"ХӨХ Танхим"

May 24, 2013

Монголдоо байсан бол …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 7:18 PM

Хүний нутагт удаагүй ч гэлээ ингэж харамсах юм олон гардаг юм. Цагаан сараас эхлээд л “гэртээ байсан бол муу ээждээ буузны гурил элдэж өгөхгүй” юу ч гэдэг юмуу, эсвэл түй чёрт “Харангынхаа тоглолтыг үзэж чадсангүй” гэдэг ч юмуу, ер нь хямраах юм цөөдөхгүй л дээ. Хүн бүрт л нутгаас гараад явахад хоргодох зүйлс, хаана ч явсан биендээ авч явдаг биет болон биет бус зүйлс байдаг. Өнөө үед ямар чулуу түүгээд, боогоод явалтай биш, “ачааны нэмэр”-ээс гадна бас нэг байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй гэдэг үгийг бодохоор бас хэцүү …

Тийм нэг гэгэлзүүлсэн бодлыг минь хөтлөх бас нэг “юм болох гээд” зар яваад, байлгаж суулгахгүй нь бололтой. Энэ сард Урнаа гэдэг дуучин тоглох нь. Нэг цомгийг нь сонсож үзсэн юм. Дээхнэ үед хөгжмийн зохиолч Бямбабаяр гуайн уртын дуу ч юм шиг, ардын дуу ч юм шиг нэгэн дуу гарч тухайн үедээ шинэлэгээс гадна юм бодогдуулсан сайхан бүтээл болж байв. Аавын минь дуулсан дууны аялгуу нь аргадаж, үг нь зэмлэж учирланам зээ хө гээд. Одоо ч хүмүүс аялдаг л сайхан дуунуудын нэг.

Нэг тийм тал нутгын, янзтай гоё уянгалаг, их энгийн хийцтэй атлаа сайхан “торгон өнгөтэй хоолойг” Улаанбаатарчууд хоёр өдөр сонсох нь.

Image

Нэгэнт л усыг нь ууж байгаа юм болохоор байгаа газар орныхоо хэл соёлоос гадна, урлаг спорт дуу хөгжмийг ажиглаад байхад техник технологи, хэлбэр загварт найдахаас илүү байгалийн цэвэр, төрөлхийн авъяасыг тордож, дэмжих сонирхол хөгжмийн ертөнцийнхөнд их байдаг бололтой.  Том дуучдын бүтээлийг дууриах, замаа засах, бусдад танигдах нэг хэрэг, харин нэгэнт л  “тайзан дээр гарсан бол” цаашид хүний дуу дуулаад, өөрийгөө дуучин гээд яваад байх нь ёс суртахууны хувьд ч, мэргэжлийн хувьд ч явцгүй, өөрийн гэсэн уран бүтээл хэрэгтэй гэдгийг шууд ойлгуулдаг газар аж.

Энэ нь бараг бичигдээгүй хууль бөгөөд энэ замаар явахгүй л бол гэрэл зургийн нэг цомогтой, google-ийн архивт хэдэн өгүүлбэрээр л үлддэг бололтой. Өөрөөрөө гарч ирэхээс гадна дуу дуулдаг хүн, дуучин хүн байх хоёрын ялгааг зөвхөн ойлгоод өнгөрөх биш хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Яг нэг ийм хүлээлтийг үүсгэж байгаа энэ тоглолтыг үзэж чадаагүй нь жаахан урамгүй л байна. Харин үүнийг харуулсан нэгэн авъяастанг Монголын урлаг сонирхогчид, дуулах дуртай залуу үеийнхэн, хамтлаг дуучид сонирхон сонсож, суралцах, санаа авууштай олон чухал талыг нь олж хараасай гэж бодож байна. Хүн, ялангуяа уран бүтээлч хүний өөрөөрөө байх, давтагдашгүй байх, цорын ганц байх, энгийн байх гээд их олон чухал шинжийг түүнээс олж хараасай. 

Манайхан өөрсдийгөө гадныхнаар төлөөлүүлж магтах дуртай, Монголын Уитни Хьюстон, Монголын хэн хэн ч билээ. Харин энэ дуучныг тэгж нэрлэх боломжгүй, тэр бол зөвхөн Урнаа, тэр цорын ганц. Түүний гаргаж буй авиаг өөр хэн ч гаргаж чадахгүй, тэр дуугаа өөрөө л зохиосон, түүний дууг дуулах улсын уралдаан болдоггүй, тэр соёлын тэргүүний ажилтан биш, тэрэнд ямар ч мини юбка байхгүй, амьдралдаа үсээ шараар будаж байгаагүй. Дуундаа уусах, хүмүүсийг автуулах, жинхэнэ арьсан эдлэл шиг, тос даасан, арааны шүлс асгарам, халуун аарц шиг дуу хийх нь түүний жаргал юмуу гэмээр.

Хүн ер нь хэлэхээс нааш анзаардаггүй юм, буцалсан халуун аарц уух, хөрсөн хойно нь уух хоёрын ялгааг. Яг л нэг тийм исгэлэн ч гэмээр, хүчтэй гоё амт түүний хоолойд байна. Мөнхшүр гуайг “Монголын үзэсгэлэнт Кармен” гэж магтаж байсныг нэг удаа сонсож байж билээ. Харин энэ хүнийг алтан гургалдай гэж нялуурахаас илүү зүгээр л хөдөөний бүсгүй, хэзээ ч дахин давтагдахгүй, цорын ганц “ориг” аялгуу сонсож мэдрэх “адын хүслэн” миний дотор байна аа…

 Ээжийгээ мэдэрч буй хүний охин үрээс л тийм үг, аялгуу гарах байх гэмээр “Тэмээн явдалд” дууг нь сонсоод муу ээж минь ер нь аавыг эзгүй хойгуур яаж хүлээдэг байсан юм бол гэж бодохоор. Дууны сэдэв, хэллэг, дуулж буй зүйлс нь энгийн л амьдрал, учиргүй толгой холбосон цэцэн цэлмэг, магтаал харагдахгүй. Монгол сувинерийн дэлгүүрт зардаг арьсан арьсан эдлэл шиг дуучин, чанар, “Монгол үнэртсэн” аялгуу. Маш өвөрмөц, учиргүй олныг хуйлруулан дагуулах Ганнам Стиль биш. Өөрөөрөө байхын л нэгэн баялаг дүр төрх түүнд бий.

Дэлхийн ямар ч тайзан дээр очсон төрөлх хэлээрээ дуулж хүлээн зөвшөөрөгдөж буй нь, Монголоо “Ар Өвөр” гэж ялгаж харах хүсэлгүй эгэл бүсгүйн хүслээ гүйцээх нэгэн арилшгүй мөр л гэж бодож сууна…

2013.05.17

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a comment

Blog at WordPress.com.