"ХӨХ Танхим"

October 22, 2016

Стрэнд номын дэлгүүр

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 11:25 AM

Нэг гоё номын дэлгүүрийн тухай сонирхуулъя гэж бодлоо. И-бүүк, сошиал медиа өргөн тархаж, электрон хэрэгслүүд хүч түрж буй өнөө үед 1927 онд байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл уншигч, зохиолч, номын хорхойтнуудын очих дуртай, солио холио хийх дуртай нэг чухал газар хэвээрээ байгаа Стрэнд номын дэлгүүр бол Нью-Иоркийн домогт, түүхэн газруудын нэг яах аргагүй мөн юм. Америкт, энэ их мэдээллийн технологи өндөр хөгжсөн оронд, тэгээд Нью-Иоркт, тэгээд Манхэттэнд шүү. Энэ өндөр үнэтэй газар нэг номын дэлгүүр 86 жил оршин тогтнож чаджээ. Дэлгүүрээ нээж байх үедээ эзэн болох залуу нь 25-хан настай байсан гэдэг. Өөрийн 300, хүнээс зээлсэн 300 доллараараа дэлгүүр нээж. Тэр үед хоёр хүн оройн хоолонд ороход 60 цент, нэг аяга кофе 5 цент байсан гэхээр 600 доллар хэр их мөнгө байсан нь ойлгомжтой. Харин тэр их мөнгөөр ресторан биш, угаалгын газар биш номын дэлгүүр нээчихэж. Өнөөдөр хамгийн хямдхан кофе аяга нь 1 доллар байгаа гэж бодохоор эндхийн барааны үнийн өсөлт, түүх зэргийг энэ номын дэлгүүрийн түүхтэй харьцуулж харж болохоор дүр зураг харагдана.

www

Стрэндийг нээгдэж байх үед тэр үеийн Нью-Иорк ямар байсын бол гэдэг бодол өөрийн эрхгүй төрөхөөр. Ер нь 1920-иод оны Нью-Иорк цагаачдыг яг соронз шиг татаж байсан гэдэг. Харьцуулах боломжгүй нийгмийн үзэгдэл байх л даа, гэхдээ “Хүрээ рүү л зүглэсэн нь дээр” гэдэг шиг ч юмуу, эсвэл “бүх зам Ром ордог” гэдэг шиг, ер нь л хил давбал Америк руу, бүр Нью-Иорк руу зүглэсэн нь л хожоотой байсан бололтой. Өмнөдөд Нью-Орлеан, баруун талдаа Лос Анжелос, төвдөө Чикаго, зүүн талдаа Нью-Иоркт жааз хөгжмийн урсгал ид цэцэглэж байсан ч 1920-иод оноос Нью-Иоркийг жааз хөгжмийн төв гэх болсон байна. Арилжааны ч, нийгмийн хөгжлийн, хөгжмийн ч тэр, үндсэн суурь нь чухам Нью-Иоркт л байсан бололтой. Газар газраас ирсэн цагаачид өөрсдийн улс үндэстний, өөрсдийн соёл урлагийн аль л хүн сонирхохоор, зарагдахуйц, мөнгө болгож болох бүхнийг “тээж” ирсэн учраас ч тэр болов уу, Нью-Иорк л юм юмны голлох төв байгаад байж. “Америкад нэг удаа” бол яг үнэндээ “Нью-Иоркт нэг удаа” гэвэл таарах кино билээ. Ёстой л нөгөө хэний ч билээ дүрслэн хэлснээр “Арабын шөнө”. Нью-Иоркийн тухай гоё дуунууд зөндөө бий, гэхдээ энэ дэлгүүртэй холбоотой тэр нэг “атмосфер-ийг дүрсэлж байгаа учраас Меркурий, Алийша Кийс хоёрын Нью-Иоркийн тухай дуунуудыг шинэ хуучны төлөөлөл болгоод нэг нэг сонсчихвол зүгээр. Жааз сонсдог бол Поол Вайтмэний хуучны пянзны бичлэгүүд ютүбэд зөндөө байна лээ.

%d1%8d%d1%8d%d1%8d

Ер нь тэр үеийн Нью-Иорк бол жинхэнэ хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байсан бололтой юмаа. Анхны метро баригдаж, тухайн үед америкад байсан 300 гаруй том корпорцаийн 40 гаруй нь Нью-Иоркт төвтэй байж. Бидний л нөгөө кино болон ном зохиолуудаас уншиж байснаар 1921 онд Конгресс архи үйлдвэрлэх худалдаалахыг хууль бус гэж шийдвэрлэснээс хойш архины далд бизнес ихэд цэцэглэсэн, анхны тэнгэр баганадсан өндөр барилгууд баригдсан,  Дэлхийн нэгдүгээр дайн дууссанаас хойш цагаачдын хөл урсгал эрс нэмэгдсэн, Нью-Иорк ерөнхийдөө үндэстний төдийгүй дэлхийн санхүүгийн төв болох эхлэл тавигдаж байж. Нөгөө алдартай Волл Стрийт, нөгөө “Нью-Иоркийн Хөрөнгийн бирж”. Яаж сэтгэхээрээ ийм өндөр барилгыг, яаж эвийг нь олохоороо нэг дор нь, яаж болгохоороо ийм олноор нь зэрэгцүүлэн барьсан юм бол гэж гайхахаар.

manhattan_from_sky

Эдийн засгийн гол үндэс нь барилга, далайн тээвэр, хувцас үйлдвэрлэл, инженерийн болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаанаас гадна хэвлэл ордог байсан гэж Википедиад бичсэн байна. Үүнтэй зэрэгцээд филантропи, их сургуулиуд, музей, галерей, сэтгүүл зүй, хэвлэл, сэтгүүлүүд жинхэнэ цэцэглэж байж. Заримдаа Брүүклин уруудаад N трейнээр явахаар зам дагуу үргэлжилсэн урт оршуулгын газар таардаг. “Загалмайлсан эцэг” кино л шууд санаанд ордог юмJ. Ямар олон “хүнд гарууд” энд нойрсож байгаа бол гэхээр бас л эвгүй. Алиша Кийсийн нэг дуунд гардаг “тэр их олон киноны үйл явдлыг” бодитоор Нью-Иоркийн гудамжинд харж болно. Тухайн үеийн хүн амын тоог сонирхож үзвэл Википедиад өгүүлснээр 5,6 сая гэсэн байна. Уг нь Америкийн нэг л хот, гэхдээ хамгийн том хотын нэг. Хотын хүн амын тал нь, за байг гэхэд гуравны нэг нь өглөө бүр аяга кофе худалдаж авдаг байж гээд төсөөлвөл өдөртөө дор хаяж сая гаруй аяга кофе зарагддаг байжээ дээ, 1920-иод оны үед шүү ээ. Кофе уудаг хүн ном уншдаг л байж таараа, ном уншдаг хүн сэтгэлгээний эрх чөлөө эдэлж л таараа. Харин тэр үед манайхан Ардын хувьсгалаа хийх гээд, Хүрээний нууц бүлгэмүүд “жинхэнэ завгүй” байсан үе байх.

Тэр үеийн Нью-Иоркийн өндөр барилга, метро төмөр замын тухай Айн Рэндийн “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв” хоёроос их гоё төсөөлөл авч болохоор юм. Би тэр хоёрыг уншсаны дараа энэ хотын гудамж метрогоор зориуд дахиж явж үзэж билээ. Заримдаа тэр үед байгаа мэтээр төсөөлж ч үздэг. Энио Мориконы нөгөө нэг алдартай аяыг сонсвол бүр тасархай. Яг нэг ийм ид цэцэглэж байгаа том хотын нэг гудамжинд л өнөөдрийн Стрэнд номын дэлгүүр нээгдэж байж. 86 жил ном зарсан гээд бодохоор бас сонин ч юм шиг. Өнөөдрийг хүртэл хэдэн ном зарсан бол гэж асуумаар. Хэр их мөнгө хийсэн бол гэж сонирхмоор. Америк бол киног тасархай хийдэг орон, номын дэлгүүрийн тухай тасархай кино зөндөө л байдаг байх.

strandhistoryfooter2

Энэ хүн бол Стрэндийг байгуулсан Бэн Бассын хүү Фрэд. 13 настайгаасаа аавынхаа бизнест тусалж, гар бие оролцож байжээ. 13 настай хүүхэд номонд дуртай, бүр хайртай болж, эцгээсээ өвлөж авсан бизнесээ мэдээлэл технологийн ертөнцөд бүрэн бүтэн аваад явж байдаг ийм түүх кинонд л байж болох ч, Нью-Иоркт, Манхэттэний нэг гудамжинд бодитоор байна аа, байна. Зэрвэс харвал Кентаккийн шарсан тахианы эзэн хурандаатай төстэй ч юм шиг энэ нөхөр зөвхөн номын хорхойтнуудын ч биш, бүр номд хайртай хүмүүсийн орж гардаг дэлгүүрийг үнэхээр жинхнээсээ байгуулж чаджээ. Барнс энд Ноблс гээд алдартай сүлжээ дэлгүүр бий л дээ, гэхдээ Стрэнд бол цаанаа нэг мөнгө биш, ном үнэртсэн, номын склад шиг, номын сан шиг, зарим хэсэгтээ бүр нэг хэвлэх үйлдвэр шиг “атмосфертэй” дэлгүүр. Анх “Бүүк Роо” нэртэй байхдаа 48 дэлгүүртэй байж, бас өнөөг хүртэл тэсч үлдсэн сүүлчийнх нь аж.

b

20-р зуунд технологийн гурван том хувьсгал ч гэхиймуу үсрэнгүй хөгжлийн түүх бичигдэж үлдсэн нь 1920-иод оны үед дуу бичлэг, радио, кино гурав, 1940-өөд оны үед телевиз, 1980-аад оноос цахимжилт юмуу даа. Digitalization гэдгийг цахимжилт гэсхийгээд туучихлаа. Энэ үеүдэд ч гэсэн номын бизнес байж л байсан гэж бодохоор ном гэдэг үнэхээр нэг “дархлагдсан, халдашгүй үнэт зүйлс” юмаа, нээрээ. Номоор хэчнээн мянган кино хийгдсэнийг бүү мэд. Номоор хэчнээн хүний амьдрал өөрчлөгдсөн бол, номноос хэчнээн сая хүн ертөнцийг таниж мэдсэн гэхээр бас биширмээр. “Ертөнцийг харах цонх” гэдэг бол дэндүү урнаар дүрсэлсэн магтаал шүү.

eee

Ерөнхийлөгч асан, манайхан асан гэдэг, америкууд бол улс төрчдийг хашч байсан хамгийн өндөр албан тушаалаар нь авгайлан дууддаг,  Билл Клинтон ноднин эднийхээр нэг ороод гарч. 30 гаруй минут саатахдаа 4 ном худалдаж авсан юм байх. Уг нь Стрэнд бол тохижилт тааруу, Барнс энд Ноблстой харьцуулахад, нээг их номонд дуртай биш бол зорьж очоод байхааргүй газар. Харин мань хүн бол бага залуугаасаа их уншдаг байсан учраас түүний очих ёстой газар бол Стрэнд яг мөн, ороод гарахад нь нэг их гайхахааргүй. Нэгдсэн улсын нэгдүгээр хүн эднийхээр ороод гарсан нь сэтгэл зүйн хувьд асар сайхан дэмжлэг болсон л байж таараа.

kkk

Тэднийх одоо 200 гаруй ажилтантай, дэлгүүртээ гэхэд 2 сая 500 гаруй мянган номтой гэхээр бас багагүй том байртай. Онлайнаар ч зардаг, энд тэнд бас киоскууд ажиллуулдаг гэж байгаа. Дэлгүүрийн гадаа тавьсан энэ тэргэнцрүүд дээрх номыг борлуулах санааг Фред гаргасан юм билээ.Өдгөө ная гарчихсан тэрээр “Жинхэнэ ном бол И-бүүкээс хамаагүй хямд” гэж санал болгосон нь тухайн үедээ боломжийн л санаа байж.

tt

Бүгд онлайн, бүгд интернэт гэж хошуурах болсон энэ цаг үеийн шуурганд номын дэлгүүрүүд ч гэлтгүй, дэлгүүр ажиллуулах бизнес өөрөө олноороо өртөж, дампуурч байгааг олон жишээнээс харж болно. Онлайн бизнес цэцэглэхээр агуулах складууд, тээвэр л ашигтай байдаг байх. Гэхдээ дэлгүүрт ирж, барааг нь барьж үзэж, зарж буй орчинд нь орж, сонирхож байгаа номондоо автаж, худалдаж авсан номоо харих замдаа бараг гүйлгэж уншчихаад дахин эргэж ирэх гэх мэт тэр нэг гоё “донтолт”-ыг и-бүүкийн эрин үе яаж ч устгаж чадахгүй л дээ. Харин Барнс энд Ноблс бол эдний хажууд хамаагүй том, жилдээ 300 сая гаруй ном борлуулдаг, Старбакстай хамтарч ажилладаг, илүү өргөн хүрээний бизнес. Тэгсэн ч хүмүүс Стрэндэд хайртай, тэднийхээр үйлчлүүлсээр л байна. Түүнээс гадна Стрэндийн үйлчлүүлэгч нар нь дор хаяж л дунд сургууль төгссөн, номонд хайртай, шимтэгчид байдгаас гадна түүхэн газар учраас жуулчид нэлээн их зорьж очдог бололтой.

w

Заримдаа номын сан шиг, гэхдээ бүүр номын сангийн агуулах шиг санагдах газар энэ дэлгүүрт зөндөө таарна. Мэдээллийн технологи гэж улайраагүй, и-бүүк, и-бүүк уншигчийн хойноос хөөцөлдөөгүй, дижитал болоогүй, ер нь болох ч үгүй, хуучны ховор сайхан ном худалддаг, гэр бүлийн уламжлалаа хадгалсан бизнес. Тийм учраас Барнс энд Ноблстой өрсөлддөггүй, тэр том газартай өрсөлдөх нь боломжгүйгээс гадна утгагүй гэдгээ ойлгосон газар бизээ.

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: