"ХӨХ Танхим"

November 26, 2012

“Чингис зарна …”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 12:45 AM

Нийгмийн баялгийг хуваарилах, дахин хуваарилах төрийн эрх мэдлийн төлөө үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүс улс төрийн намыг бий болгодог. Дээд шүүхэд бүртгэлтэй арван хэдэн нам дотор, бүгдэд нь, боловсролтой чадалтай олон хүмүүс бий. Заавал төрийн эрх барьж буй намд энэ улсын хамгийн ухаантай хүмүүс байдаг гэдэг бодол Ардчилсан намаас сонгогдсон ганц нэг хүнд л бий байх, мэдэхгүй.

Ардчилсан намыг сонгуульд ялахад дургуйцсэн хүн олон байгаагүй, 20 жил энэ өдрийн төлөө тэмцэж явсныг нь бодохоор дотроо огшиж суусан МАХН-ын хууччуул зөндөө бий, бүр мянга мянгаараа. МАН-ынхан бол сонгуульд ялагдсаны хор шар л байсан болохоос АН ялчихлаа гээд хорссон нь дараагийн асуудал. Зоригийн хөшөөн дээр очиж цэцэг өргөсөн, нүдэндээ нулимстай Ардчилсан хувьсгалын партизанууд олон бий. Зөвхөн одоогийн нам болон төрийн удирдлагад байгаа хэдхэн хүний хүчээр сонгуульд ялсан гэвэл үнэнд нийцэхгүй. Харин ч тэдний урагшгүйгээс энэ ялалтын дөрөөнд шороо өвс л наалдсан байх. Бид эрх чөлөөний төлөө саналаа өгцгөөсөн, тэрийг хэрэгжүүлж чадах байх гэж АН-д итгэсэн, гэхдээ энд ойлголтын маш том нэг ялгаа байна. Улс төрийн намын эрх чөлөө гэж хаана ч байдаггүй юм, улс төрийн намд хариуцлага л гэж бий, хувь хүмүүст л эрх чөлөө гэж байдаг. 20 жил эрх чөлөө ярьсан, ардчилал ярьсан мөртлөө гүн гүнзгий утга учрыг нь олж хараагүй явсан гэж хэлж чадахгүй байна, гэхдээ эргэлзэж байна.

Хэн нь ч юм мэдэхгүй, АН-ын нэг дарга нь Чингис хааны төрсөн өдрийг “санаачлаад” хууль болгоод гаргачихав. Хууль гаргах эрх олгосон ч гэлээ, түүх засах эрх хэн өгсөн юм бол тэдэнд. Эртний түүхийн нууцлаг, эрхэмсэг байхын утгыг яагаад ганцхан амьсгаагаар алга болгочихов. Төрсөн өдрийг нь бодоод олчихсон юм чинь, одоо хоббиг нь, эдэлж хэрэглэж явсан дээл хувцасны моод гээд гаргаад ирэх байх л даа. Түүхэнд ингэж халдсаны үр дагавар яаж гарахыг тооцох боломж бидэнд бий билүү. “Чингис хааны төрсөн өдрөөр зөвшөөрөлгүй архи зарсанаас болж, архидан согтуурч, зам тээврийн осол гаргаж, улсын хэмжээнд тэдэн хүн эрүүлжүүлэгджээ” гэсэн мэдээ бичигдэнэ шүү дээ. Үүний оронд Чингис хааны нэрэмжит Үндэсний амралтын өдөр, Хааны Хишиг өдөр гэх мэтчилэн сайхан хүндэтгэлийн арга хэмжээ бодож олж болно. Энэ өдөр нь жил бүрийн аль нэг даваа гаригт тохиодог, төр болон хувийн хэвшлийнхэн бүгд цалинтай амардаг байж болно шүү дээ. Энэ өдөр түүх соёл, үзвэр үйлчилгээний бүх газрууд хүүхэд залууст үнэ төлбөргүй үйлчилнэ, орлого олсон бол зөвхөн тухайн өдрийнх нь орлогыг татвараас чөлөөлж ч болно.

Гэвч Ардчилсан намынхны хийрхэл энэ мэтээр дуусахгүй шинжтэй. Ардчилсан намынхан “Чингисээр өвчилжээ”. Өвчлөх тусам нь үнэ хүндгүй болгож байна. УИХ-ын гишүүн, сайд Баттулга Чингис нэрийн брендийн автомашин захиалах санаа бодож олжээ. Бизнесийн бол лаг санаа, энэ санаагаа бодит ажил болгож машины загвараа гаргаж зургийг нь өөрийнхөө фээсбүүк болон твиттерээр дамжуулж олон нийтэд үзүүлэв. Чингис хааны сүрлэг хөшөө босгож, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгааг нь хүндэлдэг. Хий хоосон шоуддаггүй хүний нэг яалт ч үгүй мөн. Монголоо сурталчлах, эдийн засгаа өсгөх, гадаад дотоодын олон хүмүүсийг нүд хужирлах харах үзэх юмтай болгох том санааг ойлгож байна. Гэхдээ маркетингийн үзэл санаа, цаад бодлогыг нь авч үзвэл машин архи хоёр мөн чанараараа ижил юм. Магадгүй, үнийн бодлогоор ч юмуу, үйлдвэрлэх тоогоор нь хязгаар тавьж болох байх. Тэгэх тусмаа өндөр үнэтэй болно, бидний “өрсөлдөгч” нар л илүү авч унана, тэгэх тусмаа улам “биднийх биш” болно. Ашиг олох зорилготой юм уу, бахархал төрүүлэх зорилготой юмуу, сонирхол төрүүлэх зорилготой юмуу, хэрвээ бахархал бол Монголчууд л бахархана, дэлхийн улс орнуудад худалдаж авч байгаа хүмүүс нэг их Монгол Чингис гээд бахархаад байх нь юу л бол.

Гарах үр дагавруудыг нь төсөөлье дөө. Мэдээж техник учраас эвдэрч л таараа, “Чингис эвдэрчихлээ” гэх аятайхан сонсогдохгүй л байх. Үнэхээр лаг бизнес санаа байж магадгүй, гэхдээ машин бол хөшөөтэй адилгүй. Баттулга гэдэг сайдын машины брендтэй болох гэсэн санааг бол дэмжиж байна, гэхдээ ямар нэр өгөхөд анхаарах хэрэгтэй л гэж бодож байна. Миний Чингисийг унаад яв, Чингис эвдэрчихлээ, Чингистэйгээ явж байгаад онхолдчихож, Чингис хямдарчихаж, Чингис бензингүй болчихож, Засгийн газрын гараашид тэдэн Чингис байна лээ, Ерөнхийлөгчийн Чингис, Ерөнхий сайдын Чингис, Буянгийн Жагайгийн Чингис,  Женкогийн Чингис гэвэл ямар сонсогдож байна, тэр битгий хэл Хятадын Ерөнхийлөгчийн Чингис гэвэл ямар сонсогдож байна. Хүндэлж болно, шүтэж болно, яаж гэдгээ бодохгүй бол нэг иймэрхүү байдлаар л яригдах бренд болох байх даа.

Женко Чингисээ зарах гэнэ, хуучин Чингис зарна, Чингис бөөндөнө, Чингисийн мотор сольж тавина, Чингистэй явж байгаад дүрэм зөрчиж гэнэ. Архинаас мөн чанар, зарчимаараа ялгаа байхгүй, үнэхээр хүндлэх шүтэх гэж байгаа бол эхлээд энэ нэрийг хамаагүй хэрэглэхийг хязгаарласан эрх зүйн орчин бий болгож болно. Улаанбаатар нэрийг, эсвэл Монгол гэсэн нэр ашиглахад тодорхой хураамж татвар төлдөг шиг. Архи машин хоёр бол өөр төрлийн л болохоос хоёулаа эд бараа, Чингис ууж согтоод хүн алж гэнэ, Чингистэйгээ аваар хийгээд хүн алж гэнэ гэдэг хоёр яг ижилхэн сонсогдоно, хүн авч дийлэхгүй өндөр үнэтэй машин хийхгүй л юм бол, машин сонирхдог хэн бүгд л авч унана шүү дээ. Алтан кабинтай мөнгөн рультай байсан ч ялгаагүй, нэг л төмөр, нэг л машин.

Гэхдээ Монгол хүний гар оролцсон нэг ч юм байхгүй, тийм л нэг манай нэрийг тавьсан хүний бизнес болж ирнэ. Алдаршуулж болно, угаасаа ч алдартай хүн. Заавал худалдаж яах гэсэн юм, омогшимоор байгаа бол оюун ухааны, цэргийн урлагийн томхон эрдэм шинжилгээний бүтээл, төрийн зүтгэлтнүүдэд олгодог гэрэгэ бий болгож болно. Хүн нь галзуу солиотой боловч Чингис хааны дэлхийн академи гэдэг чинь харин ч хүндлэл шүү, Баттулга гуай Давааням гуайгаас дутуу бодож бол болохгүй л хүний нэг. Гоё машин, тасархай загвар, үнэхээр гоё бренд гарах нь ойлгомжтой, хийж чадвал. Гэхдээ үүнийг 20 жил махийтлаа зүтгэсэн жирийн нэг бизнесмен Монгол залуу авч унаж чадахгүй, гадаад түншүүдээ ирэхээр Тэрэлж рүүгээ салхинд аваад гарахдаа унаад явж чадахгүй. Хэн авах уу, ерөнхийлөгч ерөнхий сайд нар авах уу, гадаад улс гүрнүүдийн ерөнхийлөгч төрийн тэргүүнүүд бол үгүй л болов уу, тэд энэ талаар тусгай бодлого баримталдаг. Оросын юмуу, Хятадын ерөнхийлөгч нар автомашины өөрийн гэсэн үйлдвэргүй Монголоос нээх машин авч унах нь юу л бол. Харин ч эсрэгээрээ Хятадын ерөнхийлөгч нь Монголын Чингисийг унадаг гэвэл надад л лав сайхан сонсогдохгүй. Яахаараа “Чингис хааныг хятадууд унах” ёстой юм.

Мерседес гэдэг чинь нэг бизнесмений л охины нэр шүү дээ, тийм зиндаанд бол Чингис хаан гэдэг нэрийг аваачмааргүй л байна. Дэлхийд машины үзүүлэлтүүдээр эрэмблэнэ, мэдээж эхэнд нь орохгүй нь л лав, Чингис хаан гэдэг машин гэж ярихгүй, Чингис хаан л гэж ярина ш тээ, Чингис гуравт орж байна, 11-т бичигдэж байна гэвэл надад л лав гоё биш, таньд ямар юм бүү мэд. Эрхээрээ хатсан баяны хүүхдүүд согтуугаар Чингис жолоодож, хүүхэндээд л ямар хэрэг байна, Чингисээ унаад зугтаж гэнэ гээд мэдээ гарах нь ойлгомжтой. Цэнддоо гуай лав дуугай байхгүй, нэг мужын хорон үгтэй фельетон бичнэ, инээх ч хэцүү, уурлах ч хэцүү. Чингисийн төрсөн өдрөөр гэмт хэрэгт тэдэн хүн холбогдож, зөвшөөрөлгүй архи зарсан тэдэн дэлгүүр зөвшөөрлөө хураалгалаа.

Угаасаа Чингисээр хамаагүй шоудах хэрэгтэй юмуу, гадаад улс оронд юу ч гэсэн хамаагүй, дотооддоо жаахан хүндэтгэлтэй хандаж болдоггүй юм уу, бид хүндлэхгүй бол өөр хэн хүндлэх юм. Бид өөрсдөө хуулиар хүндэтгэл үзүүлдэг механизм бий болгож болно. Өрнөдийн маркетингийн сэтгэлгээ дорныхоос шал өөр, тэд бол мөнгө л бодно. За тэгээд хамгийн баян улс америк гол зах зээл байх нь ойлгомжтой. Нэг хар тамхи татдаг, биеэрээ дүүрэн шивээстэй хар рэпчин Чингис унана, мэдээж брендээр гоё дуртай улсууд, Nike пүүзээрээ Чингис гэдэг загвар гаргана, бид хорьж чадахгүй. Ажиллах хүчин хямд болохоор тэр пүүзээ хятадад хийлгэнэ, угаасаа бүх юмыг нь хятадууд хийж өгдөг юм чинь. Хулхи Чингис гэж гарна. Би бол Чингис гэдэг нэрэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж л бодож байна.

Цэргийн анги нэгтгэлүүд ёслолын жагсаал хийдэг, Нууц товчоогоор хичээл ордог, нэг өдөр Чингис хаанаар амьсгалдаг болвол сайхан л байна. Чингис хааны Торгон цэргийн нэрэмжит бие хамгаалах урлагийн Олон улсын тэмцээн хийе л дээ. Түрүүлсэн хүнд нь 13-р зууны үеийн баатрын иж бүрэн хэрэгсэл, мөнгөн сэлэм өгье. Гэрэгэ олгоё, Баттулга гуайгаас бол янзын гоё дизайн гарна. Энэ үеэр зохиогдох ивентүүдээр олон улсад сурталчилгаа хийж болж байна. Тэсвэр тэвчээр шаардсан, хатуу хүнд цэргийн урлагийн үзүүлбэрүүд байж болж байна. Энэ нэрийг хэрэглээ болгосноос нэр төрийн баталгаа болговол яаж байна. Машин хийж болсон юм, гутал бас хийж болно. Хар африкийн нэг улсын ерөнхийлөгч Чингис хаан унадаг. Өглөө орой ажилдаа ирж очихдоо Чингис хааны арын суудалд тухлан сонин гарчиглаж явдаг гэнэ. Ерөнхийлөгчийн үнэнч хүлэг нь Чингис хаан. Чингис хөлөглөн давхиж очжээ…

Баттулга гуай бол одоо зураач, тамирчин, бизнесмен гэхээсээ илүү улс төрч хүн. Лаг гоё бизнесийн санаа гаргаж ирэх, сэтгэх, зурах, бизнес хийх эрх чөлөөнд нь халдах гэсэнгүй, гэхдээ бидэнд Чингис хааны нэрийг болгоомжтой хэлэх, хүндэтгэлтэй хандах нэг тийм сэтгэл зүй, уламжлалт ухамсрын далд юм бий шүү дээ.  Хааны хүлэг ч гэдэг юм уу өөр нэр бодож олж болж байна. Шар луу гэдэг уран зохиолын номыг санаж байгаа байх, Тэнгэр Газар Хүн гурвыг холбосон Гурвын Холбоо гэдэг мафийн тухай гардаг. Гурвын Холбоо гэдэг нэрийг хэлэхээсээ өмнө аагтай цайгаар амаа зайл гэдэг үг бий шүү дээ, тэрнээс дор л хүндэтгэл байх юм уу, бидэнд? Баттулга сайдын нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй MCS авч унана, бүүр Нямдорж гуай хүртэл “ямар ч мөнгөөр юм бүү мэд” авч унана, Нямдоржийн Чингис, MCS-ийн Чингис гэвэл Баттулга сайдын инээд хүрэхгүй л гэж бодож байна, гэхдээ тэд худалдаж аваад, тэдний өмчлөлд оччихвол ингэж л хэлэгдэнэ шүү дээ.

Баяр ёслол хурим найрын үеэр Чингис түрээслэнэ, Чингисийн засварын газар…

2012.11.26.

1 Comment »

  1. Би бол үүнийг уншаад үнэхээр их дэмжиж байна. Яг үнэндээ ингэж гүнзгий бодоогүй л байж. Өө гоё машин хийх нь дээ л гэсэншүү бодож явдаг байж. Гэхдээ л энд бичсэнчлэн “хүндэтгэлтэй хандах нэг тийм сэтгэл зүй, уламжлалт ухамсрын далд юм” байгаад байдаг. Тэрийгээ илэрхийлж чадахгүй явжээ. Далд л байж байг л дээ, тэртэй тэргүй намайг цэнхэр гаригийн хаана ч тэр Чингэсийн Монгол л гэж ойлгодог, нэрлэдэг. Би тэрийг духан дээрээ сийлэх ямар хэрэг байна. Баярлалаа.

    Comment by Migo — February 6, 2013 @ 5:56 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: