"ХӨХ Танхим"

June 8, 2013

Сэтгэгдэл

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 9:17 PM

Сонгуулийн тухай сэтгэгдэл бичихсэн, гэхдээ нэгийг нь онцлоод бичье гэж нэг хэсэг бодлоо. Дотроо бол аваргыг дэмжмээр байдаг, гэтэл гуядаад гуядаад явдаггүй. Дотроо Элбэгээг дэмжмээр байдаг, угаагаад угаагаад өнгө ордоггүй. Дотроо ч гаднаа ч Удвал гуайг дэмжмээр байдаг, гоё нэрнээс нь өөр мэдэх юм байдаггүй. Тэгэхээр нь ерөөсөө л шударга байя гэж бодоод гурвуулангынх нь тухай бичиж буй минь энэ. Нэр дэвшүүлэх нь дарга, цэрэг их олон хүний эрх ашгийг хөндсөн шийдвэр учраас дэвшүүлсэн хүнийхээ төлөө багагүй ажиллаж, твиттердэж, фээсбүүкдэцгээж, бас шинэ шинэ онол томъёолол гаргаж ирцгээж байна. Нэгэнт бүх нэр дэвшүүлэлтийг тохироо, худалдаа наймаа, хуйвалдаан хэмээн элдвээр зохиож тааж бичицгээж байгаа боловч дотор нь орж хутгалдаж яваагүй, хөндлөнгийн уншигчийн нүдээр харж бичсэнийг нь минь ойлгох байх хэмээн найдъя.

Image

Юуны өмнө энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд тэнцэх хүний шалгуурыг ихэд өндөрсгөж өгөв. Бүр шинэчилж өгөв. Парламентын хамгийн шинэ нам болох МАХН-аас бүр эмэгтэй хүн дэвшүүлэх зориг гаргав. Сонгуулийн дараа сонгуулийн тухай статистик гаргавал их сонин баялаг дүр зураг харагдах төлөвтэй.

Аваргаас эхлье.

Бат-Эрдэнэ гуай гэснээс аварга гэвэл илүү ойр ч сонсогдох шиг. Аваргыг дэвшүүлсэн шийдвэр нь МАН улс төрийн уян хатан тоглолт хийж чаддаг гэдгийг харуулж байна л даа. Учир нь АН бүрэн утгаараа улс төрийн болон хууль зүйн эрх мэдэлтэй хэзээ ч засаглаж үзээгүй учраас лидерүүд нь ихэвчлэн тухайн үеийн эрх баригч намын удирдлагуудтай эвсэх, зөвших нэрээр хуйвалдаж, хулгайлалцаж явсан “но-г” нь мэддэг учраас АН-ын нэр дэвшигчийн эсрэг гүтгэж ч болдоггүй, муухай ч харж болдоггүй, бас Монголчуудын хайр хүндлэлийг хүлээсэн “дөлгөөхөн” эр гаргаж дэвшүүлсэн нь АН-д өгч буй үнэлгээ, АН-ын лидерт хандаж буй “басамжлал” ч юм шиг харагдаж байна. Төрийн өндөр алба хашихад хувь хүний туршлага мэдлэг чухал ч гэлээ, хувь хүний төлөвшил илүү чухал болохыг мэдрүүлж байна уу гэмээр. Том сонгуульд өрсөлдөж байсан туршлага байхгүй учраас сонгуулийн баг нь онохоосоо алдах нь их харагдаж байна. Гэхдээ Аварга даацтай “улс төрч” юм. Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг, сонгогдож чадвал улс төрчдөд дахан дор эр, даахин дор хүлэг гэдгийг биеэр үзүүлсэн сайхан түүхэн жишээ болох биз. Муу хэлж барахгүй болохоороо сүүлдээ “уяа бөх байсыш тэ” ч гэж өвчигнөж байх шиг, зарим хүмүүс.

Элдэв олон долоон үггүй, бодож дуугардаг зан нь эдүгээг хүртэлх бүхий л Ерөнхийлөгч нарт дутагдаж, үгүйлэгдэж ирсэн гол чухал шинж ч байж мэднэ. Харин энэ чанараараа Багабанди гуай нэлээн айхтар байсан болов уу. Хамгийн сүүлд хэлсэн “урт шар дээлтэй хүний тухай” хэлсэн үг нь шаггүй шорчин, хорчин, шургаачин байсныг нь бэлхнээ харуулна. За аваргынхаа “дэвшилтийг” улс төр сонирхогчийн нүдээр харахад товчхондоо ийм.

Элбэгээ гуай.

Нэр дэвшигчид тодорч эхэлснээс хойш Ерөнхийлөгч гэж хэн гээч “хүн” болох тухай Энхсайхан гуайн хэлснийг давж гарах сайхан үг өнөөг хүртэл хэн ч хэлээгүй байна. “Ерөнхийлөгч гэдэг бол Ард түмэн өөрөө өсгөж бойжуулдаг, хүмүүн биет их хөрөнгө” гэж тэрээр айлджээ. Элбэгээ гуайн хувьд Монголчуудын хайранд их хөлбөрсөн хүн. 90 оны хувьсгалаас хойш “хивснээс” өөр юман дээр гишгэж үзээгүй, бараг бүхий л том албан тушаалыг курст сууж байгаа юм шиг л дамжсан юмдаг. 2000 онд Харвардын төлбөрийг төлөх хоншоортой эр улс төрчдийн дунд байгаагүй дээ. Сургуульд сурсан тэр боломжоо ч гэсэн Монголд төлөх ёс суртахууны өр гэж үзэх ёстой.

Мөн “Ард түмний өсгөж бойжуулсан хүмүүн биет их хөрөнгө”-ийг шоронд хийж зүрхэлсэн айхтар хүн бол өнөөгийн Ерөнхийлөгч Элбэгээ. Улс төрд унаж босч, халуун чулуу долоож үзсэн, чухамдаа есөн шинж нь бүрдсэн амьтан л даа. Элбэгээг хамгийн муухай харагдуулдаг ганц юм нь логикгүй, бодлогогүй, толгой холбосон уран цэцэн мэт үгс нь. “Добу сохор” гэж чухам ямар гээч дурак нь Нууц Товчоо уншиж байхад нь таарчихсан юм бол доо. Уг нь Дува сохор, Добу мэргэн гэж л тааралдах ёстой баймаар. Хэл хальтирсан гэж бодохгүй байна, ер нь мань хүн Нууц товчоогоо сайн унших хэрэгтэй, уншаагүй мэт аашилдаг нь хэд хэдэн зүйлээр нотлогдсон хүн. Элбэгээг магтах ч хэрэггүй, муулах ч хэрэггүй, зүгээр л дүн тавих хэрэгтэй. АН-ын нэр, сүртэй улс төрчид магтах гээд доош нь хийгээд байх юм. Тэр Ламбаа гуай, Элчин сайд Сүхбаатар гуай, за тэгээд бас бус шальдир бульдир хөвүүд охидууд магтаад ч байгаа юм шиг, аальгүйтээд байгаа ч юм шиг олон долоон юм их донгосч байгаа харагдах юм. Дэмжиж буй хүмүүс нь Элбэгээгээ магтсанаас УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн институт чухам яагаад нэг улс төрийн хүчнээс бүрдэх нь чухал байгааг сэнхэртэл ярих хэрэгтэй дээ, бусдаар нэр дэвшигч нь хувь хүнийхээ хувьд болгоно л гэж зүтгэсээр ирсэн, яалт ч үгүй Ардчиллын хүлээн ч зөвшөөрөгдсөн, алга ч ташуулсан лидер мөнөөсөө мөн.

Удвал гуай.

Дээр үед “Архангайн улс төрч хүүхнүүд айхтар юм даа” гэсэн бодол Архангайн МАХН-ын хорооны дарга байсан Шатар гэдэг эмэгтэйн тухай нэг сэтгүүлээс уншиж байх үед төрж байсан юм. Тэр бодлыг минь батлах гэсэн мэт Удвал гэдэг нэр их улс төрд ойр ойрхон сонсогдсоор сүүлдээ “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Анхны эмэгтэй” гэдгээрээ түүхэнд бичигдэн үлдэх нь ээ. Сономын Удвал, Нацагийн Удвал гээд үргэлжилвэл сайхан л дараалал болох нь. Харин өнөө эмэгтэй улс төрчид хаана байна аа, эмэгтэйчүүдийн улс төрийн эрх гээд орилолдоод байсан, тийм л их эрх мэрх хэрэгтэй байгаа бол одоо энэ хүн дээр хүчээ нэгтгээд явмаар юм. Богоон богоон дүүрэн их мөнгөтэй, албан тушаал, эрх мэдлийн далай тэнгис шиг их шуналтай эрчүүдтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эр зориг гаргасан нь Монголын улс төрч эмэгтэйчүүдийн ирээдүйн улс төрийн “элдэв карьерт” ёстой л их замын үүдийг нээж өглөө. Сонгогдож чадахгүй байж магадгүй, мөнгөгүй байж магадгүй, хамгийн ядуухан баг Удвал гуайд ажиллаж байж магадгүй. Гэхдээ элдэв нэрээр хүн доромжилж суудаг, нэр усаа, зүсээ нуусан элдэв хүн сүгнүүдээс илүү сайхан зориг гаргасных нь төлөө энэ эмэгтэйг хүндлэх хэрэгтэй. Улс төр амаргүй, баргийн эрчүүд ч бардаггүй ажил. Гэтэл чадна гээд зориг гаргасных нь төлөө талархах ёстой бид. 20 жил ардчилал гэж ярьцгаасан, одоо жаахан эрх чөлөө гэж ярьвал ч яасын. Аль нь чухал юм гэдгийг бүгдээрээ харлаа. Одоо ядаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй ганцхан эмэгтэйгээ хүлээн зөвшөөрч хүндлээд үзье, дараа дараагийн олон сонгуульд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч хүндэтгэж байх бодит хөшүүрэг боллоо.

Нэг иймэрхүү, та нарын сэтгэгдлийг сонсохсон …

 2013.06.08

8 Comments »

  1. 🙂 удахгүй зарлана аа

    Comment by batjargaln — November 20, 2013 @ 1:18 PM

  2. booronhii tovarish ooroo yag alind n orohoo zarlaagui baij bas gatnuul hiinee ain kk

    Comment by gegeen@yahoo.com — June 21, 2013 @ 8:20 AM

  3. […] Жич: Батжаргал сайхан биччихэж […]

    Pingback by Эв нэгдлийн тухай | Гэгээн Монгол — June 21, 2013 @ 8:13 AM

  4. […] Батжаргал сайхан […]

    Pingback by Эв нэгдлийн тухай | Alimaa's Cyber Space — June 20, 2013 @ 1:52 AM

  5. Elbegdorj Harvard-d harvard-iin tetgelgeer sursan shdee.

    Comment by Shur — June 10, 2013 @ 6:43 AM

  6. Бат-Эрлэнэ аваргын хувьд: Бодож бодож аваргыг дэмихээр шийдсэн учир нь: Улсын аав шиг аав нь байж чадах байх гэж бас л горьдон найдаж байна. МАН-нхан энэ хүнийг нэр дэвшүүлсэнд л ач гавъяа нь оршиж байгаа, гэвч тэдний дотор аваргыг гаргачихвал толгой цусдах болвуу гэж айгаад яг саналаа өгөх болохоор гар татах эрхэм цөөнгүй байгаа. Аваргыг бид ачийг саналгүй зохих хүмүүст оногдох хариуцлагыг тооцохдоо тал тохой татахгүй байж чадахын төлөө ажиллаач, онгичин сэндийчсэн газар шороог минь оновчтой зөв олон биш чанартай цөөнийг ашигладаг болгооч, гадаад дотоодынхонд гайхуулан ярих дуртай онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй соёлыг минь домог болтол нь сүйрүүлж байгаа энэ мөнгөнд улайрсан галзуурлыг тогтоон бариач гэж л итгэл хүлээлгэх гээд байгааш дээ. Аваргыг ард чинь нуугдчихаад чухалзаад амжилтанд чинь гай болоод, ялалт гаргавал хуваалцах,янз бүрийн үг хажуугаар чинь бурах гээд байгаа урьдах эцгүүдийн үед эвдэрч толгой дээр нь гарсан уйваагүй болсон хэдэн хүүхдүүддээ алганы амт үзүүлэхдээ үзүүлж аргадаж зэмлэхийг хослуулан эцгийн сүрээр өрх гэрээ төвхнүүлэх байх гээд итгэл хүлээлгээд байгааш дээ

    Элбэгээ ерөнхийлөгчийн хувьд: Өнгөрсөн 4 жилд аваргаас хүссээд байгаа бүгдийг л (зөвхөн миний хувьд) хүссэниймаа. Харин биелэлт нь юу билээ гэдгийг ард олон өөр өөрийнхөөрэй дүгнэх биз ээ. Хувь хүний үүднээс дүгнэхэд олон хангалтгүй ажлаас нэгийг нь жишээ болгоход: Энэ засгийн газар анх байгуулагдах гэж байхад ИХ ХУРЛЫН ГҮШҮҮД ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАХЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙГААГАА бүхэнд ойлгомжтой илэрхийлсээр байтал ерөнхий сайд нь ч тэр намын нөхөдийн аль аль нь ч сонсохыг хүсээгүйгээр барахгүй өөрсдийн үзэл бодлоор бүхнийг шийдсэн нь Элбэгээ ерөнхийлөгчийн үг байр суурь ямар байгааг хир зэрэг хүчтэй ерөнхийлөгч болохоо мөн өөрийн хэлсэн үгнийхээ үнэ цэнийг ч гаргахгүй тэгэсхийгээд чимээ тасарч эвлэрсэн нь хийдэг бус хэлдэг ерөнхийлөгч гэдгээ нотолсон нэг жишээ биш гэж үү? Энэ мэт олныг дурьдаж болно. Байдал ийм байхад эхэлснээ дуусгаагүй ажлыг нь хийж дуусгуулчихъя л даа гээд намаараа гуйлгуулаад л өөрөө ч гуйгаад л байгаагийн учрыг юу гэж ойлгох вэ? Дуулгаваргүй хүүхдүүдтэй аавын ажил амьдрал өөдөлдөг бил үү? Аль эсвэл өрсөлдөгч нь арай өвөрмөц арай тулахтай, жинхэн шударга байж магадгүй хүмүүс болохоор нь гэнэт ухаарав уу? Олон эцгийн гар дамжихдаа уйваагүйг сурсан хэдэн хүүхдүүдээ уучилж эвлэрсээр толгой дээрээ гаргачхаад 4 жилийг ардаа үдлээ дахиад 4 жил сунгаад өгөөч гэж гуйх юм. Бидэнд даанч дахин дахин турших хугацаа алга харин дараагийн шинэ туршилтандаа орсон нь дээр байхаа.

    Удвал нэр дэвшигчийн хувьд: Эмэгтэй хүн, бас ч хэлсэн үгээ үйл болгох гэж тэмцдэг түүндээ ч хүрч байгаа гэдэг үүднээс дэмжмээр л байна. Учир нь шоронгийн хоригдолд үзүүлэх эмнэлгийн ялгавартай үйлчилгээнд өөрчлөлт оруулж чадсан нь хэл ам дагуулсан хэдий ч энэ хүний нэг сайн шинжийн илэрхийлэл гэхэд маргах хүн олон гарахгүй байх. Гэвч эмэгтэй ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэл зүй бодит нөхцөл одоохондоо манайд хараахан хангагдаагүй гэж бодогддог. Учир юу вэ гэвэл өөрийн намын нэгдмэл байх ёстой тулгын 3 чулуу байхдаа бие биенийхээ үгийг сонсож үйл ажиллагаандаа тусгадаггүй ЗГ, ИХ -ынхан Хүрлээгийн авч ирсэн шиг чулуу шиг, “Содон, уян зөөлөн, эмэгтэй бас сөрөг хүчний ерөнхийлөгч”-тэй эвсэж ажиллах нь үлгэр биз ээ. Харин аваргыг эрийн шийр,уужуу сийрэг тэвчээртэй чанар, давчуу цагт гаргадаг олон хувилбарт ухаанаараа зохицуулж, залж ,тэсэж үлдэх байх гэсэн найдвар тээх юм даа.
    Энэ бол ямар нэг нам эвсэлийн захиалсан үгээр бичигдсэн зүйл бус иргэн миний хувийн бодол ба намаар талцан хуваагдахын эсрэг зогсдог бөгөөд хэзээч намтай нөхөрлөж яваагүй нэгний үг гэдгээ тайлбарлаж байна

    Comment by Ц.Авирмэд — June 10, 2013 @ 4:52 AM

  7. сүрхий юм олж харсан бололтой, чаавас:)

    Comment by batjargaln — June 9, 2013 @ 1:40 AM

  8. elbegdorjidl har PR hihgj hicheesn bn chaavaas

    Comment by KOKORO — June 9, 2013 @ 1:13 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: