"ХӨХ Танхим"

June 20, 2013

“Монголд тохирох Ардчилал”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:45 PM

Ямар Ардчилал бидэнд хэрэгтэй вэ?

Амьд амьтан хоол унд идэж уух биологийн шаардлагатай байдгийн адилаар аливаа нийгэм өөрт нь тохирсон, эсхүл тохирох нэгэн нийгмийн тогтолцоог үргэлж эрэлхийлж, бүтээн бий болгохын төлөө эрмэлзэж байдаг нь жам ёсны зүйл. Гэвч, таарсан болгон нь хоол унд биш, түүнийг шалгаж нягталж, үгүй ядаж ямар гээч хоол болохыг нь мэдэж байж идэх нь зүй ёсны асуудал. Харин нийгмийн тогтолцооны хувьд ингэж чадах уу? 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал зөвхөн Ардчилсан намыг төрийн эрхэнд гаргахад шаардлагатай улс төрийн үйл явц байсан юм гэжүү? Бид Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг төгс зүйл мэтээр ойлгон хүлээж авч, Ардчилалгүйгээр Монголын нийгэм оршин тогтнож чадахгүй мэтээр төсөөлж байсан нь саяхан. Ямар ч хоол ихэдвэл хоол биш хор болдогтой адил Ардчиллын тухай “бодитой, нягтлагдсан” үнэн зөв ойлголтгүйгээр хүчээр нийгэмд тулган хүлээлгэж буй энэ цаг үед Ардчилал гэдэг ойлголтын тухай, өнөөгийн нийгэмд яг ямар хэлбэрийн Ардчилал шаардлагатай байгаа тухай эргэн харж, шинээр дүгнэх нь алс хэтдээ Монголын нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой билээ.

Image

Ардчиллыг шинээр харъя

Зарим нэг нь шууд ардчилал гэх юм, зарим нь төлөөллийн ардчилал гэх юм. Хэдэн жилийн өмнө Тэмүүжинг Оюутны ардчилал гэж тайлбарлахыг ч сонсож л суулаа. Дүр эсгэсэн Ардчилал, Жинхэнэ ардчилал гээд олон талаас нь харж дүгнэсэн олон жишээ бий. Арай л Элбэгдоржийн Ардчилал гэх нь холгүй тайлбарлах юм. Хэрвээ сайн ажиглавал Ардчилал гэдэг үгийг Эрх чөлөө гэдэг үгний өмнө нь хүртэл бичиж заншжээ. Ард түмний төлөө ажилладаг Засгийн газрыг ардчилал гэнэ гэх сонгодог ойлголтыг гүнзгийрүүлж, шинээр тайлбарлах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Тэгээд ч эрх чөлөөний тухай ойлголт нийгэмд гүн бат суурьшаагүй, эрдэм шинжилгээний эргэлтэнд төдийлөн ороогүй, улс төрчдийн юмуу, эсвэл улс төр судаалчдын мэргэжлийн үг хэллэг, судалгааны нэр томъёо мэт явсаар байх юм бол Ардчиллыг зөвхөн Ардчилсан намын үзэл баримтлал, эсвэл Олонхийн дарангуйлал мэтээр үзэж харах төөрөгдөл мөнхөд үргэлжлэх байх.

Image

Бодит байдал

Хүмүүс ядуу байхад ардчилал гэх тогтолцооны тухай маргалдаж мэтгэлцэх боломжгүй юм. Үнэндээ Баянхошуунд тамхи зарж, утсаар яриулж хэдэн төгрөг олж суугаа өвөөд, эсвэл сонгуулийн кампанит ажлын багт ороод, айлын хаалга тогшин сонин тарааж яваа оюутан хүүхдэд Ардчилал гэхээсээ илүү өнөөдрийнхөө орлогыг бүтнээр нь авах хүсэл л илүү байгаа. Яагаад гэвэл ардчиллын тухай мэдэхгүй учраас. Ийм мэдэхгүй хүмүүсийн тархийг Ардчиллын тухай эсвэл буруу, эсвэл хуучирсан ойлголттой улс төрчид ямар их эргүүлдэг, нааддаг юм бэ?

Сонгуулийн өрсөлдөөн дунд ажиглагдаж байгаа нэг үзэгдэл байна. Нэг нь ардчилал хэрэгтэй чухал, одоо л ардчилал эхэлж хэрэгжиж байна гэх, нөгөө нь ардчилал худлаа юм, хэрвээ чухал байсан юм бол яагаад хүмүүс өдий болтол ядуу байгаа юм бэ гэх? Тиймээс Ардчилал гэх ойлголтыг шинээр харж, шууд ч биш, оюутны ч биш, Монголд тохирох загварыг эрж хайх цаг болсон. Засаглалын бие даасан хараат бус байдлыг алдагдуулж, Үндсэн хуулийн түвшинд хууль тогтоох байгууллагын гүйцэтгэх засаглалаа хянах эрх мэдлийг саармагжуулж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тухай хуйвалдааны шинжтэй нэмэлт өөрчлөлт нь өнөөгийн бүх хямралын эх үүсвэрийг тавьсан юм. Энэ бол зөвхөн Тэмүүжин гэдэг сайдын хоёр өөр сандал дээр тавьсан “гуя”-ны тухай асуудал биш. Энэ бол өөрийнхөө үзэмжээр өөртөө төсөв олгож, өөрөө түүнийгээ захиран зарцуулж, өөрөө өөрийнхөө өмнө тайлан тавьж байгаа улс төрчдийн увайгүй үйлдлийн тухай асуудал. Хэн ийм болгосон гэдгийг асуух цаг, засах цаг, хариуцлага тооцох цаг нэгэнт болсон гэж бодож байна.

Image

Дүр эсгэсэн Ардчиллын баг

Бирмийн улс төрч авгай хэлсэн болохоор нь л давтаж хэлээд байгаа болохоос манай Гүндалай ч бас хэдэн жилийн өмнө хэлж л байсан утга. Ардчилагдсан дарангуйлал гэж. Хууль бус мөртлөө, зөвтгөл нь нийгмийн тархи толгойг хангалттай эргүүлж чадах улс төрийн эрх мэдлийн тухай Гүндалай тухайн үедээ ярьж бичиж байлаа. Харахад ардчилсан тогтолцоо ч юм шиг, сонгуулийн замаар засгийн эрхэнд гарсан атлаа нэг намын төдийгүй нэг хүний хязгааргүй хаанчлал тогтож байсан үеийг тэрээр ингэж тодорхойлж байсан юм.

Чөлөөт сонгууль нь ардчиллын нэг үнэт зүйл мөн боловч сонгууль хийж буй арга зам нь гажуудахаар ардчиллынхаа мөн чанарыг алдуулж эхэлдэг. Энэ бол засаглалын бүх салаа мөчрийг нэг намын гарт цуглуулах ажлыг төрийн эрх мэдэл, төсвийн хөрөнгө мөнгө ашиглан хийж байгаагаар илэрдэг. Товчхондоо Ерөнхийлөгчийн сонгуульд парламентын гишүүд нь, Засгийн газрын гишүүд сайд дарга нар нь татвар төлөгчдийн мөнгөөр оролцохыг дүр эсгэсэн ардчилал гэнэ. Өөрийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан төрийг удирдах, баялгийн хуваарилалтыг хянах бүх механизмыг устгасны дараа нэг намын гарт төрийн бүх эрх мэдэл цугларах нь ажил хурдан бүтдэг мэтээр хүмүүсийг хуурч мэхлэх нь өнөөгийн Ерөнхийлөгч ба түүнийг тойрон хүрээлэгчдийн сонгуулийн ажлын Үндсэн концепц бололтой.

Хэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулинд тусаж өгөхдөө гадаад харилцаанд улсаа төлөөлөх, хууль санаачлах гэх мэтээр ажил үүргийн нарийн зааг ялгааг тогтоож өгсөн. Манай улсын хуулиар Ерөнхийлөгч хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын ажилд шууд оролцох хууль зүйн эрх мэдэл байхгүй. Засгийн газрын хуралд орж суучхаад хүн загнаад байх, эсвэл твиттерээр Засгийн газрын гишүүдийг элдвээр хэлээд загнаад байх нь үнэндээ тэнэг бөгөөд ёстой муухай харагддаг. Хууль батлахад нэг ч кноп дарах эрхгүй Ерөнхийлөгч хууль баталж, хэрэгжүүлдэг мэтээр сонгуулийн сурталчилгаа явуулах нь дүр эсгэсэн ардчиллын нэг тод жишээ юм.

Өнөөгийн ардчилагчид гэгдэх улс төрчид 1990 оны цагаан морин жилийн хувьсгалд оролцож явахдаа хүйтэн цементэн дээр өлсөж, жагсаж сууж байсныг бүгд мэддэг, тэдний тэр гавъяаг хэн ч үгүйсгээгүй. Үгүйсгэж болохгүй хүндлэл тэдэнд бий. Гэхдээ тэд Ардчилсан хувьсгалын түүхээ бичээгүй, судлаагүй, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулаагүй. Үүнийг нь шүүмжлэх биш бүр “загнах” ч ёстой. Ийм учраас Ардчиллыг шинээр харж, дахин тайлбарлаж, Монголын нийгэмд тохирох хяналттай, иргэд нь төрөө удирдаж хянах тийм загварыг бий болгох ёстой. Тэр л Монголын нийгэмд тохирох ардчилал юм.

 2013.06.20

 

 

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: