүний шинжийг харуулсан эерэг талын баатрын дүрээр хэчнээн сая өсвөр насныхны “мөрөөдлийн баатар” болсныг тоочивч баршгүй. Бидний багачуул ч ялгаагүй эрүүл чийрэг, булчин шөрмөс сайтай, сайн “үзэлцдэг”, мундаг баатрынх нь хувьд татагддаг, түүгээрээ ч сэтгэлд хоногшин үлдсэн билээ.

Брюс Лигийн багш, Хятадын бие хамгаалах урлагийн сонгодог төлөөлөгч Иф Мений амьдралаас сэдэвлэн бүтээж, жүжигчин Донние Йены гол дүрд нь тоглосон “Иф Мен I, II” хэмээх цуврал кино нь ихээхэн амжилт олж, 2008 онд оны киногоор шалгарч олон сая үзэгчдийг байлдан дагуулж байна. Энэ киноноос төрсөн Ази Дорно дахины улс орнуудад олон зуун жилийн турш хөгжиж, үеэс үед уламжлагдан ирсэн тулааны урлагийн мөн чанар болоод улс үндэстний бахархал, үндэсний үзлийн тухай сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж байна. Чингэхдээ аливаа нэг улс орныг дөвийлгөн магтах, шилдгийг тодруулах, өөрийн улс үндэстнээ харлуулан будах мөчид бодол агуулаагүй бөгөөд “Авах гээхийн ухаан” Монгол хэлтэн хэн бүхэнд бий билээ…

2. Азийн орнууд дахь Тулааны урлагийн мөн чанар

Мэдээлийн гэгдэх өнөөгийн дэлхий ертөнцөд улс орнууд дайн дажингүй, энх тайвнаар зэрэгцэн орших туйлын хүслэнтэй. Улс хоорондын хил хязгаараас эхлээд, нийгэм улс төр, эдийн засаг, соёл хоорондын харилцааг засан тохинуулсан, зохицуулан эерүүлсэн хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрүүд ч олныг батлан мөрдөх аж. Энэ нь улс бүрийн харилцан хүндэтгэлтэй, тэгш эрхийг баталгаажуулж өгдөг боловч зарим талаар бүр тухайн улс үндэстний “оршин тогтнох боломжийг ч” баталгаажуулж өгдөг. Гэвч түүх сөхвөөс үзэгдэх болон үл үзэгдэх, зөвхөн тухайн улс үндэстэнд л хадгалагдан үе дамжиж явах, үүх түүх, өвөг дээдсээс уламжлан ирсэн сургаал гэрээслэл бол хамаг бүхнээс илүүтэй үндэстний оршин тогтнох баталгааг хангаж өгдөг юм. Энэ нь тухайн үндэстний аж төрөх ухаан, амьдралын хэв маяг, оршин суугаа газар нутгийн онцлогоос хамаарсан дадал зуршил, үеэс үед боловсронгуй болгон хөгжүүлж, үр хойчдоо уламжлуулан үлдээж ирсэн “түүхэн өв” юм. Ертөнцийг танин мэдэх арга ухаанаас эхлээд идэж уух, өмсөж зүүх хүртэл олон юмаараа Өрнө дахины улс үндэстнүүдээс өвөрмөц ялгаатай Ази Дорно дахины улс орнуудын хувьд бие хамгаалах урлаг бол тухайн үндэстний түүхэн үзэл сургаалийг тээж, “тухайн үндэстнийг бүтээж, түүхнээ өртөөчлөн авч ирсэн” нэгэн нандин өв нь юм.

Японы карате, Солонгосын таеквондо, Хятадын кунг-фу, Тай бокс гээд бүрэн эзэмшсэн тохиолдолд ямар ч бэрхшээлийг даван туулах боломжтой, боловсронгуй системтэй, хурд хүчний төгс зохицуулалттай, өөрийн философитой, тодорхой үзэл баримтлалтай тулааны арга мэхүүд нь ёс суртахуунаар удирдагсан цагт дийлдэшгүй хүчин болж хувирдагийг түүхээс бэлхнээ харж болно. Үүнийг өдөр тутмын амьдралынхаа хэвшил, дадал зуршил болгох нь төрийн албан ёсны хууль тогтоомж, тушаал шийдвэр гэхээсээ илүү хувь хүний ухамсар дахь итгэл үнэмшил, өвөг дээдсийнхээ үүх түүхэнд хандах гүн хүндэтгэлээр үеэс үед дамжуулан хадгалж өнөөг хүргэжээ. Хамгийн гайхамшигтай нь энэхүү өвөг дээдсийн нандин өвөө амьдралын өдөр тутмын дадал зуршил, амьдралын хэв маяг болгон хөгжүүлж, үндэстнийхээ анхаарлын төвөөс холдуулалгүй авч яваа улс орнууд өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр хүчирхэгжин өсч өндийж буй явдал юм. Хятад болон Япон улсууд нь дэлхийн эхний тавд орох томоохон эдийн засаг гэдэг нь үүний тод жишээ байж болох юм. Хятадын кунг-фу, Японы каратегийн гайхамшгийг өнөөдөр дэлхий нийт мэднэ, хэдэн зуун саяар тоологдох хүмүүс энэ гайхамшигт урлагаар хичээллэж байна. Дотроо маш олон урсгалтай, өөр өөрийн онцлог философитой эдгээр тулааны арга мэхүүд ёс суртахуун бие бялдрын хүмүүжил олгох талаасаа ч, биологийн хувьд эрүүл амьдрахуйн талаасаа ч хүний биед ашиг тустай, хувь хүн хүчирхэг байх бүхий л боломжийг бий болгож өгдгөөрөө үнэлж баршгүй ашиг тустай. Үүгээрээ тэжээгдэж тухайн үндэстэн бүхэлдээ хүчирхэг, бүр нэгж хувь хүн бүр хүчирхэг байх боломж нь бүрдэж өгдөг байна.

Эрүүл аж төрөх, “байгальд ойр амьдрах”, харилцаа ёс суртахууны өндөр төлөвшилтэй болох, тэвчээр хатуужилтай байж бэрхшээлийг даван туулах, “өөрөө өөртэйгээ тэмцдэг зуршил бий болгох, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах гэхчлэн тоочвол тулааны системтэй урлагийн спортын бусад төрлүүдээс ялгарах онцлог, давуу чанарууд маш олон бий. Энэ талаас нь харвал үндэстэн бүрийн ёс суртахуун, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн бие хамгаалах урлаг, түүний харьцаа хандлага нь өнөөгийн дэлхий ертөнцийн улс орнуудын хоорондын харилцааны жишиг маяг, нэгэн төрлийн хэмжүүр болж байгааг таньж мэдэх, “уншиж ойлгох” цаг үеийн түүхэн хэрэгцээ шаардлага бидэнд бий. Бизнесийн нэгдүгээр дүрэм бол “оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах” гэж байдаг гэнэлээ. The number one rule of the business is “protect your investment”. Тэгвэл тулааны урлагийн нэгдүгээр дүрэм бол довтлолт хамгаалалт хоёрыг нэгэн зэрэг хийх явдал юм. “Attack and Defend in one motion”. Утга төгөлдөр биш гэжүү.

Японы каратегийн мастеруудын дунд довтолсноос хамгаалж сурсан нь илүү дээр гэх үзэл ихэд түгсэн байдаг. Үүнийг бизнесийн хэлэнд хөрвүүлж ойлговол, “хил”-ийн чанадад хөрөнгө оруулахаас илүү дотоодын зах зээл дээр “Номер нэг” болох явдал гэж ойлгож яагаад болохгүй гэж? Дэлхийн электроникийн хөгжлийн түвшинг тодорхойлдог тус улсад дотоодын зах зээл дээрээ хүчтэй байр сууриа олж чадвал дэлхийн зах зээлд гарлаа гэсэн үг. Улс төрч, бизнесмен, инженер эдийн засагч гээд хэн ямар мэргэжилтэй, хэдэн настай, эрэгтэй эмэгтэй байхаас үл хамааран бие бялдрын, ёс суртахууны “дотоод тэжээл” нь болж байдаг тулааны урлаг бол харилцааны чухал төвөлшил олгодгийг энэ жишээнээс харж болно. Хорьдугаар зуунд Азийн төдийгүй дэлхийн олон үндэстний бие хамгаалах урлагийн хөгжилд олон өөрчлөлт гарч, амьдралын хэв маягаас гадна тоглоом наадам, уралдаан тэмцээний шинж чанарыг ч өөртөө агуулан хөгжжээ. Гэхдээ бие хамгаалах урлаг бол “амьдрахуйн хэв маяг” гэдэг үндсэн шинжээ огтхон ч гээгээгүй билээ.

3. Тулааны урлаг ба Үндэсний үзэл

Өрнийн мэргэд “Аливаа төр оршин байх үндсэн гурван нөхцөл буй” хэмээнэ. Энэ нь нэгдүгээрт, өөрийн харъяат хүн амтай, хоёрдугаарт, өөрийн газар нутагтай, гуравдугаарт, хүн амаа засаглан захирах эрх мэдэлтэй байх тухай бөгөөд энэ үзэл өдгөө нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. Тэгвэл тэр төрийг бүтээж буй хувь хүн оршин байх тухай ямар үзэл номлол байна вэ? Ямар ард түмэн байна, тийм л төр байна хэмээн доромж үг чулуудан суугаа “агуу ихийн өвчнөөр өвчлөгсөд” энэ талаар юу хэлэх бол? Төөрч будилсан түүхийн их алдаан дотроос “үндэсний” гэх тодотголоо арай ядан олж буй ололтыг ямарваа нэг “изм” тэр дундаа “демократизм”-д автсан цэцэрхэлээр унтрааж болох билүү? 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал нь улс гэрээ өөрснөө мэдэж, засан тохинуулах эрхийн төлөөх тэмцэл байгаагүй билүү? Эдүгээ хорин жилийн өндөрлөгөөс харахад социализмыг демократизмаар солих “захиалга болон” хувирчээ. Хүн төрөлхтөний ололт амжилттай хөл нийлүүлэн алхах нэрийн дор үндэстний эрхэмсэг оршихуйг демократизмын сүүдэрт аваачин тушч, бүр “царцааж” орхижээ. Үүнийг ухаарсан бол огоорсон нэгэнд нь ойлгуулах цаг нэгэнт болсон байна.
Үндэсний үзлийг төрийг урлан бүтээх улс төрийн хөтөлбөр хэмээн томъёолсон байхыг олж уншсан билээ. Үүнийг цаашид гүнзгийрүүлэн сэтгэвээс дараах байдлаар задалж болох мэт санана. Үндэсний үзэл нь хувь хүнийг бүтээх, төрөө урлан бүтээх, дэлхийн улс гүрнүүдтэй харилцах үзэл номлол хэмээх тулгын гурван чулуутай. Хэрвээ үнэ цэнээр нь эрэмбэлвээс хувь хүнийг хэрхэн бүтээж буй нь хамгийн эрхэм бөгөөд Өгөдэй хааны хэлсэн “Хойд үеийн хөвүүд ач нар минь өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрөөд хандгайг харваад оготныг онох болуузай” гэсэн үгнээс тод үзэгдэнэ. Энэ мэтчилэн сэтгэвээс дээр өгүүлсэн бие хамгаалах болон тулааны урлаг бол хувь хүнийг бүтээх, өөрөө өөрийгөө ялахад сургадаг үнэт нандин өв юм. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг байгуулан захирч явсан өвгөд дээдсээс уламжлан ирсэн “хүчит бөхийн барилдаан” бол бидний хувьд бие хамгаалах урлаг ч, тулааны урлаг ч, Монгол үндэстний тоглоом наадгай ч мөн билээ.
Үндэсний бөхийг амьдрах арга ухаан ч мөн хэмээн сэтгэнэ. Энэ нь нас хүйс, тэр бүү хэл жин, биеийн өндөр нам үл харгалзан хичээллэж болох, баяжуулан хөгжүүлж болох, удам дамжуулан өвлүүлж болох арга мэх юм. Нэгэн хошууны наадамд эмэгтэй хүн барилдан түрүүлсний дараа монгол бөхийн зодогны энгэрийг задгай болгосон тухай домог ч үүнийг гэрчлэх буй за. Гэвч өнөөгийн өндөрлөгөөс харахад “монгол хүнийг урлан бүтээх учиртай үндэсний бөхийн барилдаан” маань хүмүүсийг бие бялдар, нас хүйс, өндөр нам, тэр бүү хэл удам судраар нь ялгаварлан гадуурхсан, хэсэг бүлэг “жалга довны атаман”-уудын мөнгө олох арга хэрэгсэл болон хувирчээ. Монгол хүнийг урлан бүтээхээсээ илүү шүүмжлэл, шударга бусын үлгэр жишээ болсон байна. Аймаг орон, нутаг усаараа талцан хуваагдах, мэндлэх хүндлэх ёсноос эхлээд харилцааны соёл, ааш аяг гээд хүн эвдэрч болохын жишээг эндээс харж болно. Ааш аяг, бие бялдар нь эрүүл бус, үлэмж буруу хооллохын жишээ болон хувирсан байна. Гэдэс гүзээ нь унжсан, ямар ч хэлбэр галбиргүй, хүн өөрийгөө “хорлож эвдэх”-ийн сонгодог жишээ болсон “гарууд”-ыг үлгэрлэн дууриах нь битгий хэл ямар ч уран мэх, утга төгөлдөр тэмцэл хүлээх хэрэггүй болжээ. Энэ тухай өдөр бүр нэг жишээг, жилдээ нэг удаа орон даяар үй олон жишээг “үзэж” болно. Хувь хүнийг бүтээх соёлын өв гэхээсээ илүү наадгай, шоу цэнгээн, мөрий барьцааны тал нь хэт хөгжсөнөөс түүхэн үнэ цэнээ ч, түүхэн утгаа ч алдсан байна.
Жил болгон хурал хийн хэрэлддэг бөхийн холбоо нэртэй байгууллагын үндэсний бөхийн түүхэн шинэчлэлийн зангилаа нь энэ асуудал байж ч болох. Бөх бол олон нийтийнх, бид дундынх, бүх Монголчуудынх байж гэмээнэ тустай. Дан ганц “том биетэй, урт дээлтэй, тэнэгдүү хүмүүсийнх” байж хэрхэвч болохгүй билээ. Монгол бөх бол тоглоом наадгайн ч, амьдралын хэв маягийн шинжийг ч агуулсан урлаг. Энэ түүхэн өвийг Монголын хүчит сайн эрчүүд тээж, өвлөн авч ирсэн нь ч үнэн. Гэвч өнөө цагийн шалгуурт нийцэж байж, хөгжүүлэн цогцлоох, үндэстнээ олоход туслах Монгол бөхийн түүхэн үүрэг зайлшгүй бий. Үндэсний спорт талаас нь авч үзвэл хурд, хүчний дасгалууд, номлол үзэл сургаал бүхэн бүрэн бий. Гэвч энэ нь хүн бүрийнх байж чадахгүйгээс хоцронгуй, хөгжлийн царцанги байдалд байгааг өөгшүүлэх хэрэггүй билээ.
Түүхэн хуудсыг нь сөхвөөс “демократизм”-д автсан цэцэрхэгчид “өнгөрсөн түүхээрээ амьдардаг ард түмэн бол мөхөж яваа ард түмэн” гэх мэтээр доромжлох юм. Ирээдүйгээ төсөөлж мэдэхгүй байгаа бол өнгөрснөө харах л учиртай. Түүхээ гээх нь хэнд хэрэгтэйг асуух цаг нь болсон буй за. Дайн тулааны цаг үед тулааны болон бие хамгаалах үүргээ гүйцэтгэдэг, энхийн цагт тоглоом наадгайн үүрэг гүйцэтгэдэг нь дэлхийн улс орнуудын үндэсний спортод байдаг нийтлэг хэв шинж. “Харвалдах намналдахаар Монголчууд шиг бол” гэсэн Хятадын нэгэн хааны зарлиг үүнийг нотлох буй за. Монгол бөхийг спорт талаас нь хөгжүүлсэн ололт амжилт багадаагүй. Орчин цагт Монгол Үндэсний бөх жүдо, самбо, чөлөөт зэрэг бөхийн арга мэх, техникүүдээр баяжин, тэднийг ч улам хөгжүүлсэн нь ч бас багагүй. Ийм арга техникүүдийг гайхамшигтай эзэмшсэн үндэсний бөхийн мастеруудыг олныг дурдаж болно. Сумъяабазар аваргын тэгш бие хаа, Сүхбат аваргын уран хийцтэй барилдаан, Бат-Эрдэнэ аваргын эгэл даруу зан төрх үлгэрлэн дууриах жишээ яах аргагүй мөн. “Хөл нь гар шигээ болчихсон Дүвчин заан”-ы жишээ бол төрөлх авъяаснаас гадна уйгагүй хөдөлмөр зүтгэлийн шилдэг жишээ яах аргагүй мөн.
Тулааны урлаг нь үзүүлэн, наадгай гэхээсээ илүү хувь хүний төлөвшил рүү илүү анхаардаг. Монгол бөх ч ялгаагүй билээ. Энэ бол багийн спорт биш. Өөрийгөө ялж байж амжилтанд хүрдэг хувийн спортын төрөл. Гэвч энэ аугаа өвийг орчин цагийн хэлээр сурталчлан таниулах, амьдралынхаа дадал зуршил болгоход анхаарал хандуулж байгаа нь нэн цөөн байна. Хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний бөх гурав нийлж байж Монгол үндэстний бие хамгаалах болон тулааны урлагийг бүрдүүлдэг. Булчин шөрмөстэй, арга эвтэй хүчит Монгол эрсийн хувьд морь бол тээврийн хэрэгсэл, үнэнч нөхөр, өдөр тутмын хэрэглээнээс гадна “зэр зэвсэг” ч болж байсан жишээ үй олон. Бид ховор зүйлийг өвлөж үлдсэн ч сэтгэл дутсанаас зэврээж орхижээ…

Кино руугаа эргээд оръё. Иф Мен англи боксчинтой үзэлцэнэ. Англи боксчин бие бялдар, булчин шөрмөсөөр хамаагүй илүү. Өндөр ч нөхөр кинондоо тоглуулсан байна лээ. Гэхдээ Иф Мений тэсвэр хатуужил арга мэх хавьгүй илүү юм. Хэдэн ч удаа нокаутнаас гарав, овоо эр юм. Ийм байх ч үндэстэй. Нэг нь “парлонтой бээлийгээр парлонон мешок нүдэх”, нөгөө нь нүцгэн гараараа мод нүдэх хоёрын хэн нь илүү хатуужил олгох бол? Өөрөөсөө том биетэй, хүч чадалтай хүмүүстэй “үзэлцэх арга мэх” байна уу байна, эхлээд нүд рүү нь, дараа нь чих рүү нь, эцэст нь булчинг нь ажиллагаагүй болгож байна. Харин энэ хоёртой манай нэг бөхийг үзэлцүүлбэл яах бол? Яахав, эхлээд нэг нокаутанд орно, ганц нэг хусуулна, тэгээд яахав дээ, эвийг нь тааруулж байгаад барьж аваад нэг л тонгорно доо, тоолоод ч босч ирэхгүй л болов уу …

2011.11.30

1 Comment »

  1. Хэрвээ таньд энэ нийтлэл таалагдсан бол http://www.facebook.com/muan.mndp энэ линкээр ороод like дарна уу, баярлалаа!

    Comment by Batjargal — December 2, 2011 @ 12:39 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: