"ХӨХ Танхим"

March 4, 2013

Эрх чөлөөний боловсролыг …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 12:12 AM

УТБА-ийн 20 жилийн ойд зориулав.

Цагаан Морин жилийн Ардчилсан Хувьсгалийн буянд Монголын олон нийтийн улс төрийн боловсролд оруулсан гадны олон төсөл хөтөлбөрүүдийн нэг бол ХБНГУ-ын Конрад Адейнаурын сангийн санхүүжилтээр хэрэгжсэн Улс Төрийн Боловсролын Академи хэмээх төсөл билээ. Нэрнээсээ л ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай хичээл үнэртсэн энэ байгууллагын Дундговь аймгийн салбартай ажил амьдралын нэгээхэн хугацаа маань холбогдсон юм. Дурсахгүй, бодохгүй байхын аргагүй үнэ цэнэтэй түүх энэ байгууллагад бий. Энэ академийг Ардчиллын үнэт зүйлс, хүний эрх эрх чөлөө ярьдаг болохоор нь Ардчилсан намынх л гэж хүмүүс боддог юм. Мэдээж, Ардчилсан намынхантай нягт холбоотой, Дундговь аймгийн хувьд Улс Төрийн Боловсролын Академийн эрхлэгч нь Ардчилсан намын даргаар сонгогдож байсан ч тохиолдол бий.

Гэвч энэ академийн үйл ажиллагаа зөвхөн улс төрийн намууд гэхээсээ илүү нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, дунд сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нар, орон нутгийн цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагч, иргэний нийгмийн байгууланхантай ихэд хамтарч ажилладаг байлаа. Сумдын иргэдийн хурлынхан, Засаг дарга нар гэсэн нэрнийхээ урд бичигдэх тодотгол нь хүний эрх, ардчилалын тухай суурь ойлголттой байхаас өөр аргагүй албан тушаалтнуудтай шууд тулж ажиллана. Гэхдээ сургалт үнэгүй. Мэдэхгүй ч хүнгүй газар. Гэвч тухайн цаг үед энэ академийн үнэ цэнийн тухай төсөөлөл нь харьцангуй байлаа.

 Ардчиллын үнэт зүйлс бол зөвхөн Ардчилсан намын үзэл суртал биш юм, олон нийтийнх, бүх хүмүүсийн үнэт зүйлс болж байж үр дүнгээ өгдөг, улс төрийн бүх намуудын үзэл санаанд суурь ойлголт нь байх ёстой гэдгийг энэ байгууллагын үйл ажиллагаа Монголд ажилласан 20 жилийнхээ  хугацаанд орон нутгийн иргэдэд сайтар суулгаж өгсөн юм. Хичээл сургалтын явцад “Ардчиллын Боловсрол” гэх хэллэг хүртэл бий болсон билээ. Иргэний боловсролыг зарим талаар ингэж хэлдэг, гэхдээ хоёулангийнх нь утга санааг ойлгодог бүхэл бүтэн нийгмийн нэг үе өсч өндийжээ. Бага ч зүйл биш. “Иргэний боловсрол” бол гадаад хэл заахаас ихээхэн өөр, тодорхой жишээн дээр тайлбарлаад нэг л хэлэхэд хүний тархи шууд хүлээгээд авчихдаг, эрх чөлөө нь зөрчигдвөл бараг хар аяндаа өөрийнхөө төлөө тэмцэх тэмцэлд өөрийг нь хөтөлж өгдөг, өөрийнхөө төлөө хариуцлагаа ухамсарласан иргэн байх, нийгмийн харилцаанд бусадтай ижил тэгш оролцоход шаардлагатай суурь боловсрол билээ.

Ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн хугацаанд Ардчиллын төлөө намуудын тэмцэж, хамгаалж, Монголын нийгэмд суурьшуулахыг оролдож ирсэн Ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний тухай хичээл сургалтаар дамжуулан хүмүүст түгээж, тасралтгүй ажиллагаагаараа өнөөгийн нийгмийн иргэншлийн төлөө хувь нэмрээ оруулсаар иржээ. Яагаад ч юм, өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ардчилсан хүчин бүх шатны сонгуульд ялалт байгуулж, бүрэн утгаараа эрх барьж байсангүй. Тиймээс ч тэрүү, сургалт судалгааны ажлын гол агуулга нь Ардчиллын үнэт зүйлс, түүний үнэ цэнэ, чухлыг ярьж тайлбарлаж явжээ. Олон намын тогтолцоо яагаад байх учиртай, хэвлэлийн эрх чөлөө яагаад чухал, хүний эрх эрх чөлөө ямар үед хангагддаг вэ гэдгийг олон нийтэд тайлбарлан таниулж ирж.

 20 жилийн дараах улс төрийн нөхцөл байдал, хүмүүсийн бодол сэтгэлгээ, нийгмийн хөгжлийн чиг хандлага зэргийг ерөнхийд нь дүгнэн харахад Монголчууд ардчиллын суурь үнэт зүйлсийг нийгэмдээ суурьшуулж чаджээ. Олон намын тогтолцоо байна уу байна, хэвлэлийн эрх чөлөө байна уу, их бага хэмжээгээр энэ салбарынхан эрхээ эдэлсээр байгаа, хүмүүс нийгмийн тогтолцоогоо бага ч гэсэн ойлгодог болох нь болж. Хамгийн чухал гэж хармаар зүйл бол өнгөрсөн 20 жилд ардчиллын үнэт зүйлсийн эсрэг хамгийн их “аашилсан” улс төрийн хүчин болох МАН /тэр үеийн МАХН/ бүх шатны сонгуульд ялагджээ.

Энэ ялагдал нь тэднийг олон намын тогтолцоог бодит утгаар нь ажиллуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг иргэний суурь эрхээ хамгаалах алхам руу аажимдаа түлхэж байна.  Ардчилал бол олонхийн дарангуйлал биш гэдгийг тэд одоо л ойлгож байна. Цөөнхийн үг хичнээн чухал болохыг, цөөнхийн ард ямар олон сонгогчдын үзэл бодол, эрх чөлөө байдгийг, 72  суудалтай байхдаа цөөнхийн гишүүдийг хэрхэн хавчин гадуурхаж байснаа бодох хангалттай шалтаг гаргаж өглөө. Улс төрийн нам ингэж ажиллаж болдоггүй гэдгийг “дивантай суулт” хийгээд жаахан ч гэсэн ойлгосон байх, энэ намын “тархинд” үүлэн чөлөөний нар шиг зурсхийтэл буусан байх гэж бид итгэх “ёстой”. Нэг үгээр хэлбэл, Гүндалайгийн цаасан дээр бичиж, барьж зогссон тэр үгс ямар үнэ цэнэтэй байж вэ гэдгийг “ядаж” нэг удаа бодсон байх.

Ардчилал бол эмзэг тогтолцоо. Ардчилсан нийгэмд л хүний эрх, эрх чөлөө хамгийн ихээр зөрчигддөг, мэдээж бас хангагддаг. Учир нь ардчилсан нийгэм л хүний эрх, эрх чөлөөний тухай ярих боломжтой болохоор ингэж хэлж болж байна. Нэг намын дарангуйлал тогтсон нийгэмд бид хүний эрх, эрх чөлөө гэхээсээ илүү Ардчиллын үнэт зүйлс, тэр дундаа нийгмийн тогтолцооны тухай илүүтэй ярьж явсан нь санамсаргүй зүйл биш юм. Тиймээс, хэрвээ энэ академийн үйл ажиллагаа цаашид үргэлжилбэл, хүний эрх, эрх чөлөөний тухай боловсрол олгоход үйл ажиллагаагаа чиглүүлээсэй. Бид ардчилсан нийгэм гэх байшингаа бариад авсан, одоо энэ байшинд хэн хаанаа амьдрах, хэрхэн бүгд багтахад бидэнд хүний эрх, эрх чөлөөний нарийн мэргэшсэн боловсрол хэрэгтэй.

Хамтын хариуцлагын тухай, эрх чөлөө нь хүнээс ямар их хариуцлага шаарддаг тухай, тэр хариуцлага нь зөвхөн өөрийнхөө эрх чөлөөг эдлэхэд чиглэгддэг тухай, эрх чөлөөнд яагаад халдаж болдоггүй тухай, эрх чөлөөнд ямар хэлбэрээр ихэвчлэн халддаг тухай “хичээлээ” задлах хэрэгтэй. Ингэвэл, Улс Төрийн Боловсролын Академийн Монголын нийгэмд тарьж ургуулсан Ардчиллын үнэт зүйлсийн үр жимсийг бид жинхэнэ утгаар нь хүртэх болно. Тайвшрах болоогүй ээ …

 2013.03.03

 

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: