"ХӨХ Танхим"

December 4, 2013

Сонирхолтой ярилцлага: Төр яагаад хэвлэл мэдээллийн салбарт оролцох ёстойг уншаарай

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 1:34 PM

MongolNews.mn – Монголын сэтгүүлзүйн өнөөгийн өнгө төрх, тулгамдаж буй асуудлын талаар Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, сэтгүүл зүйн доктор (Ph.D) М.Мөнхмандахтай ярилцлаа.

-Та ХБНГУ-д сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Олон түмний мэдээллийн харилцааны шинжлэх ухаанаар мөн улсад доктор хамгаалж ирээд, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 15 жил ажиллаж байна. Таны үзсэн барууны сэтгүүлзүйн хэм хэмжээг Монголын сэтгүүлзүйн бодит байдалтай харьцуулбал бид өнөөдөр хаахна явна вэ?

-Монголын сэтгүүлзүй хаана явах нь Монголын нийгэм өнөөдөр ямар байгаагаас л шууд хамаарах болов уу. Хаа сайгүй, дээр дооргүй авлига цэцэглэсэн, хувийн эрх ашиг давамгайлсан, ёс суртахууны баримжаа, хэмжээ алдагдсан нийгэмд төлб өртэй мэдээллээр дүүрэн, хувийн сонирхолд үйлчилдэг, мэргэжлийн зарчим, хэм хэмжээг уландаа гишгэдэг сэтгүүлзүй л цэцэглэж байна, ний үй ярихад. Боловсролын тогтолцоо 90-ээд онд эмх замбараагүй байсны үр дүнд өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт наад захын суурь мэдлэггүй боловсон хүчин дүүрэн байна. Сэтгүүлчид тэнгэрээс бууж ирдэггүй, тухайн нийгмийн бүтээгдэхүүн нь байдаг болохоор өнөөгийн хэвлэл мэдээллийн дүр төрх бол нийгмийн л тусгал. Бусад салбараас ялгаатай нь гэвэл хийж, бүтээж байгаа бүхэн нь хүн бүрийн нүдэнд ил байдаг учир бусдаас илүү шүүмжлэлд өртөж, бас сайн, муугаараа бусдад илүү хүчтэй нөлөөлж байдаг.

-Тэгэхээр Монголын нийгэм цэвэршихгүй бол сэтгүүлзүй эрүүлжихгүй гэсэн үг үү?

-Хэвлэл мэдээллийн салбар хэдийгээр нийгмийн салшгүй нэг хэсэг ч иргэд эндээс л мэдээлэл авч, санаа бодлоо төлөвшүүлж байдаг. Өөрөөр хэлбэл мэдээллийн хэрэгсэл өөрийн гэсэн ертөнцийг бүтээж, тэр ертөнцөд нь хүмүүс амьдарч, шийдвэр гаргаж байдаг. Тийм ч учраас тэр ертөнцийг өөрийнхөө хүссэнээр бий болгохын төлөөх эрх мэдлийн тэмцэл зөрчил байнга явагдаж байна. Мэдээллийн хэрэгсэл бодит амьдралд болж өнгөрч байгаа том жижиг бүх сэдэв, асуудлыг зогсоо зайгүй, хэмжээ хязгааргүй нийтэлж, нэвтрүүлээд байх боломжгүй учир заавал сонголт хийдэг. Тэрхүү сонголтыг хэрхэн хийхээс хамаараад бодит амьдралын нэгээхэн хэсэг тэр чигээрээ орхигдох, эсвэл арай өөр байдлаар олон нийтэд хүрэх боломжтой. Гэтэл иргэд ямар ертөнцөд амьдарч байгаагийнхаа талаар үнэн бодит мэдээлэл авах суурь эрхтэй учир иргэдийнхээ энэ эрхийг хамгаалж, төр нь ажиллах ёстой.

Төр хэрхэн ажиллах вэ гэвэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгний хувийн ашиг сонирхолд автахгүйгээр, мэдээллийг бусдын эрхээр мушгин гуйвуулалгүйгээр олон түмэнд хүргэх нөхцөлийг нь хамгаалах ёстой. Нөгөө талаар аль болох олон янзын сувгаар, олон хэлбэр, агуулга бүхий мэдээллийг хүлээн авч, өөрийн гэсэн ойлголт, мэдлэг, хэм хэмжээг бий болгох иргэдийн эрхийг төр хамгаалах ёстой. Хэвлэл мэдээллийн хараат бус, олон ургальч байдал гэж ярьдгийн энгийн утга учир нь энэ. Тухайн улс оронд эрүүл сэтгүүлзүй хөгжиж чадах, эсэх нь гурван хүчин зүйлээс хамаардаг гэсэн. Төрийн бодлого, иргэний нийгэм, зах зээлийн эрүүл тогтолцоо.

-Монголын төр энэ талаарх үүргээ хэр биелүүлж байна вэ?

-Төрийн ямар ч бодлого, зохицуулалт, үйл ажиллагааны цаад зорилго нь иргэнээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, эрүүл амьдрах, хөгжих боломж олгох гэх зэргээр иргэдийн ашиг сонирхолд үйлчлэх явдал гэж ойлгодог. Гэтэл хууль тогтоогчид иргэдийнхээ эрх ашгийг биш, өөрсдийнхөө хувийн бизнес, эрх мэдлийг хамгаалан цэцэглүүлэхийн тулд бүх хүчээ зориулаад байх шиг харагддаг. Мэдээж хэрэг улс орон, иргэнээ боддог, чин шударга улстөрч, төрийн албан хаагч нэг бус байдаг гэдэгт эргэлзэхгүй байгаа ч нийтлэг дүр төрх ийм л байна. Байдал арай өөр байсансан бол иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрхийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд шаардлагатай олон сайн зохицуулалтыг төрөөс аль хэдийнэ хийчих л байсан байх.

-Жишээлбэл ямар зохицуулалт?

-Өө, яривал олон асуудал байна. Хэвлэл мэдээллийн салбарт хууль хэрэггүй гэж яриад байдаг хүмүүсийг би огт ойлгодоггүй. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж нэрлэнэ үү, өөр нэртэй байна уу, тийм ч чухал биш. Хамгийн гол нь энэ салбар эрүүлээр хөгжиж, иргэддээ шударгаар үйлчлэх боломжийг хангах олон түвшний зохицуулалт чухал хэрэгцээтэй байна.

Сонины түгээлтийн асуудал байна, жишээлбэл. Өргөн уудам газар нутагтай Монгол оронд сонин, хэвлэлийн түгээлтийг дэмжих төрийн бодлого яагаад байж болохгүй гэж? “Монгол шуудан” ХХК-тай хийсэн “иж бүрэн түншлэлийн гэрээ” биш, төрийн бодлогын тухай ярьж байна л даа. Олон ургальч мэдээллийн эх үүсвэрийг хангах төрийн үүрэгт энэ хамаарах уу гэвэл хамаарна. Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл байна. Хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэл хотод төвлөрчихөөд байхад орон нутгийн жижиг зах зээлд хэвлэл мэдээллийн байгууллагууд зах зээлийн орлогоор санх үүжээд амьд явах бодит боломж байхгүй биз дээ. Олон талт мэдээллийн хэрэгслийн хөгжлийг дэмжих, хөдөөгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хамгаалах төрийн үүрэг энэ мөн үү гэвэл яах аргагүй мөн.

“Төрийн дэмжлэг” гэдэг нь “улс төрийн нөлөө” гэдэгтэй утга нэг болчихсон манай оронд жишээлбэл Австрийн “Хэвлэл мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн жишээнээс яагаад суралцаж болохгүй гэж? Төрийн байгууллагууд мэдээлэл, сурталчилгааны зорилгоор аль хэвлэл мэдээллийн байгууллагад хэчнээн төгрөг зарцуулсан нь нийтэд ил байх ёстой, дээрх хуулиар. Төрөөс зарцуулсан хөрөнгө мөнгө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлөх арга хэрэгсэл болох ёсгүй гэсэн үзэл санаагаар энэ хуулийг гаргасан байдаг. Словени улсад хэвлэл мэдээллийн шударга өрсөлдөөн, зах зээлийн ил тод байдлыг хангах зорилгоор жишээлбэл тогтмол хэвлэлүүд нь хэвлэгдсэн тоо ширхэгээ тухайн дугаартаа нийтлэх хуультай.

Манай оронд хэвлэл мэдээллийн салбарт зах зээлийн шударга өрсөлдөөн явагдахгүй байгаагийн нэг шалтгаан нь зах зээлийн зарчмаар бизнес хийж сураагүй, сурахыг ч хүсэхгүй байгаа явдал. Хэвлэл мэдээллийнхэн ил тод байдлаас өөрсдөө айдаг. Шантааж, төлбөртэй мэдээлэл, хаалтын гэрээ, хандив тусламжаар амь зогоох нь хэвийн үзэгдэл болчихсон, улстөрчид ч, бизнесийнхэн ч энэ байдлыг улам өөгшүүлдэг. Төрөөс шударга өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангахын оронд сул дорой байлгаж, дохио зангаагаараа хөдөлгөж байх сонирхолтой байна уу гэж хүртэл сүүлдээ бодогдох болсон. Энэ дунд нөгөө иргэдийн эрх ашиг хаана байна вэ?

-Тэгвэл сэтгүүлчид яагаад дуугуй байна вэ? Хэвлэл мэдээллийнхэн аливаа асуудлаар олныг шуугиулж, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах тусгай гэмээр эрх мэдэлтэй хүчирхэг хүмүүс. Тэд энэ талаар ярьж, бичих нь тийм ч түгээмэл биш. Сэтгүүлчид айж байна уу, байдалтайгаа эвлэрээд байна уу, эсвэл угаасаа таны яриад байгаа асуудлууд Монголын сэтгүүлзүйд байхгүй болоод нам гүм байна уу?

-Ялаа, дарга хоёрыг сониноор алж болдгийн үлгэрээр бол хэвлэл мэдээллийнхэн мэргэжлийнхээ эрх ашгийн төл өө яаж л бол яаж дуугарч, дуугарсныхаа хэрээр үр дүнд хүрч болмоор юм шиг. Гэтэл тийм биш. Сэтгүүлчид хааяа дуугардаг уу гэвэл үгүй гэж арай хэлж болохгүй. Гэхдээ тэд хэзээ дуугардаг вэ гэхээр бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөх үед, голцуу л эздийнхээ турхиралтаар үгсэн нийлж, дуу дуугаа авалцдаг гэхэд хилсдэхгүй. Олон нийтийн телевизийн тухай хуулиас зар сурталчилгааны тухай заалтыг авч хаяхын тулд хувийн хэвшлийн телевизүүд ямар “мундаг” дуугарсан бэ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль яригдахад эздийн эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллийн хэсэг бүлэг хүн ямар сүртэй хашгиралдсан бэ. Харин сэтгүүлчдийн сурч боловсрох, хөдөлмөрийн зохистой орчноор хангуулах, эсвэл мэргэжлийн үүрэг, хариуцлага, ёс зүй, хэвлэл мэдээллийн итгэл үнэмшлийн талаар дуу дуугаа авалцаж нэгэн зэрэг чангаар дуугарч байсан удаа байна уу? Би лав санахгүй байна. Манай сэтгүүлчид өрөвдмөөр, бас бухимдмаар “хүлцэнгүй” юм.

Энэ байдалд хэд хэдэн шалтгаан байна гэж хардаг. Юун түрүүнд сэтгүүлчид мэргэжлийн эрх ашгийнхаа төлөө нэгдэж чаддаггүй. Хэвлэл мэдээллийн салбарт иргэний нийгмийн байгууллагууд маш хүчтэй байх тохиолдолд нөлөөллийн ажлыг төдийчинээ хүчтэй хэрэгж үүлэх боломжтой. Иргэний нийгмийн байгууллага бол тухайн хэсэг бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлэх, дуу хоолойг нэгтгэх манлайлагч нь болж, тулгамдаж буй асуудлыг нь олон түмэнд болон шийдвэр гаргагчдад хүргэх индрийг бий болгох учиртай. Гэтэл хэвлэл мэдээллийн салбарын эвлэл, холбоод нь үйл ажиллагааны чиг баримжаагаа оновчтой тодорхойлж, бүрэн төлөвшиж чадаагүй, сэтгүүлчид ч тулгамдаж байгаа асуудлаа зөвөөр ойлгож томъёолох мэдлэг чадвар дутмаг байна. Адаглаад л “редакцын хараат бус байдал“ гэдгийг даргад захирагдахгүй байх, “сэтгүүлзүйн агуулгыг сурталчилгаанаас ялгаж зааглах”-ыг реклам явуулахгүй байх мэтээр ойлгож, тэмээ гэхээр ямаа гэх сэтгүүлч цөөн бус юм. Нөгөө талаар мэргэжлийн эрх ашиг, үнэ цэнэ, итгэл үнэмшил гэдэг чухал зүйлсийн талаар ойлголт маш тааруу байна. Сэтгүүлч хүний үүрэг, хариуцлага, мэргэжлийн хэм хэмжээг яс маханд нь шингээж өгөх сургалтын тогтолцоо ч сул, тэдгээр хэм хэмжээг нь хэрэгжүүлж, төлөвшүүлэх редакцын үйл явц, бодлого нь ч сул учраас нэг зүйлийн төлөө дуу дуугаа авалцаад дуугарах нь бүү хэл, ойлголтын зөрүүнээс болж өөр хоорондоо жийлцээд таарах нь энүүхэнд.

-Эздийн эрх ашиг гэснээс сэтгүүлч байж байгаад өөрийн гэсэн мэдээллийн хэрэгсэлтэй болсон, ЭЗЭН-СЭТГҮҮЛЧИЙН асуудал сүүлийн үед нэлээд хөнд өгдөж байна. Ийм хүмүүсийг мэдээллийн хэрэгслээс нь салгахыг эсэргүүцсэн яриа ч өрнөсөн. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Нэгд, эзэн хүн ямар мэргэжилтэй байх, урьд өмнө ямар ажил хийж байсан нь хамаагүй шүү дээ, тэр хүн одоо ч гэсэн мэр сэр юм бичдэг байж болно. Гэхдээ л хэрэв эзэн болсон юм бол бага нөөц зарцуулж, их ашиг олох сонирхол, зорилго бүхий бизнесийн хүн болсон учир тэр эзний ашиг сонирхол сэтгүүлчийнхээс өөр байдаг. Саяхан Монголын хэсэг сэтгүүлч Германы сэтгүүлчдийн эвлэл дээр зочилж, яг энэ асуудлыг тавьж байсан. Германы сэтгүүлчдийн эвлэл эгнээндээ зөвхөн сэтгүүлчдийг багтааж, тэдний ашиг сонирхолд үйлчилдэг. Хэвлэл мэдээллийн эздийг сэтгүүлчдээс хэрхэн ялгадаг тухай асуухад, сэтгүүлчид бичиж, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлэх үндсэн ажлыг гүйцэтгэж, тэрхүү ажлаар олсон орлогоороо амьдардаг. Бид шаардлагатай бол санхүүгийн орлогын эх үүсвэр, хөдөлмөрийн гэрээг нь хүртэл шалган үзэж байж энэ хүн сэтгүүлч мөн үү, биш үү гэдгийг тогтоодог гэж байсан.

Хоёрт, “эздийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс нь салгах” гэсэн яриаг би ойлгохгүй байна. “Салгах” ч гэх шиг, “нийгэмчлэх” ч гэх шиг, ойлгомжгүй, тодорхойгүй зүйлсээр манай зарим ойлголт муутай хүмүүс шуугиан дэгдээж, дүйвээнд нь өөрсдийнх өө ашиг сонирхлыг шургуулан хамгаалж байх шиг. Мэдээжийн хэрэг аль ч ардчилсан оронд хувь хүний бизнесийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байх ёстой. Гэхдээ бас аль ч бизнесийн салбарт хэрэглэгчдийг төөрөгд үүлэх, залилахыг хориглож, иргэдээ хамгаалах нь хэвийн зүйл байдаг. Бид зөвхөн коммунизмын үед л мэдээллийн хэрэгсэл эрх баригчдын өрөөсгөл сурталчилгааг цацаж байсан юм шиг бодож, ярьдаг. Орчин үеийн мэдээллийн хэрэгслийн эзэд ч ялгаагүй, одоогийн төр баригчид ч ялгаагүй, мэдээллийн хэрэгслийг сурталчилгааны хэрэгсэл болгон ашиглаж, өөрийн үзэл суртлыг ухуулж, сурталчилж л байна. Ардчилсан орнуудын хэвлэл мэдээллийн салбарт бизнесийн үйл ажиллагааг редакцын үйл ажиллагаанаас ялгаж зааглах хатуу бөгөөд түгээмэл зарчим үйлчилдэг бол манайд энэ зарчмыг “хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийгэмчлэх гэж байна” гэж шуугиан дэгдээж, асуудлыг зориудаар будлиулж, зайлшгүй шаардлагатай зохицуулалтыг үгүйсгэж байна.

-Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарт иймэрхүү эрх зүйн зохицуулалт хийх цаг нь болоогүй байна гэж үзэх хүн цөөнгүй байх шиг байна?

-Тэр цаг нь тэгээд хэзээ ирнэ гэж хүлээх вэ? Хэвлэл мэдээлэлд үл итгэх байдал дээд цэгтээ хүрч, сэтгүүлзүйн мэргэжлийн үнэ цэнэ шалдаа буугаад байхад үүнээс цааш аль хүртэл явах юм бэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслийг жинхэнэ ардчилсан утгаар нь хөгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл байхгүй гэдэг нь угаасаа л тодорхой. Жаахан хүлээвэл тэр хүсэл эрмэлзэл гараад ирнэ гэж өөрсдийгөө хуурах хэнд хэрэгтэй вэ? Дээр хэлсэнчлэн, хэвлэл мэдээллийн тогтолцоонд нөлөөлөх гурван гол хүчин зүйл нь төрийн бодлого, зах зээлийн тогтолцоо, иргэний нийгэм юм. Төрийн бодлого нь алга, зах зээлийн тогтолцоо нь хэвлэл мэдээллийн салбарт үйлчлэхгүй байна, тэгэхлээр найдах ганц хүчин зүйл нь иргэний нийгэм л болж байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө эвлэлдэн нэгдэж, мэргэжлийнхээ үнэ цэнэ, итгэл үнэмшлийн төлөө дуу хоолойгоо бусдад сонсгож, хэн нэгний утсан хүүхэлдэй байхаа болих хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

 

С.БАТ

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: