"ХӨХ Танхим"

December 14, 2013

Аялал жуулчлал ба Гурил:

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 1:48 PM

“Аялал жуулчлал амь тавих уу?” Ийм сэдэвт нэг удаагийн дугаараа зориулсан Үндэсний ТОЙМ сэтгүүлийн 2012 оны 12 сарын 17-ны дугаарын 7-р хуудсанд “Гурилынханд 61 тэрбумын зээл олгоно” гэсэн гарчигтай мэдээ ихэд анхаарал татав. Ийм зээл олгосны “улс төрийн зорилго” нь гурилын үнийг тогтвортой барих гэнэ. Монгол Банк болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран хэрэгжүүлж буй энэхүү зээлийн гэрээний дагуу гурилын үйлдвэрүүд гурилын бөөний үнийг 550 төгрөг, жижиглэнгийн үнийг кг тутамд нь 650 төгрөгөөс дээшгүй үнээр худалдах үүрэгтэй гэнэ. Энэ бол улс төрд орсон бизнесменүүдийн солиотой ашигтай үй олон шийдвэрүүдийн зөвхөн ганц нь. Харин ч “онцгүйг онцолдог” Үндэсний ТОЙМ сэтгүүл жижигхэн мэдээ болгоод оруулчихаж, хэрэв бүтэн дугаараа зориулсан бол Үндэсний ТОЙМ сэтгүүл дээр “улс төрийн том төсөл” хэрэгжих байсан биз.

Харин тус сэтгүүлийн энэ удаагийн дугаар нь аялал жуулчлал хэмээх “боловсролтой атлаа ядуу” салбарыг хөндөж, мэргэжлийн болон мэргэжлийн бус олон асуудлыг олон нийтэд дэлгэжээ. Гурилын үйлдвэр ажиллуулахад боловсрол хэрэггүй гэх гэсэнгүй. Харин нэгэнт үйлдвэрлэчихсэн гурилыг 550 байна уу, 650 байна уу ямар ч хамаагүй үнээр худалдахад харин боловсрол хэрэггүй юм. Тухайн өдрийн түгжрэл, стресс зэргээ үнэлж нэмэн зарахад өдөр тутмын хэрэгцээний зүйлсээ нэг дороос аваад сурчихсан худалдан авагч нь хүссэн хүсээгүй авч л таарна. Учир нь яг лангуун дээрх 100 юмуу 200 төгрөгний зөрүүг хэн ч хянадаггүй билээ. Өдөр тутмын хэрэгцээ учраас хаа сайгүй худалддаг, хаа сайгүй худалддаг учраас нэг газраас авч чадахгүй бол өөр газраас очоод авчихна, тиймээс хянах боломжгүй. Хянах боломжгүй учраас энэ салбарт “улс төр орох” бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэ салбарын эрсдлийг “төр” буюу энэ салбарын “төрд байгаа эзэд” нь төрийн нэрээр бүрэн хамгаалах боломжтой гэсэн үг. Тиймээс гурил буюу том утгаараа газар тариалангийн салбар нь өөрөө цэвэр эрсдэлгүй ажилладаг гэчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй юм.

Харин аялал жуулчлалын тухайд:   

Гурил шиг хүний өдөр тутмын хэрэгцээг хангадаггүй болоод тэр үү, эсвэл жилийн 4 улирлын зөвхөн ганцад нь идэвхитэй ажилладаг учраас тэрүү, нэг л төр ба “төрийн өндөр албан тушаалтнуудын анхааралд өртдөггүй”, төрийн дэмжлэг нэрээр мөнгө хийх боломжгүй салбар бол аялал жуулчлал юм. Мэдээллийн технологи “өндөрдүү” хөгжсөн манай орны хувьд гурилын үйлдвэр болон гурилын үнэтэй холбоотой мэдээллийг интернэтээс хайгаад олохгүй. Харин аялал жуулчлалын тухайд бол огт өөр. Аялахаар ирсэн жуулчин нь ч, аялуулахаар авчирсан компани нь ч тэр бүх мэдээллээ, тэр бүү хэл боломж гарвал аяллынхаа тухай алхам тутамд олон нийтийн сүлжээ сайтуудад мэдээлж байдаг учраас аялал жуулчлал өөрөө их нээлттэй салбар юм. Түүнээс гадна аялал жуулчлалынханд уул уурхай шиг өндөр үнэтэй машин тоног төхөөрөмж байдаггүй, банк санхүү шиг өндөр шилэн барилга байхгүй, олон тооны нарийн мэргэжилтэй хүний нөөц ч байхгүй. Нэг үгээр хэлэхэд тэдэнд төрийн нэрээр зээл мөнгө олголоо ч шингээх хүчин чадал нь ил харагддаггүй. Гадныхантай ихэвчлэн харьцдаг учраас гадаад хэлтэй хүний нөөцөөр гол багаа бүрдүүлдэг боловч уул уурхайн үсрэнгүй хөгжилд ширвэгдэж хүний нөөцөө алдаад дуусч байгааг хэн хүнгүй хэлдэг. Дээрээс нь энэ салбарынхан төр яагаад аялал жуулчлалын салбарыг дэмжих ёстой тухай хүн үнэмшихээр ядаж ганц “панаалны өгүүлбэр байхгүй улс”.

Аялал жуулчлал дахь төрийн дэмжлэгийн тухайд:

Динозавр унасан хүүхдийн зурагтай плакат гаргах нь төрийн бодит дэмжлэг яавч биш. Аялал жуулчлал бол төрийн дэмжлэггүйгээс гадна мэргэжлийн бусынханд самруулж байгаа салбар юм. Жуулчны бааз ажиллуулах, зочид буудал ажиллуулах, зундаа голын эрэг бараадаж хэдэн гэр барихыгаа аялал жуулчлал гэж боддог энэ салбарын бус хүмүүс энэ салбарт цөөнгүй. Аялал жуулчлалыг төр дэмжих гэхээсээ илүү аялал жуулчлалын салбарыг хариуцсан улс төрчийн үзэмжээр энэ салбарын хөгжил тодорхойлогдож байгаа гэхэд хилсдэхгүй. Уг нь одоогийн Засгийн газарт байгаа гурван эмэгтэй сайдаас Оюун, Оюунгэрэл хоёр бол дэлхийн том сургууль төгссөн, боловсрол мэдлэгтэй бол боловсрол мэдлэгтэй, хариуцсан салбараа хөгжүүлэх амбицтай бол амбицтай л хүмүүс. Бас хоёулаа энэ салбарт онц хамааралтай хүмүүс. Гэхдээ дэмжлэг нь нэг л болж өгөхгүй байна. Энэ салбарт хууль бий, хуулиа шинэчлэх шаардлага бий. Гэвч өнөөгийн Монголын хуулиуд бол тухайн салбараа дэмжих бодит дэмжлэг биш, арай чүү зохицуулалтын шинжээ л хадгалж байгаа цаас төдий юм. Хуулинд янз бүрийн үзэл санаа суудаг, хуулийг янз бүрийн зорилгоор хийдэг, бас хуулинд янз бүрийн цоорхой бий. Шулуухан хэлэхэд аялал жуулчлалын салбарынханд яг өнөөдөр мөнгө л хэрэгтэй юм. Тэд маш их орлогоо алдсан, маш их хүний нөөцөө алдсан. Одоо уул уурхай болон нийгмийн бусад салбарын хурдацтай хөгжилд үнэндээ хожигдож яваа салбар. Гэвч зундаа нэг аппарат, дуран зүүсэн гадаад нөхдүүд хааяахан нэг “экс Сүхийн” талбайд байдаг Чингис хааны хөшөөний зургийг авч яваа харагдахыг бодвол энэ салбар бүр ч унтарчихаагүй юм.

Төр яагаад аялал жуулчлалыг дэмжих ёстой вэ:

Хэрвээ төр аялал жуулчлалын салбарыг яаж дэмжих ёстой вэ гэвэл салбар хариуцсан сайдтай “мөчөөрхөлдсөн” болох учраас яагаад дэмжих ёстой талаар шинээр харахыг оролдъё.  Мэдээж, Засгийн газарт энэ салбарын нэр орсон яам байдаг болохоор дэмжих ёстой биш л дээ. Төрөөс тухайн салбарыг дэмжсэн дэмжлэг нь тухайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн гүйцэтгэх үүргийг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх, төр ба хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг бэхжүүлэхээсээ өмнө уялдуулах зэрэг олон янз байдаг. Энэ өнцгөөс нь харвал аялал жуулчлал ба төр хоорондын хамтын ажиллагааг эхлээд уялдуулах ёстой юм. Аялал жуулчлал өөрөө маш олон салбарыг тэтгэж байдаг. Энэ салбарт ажиллаж байгаа компаниуд байгаль хамгаалал, орон нутаг, зочид буудал, такси үйлчилгээ, жуулчны баазууд, жижиг дунд бизнес эрхлэгчид, гар урлалынхан, музей, театр, малчин өрх гээд хамтарч ажилладаг, ажил үйлчилгээг нь худалдаж авдаг бүх салбартаа бодит хөрөнгө оруулалт хийдэг. Ийм учраас төр энэ салбарыг бодитоор дэмжих ёстой бөгөөд тухайн дэмжлэг нь энэ салбар дахь үндэсний компаниудыг чадавхижуулахад чиглэвэл илүү тустай. Жижиг дунд үйлдвэрийнхэнд зээл өгч дэмждэг ч тэдний бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авч байдаг бодит үйлчлүүлэгч болсон аялал жуулчлалын салбарынхныг орхигдуулж болохгүй юм. Зундаа ажиллаад өвөлдөө бараг сул зогсдог энэ салбарт гурилынханд өгдөг шиг тэрбум тэрбум төгрөг хэрэггүй ч ганц муу пургон худалдаж аваад аялалын зориулалтаар тохижуулчих мөнгө ус агаар шиг хэрэгтэй юм. Аялал жуулчлалын эрх зүйн орчинг сайжруулах нэрээр цаас үйлдвэрлэх нь үнэндээ бодит дэмжлэг бол биш. Түүнчлэн аялал жуулчлалын асуудал хариуцсан яам нь аялал жуулчлалын нэг ядмагхан компаниас ч дор ажиллаад байвал дэмжлэг биш бүр хор болно.

Аялал жуулчлалын салбарт төрийн бус байгууллага хэрэгтэй юу?

Хамгийн их утгаа алдсан, байгуулахад хамгийн амархан хуулийн этгээдийн хэлбэр бол Төрийн Бус Байгууллага юм. Томоор харвал иргэний нийгмийнхэн гэж нэрлэгддэг янз бүрийн эвсэл холбоод аялал жуулчлалын салбарт үй түм. Хувийн хэвшлийнхний төртэй харилцах гүүр болно гэдэг “гоё нэртэй ажил” хийдэг. Гэвч Монгол шиг жижигхэн оронд төр нь хувийн хэвшлийнхэнтэй уулзахад заавал хүнээр дамжуулах шаардлага огтхон ч үгүй. Мөн түүнчлэн төр аялал жуулчлалын салбарт гүйцэтгэх зарим үүргээ иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх шаардлага ч байхгүй. Хатуухан хэлэхэд аялал жуулчлалын салбар дахь иргэний нийгмийнхэн буюу тодорхой нэр бүхий төрийн бус байгууллагууд нь төр хувийн хэвшлийнхний зөрчил дээр амьдардаг нэр бүхий хэдхээн хүний л асуудал. Шаардлагатай үед улс төрчдийн баг болдог, шаардлагатай үед нь ямар нэг салбарын дотоод зөрчлөөс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр ашиг унагаж амьдардаг арга юм. Яахаараа бизнес хийж байгаа компани, хувь хүний маркетинг болон зар сурталчилгааг нь төрийн нэр барьсан төрийн бус байгууллага хийх ёстой юм. Буруу зар сурталчилгаанаас үүссэн хохиролыг хэн хариуцах вэ? Энэ салбар дахь төрийн бус байгууллагууд нь аялал жуулчлалын салбар дахь эрсдлийг тооцож, тэр эрсдлээс компаниудад учрах хохирлыг бууруулж аялал жуулчлалын компаниудыг чадавхижуулах ажлыг хийж чадаж байна уу?

2013.12.14

Үргэлжлэл бий …

1 Comment »

  1. sonirholtoi l niitlel baina

    Comment by nasaa — December 17, 2013 @ 8:19 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: