"ХӨХ Танхим"

January 25, 2014

Нэг “Сайн”-ы тухай …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:55 AM

Бидний Монголчууд аливаа зүйл, юмс үзэгдлийг тодорхойлохдоо “нэг сайн, нэг сайхан” хэмээн өгүүлэх нь элбэг. Энэ тухай эргэцүүллээ та бүхэнтэй хуваалцъя. Бидэнд “нэг сайн биш, нэг хэсэг сайн, олон сайн, байнга сайн, дандаа сайн” байх шаардлага байна. Нэг сайхан унтаад нойр авах биш, үргэлж сайхан унтаж амарч байя, нойр нөхөгдөггүй. Нэг сайн гэдэс гарах биш, хоолоо тохируулж, дандаа сайн хооллож байя. Залхуурч залхуурч нэг удаа зааланд очоод нэг сайн бэлтгэл хийгээд нээх сайхан эрүүл болчихно гэвэл тэрэн шиг эндүүрэл байхгүй, байнга сайн бэлтгэл хийж байя. Найзуудтайгаа уулзаад нэг сайхан 100 татаад, нэг сайхан караокедож болно, гэхдээ найзуудтайгаа байнга фээсбүүкээр харьцаж, уулзахаараа нэг сайн 100 татсанаас байнга сайн тоглож наадаж, хөлсөө гаргаж, дараа уулзах болзоогоо нэг сайн тогтоод авах нь илүү сайхан.

Утаатай хотын өмхий агаараас түр салж, нэг сайн эрүүл агаар амьсгалъя гэхийн оронд утаагүй цэвэр агаартай хотод амьдраад нэг сайхан жаргаж авъя гэж бодох нь зөв, гэхдээ үүний тулд сонгууль болохоор нэг сайн сонголт хийгээд амрах биш, хэсэг сайн шаардлагыг байнга сайн тавьж чихнээс нь хонх уяж байх нь ирээдүйд дандаа сайхан байхын үндэс суурь билээ. Нэг сайн удирдагчтай биш, бүгдээрээ сайн удирдагч болъя, нэг сайн удирдагчийн гэмгүй царайлсан нэг муу үйлдлээс үргэлж сэрэмжилж байя, нэг сайн намтай биш, олон сайн намтай болъя. Тэр жил МАН-ыг нэг сайн хашраасан, АН-ыг ирэх жил нэг сайн хашраая гэж бодож болохгүй, бүгдийг нь байнга сайн хашрааж, ташуурдаж саналаа өгөх нь илүү зөв.

Нэг сайн үндэсний үйлдвэртэй биш, нэлээн хэдэн сайн үндэсний үйлдвэртэй болъё, нэг аймгаа л сайн хөгжүүлэхээс бүх аймгаа сайн хөгжүүлье.  Нэг сайн даргатай, нэг сайн улс төрчтэй болохоор улс орон маань хөгжинө гэж байхгүй, нэг сайн үндэсний удирдагчтай байсан “муугийн нэг сайн жишээ байгааг” мартаж болохгүй, ядаж нэлээн хэдэн сайн улс төрчтэй болъё. Улс төрчдөд нэг сайхан хууртаж болно, хэрвээ яагаад хууртсанаа ойлговол ирээдүйд болох сонгуулиудад байнга сайн оролцох болно, үүний тулд улс төрийн мэдлэг боловсролоо нэг сайн дээшлүүлэх биш, байнга дээшлүүлж тордож арчилж байх нь дандаа сайн байхын нигууртай. Нэг сайн фээсбүүкдээд унтахын оронд байнга сайн фээсбүүкдэж мэдээлэл солилцож байвал хуучрахгүй, дандаа сэргэг соргог байхын үндэс. Нэг сайн твиттердээд болчихно гэж бодоод яахав, цаана чинь байнга сайн твиттерддэг идэвхитэй, авхаалжтай хүмүүс дэлхий даяар байна, тэднээс суралцвал яваандаа дандаа сайн твиттерддэг болно.

Алиа хошин зүйл үзэж, уншаад нэг сайн инээж авах биш, амьдралын баяр баяслыг байнга мэдэрч байхыг эрмэлзвэл байвал амьдрал өөрөө чамайг дандаа сайхан инээлгэх болно. Нэг сайхан “мах чанаж” идээд ханах биш, дандаа сайн мах идэж байх хэрэгтэй, хятад мал гэж одоохондоо байхгүй, ямар ч эмнээс хамаагүй илүү шим тэжээлтэй. Хэлэх гэсэн үгээ нэг сайн хэлж аваад санаа амарч болохгүй, тэр үгийг чинь чихнийхээ хажуугаар “дандаа сайн өнгөрөөдөг” дүлий годилууд захаас аван бий. Дандаа хэлж сануулж байвал илүү үр дүнтэй. Нэг сайхан кино үзэх юмсан биш, дандаа сайхан кино үзэж дэлхийн хүмүүс юу бодож, амьдралын тухай юу өгүүлснийг дандаа харж үзэж байвал өнгөрүүлж буй цаг чинь илүү утга учиртай байна. Нэг сайн буян хийж аваад дандаа нүглийн тухай бодох хэрэггүй, биеэр үйлдсэн нүглээс сэтгэлээр үйлдсэн нүгэл их байдаг хойно нүгэл үйлдэхдээ ч буяны тухай дандаа бодвол яаж байна, болох нь уу?

Нэр зүсээ нуусан фээсбүүк, твиттерийн хулгайчдыг нэг сайн блоколж авах биш, дандаа сайн доош нь хийж, интернэтийн хөрснөөс бүрмөсөн сайн арчиж хаях нь олон хүний тусын тулд хэрэгтэй сайн ажил. Энэ тухай үргэлж сэрэмжилж, бусаддаа үргэлж сайн сануулж явах нь интернэт гэдэг “нэг бүхэл ертөнцийн иргэн бүрийн” дандаа “сайн биелүүлэх ёстой” үүрэг билээ. Замын цагдаа харагдахгүй бол дүрмээ нэг сайн зөрчиж аваад цаг хэмнэх гэж оролдох нь үргэлж дүрмээ биелүүлж, амар тайван зорчихын үндсийн үндэс биш тул нэг сайн дүрмээ биелүүлэх бус байнга дүрмээрээ зорчиж, хүүхэд хөгшид явган зорчигчидоо дандаа эхэлж гаргаж байх нь сайхан сэтгэлийн үр юм. Явган зорчигч нэг цаг алхах газар чинь машинтай хүний хөлийн өлмий 5-хан минут л ажиллах газар гэдгийг дандаа сайн ухаар, яарвал даарахаа больсон цаг, яарвал үхдэг, түгжирдэг, эвдэрдэг, мөргөлддөг, торгуульдаг болсон цаг.

Завгүй амьдралын зэрэгцээ гэр бүл үр хүүхэддээ нэг сайн цаг гаргаад, нэг сайн эрхлүүлж авах биш, дандаа цаг гаргаж дандаа сайхан эрхлүүлж байвал хайр мэдэрч өссөн хүүхэд сайн хүн болдгийг хүн төрөлхтөн хэдийнэ нотолсон. Нэг сайн баяжиж аваад хойш суух биш, дандаа баялаг бүтээж байхыг хичээвэл яаж байна? Нэг сайн биш олон сайн найзтай болъё, нэг сайн хэлж аваад суух биш, байнга сайн хэлж ярьж бичиж байя, ялихгүй зусар баяжихад саад гэдэгсэн. Нэг сайхан амьдарч аваад үхэх биш, хойд насандаа ч сайхан амьдрахыг билэгдэж “Алтан улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай” гэсэн Чингис хааныхаа үгнээс санаа авч “Аливаа үйлийг нэг сайн бус, нэг хэсэг сайн, нэлээд сайн, дандаа сайн байлгах”-ыг хичээж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 2014.01.25

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: