"ХӨХ Танхим"

February 5, 2013

“Айдсыг бухимдлаар сольсон Ардчилсан засгийн Залуучуудад”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:28 PM

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч саяхны нэг өдөр ийн жиргэв. “Ер нь иргэдийн бухимдлын ихээхэн хэсэг нь эмх замбараагүйдэл юм шүү. Тэгээд жаахан цэгцэлье гэнгүүт нэг л их эрх чөлөө ярьж эсэргүүцэгчид!. “Нэг л их эрх чөлөө ярьж эсэргүүцэгчид” гэдэгт би л лав орно, миний мэдэх хэд хэдэн шазруун жиргээчид орно. Угаасаа аль ч оронд нийгмийн идэвхитэй амьдралтай, мэдээлэл рүү тэмүүлж, үзэл бодлоо хурц илэрхийлдэг хэсэг байдаг. Би тэдний л нэг жирийн нэгэн, гэхдээ “нэг л их эрх чөлөө ярьж эсэргүүцэгчид” хэмээн “адлуулахыг” бас хүсэхгүй байна.

            Яагаад?

            Яагаад гэвэл эрх чөлөөнд минь Ардчилсан нам халдаад байна. Хэрэв 10 жилийн өмнө “МАХН-ын хаан Энхбаяр” миний эрх чөлөөнд халдах гэсэн бол бидэнд Ардчилсан нам өмөг түшиг болох байлаа. Гэтэл нөгөө Ардчилсан нам маань эрх чөлөөнд минь халдав. Би л өөрөө өөрийгөө өмгөөлж, Засгийн бодлогыг эсэргүүцэх үедээ эсэргүүцэж үгээ хэлэхгүй тэгээд таван төгрөг бариад Батзанданг хэлээд өгөөч гэж гуйх уу, Магнайг жагсаад өгөөч гэж гуйх уу? Тэр үеийн “хаан Энхбаяр” гуайг засаглаж байхад нийгэм үнэхээр айдастай байсан нь үнэн. Бат-Үүл гуайг хүртэл барьж хорьж байсан. Тийм хэцүү үед Ардчилсан хүчнийхэн атгасан шагай шиг болдог байлаа. Тэр үед хүмүүс Өдрийн сонины далбаан дор л үгээ хэлдэг байсан. Айдсаа давж эрх чөлөөгөө хамгаалах чин эрмэлзэл надад л лав байсан, бусад хүмүүст ч байсан гэж итгэдэг.

Яагаад гэвэл тэр үеийн Ардчилсан нам Дорлигжаваар, Энхсайхнаар удирдуулж, удирдлагаа Баабар Гончигдорж нь хянадаг байлаа. Нэг үгээр хэлэхэд “хүчирхэг” байлаа. Эрх бариагүй ч эрх баригчдыг айлгаж ичээдэг нам байлаа. Тэр үед миний хэлэх эсэргүүцлийг Ардчилсан нам хэлчихдэг, би дэмжихэд л болдог байлаа. Гэтэл тэр үеийн нэртэй боловч “огт танихгүй” өнөөгийн Ардчилсан намын “зарим ардчилагчид” үг хэлэх эрх чөлөөг минь боомилох оролдлого хийж байна. Жинхэнэ Ардчилагчид, Ардчилсан хүчний жинхэнэ лидерүүд энэ намд одоо алга, бодлого тодорхойлох түвшинд л лав алга. Нэг л баахан зангиа зүүсэн нялхас том том ярих болж. Үг даахгүй, шүүмжлэл ойлгохгүй, “улс төрөө” ч мэдэхгүй, Ардчиллын түүх, Ардчилсан намын түүх бүүр мэдэхгүй. Энэ улс орон 10 жилийн өмнө ямар байсныг тас мартчихсан хүмүүс. Жинхэнэ Ардчилагчид нь хаачаа вэ?

90 онд Ардчилсан хүчнийхний тавьж байсан шаардлага бүрэн биелэлээ олсон уу өнөөдөр? Бид улс гэрээ өөрснөө засан тохинуулах эрхтэй болж чадсан уу, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө бүрэн утгаараа биелэлээ олсон уу, хувийн өмчтэй байж, түүнийгээ төрийн дарамтгүй өөрөө мэдэж захиран зарцуулах, эзэмших ашиглах эрхтэй байж чадаж байна уу? Энэ асуудлуудад хангалттай  хариулт өгөх мэдээлэл Ардчилсан намынхан байна уу? Хэдхэн жишээ татсанаар, эсвэл өнөөдрийн хөгжлийн хүрсэн түвшинг тайлбарласнаар олон нийтийн амыг таглаж болох уу? Бид ядуус нь төрөх эмнэлгийн коридорт шалан дээр өвдөж, баячууд нь тив алгасан эмнэлэгт төрдөг нийгэм болчихно гэж санаагүй. Баячууд нь чаддаг бол дуртай газраа мөнгөө төлөөд очиж төрдөг, ядуус нь эрүүл ахуйн наад захын стандарт хангасан эмнэлэгт хүний ёсоор үйлчлүүлдэг тийм л нийгмийг хүссэн.

Олон нийтэд загнуулахгүйгээр ажил хийдэг ямар “Засгийн газар” дэлхий дээр байдаг юм бэ? Цэцэрхсэн, ардчилал эрх чөлөө хоёрынхоо ялгааг ойлгоогүй, зангиатай “нялхсууд” нийгмийн байгууламжийнхаа талаар цэгцэрсэн ойлголттой болох болоогүй юмуу гэж асуумаар байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга бас “Засгийн газар хүмүүсээс асуудаг шинэ соёл бий болгоод тэрэнд нь хүмүүс дасахгүй байгаа” тухай бичжээ. Энэ юу гэсэн үг вэ? Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүртгэнэ гэсэн заалт бий юу? Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт Нарантуул захын үүдэн дээр хураадаг 50 төгрөгийг хүчингүй болгоно гэсэн заалт бий юу? Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн санал сэтгэгдэл шүүмжлэлийг сонсохгүй ажиллана гэсэн заалт бий юу?

 Нэг л их твитердсэн, ажил хийж байгаа юм шиг зургаа энд тэндгүй тавьсан, хагас бүтэн сайнгүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаагаа гайхсан, ялархсан дарга сайд гишүүд. Та нар юу гэж хэлж сонгогдсоноо мартаагүй байх гэж найдаж байна. Би чадна, бид чадна, хийгээд өгье, итгээрэй… Хэн ч та нарыг эрх бариад өг, дарга болоод өг гэж гуйгаагүй, та нар л өөрсдөө гуйсан, хуучин коммунистуудаас айсан, залхсан нийгэм та нарт итгэсэн. Хүмүүс эхлээд саналаа өгдөг, цаг хугацааны шүүлтэнд оруулж хардаг. Гэхдээ “итгэл найдвараа улс төрчдөд хэзээ ч өгдөггүй юм”. Улс төрд орж ирсэн бол энэ бичигдээгүй хуулийг ойлгох нас, цаг хоёр нь аль хэдийнэ болсон баймаар.  

Сэтгэгдлийн тухай Ерөнхийлөгч үг хэлээд л энэ асуудлыг цэгцэлчихлээ гээд л гүйлдээд байх юм. Ерөнхийлөгчийг хэлсэн хэлээгүй энэ асуудал эрх нь нээлттэй байх ёстой. Шударга бус өрсөлдөөн гээч нэг сонин философитой газар. Цагдаагийн ч ажлыг хийгэд байгаа юм шиг мөрдөн шалгах ажил ч хийгээд байгаа юм шиг. Уг нь 16 онд тойрог горьдсон нэг бацааны л улс төрийн шоу шүү дээ, хариуцлага хүлээх бие бялдарын ч сэтгэлийн ч тэнхээгүй залуучууд энэ намд ямар олон болсон юм. Юун “түрээсийн гэрээ” вэ, юун “тавин төгрөг” болиулах вэ? Өмч нэгэнт л хувьд байгаа бол яаж захиран зарцуулах нь хувь хүний эрх, өмчид халдаж байгаа бол хувийн эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг. Энд төрийн байгууллагын талаар яриагүй, зөвхөн хувийн өмчийн зарцуулалтын тухай ярьж байна. Нэг лангуугаа 50 мянгаар түрээслэнэ үү, 50 саяар түрээслэнэ үү Магнайгийн асуудал биш шүү дээ. Тохирсон гэрээгээ хэрвээ зөрчсөн байвал Магнайгийн ч шийдэх асуудал биш. Хуулийнхны асуудал, иргэний журмаар нэхэмжлэл гаргаад шүүх дээр очих асуудал. Ард түмэн, ард түмэн гэж бархирах “залуу Энхбаяруудын тоо” яасан хурдан нэмэгдэнэ вэ энэ Ардчилсан намд.

Шаардлага тавихаар “Ардчилсан нам арай гэж Засгийн эрх авч байхад хэмээн хонзогноно, эсэргүүцвэл чи муу эрх чөлөө ярьлаа гэнэ”,  эсэргүүцсэн бүх хүнийг Энхбаяр мэтээр үзнэ. Би л лав ийм нийгмийг хүсээгүй олон хүмүүсийн нэг. Хүмүүс улс төрчидөд саналаа л өгдөг, би ч гэсэн саналаа өгдөг, итгэл үнэмшлээ өгч хэзээ ч чадахгүй, регистрийн дугаараа өгч чадахгүй, “солгой гараа” бүүр өгч чадахгүй. Эрх чөлөөгөө, үзэл бодолтой байх боломжоо, эсэргүүцэх мэдрэмжээ хэзээ ч өгч чадахгүй. 90 оны Ардчилсан нам өнөөдрийн Ардчилсан нам хоёр ялгаатай байж болно, хөгширч залуужсан байж болно, гэхдээ 90 онд тавьж байсан улс төрийн шаардлага өнөөг хүртэл хэвээрээ байгаа, цаашид ч хэвээрээ байх болно. Тэр бол хүмүүсийн эрх чөлөөнд бүү халд! Эрх чөлөөнд эрх чөлөөнөөс өөр “хязгаар байдаггүй юм”. Эрх чөлөөг эрх үүргийн тухай ойлголттой хутгаж цэцэрхдэгээ болиоч, залуу Ардчилагчид аа.

Тийм л шуарга бус өрсөлдөөн зохицуулах гээд байгаа юм бол наад намуудаа шахаж шаардаач ээ, нэг үлгэрийн мөрийн хөтөлбөр нь биелээгүй байхад өөр нэг үлгэр дэвшүүлдэг “намуудын шударга бус өрсөлдөөнийг зохицуулаач”.  Хуулиар оногдсон үүргээ гавъяа байгуулж байна гэж боддог бацаанууд ямар том том албан тушаалд томилогддог юм бэ, ажлаа хийх туршлага битгий хэл ажлынхаа зорилгыг ойлгох амьдрал үзсэн юмуу? Шүүмжлэл хэлэхээр МАН-ынхан яаж байсныг мартаагүй биз гэдэг, бид МАН-ын тухай яриагүй. МАН-тай харьцуулсан харьцуулалтаар өөрсдийнхөө ажлыг дүгнэх гэж байгаа бол эндүүрчээ. Энэ нийгмийн хөгжлийг урагш ахисан эсэхээр, өчигдөр өөрснийхөө хийсэн зүйлийг маргааш нь ахиц гарсан эсэхээр дүгнэх ёстой.

Та бүхний өрсөлдөгч МАН биш юм, утаа, түгжрэл, одоо болтол хэвээрээ байгаа ядуурал юм. Халж сольж болно, өөрчлөлт хийж болно, “өөрснөө идэж ууж болно, эрх чөлөөнд минь халдахыг зөвшөөрөхгүй. Одоохондоо миний эрх чөлөө Үндсэн хуулиас өөр ямар ч хамгаалалтгүй байна, цаасан дээр л байна, гэхдээ ямар ч намын ялалтаас илүү надад хэрэгтэй эд. Юун Элбэгээ юун Алтанхуяг, 20 Бат-Үүл баатар, 1000 Магнай байсан ч эрх чөлөөгөөрөө солихгүй ээ.

Энхбаярын их солиорлын үед байсан айдас Ардчилсан намын солиорлын үед дургүйцэл, бухимдал болчихож. Нэг л алхвал айдас болж хувирах нь, мөн чанар нь ялгаа юу байна. МАН-аас ялгарах ялгаа нь юундаа байна, харагдахгүй байна. МАН-ыг ялагдаасай, АН-ыг ялаасай гэж боддог байлаа, одоо бол МАН-ыг ухаантай, АН-ыг ичих нүүртэй байгаасай гэж боддог болж. Хүмүүс ухаантай шүү дээ, хэрвээ та нарт хууль зөрчихгүй байхыг сануулж байгаа бол алдаа хийснийг чинь хэлж байна, ёс зүйтэй байхыг шаардуулж байгаа бол хуйвалдаж, зориуд мэдэн будилж луйвар хийж байгааг чинь хэлж байна гэсэн үг.

Нэг л их ажиллаж байгаагаа гайхсан, ялархсан, твиттердсэн, бие биенээ зусардсан, бүүр сүүлдээ хэлж байгаа хараал нь хүртэл “орчуулгынх болчихсон” сонин гарууд. Хэзээ монголчууд “Чөтгөр ав, бүх юм тонил цаашаа” гэж харааж байсан юм. UBS-ын гаргадаг тэнэг киноны орчуулга шиг хараалаа твиттерээр цацна. Та нараас ийм зүйл хүлээгээгүй, эсэргүүцдэг, сөрвөлздөг АН-ын шижигнэсэн залуучууд л гэж хүлээсэн. Олон жил МАН-д ялагдаж явсан шалтгаанаа өөрсдөөсөө эрж хайхгүй иргэдэд гаргаж бухимдахын хэрэг байхгүй. Хувьдаа телевизтэй, хувьдаа сонинтой МАН-ын гишүүнээс өшөөгөө авахын тулд нийт хэвлэлийн салбарын эрх чөлөөнд халдах ямар хэрэг байна. Сайн муугаар бичүүлэхгүй, үг дааж сурахгүй хэр олон сонгуульд оролцох гэсэн юм. “Эрэлийн угшилтай”  хоёр сайд нь Ардчилсан намын бүх цагийн үеийн дарга нараас сонгууль удирдаж ялалт байгуулж байсан ганц даргыг нь баалан тавлаж, сонголт хийх, итгэл үнэмшилтэй байх, асуудалд эрүүл саруулаар хандах бүх оролдлогыг нь дэвсэлж байгаа нь таалагддаг нэгэнд нь таалагддаг байх, таалдаггүй нийгмийн бүхэл бүтэн үе байна. Асуудал дэвшүүлж байгаа бол үндэслэлээ тайлбарладаг, маргалддаг, ажил хийснийхээ төлөө ялархаж “твиттерддэггүй”, Баабар гуай битгий хэл МАН-д хүлээн зөвшөөрөгдсөн ийм дарга нарын ачаар өнөөгийн Ардчилсан намын өнгө төрх, намын дотоод ардчилал, ажил хэргийн соёл нь тогтон бүрэлдсэнийг зориуд мартах хэрэггүй.

Өмнө нь та нарын байгаагүй, өнөөдөр та нарын зайдлаад байгаа Ардчилсан нам чинь 20 жил над шиг хүмүүсийг “хэрүүл тэмцэл хийж үгээ хэлэхэд сургасан юм”. Битгий сэрүүн зүүдлээд бай!

 

2013.01.30

 

4 Comments »

  1. Ёстой сайхан хэлж. Эрх чөлөөгөө юугаар ч солихгүй, хэнээр ч хязгаарлуулахгүй

    Comment by tungaa — February 6, 2013 @ 8:30 PM

  2. niitlel chini mash ih taalagdlaa. chyhal sedviig hundsun b na. chi haana b gaa ve. Amgalan.L

    Comment by amgalan — February 6, 2013 @ 6:12 PM

  3. batjargaln@gmail.com

    Comment by batjargaln — February 6, 2013 @ 10:52 AM

  4. Tany blog-yg anh udaa uzlee. Mash ih amtarhaj unshlaa. Holboo barih email-ee iruuleh bolomjtoi bol iruulne u. Zorigt

    Comment by zorigt — February 6, 2013 @ 8:18 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: