"ХӨХ Танхим"

March 13, 2012

Ардчилсан намаас гарах өргөдөл

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 12:57 AM

 Улс төрийн намын гишүүн байх уг нь кайфтай. Толгой нь ажилладаг, сэтгэдэг, асуудал ярьдаг хүмүүстэй нийгэмд болж бүтэж байгаагаас нь эхлээд  болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар санал солилцож, ярьж маргалдаж өсч хөгждөг нэг төрлийн коммунити юм. Гэхдээ албан тушаал, мөнгө, сонгуулиас өөр юм бодохоо больчихсон энэ үед нэг намын гишүүн байх нь утга учиргүй болчихож. Эсвэл нэг зэрэг олон намын гишүүн байх, эсвэл огт намын гишүүн биш байх нь чухал болж. Эхнийх нь ёс суртахуунгүй учраас хоёр дахь хувилбарын тухай бодлоо хэлж сонголтоо хийдэг юм билүү гэж бодлоо. Яагаад?

 Нам бол нийгэм биш, бүр нийгмийн олонхи ч биш. Гишүүдийн тооноос нь харсан ч өнөөгийн улс төрийн намууд нийгмийн олонхид яагаад ч дөхөж очихгүй. Гэхдээ улс төрийн нам нийгэм дэх баялгийг хуваарилах эрх мэдлийн төлөө тэмцдэг хуулиар зөвшөөрөгдсөн хүмүүсийн нэгдэл юм. Энд л хамаг учир байна. Ямар ч ардчилал, ямар ч үзэл суртал ярьсан улс төрийн нам засагт олонхи болж шийдвэр гаргах ганцхан л мөрөөдөлтэй. Интернэт, мэдээллийн технологи өндөр хөгжсөн, хувь хүн бүр хүчирхэг байх боломжтой болсон энэ үед ч улс төрийн намын энэ зорилго, мөн чанар, тодорхойлолт өөрчлөгдөхгүй бололтой. Үүнээс болоод хүмүүс, ялангуяа сургууль соёл төгссөн өсөх ирээдүйтэй залуучууд өндөр цалин өгдөг том компанид ажилд оръё гэж боддоггүй мөртлөө улс төрийн намд элсэх тухай бодоод байдаг нь үүний хамгийн хортой үр дагавар юм.  

 Төр хэзээ ч баялаг бүтээдэггүй. Зөвхөн баялгийг шимж сорж амьдардаг тогтолцоо. Материаллаг баялгаас гадна нийгэм дэх хамгийн үнэтэй капитал болох боловсролтой, баялаг бүтээх чадвартай хэсгийг нь улс төрийн намд элсүүлэх замаар тогтолцооныхоо эрэг шураг болгож, залуу нас, дэврүүн хүсэл мөрөөдлийг нь шимж сорж байдаг. Тэдний гаргасан шинэ соргог санаа, тооцоо төлөвлөгөөг өөртөө наан эзгүйдүүлж, хэнд ч хэрэггүй сонгуулийн амлалт болгон зэврүүлж хаядаг. Энэ утгаар нь харвал өнөөгийн улс төрийн намууд үзэл баримтлалгүй, төлөвлөгөө тооцоогүй, ядаж мөрөөдөлгүй, зөвхөн албан тушаалд улайрагчдын яахаас ч буцахгүй нэгдэл болж хувирчээ.

 Бүгд биш ч гэлээ, дийлэнх нь ийм болчихсон байна. Энэ намууд дотроос Ардчилсан нам маань ийм шинжээр өдрөөс өдөрт өөрийгөө чимж байна. Нам хатуу гишүүнчлэлтэй байх нь зөвхөн намын даргад л ашигтай байдаг, аль ч шатанд ялгаагүй. Сумын намаас эхлээд аймаг дүүрэг хот ч ялгаагүй. Нам сонгуульд ялвал тухайн намд хийж байгаа сонгуульт ажилтайгаа дүйцэх төрийн албан тушаалд очно гэсэн горьдлогоор хатуу гишүүнчлэлийн зарчмыг тэжээж байдаг. Ийм учраас тухайн шатны намын даргаас гарах санал санаачлага, хошуучлал, манлайлал гэж алга болж сонгуульд ялагдвал чи ажил ч үгүй амьдрал ч үгүй болно шүү гэх улс төрийн намын даргын дарамтаар намын улс төрийн ажил явдаг болжээ. Энэ намыг ийм болчихно гэж зүүдлээ ч үгүй явлаа.

 Өө муу урвагч гэж хэлэх партизанууд, усыг нь уусан худаг руу шүлсээ битгий хая гэж цэцэрхэх шинэ үеийнхэн, өө энэ муу худалдагдчихаж гэж сүржигнэдэг сэлэм эргүүлэгчид маань дургуй нь хүрч байгаа байх. Бид их олон жил бие биенийгээ журмын нөхдүүд гэж хүндэлж ирсэн. Ардчиллын төлөөх үзэл санаанд журамтай, үнэнч хандаж, ардчиллын үзэл санаа бат бөх, төр болон хувь хүн хоорондын харилцаанд гүн шингээсэй гэсэн нэгэн зорилгын төлөө хамт зүтгэж явсан учраас журмын нөхөр гэж хүндэлдэг билээ. Аав ээжтэйгээ золгочхоод намын байранд болдог золголтондоо яарч ирдэг, гэр орноор нь орж гардаг, намын үзэл санаанд тууштай явсан цаг үе бий. Одоо биднийг холбож байсан тэр үзэл санаа гэх зүйл үгүй болжээ. Ардчилал маань ч утгаа бүр алдсан байна. Үүнийг алдуулахад намын удирдлага нь баяртайгаар гар бие оролцдог болжээ.

 Оюутны ширээнээс өдийг хүртэл хүний эрх эрх чөлөө, ардчилал гэдэг зүйлийг өөрөө ч сайн ойлгоогүй байж амны уншлагаа болгож олон нийтэд түгээхийг хичээж, найзынхаа төрсөн өдрийг хүртэл намын хурал шиг талцуулж хаядаг байсан хийтэй, өвчтэй цаг үеэ бодохоор ярих дурсамж бидэнд их бий. Улс оронд, хүний амьдралд ардчилалаас чухал зүйл үгүй мэт санаж, төрийн албан тушаалд гэхээсээ илүү онолын номонд нь ач холбогдол өгч явсан олон найз нар минь энэ намд бий. Тэд маань одоо ч хэвээрээ, сонгуульд ялахын тулд гадагшаа дайтах биш, онолгүй, ардчилалгүй улс төр хийдэг дарга нартайгаа дайтаад л, сонгууль болохоор хэдэн сонин сугавчлаад айл айлаар ороод явдаг ахмад үеийнхэн маань ч олноороо бий.

Улс төрийн намын гишүүн байх нь өөрийн гэсэн философитой, ирээдүйдээ болон  өөрийнхөө итгэл үнэмшилд оюун санааны хөрөнгө оруулалт хийдэг, үр хүүхэд Монголын ирээдүйн төлөө санал, оролцоогоороо нэмэр болдог гэж боддог сайхан зүйл. Монголын ирээдүй ямар байх вэ гэж гэж асуувал өөрийнхөө итгэл үнэмшлээр хариулт өгч чадахуйц итгэл үнэмшил, дүрслэл зураглал тэнд л байдаг. Гэтэл өнөөдөр Монголын ирээдүй ямар байх вэ биш, Монголын ирээдүй хаана байна вэ гэж асуух болтол нь бүрхэг болгож хаяжээ.

 Нам доторх үзэл санааны хийгээд удирдлагын залгамж халаа ч гэж алга болжээ. Ардчилсан хувьсгалын нэрэн дор хүрч болох бүхий л боломж, албан тушаалд хүрсэн нэгэн үе давхарга энэ намыг төдийгүй нийгмийг хагалан бутаргах хэмжээний бат бэх хавдар болон бэхжсэн байна. Түрүүлж сонссон мэдээлэл, түрүүлж олж авсан боломжоороо үлдсэн хэдийгээ, сонин тарааж явсан партизануудаа, итгэл үнэмшил, өөрт байгаа хамгийн үнэт зүйл болох саналаа өгч явсан жирийн гишүүдээ хөсөр хаяжээ. Энэ ялгарал нь зөвхөн эд хөрөнгө төдийгүй, ертөнцийг үзэх үзэл, хувь хүний төлөвшил, улс төрийн намын гишүүн байх зорилгоороо хүртэл ялгарчээ.

Итгэж үнэмшиж, өмөөрч, дэмжиж саналаа хүртэл өгч явсан улс төрчид маань энэ намыг танихын аргагүй болтол нь өөрчилсөн байна. Нам маань танигдахгүй байна. Над шиг бодолтой намын гишүүний харъяалалтай хүмүүс энэ намд эсгий хийж байгаа газарт буй нохой шиг болжээ. Бид санал шүүмжлэл, оролцоо үг хэлээрээ л оролцохоос албан тушаал, мөнгө хөрөнгөний төлөө улайрч байгаагүй завсрын үеийн жирийн гишүүд билээ. Нам сонгуульд ялж үзэл баримтлалаа хэрэгжүүлэх ялалтын халуун амтыг хорин жил үзсэнгүй.

 Энэ намд үг үнэ цэнэгүй болжээ. Ямар аргаар хөлжсөн нь мэдэгдэхгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүст албан тушаал зардаг, жижгэвтэрхэн, заваан дэлгүүрэрхүү юм болж хувирчээ. Энэ намыг лидерүүдийнх нь үгүйсгэл, шударга бус өрсөлдөөн хагалан бутаргаж хувааж дуусч байна. Өнөөгийн ерөнхийлөгчөөс эхлээд төрийн өндөр албан тушаалд хүрч чадсан бүх хүн үүнд хамаатай.

 Энэ намын удирдлага сонгуульд ялалт авчрахын төлөө зүтгэсэн, үзэл санаа, онол ном ярьдаг хэсгийгээ ад үздэг хүмүүсээр дүүрчээ. Өөрөөр сэтгэх дургүй, асуудалд олон талаас нь хандах дургүй, буруутан хайх дуртай болсон байна. Тэгсэн атлаа нэгэн цагт ардчилсан хувьсгалын галыг асаалцсан журмын нөхрийнхөө амь насыг хөнөөсөн буруутныг олж гэсгээх нь битгий хэл хайхыг ч хүсэхгүй байна. Хэрвээ олдвол амь насыг нь өршөөх хуультай болж аваад амар сайхандаа жаргахыг хүсчээ.

 Далан жил төр барьсан гэж зүхдэг өрсөлдөгч намынхаа ядмаг хувилбар болж хувирчээ. Улс төрийн намд сонгуульд ялж төрийн эрхийг авах үндсэн зорилготой гэдэг ч энэ үндсэн зорилгодоо нэг ч удаа хүрээгүй улс төрийн нам ардчиллыг өмчлөх гэж оролдох юм. Дотроос нь сонгогдсон намын гишүүдийнхээ үгийг ч сонсдоггүй байж дэлхий нийтэд хандахаараа иргэдээ сонсдог нээлттэй төр засагтай гэж хүртэл гүрийх юм. Нүдээ нээх цаг болжээ. Хуучин шинэ хувьсгалт намд хүн чанартай, ухаантай олон хүн байдаг гэдгийг мартуулжээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч нам нь эх орон, үндэс угсаа нэг Монгол түмний үр сад гэдгийг мартуулжээ.

 Нэг ч удаа сонгуульд ялж үзээгүй улс төрийн нам өрсөлдөгч намынхаа өмнө өвдөг сөхрөн унаж байна. Нам нэг гишүүнээр дутдаг, нэг идэвхтэнээр дутдагийг энэ цагийн намын удирдагч нар ойлгохгүй байна. Халуун залуу хорин насныхаа итгэл үнэмшлийг энэ намд зориулсан ч бизнес ч үгүй, албан тушаал ч үгүй, дээр нь урвагч шарвагч нэртэй болон үлдэж буй журмын нөхөд маань олон байна. Улс төрийн нам гишүүнчлэлгүй байвал олон нийтэд тустай, хатуу гишүүнчлэлтэй бовол зөвхөн дарга нартаа ашигтай байдгийг олон нийт, ялангуяа улс төрд хөл тавьж буй залуучуудад ойлгуулах цаг болжээ.

 Бичдэг барьдаг, уншдаг, илтгэл тавьдаг дарга ч гэж алга. Тулга тойрсон хэрүүл хийсэн, унхиагүй, хормойгоо чирсэн хүүхэн шиг дарга нар олширсон байна. Сүр сүлд, хийморь лүндаа ч гэж алга болсон байна. Үг хэлэхээр хэлсэн болдог болчихжээ. Өнгөн дээрээ сонгох сонгох эрх чөлөөг тунхагладаг хэдий ч үзэл баримтлал нийлэхгүй болсон журмын нөхдөө урвагч шарвагч нэр цол өгч унтраадаг болжээ. Нэг даргын тэнэглэлийг нөгөө нэг Монголтойгоо нийлж зогсооё гэж байгаа болохоос Хятадын коммунист намд очиж нийлээгүй билээ. Мал удахаараа дасдаг, хүн удахаараа уйддаг гэдэгсэн.

 Улс төрд шинэ соёл байхгүй, тогтсон соёл л гэж байдаг. Энэ соёлыг дагадаг болохоос сөрдөггүй юм. Харин хүнийх болсон миний намд энэ соёлыг сөрөх нь битгий хэл бүр үгүйсгэдэг дарга нар олширчээ. Албан тушаалаа алдах вий гэсэн айдастай дарга нам удирддаггүй юм, гартаа цаастай, цээжиндээ хэлэх үгтэй хочуушлагч хүн нам удирддаг юм. Иймээс намаас гарах өргөдлөө бичиж блогтоо тавилаа.

 Жич: Өргөдөл ийм урт байдаггүй юм гэж онолдох хүмүүсийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй.

 2012 оны 3 дугаар сар 13

7 Comments »

  1. Vnen vg gashuun gej. Ingej boddog olon zaluus baidag baih shvv helj baigaa ni harin tsuuhun. vvniig unshaad negiig bodoj 2iig eregtsvvleh tsag boljee. tand amjilt hvsie

    Comment by Sunshine — April 8, 2012 @ 11:09 PM

  2. баярлалаа, хүмүүс янз янзаар л хүлээж авч байна, даанч үг их үнэ цэнэгүй болжээ

    Comment by batjargaln — March 14, 2012 @ 1:01 PM

  3. zuv bna. Amjilt, Iim olon ug heregtei bid ingej yarij negniigee sonsoj baij hugjinu,

    Comment by purevhatan — March 14, 2012 @ 10:40 AM

  4. баярлалаа

    Comment by batjargaln — March 13, 2012 @ 10:00 PM

  5. Mash saihan unen zuil bichjee tanid amjilt husey

    Comment by Enkhmunkh — March 13, 2012 @ 2:46 PM

  6. гол нь улс төрийн намууд гишүүнчлэлгүй болох ёстой, тэгвэл хүмүүс аль сайн зүйл хийж байгааг нь дэмжээд явна, энэ утгаараа аль ч намыг дэмжиж болно, ийм учраас дарга нар нь тэднийхээ дэмжлэгийг алдахгүйн тулд сайн ажиллах ёстой, шударга байх ёстой, гишүүд нь муу зүйл хийж байсан ч намынхаа гишүүнчлэл харъяалалдаа баригдаад шүүмжилж эсэргүүцэж чадахгүй яваад байхаа болино, өөрөө хэлбэл намын гишүүний хүлээснээс чөлөөлөгдөж байгаа юм гэхүү дээ, энэ байдлыг олж харсанд баярлалаа

    Comment by batjargaln — March 13, 2012 @ 1:33 PM

  7. Юм бодогдуулж байна шүү. Миний хувьд аль нэг намд элсэхийг хүсдэггүй. Бүгд л адилхан нэгнийгээ хүлээн зөвшөөрч зөв зам олохыг хүсдэггүй хүмүүс байдаг юм шиг санагддаг. Шинэ санаа гаргалаа тэр бүгдээс дандаа айдаг. Энд тэндгүй хараат байдал зонхилж байгаа, өөрөө дургүй байгаа ч нүүрэн дээрээ зүгээр инээж , болж бүтэж байгаа юм шиг дүр эсгэдэг олон хүн байгаа… Залуу эмэгтэй хүний хувьд энэ байдлыг хараад их өрөвддөг. Шинэ санаа гаргасан нэгнийгээ дэмжиж яагаад ажил болгож болдоггүй юм болоо? Болж бүтэхгүй зүйл байлгүй л яахав, олуулаа хэлэлцвэл буруугүй , бүлээн усаар угаавал хиргүй гэсэн үг уг нь байдаг даа.. Амьд хүн аргатай шүү дээ. Надад залуус та бүхэндээ хэлмээр байгаа олон зүйл байгаа ч энэ мөчид бичээд байвал өнөөдөр дуусахгүй юм шиг байна , Залуусаа бүгдээрээ өөрөөр сэтгэж , удмыг нь залгах хойч үеийнхэндээ сайхан ирээдүйг үлдээхийн төлөө хамтдаа хүчээ зориулж , эх орноо аварцгаая

    Comment by N.Baatka — March 13, 2012 @ 4:03 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: