"ХӨХ Танхим"

March 4, 2013

Сэтгүүлчид яаж бичнэ, тийм л сонгууль болно …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:47 PM

Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ. Намууд нэр дэвшигчээ тодруулахаар зэхэж байх зуур, сэтгүүлчид болон олон нийтийн сүлжээ сайтуудаар нэр дэвшигчдийн тухай таамаг цуу яриа, судалгааны материалууд үзэгдэж эхэлж байх шиг байна. Хамгийн томоор, шууд эхэлж буй нь өнөөгийн Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийн кампанит ажлын эхлэл, сэтгүүлч Ганчимэгтэй хийсэн ярилцлага. Мөн Ганчимэг сэтгүүлчийн бичсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тухай төсөөлөл зэргээс харахад үнэхээр хаяанд иржээ.

Гэвч иймэрхүү нийтлэл, ярилцлага таамаглалуудыг харахад бид Ерөнхийлөгчийн сонгуулийн утга учрыг сэтгүүлчдийн сэтгэлийн хөөрөл, улс төрчдийн сонгуулийн кампанит ажлын зорилгод “хөтлөгдөнгөө” мартаад л өнгөрөх бололтой. Сонгуулиас сонгуульд улс төрчдийн сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр улам нарийсч, мэргэшиж, тухайн цаг үеийн гол асуудлаас нийгмийн анхаарлыг хөндийрүүлэх, зэрэгцүүлэн элдэв шуугиан дэгдээж сарниулах, тоглоом шоглоом болгон маазарч “асуудлыг босгож ирсэн эрч хүчийг” сулруулах зэрэг элдэв башир аргад мэргэшиж байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй юм.

Уг нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль их олон онцлогтой, өмнөх сонгуулиудаас илүү ширүүн өрсөлдөөнтэй, нэг үгээр хэлэхэд “халуухан” болох ёстой. Энэ бол анх удаа шинээр сонгогдсон нэг Ерөнхийлөгчийн улс төрийн нөлөөгөөр өмнөх Ерөнхийлөгчөө авилгалын хэрэгт холбогдуулан шүүхээр шийтгэсний дараа болж байгаа сонгууль, би оролцоогүй, энэ бол цэвэр шүүгчдийн ажил хэмээн мянга мэдэгдсэн ч энэ хэрэгт өнөөгийн Ерөнхийлөгчийн улс төрийн нөлөө байсныг олон нийт гадарлаж байгаа. Хоёр Ерөнхийлөгч сонгуулийн дараахан хэдхэн минут уулзаж ярилцсан тухай тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан, тэр үед яг юу ярилцсаныг асуух “зүрхтэй” сэтгүүлч байна уу үгүй юу? 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өнөөгийн Ерөнхийлөгч улс төрчидтэй хэрхэн хариуцлага тооцох ёстойг Францын Ерөнхийлөгч Жак Ширакийн жишээгээр тайлбарлан мөн ч олон удаа ярьсан юм. Энэ талаас нь харсан ч түүний улс төрийн нөлөө энэ хэрэгт яалт ч үгүй байсан гэдэг нь харагдана.

Энэ сонгууль бол анх удаа Ардчилсан нам шат шатны бүх сонгуульд ялалт байгуулсны дараа болж байгаа сонгууль. Өнөөгийн төр бол нэг намынх ч юм шиг, олон намынх юм шиг, “эвгүй харвал хуйвалдааны ч юм шиг” төр. Улс төрийн хариуцлагаа хувааж хүлээдэг, ухамсар соёл, “хоншоор” өнөөгийн аль ч намд байхгүй. Тэр утгаараа энэ удаагийн сонгууль бол “Ардчилсан намаас асуух” сонгууль болох ёстой. Тухайн үеийн МАХН төр засгийн бүх эрх мэдлийг атгаж байх үед Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Р.Гончигдорж гуайн сонгуулийн сурталчилгааны гол агуулга нь “эрх мэдлийн тэнцвэржүүлэлт” байлаа. Тэр үеийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны агуулгыг өнөөгийн МАН хэрэгжүүлж Ардчилсан намаас асууж магадгүй юм. Гэвч алив наадамд унана гэж барилддаггүй болохоор Ардчилсан нам нээрээ тийм шүү, тэнцвэржүүлье хэмээн буугад өгөхгүй нь ойлгомжтой.

Энэ удаагийн сонгууль “7 сарын 1-ний эмгэнэлт хэрэг”-ийн учрыг улам бүр нэхсэн олон нийтийн асуух сонгууль болно. Баривчлагдахаас өмнө дэлгэсэн “Улсын Гуравдугаар Ерөнхийлөгчийн олон хуудас материал” үнэхээр үнэн эсэхийг олон нийт дахин асууна. Эцсийн эцэст, энэ эмгэнэлт хэргийн дараа хамгийн их улс төрийн хожоо гаргасан улс төрчдөөс хариуцлага нэхсэн сонгууль байх учиртай. Тэр үед ажиллаж байсан цагдаагийн дарга нарыг яллаад өнгөрөх биш, тэдэнд нөлөөлсөн улс төрчдийг илрүүлж, хариуцлага тооцох олон нийтийн нэхэл нэлээн хатуухан байх ёстой. Яагаад нэг улс төрчийн карманд хэргийн нэг баримт болох сумны хонгио явж байсныг, тэр асуудлаар хэн хамгийн их улс төрийн шоу хийснийг, хэнийг үг хэлүүлэлгүй бушуу түргэн ял өгч, олон нийтээс холдуулсныг олон нийт асуух ёстой, ингэх ч эрхтэй.

Сонгуульт ажил эрхэлсэн ч бай, эрхлээгүй ч бай улс төрчид олон нийтийн санаа бодолд хамгийн хүчтэй нөлөөлдөг субьект болох улс төрийн намд харъяалагддаг. Бие даасан улс төрч гэж дэлхий дээр хаана ч байхгүй, үзэл санаа, бодлогод захирагдаж, илэрхийлэх, хэрэгжүүлэх, олон нийтэд нөлөөлөх  арга хэлбэр, бий болгосон дүр төрхөөрөө л ялгарна уу гэхээс, бодит мөн чанараараа бүгд л ижил юм. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалд ажиллаж байх үедээ улс төрч хувь хүний бодит аюул занал төдийлөн хүчтэй биш, учир нь гаргаж буй шийдвэр нь нэг биш олон хүний саналаар шүүн тунгаагдаж байж хэрэгждэг учраас тэр. Харин улс төрчид хүний хувь заяаг шууд  шийдвэрлэх, хүний хувь заяанд шууд нөлөөлөх албанд очсоны дараа жинхэнэ “аюултай субьект” болдгийг сүүлийн 10-аад жилийн түүх өнгөтөөр харуулж байгааг ойлгох ёстой.

Эв нэгдлийн бэлэг тэмдэг, гүндүүгүй, хээгүй, хийгүй гэх мэтээр Ерөнхийлөгчийн албан тушаалын талаарх өнгөцхөн ойлголтоос нь нийгмийг салгах цаг хэдийнэ болсон. Хэрвээ үе үеийн Ерөнхийлөгч нарыг ингэж тодорхойлвол өнөөгийн Ерөнхийлөгчид ямар тодорхойлолт өгөх нь яахын аргагүй сонирхол татна. Энэ үүргийг сэтгүүлчид л биелүүлнэ. Гэвч манай Монголд “юм асуудаг” сэтгүүлч үнэхээр ховор юмаа. Тэр битгий хэл нэр дэвшиж байгаа улс төрчөөс авсан шагналаараа гоёх сэтгүүлч хүртэл байх юм. Орон нутгийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг “мөрдөн байцаадаг” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага үнэхээр алга байна. Хэтэрхий олон болохоор чадал нь хүрдэггүй юм бол хэдхээн хүн нэр дэвшдэг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн “мөрийн хөтөлбөрийг мөрдөн байцааж”, асууж няцааж, тэдний өөрсдийнх нь жинхэнэ, бодит байр суурийг сонсох, жинхэнэ Ерөнхийлөгчийн сонгууль болоосой, ийм сонгууль болгоосой энэ сэтгүүлчид …

2013.03.01

1 Comment »

  1. баярлалаа, үнэнийг хэлсэнд… мөн үнэнийг олж харж чадаж бгаад…

    Comment by Ulma — August 18, 2013 @ 6:30 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: