"ХӨХ Танхим"

April 19, 2012

Хүүхнүүдээ, ганц үг хэлье!

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 12:05 AM

Авгай нь дивтаат болно гэхээр дургүйцэж суугаа нөхрийн аргаа барсан, ядарсан үг шиг эсэргүүцэл эмэгтэйчүүдийн улс төрийн карьерт мөн ч их саад болж байх шиг байна, тийм үү үгүй юу?  “Би бодохдоо”, харин ч энэ саадыг хүүхнүүд өөрснөө бий болгочихоод бас анзаарахгүй байна гэж бодож байна. Тиймээс ганц нэг санаа хэлье гэж бодлоо.

Улс төрийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч гэдэг үүднээс нь харвал өмдтэй байх, банзалтай байх хоёрын хооронд тийм ч их чанарын ялгаа байхгүй. Яахав ганц нэг сонгуулийн сурталчилгааны тактикт хүйсийнхээ давуу талыг ашиглаж, царай зүс будаг шунхаараа хүнд таалагдах боломжоо нэмэгдүүлэх юм биз. Гэвч энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц хүчтэй зүйл биш. Харин ч эсрэгээрээ сөрөг сурталчилгаанд орохдоо амархан юм. Нэг онигоо “зохиоход” л дуусах эд.

1992 оноос их хурлын сонгуулийг тоолж үзвэл тав дахь сонгуульдаа зэхэж байна. Энэ хооронд нэг их эмэгтэй хүн гэсэн талаас нь сонгоод яваад байсан юм бараг байхгүй. Хүчтэй намын үзэл бодлыг ярьж явсан азтай хүүхнүүд л сонгогдсон гэж бодож байна. Тэрнээс лав, жишээ нь би бол Арвин гишүүний царай таалагдаад “лайк” аваад сонгогдоод байсан гэж огт бодож чадахгүй. Ганди зүгээр л уруулаа будаж жимбийж яваад дивтаат болчихсон гэвэл эндүүрэл. Тэд сайн байлдсан, хоёрын хооронд шалчигнасан эрчүүдээс хүчтэй байж чадсан, луйвраа ч хийсэн, саналаа ч цуглуулсан. Гэхдээ хэтэрхий хүчтэй байна гээд тоглож байгаа өргөө нураахаар хүч гаргаад унадаг, унасан жишээ бас бий.

Дэлгэрмааг хар. Монголын улс төр дэх сүр хүч нь “нэн хэтийдсэн” учраас Ардчилсан намын хөгийн эрчүүд ерөөсөө дээшээ гаргахгүй байна. Оюуныг хар, өөрөө л нэг юм яваад байдаг, өөр бусад хамтран зүтгэгч нар гэж алга. Тэгээд асуудал нь чухам юундаа байна вэ? Яагаад эмэгтэйчүүд улс төрд дээшээ гарч ирэхгүй байна вэ? Нэг баахан судалгаа мудалгаа, төсөл мөсөл хэрэгжүүлээд болдог бол тэр их хурлын заал чинь пүдр үнэртэй ус ханхалсан хүүхнүүдээр дүүрчих нь яасан юм? Асуудал хүүхнүүддээ л байгаа хэрэг, хүүхнүүдээ, та нарт л байна.

Өдийг хүртэл улс төрд гоншигонож явчихаад хувцсаа аятайхан өмсдөг улс төрч хүүхэн байна уу, алга. Хувийн зурагчинтай улс төрч байна уу, алга. Худлаа ч байсан хамаагүй Элбэгээ шиг бүлт бүлт үсэрдэг хүүхэн байна уу, алга. Улс төрийн зураг авдаг хүн ч гэж алга, авахуулдаг хүн ч гэж алга. Байр сууриа хүчтэй илэрхийлдэг хүүхэн ч гэж алга. Ядаж Улаан шиг хоолойгоо шахаж байгаад “мэдэгдэл” зэдэгдэл хийчихдэг хүүхэн байна уу, алга. Та нар улс төрийн сонгуульд нэр дэвшиж байгаа өрсөлдөгч болохоос хүйсээрээ түрээ барьж, “хавтгай” ч байсан хамаагүй харчуудад таалагдах гэж яваа хамтлаг дуучид биш. Наад улс төрдөө ажил амьдралаа зориулсан юм бол олигтойхон үзэлц.

Хийж байгаа алхмууд чинь дандаа хүний дургүй хүргэх юм, тэр Батцэцэг гуайг хар. Нөгөө гоё хонхны дууг нь дуулж байгаа нь энэ гээд сонсохгүй байх хэцүү, сонсох бүр хэцүү болгоод хаячихсан. Дуулах дуртай байж болно, гэхдээ тийм мангар юмаар өөрийнхөө имиджийг алаад байж болохгүй. Ичинноровыг хар. МАН-ыг сонгосон сонголт нь тас хийсэн улс төрийн алхам байсан. Батзандан Магнай мэтийн мангар бацаануудынхаа хажууд боловсрол моловсрол нь дөнгүүр хүн ш тээ. Гэвч сэтгэлийн хөдөлгөөн улс төрд хэзээ ч хэрэг болохгүй.

 Мань мэт нь яахав дээ сайн, чанга эмэгтэй улс төрч байвал ганц нэг үг хэлээд л болтугай дэмжих юмсан гэж бодох юм. Тэгэхээр байна аа, нэг хоёр зөвлөгөө өгье. Нам дотроо сайн байлд, бие даагаад үзсэн ч гараад ирж чадахуйц хүчтэй бол. Сонгуулийн жил болохоор л эмэгтэй улс төрчид гээд гонгинолдоод байх хэрэггүй. Архи сайн ууж сур, мөнгө тарааж сур. Хор найруулж сур. Заал мааланд гүй, наад бие махбодио торд. Та нар эрчүүд шиг ачаалал дааж сурахгүй бол хэзээ ч “амжихгүй”.  

Дараагийн нэг зүйл нь хувцасаа аятайхан өмс. Эмэгтэй улс төрчид тавь хүртлээ арван насаар овортой хувцасла, тавь хүрээд арван насаар залуу хувцасла. Тиймээс одооноос наад харвин марвиндаа анхаарах хэрэгтэй. Бас зураг авахуулж сур. Эмэгтэй улс төрчдийн зураг авахуулахдаа анхаарах ёстой нэг л зүйл бий. Тэр бол харц. Будаг шунхаа өөрснөө мэднэ биз. Нэг их улс төр зөөлөрч мөөлрөөд, энэ улс хөгжөөд бялхаад явна гэж байхгүй. Тийм үлгэрт битгий итгэ. Яг л адилхан эрчүүдтэй үзэлц. Сэтгэлийн хат гэж энэ хүүхэн улс төрчдөд байна уу. Алтжингийн Алтан шиг хатуу чанга хүүхэн байна уу. Ганц “дивандуулчихаад” гоншигоноод байгаа эрчүүд шиг байж хэрэггүй. Та нарт ийм юм тохиолдвол яахуу? Тийм болохоор хаа хамаагүй газар, хэзээ ч хамаагүй явж хайран цагаа битгий үр. Ганц нийтлэл ноороглоод шидчихдэг улс төрчин хүүхэн байна уу, алга. Тэрийг хий л дээ. Гэнэт сэрсэн юм шиг улс төрийн алхамууд чинь байр суурьгүй, ядаж хорчин биш болгож харагдуулаад байна.

Эцэст нь нэг үг хэлье. Нөгөө алдартай Харвардын их сургуулийн 28 дахь ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн ажиллаж байгаа. Анхных нь байх. Тэр хүний хэлсэн үг энэ байна. Уншаад сайн ойлгож авахыг хичээгээрэй.

“I am not woman president, I am the president of Harvard university”.

 

2012.04.19

 

 

April 17, 2012

Мэдэгдэл хийгээд Мэдэгдлүүд

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 4:46 AM

Баримт бичгийн яг ямар төрлийг мэдэгдэл гэдэг юм бол мэдэхгүй, ямар ч байсан Баабар, Цэнддоо, Багабанди эд нар мэдэгдэл маягаар бичдэггүй болохоор нэг их хүн сонирхдогүй байх. Блогчид бол бүр ч тоохгүй эд. Өнөөдрийн зарим сонины нүүрэнд хэвлэгдсэн Худалдаа Хөгжлийн Банкны мэдэгдлийг харахад чаавас эд шиг л байна. Худалдаа Хөгжлийн Банкны гаргасан нэг өгүүлбэрээс бүрдэх тэрхүү мэдэгдэл нь ядаж мэдэгдэж байна гэж төгсөөгүй, чадлаа гэж дууссанаараа энэ хаврын олон мэдэгдэл дунд нэгэн өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадлаа. Гэхдээ энэ хаврын улс төрийн амьдралын гол имидж нь мэдэгдэл хийгээд мэдэглүүд болж байна. Улс төрчдийн хийдэг гол ажил нь телевизийнхнийг байлгаж байгаад, тэр дундаа аятайхан хувцасласан сэтгүүлч охидуудыг харцаараа олзлонхон нэг хуудас цаас унших явдал бөгөөд, тэгж уншдаг атга цаасных нь албан ёсны нэрийг мэдэгдэл гэдэг аж.   

 Гэхдээ их хорлонтой эд юм. Учир нь мэдэгдлийн хариуд имейл явуулахгүй, мессеж бичихгүй, утсаар ярихгүй зөвхөн мэдэгдэл л гаргах учиртай. Хэн гоё хорон үгтэй, хоржоонтой жишээтэй мэдэгдлийг Улаан гишүүн юмуу, эсвэл МАН-ын бүлгийн дарга Энхтүвшин шиг хоолойгоор шахаж уншина, тэр хүн тухайн долоо хоногтоо “эфирын буг” болж, өдөр тутмын хэдэн сонины тэргүүн нүүрэнд залрах ёстой. Энэ бол ямар ч үнэтэй сурталчилгаатай зэрэгцүүлэшгүй ашигтай эд. Мэдэгдлийг амаар болон бичгээр “үйлдэнэ”. Тараах нь арга зам нь өөрийн гэсэн тогтсон хэлбэртэй. Мэдэгдлийг эхлээд заавал амаар танилцуулна. Яг ганцхан хувь байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Мэдэгдэл хийж байгаа хүн тухайн мэдэгдлээ уншиж дууссаны дараа зөвхөн ганц ганцхан хувийг хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд өгнө. Тэгэхгүй бол урьдчилаад тараачихвал  өнөөх хэдэн сэтгүүлч нь ордноос гараагүй явахдаа л мартчихна.

 Улс төрийн намууд, УИХ-ын гишүүд мэдэгдэл хийвэл заавал “гонжоом” өмсөж, зангиа зүүх учиртай. Гэхдээ Ардчилсан Холбооны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга Ардчилсан намын Ерөнхий Пиар менежерээр ажиллахаар болсоноо зарласнаас хойш энэ дүрмийг өөрчилж байх шиг байна. Түүний хэвлэлээр илэрхийлж байгаа байр суурь нь албан ёсных мөн эсэх нь их тодорхойгүй. Учир нь тэр бараг зангиа зүүдэггүй, бас нэг их хоолой моолойгоо шахаж ярьдаггүй, хийх ажилгүй УИХ-ын гишүүд бие биенээ цаашлуулж байгаа мэтээр ажлаа хийж “мэдэгддэг”. Бичгээр үйлдсэн мэдэгдлээ урьдчилж тараалгүй сэтгүүлчдээ тогтоон барих аргыг тодорхойгүй байдлаар сольж сэтгүүлчдийг хүлээлгэх хэлбэр рүү шилжсэн бололтой.

 Мэдэгдэл нэртэй энэ олон утгагүй цаасны үр дүн гэж юу ч байдаггүй. Цаг зав л гардаг болохоос, бодол оюун шаарддаггүй. Хүмүүсийн цагийг үрэхээс өөр ашиг тус гэж бараг байхгүй. Гэхдээ мэдэгдэл хийж байх нь улс төрчид болон сэтгүүлчдийг ажилтай байлгаж, аль аль нь юу хийж байгаагаа мэдэхгүй ч чухал царай гарган ойлгож байгаа дүр үзүүлэхэд хүргэдэг аж. Мэдэгдэл хэзээ ч баялаг бүтээдэггүй, хэрвээ тухайн мэдэгдэл дунд гай болж нэр нь дурдагвал хувийн хэвшлийнхэн л нэгжүүлж, шалгуулж, ажлаа алдаж  үйлээ үздэгийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын MCS компани болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн талаар Монгол Телевизийн сэтгүүлчтэй хоёулхнаа хийсэн цаг гаруй урт аман мэдэгдэлээс тодорхой харж болно.

2012.04.17

March 13, 2012

Ардчилсан намаас гарах өргөдөл

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 12:57 AM

 Улс төрийн намын гишүүн байх уг нь кайфтай. Толгой нь ажилладаг, сэтгэдэг, асуудал ярьдаг хүмүүстэй нийгэмд болж бүтэж байгаагаас нь эхлээд  болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар санал солилцож, ярьж маргалдаж өсч хөгждөг нэг төрлийн коммунити юм. Гэхдээ албан тушаал, мөнгө, сонгуулиас өөр юм бодохоо больчихсон энэ үед нэг намын гишүүн байх нь утга учиргүй болчихож. Эсвэл нэг зэрэг олон намын гишүүн байх, эсвэл огт намын гишүүн биш байх нь чухал болж. Эхнийх нь ёс суртахуунгүй учраас хоёр дахь хувилбарын тухай бодлоо хэлж сонголтоо хийдэг юм билүү гэж бодлоо. Яагаад?

 Нам бол нийгэм биш, бүр нийгмийн олонхи ч биш. Гишүүдийн тооноос нь харсан ч өнөөгийн улс төрийн намууд нийгмийн олонхид яагаад ч дөхөж очихгүй. Гэхдээ улс төрийн нам нийгэм дэх баялгийг хуваарилах эрх мэдлийн төлөө тэмцдэг хуулиар зөвшөөрөгдсөн хүмүүсийн нэгдэл юм. Энд л хамаг учир байна. Ямар ч ардчилал, ямар ч үзэл суртал ярьсан улс төрийн нам засагт олонхи болж шийдвэр гаргах ганцхан л мөрөөдөлтэй. Интернэт, мэдээллийн технологи өндөр хөгжсөн, хувь хүн бүр хүчирхэг байх боломжтой болсон энэ үед ч улс төрийн намын энэ зорилго, мөн чанар, тодорхойлолт өөрчлөгдөхгүй бололтой. Үүнээс болоод хүмүүс, ялангуяа сургууль соёл төгссөн өсөх ирээдүйтэй залуучууд өндөр цалин өгдөг том компанид ажилд оръё гэж боддоггүй мөртлөө улс төрийн намд элсэх тухай бодоод байдаг нь үүний хамгийн хортой үр дагавар юм.  

 Төр хэзээ ч баялаг бүтээдэггүй. Зөвхөн баялгийг шимж сорж амьдардаг тогтолцоо. Материаллаг баялгаас гадна нийгэм дэх хамгийн үнэтэй капитал болох боловсролтой, баялаг бүтээх чадвартай хэсгийг нь улс төрийн намд элсүүлэх замаар тогтолцооныхоо эрэг шураг болгож, залуу нас, дэврүүн хүсэл мөрөөдлийг нь шимж сорж байдаг. Тэдний гаргасан шинэ соргог санаа, тооцоо төлөвлөгөөг өөртөө наан эзгүйдүүлж, хэнд ч хэрэггүй сонгуулийн амлалт болгон зэврүүлж хаядаг. Энэ утгаар нь харвал өнөөгийн улс төрийн намууд үзэл баримтлалгүй, төлөвлөгөө тооцоогүй, ядаж мөрөөдөлгүй, зөвхөн албан тушаалд улайрагчдын яахаас ч буцахгүй нэгдэл болж хувирчээ.

 Бүгд биш ч гэлээ, дийлэнх нь ийм болчихсон байна. Энэ намууд дотроос Ардчилсан нам маань ийм шинжээр өдрөөс өдөрт өөрийгөө чимж байна. Нам хатуу гишүүнчлэлтэй байх нь зөвхөн намын даргад л ашигтай байдаг, аль ч шатанд ялгаагүй. Сумын намаас эхлээд аймаг дүүрэг хот ч ялгаагүй. Нам сонгуульд ялвал тухайн намд хийж байгаа сонгуульт ажилтайгаа дүйцэх төрийн албан тушаалд очно гэсэн горьдлогоор хатуу гишүүнчлэлийн зарчмыг тэжээж байдаг. Ийм учраас тухайн шатны намын даргаас гарах санал санаачлага, хошуучлал, манлайлал гэж алга болж сонгуульд ялагдвал чи ажил ч үгүй амьдрал ч үгүй болно шүү гэх улс төрийн намын даргын дарамтаар намын улс төрийн ажил явдаг болжээ. Энэ намыг ийм болчихно гэж зүүдлээ ч үгүй явлаа.

 Өө муу урвагч гэж хэлэх партизанууд, усыг нь уусан худаг руу шүлсээ битгий хая гэж цэцэрхэх шинэ үеийнхэн, өө энэ муу худалдагдчихаж гэж сүржигнэдэг сэлэм эргүүлэгчид маань дургуй нь хүрч байгаа байх. Бид их олон жил бие биенийгээ журмын нөхдүүд гэж хүндэлж ирсэн. Ардчиллын төлөөх үзэл санаанд журамтай, үнэнч хандаж, ардчиллын үзэл санаа бат бөх, төр болон хувь хүн хоорондын харилцаанд гүн шингээсэй гэсэн нэгэн зорилгын төлөө хамт зүтгэж явсан учраас журмын нөхөр гэж хүндэлдэг билээ. Аав ээжтэйгээ золгочхоод намын байранд болдог золголтондоо яарч ирдэг, гэр орноор нь орж гардаг, намын үзэл санаанд тууштай явсан цаг үе бий. Одоо биднийг холбож байсан тэр үзэл санаа гэх зүйл үгүй болжээ. Ардчилал маань ч утгаа бүр алдсан байна. Үүнийг алдуулахад намын удирдлага нь баяртайгаар гар бие оролцдог болжээ.

 Оюутны ширээнээс өдийг хүртэл хүний эрх эрх чөлөө, ардчилал гэдэг зүйлийг өөрөө ч сайн ойлгоогүй байж амны уншлагаа болгож олон нийтэд түгээхийг хичээж, найзынхаа төрсөн өдрийг хүртэл намын хурал шиг талцуулж хаядаг байсан хийтэй, өвчтэй цаг үеэ бодохоор ярих дурсамж бидэнд их бий. Улс оронд, хүний амьдралд ардчилалаас чухал зүйл үгүй мэт санаж, төрийн албан тушаалд гэхээсээ илүү онолын номонд нь ач холбогдол өгч явсан олон найз нар минь энэ намд бий. Тэд маань одоо ч хэвээрээ, сонгуульд ялахын тулд гадагшаа дайтах биш, онолгүй, ардчилалгүй улс төр хийдэг дарга нартайгаа дайтаад л, сонгууль болохоор хэдэн сонин сугавчлаад айл айлаар ороод явдаг ахмад үеийнхэн маань ч олноороо бий.

Улс төрийн намын гишүүн байх нь өөрийн гэсэн философитой, ирээдүйдээ болон  өөрийнхөө итгэл үнэмшилд оюун санааны хөрөнгө оруулалт хийдэг, үр хүүхэд Монголын ирээдүйн төлөө санал, оролцоогоороо нэмэр болдог гэж боддог сайхан зүйл. Монголын ирээдүй ямар байх вэ гэж гэж асуувал өөрийнхөө итгэл үнэмшлээр хариулт өгч чадахуйц итгэл үнэмшил, дүрслэл зураглал тэнд л байдаг. Гэтэл өнөөдөр Монголын ирээдүй ямар байх вэ биш, Монголын ирээдүй хаана байна вэ гэж асуух болтол нь бүрхэг болгож хаяжээ.

 Нам доторх үзэл санааны хийгээд удирдлагын залгамж халаа ч гэж алга болжээ. Ардчилсан хувьсгалын нэрэн дор хүрч болох бүхий л боломж, албан тушаалд хүрсэн нэгэн үе давхарга энэ намыг төдийгүй нийгмийг хагалан бутаргах хэмжээний бат бэх хавдар болон бэхжсэн байна. Түрүүлж сонссон мэдээлэл, түрүүлж олж авсан боломжоороо үлдсэн хэдийгээ, сонин тарааж явсан партизануудаа, итгэл үнэмшил, өөрт байгаа хамгийн үнэт зүйл болох саналаа өгч явсан жирийн гишүүдээ хөсөр хаяжээ. Энэ ялгарал нь зөвхөн эд хөрөнгө төдийгүй, ертөнцийг үзэх үзэл, хувь хүний төлөвшил, улс төрийн намын гишүүн байх зорилгоороо хүртэл ялгарчээ.

Итгэж үнэмшиж, өмөөрч, дэмжиж саналаа хүртэл өгч явсан улс төрчид маань энэ намыг танихын аргагүй болтол нь өөрчилсөн байна. Нам маань танигдахгүй байна. Над шиг бодолтой намын гишүүний харъяалалтай хүмүүс энэ намд эсгий хийж байгаа газарт буй нохой шиг болжээ. Бид санал шүүмжлэл, оролцоо үг хэлээрээ л оролцохоос албан тушаал, мөнгө хөрөнгөний төлөө улайрч байгаагүй завсрын үеийн жирийн гишүүд билээ. Нам сонгуульд ялж үзэл баримтлалаа хэрэгжүүлэх ялалтын халуун амтыг хорин жил үзсэнгүй.

 Энэ намд үг үнэ цэнэгүй болжээ. Ямар аргаар хөлжсөн нь мэдэгдэхгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүст албан тушаал зардаг, жижгэвтэрхэн, заваан дэлгүүрэрхүү юм болж хувирчээ. Энэ намыг лидерүүдийнх нь үгүйсгэл, шударга бус өрсөлдөөн хагалан бутаргаж хувааж дуусч байна. Өнөөгийн ерөнхийлөгчөөс эхлээд төрийн өндөр албан тушаалд хүрч чадсан бүх хүн үүнд хамаатай.

 Энэ намын удирдлага сонгуульд ялалт авчрахын төлөө зүтгэсэн, үзэл санаа, онол ном ярьдаг хэсгийгээ ад үздэг хүмүүсээр дүүрчээ. Өөрөөр сэтгэх дургүй, асуудалд олон талаас нь хандах дургүй, буруутан хайх дуртай болсон байна. Тэгсэн атлаа нэгэн цагт ардчилсан хувьсгалын галыг асаалцсан журмын нөхрийнхөө амь насыг хөнөөсөн буруутныг олж гэсгээх нь битгий хэл хайхыг ч хүсэхгүй байна. Хэрвээ олдвол амь насыг нь өршөөх хуультай болж аваад амар сайхандаа жаргахыг хүсчээ.

 Далан жил төр барьсан гэж зүхдэг өрсөлдөгч намынхаа ядмаг хувилбар болж хувирчээ. Улс төрийн намд сонгуульд ялж төрийн эрхийг авах үндсэн зорилготой гэдэг ч энэ үндсэн зорилгодоо нэг ч удаа хүрээгүй улс төрийн нам ардчиллыг өмчлөх гэж оролдох юм. Дотроос нь сонгогдсон намын гишүүдийнхээ үгийг ч сонсдоггүй байж дэлхий нийтэд хандахаараа иргэдээ сонсдог нээлттэй төр засагтай гэж хүртэл гүрийх юм. Нүдээ нээх цаг болжээ. Хуучин шинэ хувьсгалт намд хүн чанартай, ухаантай олон хүн байдаг гэдгийг мартуулжээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч нам нь эх орон, үндэс угсаа нэг Монгол түмний үр сад гэдгийг мартуулжээ.

 Нэг ч удаа сонгуульд ялж үзээгүй улс төрийн нам өрсөлдөгч намынхаа өмнө өвдөг сөхрөн унаж байна. Нам нэг гишүүнээр дутдаг, нэг идэвхтэнээр дутдагийг энэ цагийн намын удирдагч нар ойлгохгүй байна. Халуун залуу хорин насныхаа итгэл үнэмшлийг энэ намд зориулсан ч бизнес ч үгүй, албан тушаал ч үгүй, дээр нь урвагч шарвагч нэртэй болон үлдэж буй журмын нөхөд маань олон байна. Улс төрийн нам гишүүнчлэлгүй байвал олон нийтэд тустай, хатуу гишүүнчлэлтэй бовол зөвхөн дарга нартаа ашигтай байдгийг олон нийт, ялангуяа улс төрд хөл тавьж буй залуучуудад ойлгуулах цаг болжээ.

 Бичдэг барьдаг, уншдаг, илтгэл тавьдаг дарга ч гэж алга. Тулга тойрсон хэрүүл хийсэн, унхиагүй, хормойгоо чирсэн хүүхэн шиг дарга нар олширсон байна. Сүр сүлд, хийморь лүндаа ч гэж алга болсон байна. Үг хэлэхээр хэлсэн болдог болчихжээ. Өнгөн дээрээ сонгох сонгох эрх чөлөөг тунхагладаг хэдий ч үзэл баримтлал нийлэхгүй болсон журмын нөхдөө урвагч шарвагч нэр цол өгч унтраадаг болжээ. Нэг даргын тэнэглэлийг нөгөө нэг Монголтойгоо нийлж зогсооё гэж байгаа болохоос Хятадын коммунист намд очиж нийлээгүй билээ. Мал удахаараа дасдаг, хүн удахаараа уйддаг гэдэгсэн.

 Улс төрд шинэ соёл байхгүй, тогтсон соёл л гэж байдаг. Энэ соёлыг дагадаг болохоос сөрдөггүй юм. Харин хүнийх болсон миний намд энэ соёлыг сөрөх нь битгий хэл бүр үгүйсгэдэг дарга нар олширчээ. Албан тушаалаа алдах вий гэсэн айдастай дарга нам удирддаггүй юм, гартаа цаастай, цээжиндээ хэлэх үгтэй хочуушлагч хүн нам удирддаг юм. Иймээс намаас гарах өргөдлөө бичиж блогтоо тавилаа.

 Жич: Өргөдөл ийм урт байдаггүй юм гэж онолдох хүмүүсийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй.

 2012 оны 3 дугаар сар 13

February 19, 2012

Өндөгний тухай нэг нийтлэл байна …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 1:10 PM

Articles > Nutrition > The Truth About Egg Whites and Egg Yolks

Bodybuilders are infamous for their love affair with protein. The way these massive beast see it, muscle is protein, so they associate eating more dietary protein with gaining more muscle. Devouring egg whites by the dozen is not uncommon for your tipical bodybuilder; so lets get the truth behind the best source of protien, EGG WHITES!!.

What is the “Protein Benefit” of Egg Whites?

Egg White protein is the purest form of protein known to man in the entire world. Each 8-ounce cup gives you 26 grams of pure protein, only 2 grams of carbohydrates, NO fat and NO cholesterol. The protein found in eggs is of a higher quality than the protein found in meat and fish. They are 100% bio-available, which means NONE of it’s amino acids are wasted. No artificial protein powder can make that claim. Other high protein sourced foods and supplements need to be broken down before the body absorbs the protein. All natural products have always been the recommended way to get the nutrients your body needs.

Cholesterol

The average large chicken egg has about 213 milligrams of cholesterol, which is all contained within the yolk. There has been concern that excess cholesterol in the diet can raise the level or cholesterol in the blood, causing major health problems including heart disease. Since the body produces all of the cholesterol it needs for normal functions, eating large quantities of cholesterol rich foods may be unhealthy. It is recommended that the intake of cholesterol per day should not exceed 300 milligrams. With one egg yolk containing 213 milligrams, it is clear that the recommended daily maximum is easy to exceed.

There are alternatives that can be used in order to stay within dietary guidelines for cholesterol intake.

• When multiple eggs are desired for an omelet or scrambled eggs, use no more then 2 yolk.
• Eliminate all of the yolks.
• Use egg substitutes.
• Instead of trying to stay within 300 milligrams of cholesterol per day, try to stay within a weekly total of 2100 milligrams, so that if you exceed the daily total on 1 or 2 days, you can cut down on other days.
• Even if you average one egg per day, you can still eat very well and come within the 300 milligram maximum simply by eating more fruits and vegetables, and cutting back on fatty meats, butter and oils, and some processed foods.
Үргэлжлэийг http://www.illpumpyouup.com/articles/the-truth-about-egg-whites-and-egg-yolks.htm линкээр орж уншаарай. Бидний хоолны хэрэглээнд нэлээдгүй хувийг эзэлдэг өндөгний тухай бодибилдингийн тамирчид мэргэжилтнүүд ингэж тайлбарлаж байна. Заавал мэргэжлийн тамирчин байх албагүй ч өндөгний талаар боломжийн мэдээлэлтэй байхад илүүдэхгүй гэж бодож байна .

2012.02.19

February 14, 2012

Change your life style :)

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 3:37 PM

Чухал гэж бодсон мэдээллээ хайж яваад ийм линк оллоо, үзээд өөрт хэрэгтэй зүйлс байвал цааш нь хүмүүстэй хуваалцаарй.

January 21, 2012

Гэрэл зураг – Нэг агшин

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 12:10 AM

бүжигчин зурагчин хоёрын ур чадвар
Гэрэл зургийг би хамгийн түгээмэл хэл гэж боддог, энэ тухайгаа ч өмнө нь нэг удаа бичиж байсан билээ. Хэд хоногийн өмнө фейсбүүкийн Онигооны групт байдаг нэг танил маань ийм зураг оруулсныг блогтоо тавьж гэрэл зургийн талаар хэлэн үг хэлмээр санагдлаа. Техникийн боломж өндөр хөгжсөн өнөө үед ийм зургийг хэн ч авч чадах байх, тэр байтугай видео бичлэгнээс ч буулгаад авч чадна. Гэхдээ л яг энэ агшныг олж харах “мэлмий” хүн бүрт бий болов уу? !

2012. 01.20

January 20, 2012

Амьдралынхаа хэв маягийг өөрчилье …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 11:41 PM

Блогтоо өөрчлөлтийн салхи оруулахаар шийдлээ.

Сүүлийн үед өөрийнхөө тухай их бодох боллоо. Өөрийгөө хөгширч яваа гэж бодохгүй байна:) Харин өөрийгөө ялахын тулд “хэн”-тэй тэмцэх гэж байгаагаа мэдмээр байна. Тийм болохоор өөрийгөө судлах шахуу ухааны юм болж байна. Багагүй хугацаанд бодлоо. Би хэн юм бэ гэж. Юунд дуртай, юунд дургүй, юуны төлөө амьдарч, юуны төлөө зорьж байгаа юм. Юу идэж уудаг, юу өмсөж зүүдэг юм. Яаж амьдарч байгаа юм, надад зорилго байна уу, байвал ямар зорилго байна. Найз нөхдийн тухай ямар бодолтой хүн бэ? Надад чин сэтгэлийн найз нөхөд байна уу? Би жаргал зовлонгоо хамгийн түрүүнд хэнтэй хуваалцдаг хүн бэ? Би сэтгэцийн хувьд ч, бие бялдрын хувьд ч эрүүл хүн мөн үү.

Сэтгэлгээ, оюун санаа, боловсрол мэдлэг маань цаг үетэйгээ хөл нийлүүлж чадаж байна уу, би хаана ч өөрийгөө аваад явж чадах сэтгэлийн тэнхээтэй хүн үү? Хүмүүстэй аль хэр эв зүйгээ ололцдог хүн юм, би хүмүүсийг хагалан бутаргагч уу, эсвэл эвлүүлэн нийлүүлэгч үү? Би өдий болтлоо хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж энэрч үзсэн болов уу, хүнийг голд нь ортол гомдоож байсан уу? Магнайг нь хагартал баярлуулж нулимсыг нь үзсэн үү? Надад хүн таньдаг билгийн нүд бий юу?

Би уян зөөлөн хүн үү, эсвэл хатуу ширүүн хүн үү? Би юунд их баярладаг, юунд дэлбэртлээ уурладаг хүн бэ? Би хэн нэгнээс урваж байсан уу? Үзэл бодлоосоо урваж байсан уу? Миний бодол хэр хурдан өөрчлөгддөг бол? Би шинэ соргог зүйлд дасч өөриймшүүлж авахдаа хэр хүн бэ? Надад авах гээхийн ухаан аль хэр суусан бол? Би амьдарч байгаа цаг үеийнхээ тухай юу гэж боддог хүн бэ? Надад өөрийн гэсэн үнэт зүйл бий болов уу, түүнтэйгээ адилхан би аль хэр үнэ цэнэтэй хүн бол? Би багаар ажилладаг хүн болов уу, эсвэл ганцаараа ажилладаг хүн үү?
Би амжилт гаргаж байсан уу, гаргасан бол тэр амжилтаа хэр удаан хадгалж чаддаг хүн бэ? Би өөрийгөө гэр бүлийнхээ төлөө, ах дүүсийнхээ төлөө, найз нөхдийнхөө төлөө зольж чадах хүн үү? Би өөрчлөлтөд аль хэр дасамтгай хүн бэ?

Ийм олон асуултуудад хариулт олох гэж оюун бодлоо “ширгээж” байна. Намайг өөрөөс минь сайн мэдэх хүн байхгүй болохоор энэ олон асуултад өөрөө л хариулах болно. Хүмүүс намайг юу гэж дүгнэх нь хамаагүй, би өөрөө өөртөө л зөв, өрөөл бусдад дараа бололгүй амьдрах учиртай. Олон нийтийн сайн сайхны төлөө бусдын жишгээр цаг гаргадаг байх учиртай. Амьдралынхаа аливаа зүйлийг эрэмбэлвэл гэр бүлээ тэргүүнд тавихыг эрмэлзэх ёстой хүн. Ээжийнхээ мах цусыг барж төрсөн хэдэн хүүхэд дотроо алдаж гишгэх эрх байхгүй хүн. Ядаж гаргасан алдаагаа давтах учиргүй хүн.

Гэхдээ өнөөдрөөс эхлээд энэ олон асуултуудын заримд нь хариулт олдож, бас түүнийгээ хэрэгжүүлж эхлэхээр сэтгэл шулуудлаа. Би хамгийн эхлээд эрүүл чийрэг байх ёстой юм байна. Бурхан хэдийгээр өгөөмөр ч гэлээ намайг оролцуулаад энэ дэлхийн долоон тэрбум хүмүүсийн хэнд нь нөөц эрхтэн заяагаагүй юм байна. Тиймээс байгаа хэдийгээ гамнаж, тордож эхлэхээр шийдлээ. Гучин хэдэн жил “муу биендээ ээлж хийлгүй” зүтгүүлжээ. Зарим нэг нь тордлого хүсч байна. Бусдыг нь тэгээд болгоно доо. Өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлах ёстой юм байна гэдгийг хожуу ч гэсэн ухаарч байх шиг байна.

Таньд ч гэсэн ингэж бодохыг зөвлөж байна. Туйлын үнэн гэж байдаг бол хэнд ч “запас эрхтэн” гэж байдаггүй нь л өөрөө туйлын үнэн юм. Өөрийгөө хайрла. Үүнийг ойлгохыг хичээ. Би бага зэрэг цэцэрхэж чаддаг ч түүнээсээ илүү зөв гэж бодсоноо бусдад ухуулах дуртай хүн бололтой Би сайн хүн биш, гэхдээ муу хүн бас биш. Тиймээс над шиг амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гээд оролдоод үз. Хэрвээ чи эрүүл мэндийнхээ төлөө ямар нэгэн алхам хийхээр шийдсэн бол эхлээд тэр тухайгаа сайтар эргэцүүл. Тэгээд нэгэнт шийдсэн бол бүү эргэлз!

2012.01.20

November 30, 2011

Үндэсний “булчин”-гийн өрсөлдөх чадвар ба Үндэсний үзэл

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 11:37 PM

1. Азийн тулааны урлаг ба Кино

Хүүхэд байхдаа Брюс Лигийн тоглосон олон гоё кино үздэг байлаа, хүүхэд ахуй насны минь хамгийн гоё мөчүүд. Түүнээс өмнө тулааны урлагийг кино дэлгэцнээ хэрхэн харуулдаг байсныг сайн мэдэхгүй юм, лав л интернэтээр хайж үзэхэд тухайн цаг үедээ Брюс Лигийн тоглосон кинонууд шиг үзэгчдийн сэтгэлд хүртэл тулааны урлагийг харуулсан нь ховор байна. Тулааны гарамгай мастер, хамгийн гол нь эр хүний төгс сайн шинжийг бүгдийг нь агуулсан эрийн дүрээр кино дэлгэцнээ мөнхөрсөн түүнд дургүй үзэгч гэж цөөн байх. “Манай талын эр” ганцаараа маш олон хүнтэй зодолдоно, дандаа дийлнэ. Мэдээж кино учраас эерэг талын баатар маань бүх зүйлийг “яг зөв” хийнэ. Ийм гоё кино үзсэний дараа төрж буй мэдрэмж шиг сайхан зүйл үгүй. Түүн шиг болохыг хүсч тэмүүлж, бяр ч амтагдах шиг, хэнтэй ч “үзчихмээр” санагдах үе зөндөө байлаа. Киног хүмүүст тэгж нөлөөлөх гэж ч хийдэг байсан байх, түүнээс хойш олон жил өнгөрчээ. Киног ойлгож үзэхийг хичээдэг болж, бас үзэхээс гадна “киног уншдаг” болсон байна. Энэ хугацаанд дэлхийн кино урлагт ч бас олон өөрчлөлт гарч, ялангуяа “Брюс Ли баатрын” маань залгамжлагчид ч бас хэд хэд өөрчлөгдөөд авч.

Тэдгээр залгамжлагчидаас Хятадын үндэсний тулааны болон бие хамгаалах урлагийг киногоор дамжуулан дэлхий дахинаа амжилттай сурталчлан таниулсан жишээ маш олон бий. Жүжигчин Жет Ли бие хамгаалах урлагийн мастеруудын түүхэн дүр төрх, тулааны урлагийн аюултай, бодитой, гарамгай шинжийг кино дэлгэцнээ харуулж байгаа бол, холимог тулааны мастер Хонконгийн жүжигчин Донние Йен бие хамгаалах урлагийг Хятад үндэстний бахархал талаас нь харуулж олон гоё кино бүтээжээ. Бие хамгаалах урлагийг найрсаг, хөгжилтэй инээдмийн хэлбэрээр үзүүлж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан кино ертөнцөд хөл тавьсан хүн бол та бидний сайн мэдэх Жаки Чан. Бие хамгаалах урлаг бол зөвхөн зодоон цохион биш, нийгэмд хүмүүс хоорондын харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй амьдралын нэгэн хэв маяг гэдгийг харуулсан түүний кино бас л дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ.

Эдгээр жүжигчдийн дотроос Хятадуудын хувьд бие хамгаалах болон тулааны мастеруудын кино урлагт орох замыг нээж, дэлхийн зах зээл дээр гарах эхлэлийг тавьж өгснөөрөө “манай талын Брюс Ли баатар” бол яалт ч үгүй “бодит баатар”. Мөн түүнчлэн үндэснийхээ тулааны болон бие хамгаалах урлагийг барууны кино ертөнцөд дэлгэрүүлж, түүгээр дамжуулан Хятадын соёлын нөлөөг дэлхийн олон улс оронд бий болгосон хүн. Түүний үндэслэсэн “житкундо” хэмээх урсгал нь Хятадын уламжлалт тулааны урлагийг орчин үеийн барууны орнуудад хөгжсөн бие хамгаалах урлагийн элементүүдээр баяжуулж, дайчин зориг, эрэмгий шинж, бие бялдарын болон ёс суртахууны төлөвшлийн чухлыг үзүүлснээрээ үндэстнийхээ түүхэнд үнэтэй байр суурь эзэлдэг. Тэрээр бүжигчдээс дутахгүй уран гоёмсог хөдөлгөөнтэй, булчин шөрмөс нь зангирсан, харилцаа ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй, хэзээ ч эхэлж хүн рүү дайрч довтолдоггүй, төгс эр хүний шинжийг харуулсан эерэг талын баатрын дүрээр хэчнээн сая өсвөр насныхны “мөрөөдлийн баатар” болсныг тоочивч баршгүй. Бидний багачуул ч ялгаагүй эрүүл чийрэг, булчин шөрмөс сайтай, сайн “үзэлцдэг”, мундаг баатрынх нь хувьд татагддаг, түүгээрээ ч сэтгэлд хоногшин үлдсэн билээ.

Брюс Лигийн багш, Хятадын бие хамгаалах урлагийн сонгодог төлөөлөгч Иф Мений амьдралаас сэдэвлэн бүтээж, жүжигчин Донние Йены гол дүрд нь тоглосон “Иф Мен I, II” хэмээх цуврал кино нь ихээхэн амжилт олж, 2008 онд оны киногоор шалгарч олон сая үзэгчдийг байлдан дагуулж байна. Энэ киноноос төрсөн Ази Дорно дахины улс орнуудад олон зуун жилийн турш хөгжиж, үеэс үед уламжлагдан ирсэн тулааны урлагийн мөн чанар болоод улс үндэстний бахархал, үндэсний үзлийн тухай сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж байна. Чингэхдээ аливаа нэг улс орныг дөвийлгөн магтах, шилдгийг тодруулах, өөрийн улс үндэстнээ харлуулан будах мөчид бодол агуулаагүй бөгөөд “Авах гээхийн ухаан” Монгол хэлтэн хэн бүхэнд бий билээ…

2. Азийн орнууд дахь Тулааны урлагийн мөн чанар

Мэдээлийн гэгдэх өнөөгийн дэлхий ертөнцөд улс орнууд дайн дажингүй, энх тайвнаар зэрэгцэн орших туйлын хүслэнтэй. Улс хоорондын хил хязгаараас эхлээд, нийгэм улс төр, эдийн засаг, соёл хоорондын харилцааг засан тохинуулсан, зохицуулан эерүүлсэн хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрүүд ч олныг батлан мөрдөх аж. Энэ нь улс бүрийн харилцан хүндэтгэлтэй, тэгш эрхийг баталгаажуулж өгдөг боловч зарим талаар бүр тухайн улс үндэстний “оршин тогтнох боломжийг ч” баталгаажуулж өгдөг. Гэвч түүх сөхвөөс үзэгдэх болон үл үзэгдэх, зөвхөн тухайн улс үндэстэнд л хадгалагдан үе дамжиж явах, үүх түүх, өвөг дээдсээс уламжлан ирсэн сургаал гэрээслэл бол хамаг бүхнээс илүүтэй үндэстний оршин тогтнох баталгааг хангаж өгдөг юм. Энэ нь тухайн үндэстний аж төрөх ухаан, амьдралын хэв маяг, оршин суугаа газар нутгийн онцлогоос хамаарсан дадал зуршил, үеэс үед боловсронгуй болгон хөгжүүлж, үр хойчдоо уламжлуулан үлдээж ирсэн “түүхэн өв” юм. Ертөнцийг танин мэдэх арга ухаанаас эхлээд идэж уух, өмсөж зүүх хүртэл олон юмаараа Өрнө дахины улс үндэстнүүдээс өвөрмөц ялгаатай Ази Дорно дахины улс орнуудын хувьд бие хамгаалах урлаг бол тухайн үндэстний түүхэн үзэл сургаалийг тээж, “тухайн үндэстнийг бүтээж, түүхнээ өртөөчлөн авч ирсэн” нэгэн нандин өв нь юм.

Японы карате, Солонгосын таеквондо, Хятадын кунг-фу, Тай бокс гээд бүрэн эзэмшсэн тохиолдолд ямар ч бэрхшээлийг даван туулах боломжтой, боловсронгуй системтэй, хурд хүчний төгс зохицуулалттай, өөрийн философитой, тодорхой үзэл баримтлалтай тулааны арга мэхүүд нь ёс суртахуунаар удирдагсан цагт дийлдэшгүй хүчин болж хувирдагийг түүхээс бэлхнээ харж болно. Үүнийг өдөр тутмын амьдралынхаа хэвшил, дадал зуршил болгох нь төрийн албан ёсны хууль тогтоомж, тушаал шийдвэр гэхээсээ илүү хувь хүний ухамсар дахь итгэл үнэмшил, өвөг дээдсийнхээ үүх түүхэнд хандах гүн хүндэтгэлээр үеэс үед дамжуулан хадгалж өнөөг хүргэжээ. Хамгийн гайхамшигтай нь энэхүү өвөг дээдсийн нандин өвөө амьдралын өдөр тутмын дадал зуршил, амьдралын хэв маяг болгон хөгжүүлж, үндэстнийхээ анхаарлын төвөөс холдуулалгүй авч яваа улс орнууд өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр хүчирхэгжин өсч өндийж буй явдал юм. Хятад болон Япон улсууд нь дэлхийн эхний тавд орох томоохон эдийн засаг гэдэг нь үүний тод жишээ байж болох юм. Хятадын кунг-фу, Японы каратегийн гайхамшгийг өнөөдөр дэлхий нийт мэднэ, хэдэн зуун саяар тоологдох хүмүүс энэ гайхамшигт урлагаар хичээллэж байна. Дотроо маш олон урсгалтай, өөр өөрийн онцлог философитой эдгээр тулааны арга мэхүүд ёс суртахуун бие бялдрын хүмүүжил олгох талаасаа ч, биологийн хувьд эрүүл амьдрахуйн талаасаа ч хүний биед ашиг тустай, хувь хүн хүчирхэг байх бүхий л боломжийг бий болгож өгдгөөрөө үнэлж баршгүй ашиг тустай. Үүгээрээ тэжээгдэж тухайн үндэстэн бүхэлдээ хүчирхэг, бүр нэгж хувь хүн бүр хүчирхэг байх боломж нь бүрдэж өгдөг байна.

Эрүүл аж төрөх, “байгальд ойр амьдрах”, харилцаа ёс суртахууны өндөр төлөвшилтэй болох, тэвчээр хатуужилтай байж бэрхшээлийг даван туулах, “өөрөө өөртэйгээ тэмцдэг зуршил бий болгох, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах гэхчлэн тоочвол тулааны системтэй урлагийн спортын бусад төрлүүдээс ялгарах онцлог, давуу чанарууд маш олон бий. Энэ талаас нь харвал үндэстэн бүрийн ёс суртахуун, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн бие хамгаалах урлаг, түүний харьцаа хандлага нь өнөөгийн дэлхий ертөнцийн улс орнуудын хоорондын харилцааны жишиг маяг, нэгэн төрлийн хэмжүүр болж байгааг таньж мэдэх, “уншиж ойлгох” цаг үеийн түүхэн хэрэгцээ шаардлага бидэнд бий. Бизнесийн нэгдүгээр дүрэм бол “оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах” гэж байдаг гэнэлээ. The number one rule of the business is “protect your investment”. Тэгвэл тулааны урлагийн нэгдүгээр дүрэм бол довтлолт хамгаалалт хоёрыг нэгэн зэрэг хийх явдал юм. “Attack and Defend in one motion”. Утга төгөлдөр биш гэжүү.

Японы каратегийн мастеруудын дунд довтолсноос хамгаалж сурсан нь илүү дээр гэх үзэл ихэд түгсэн байдаг. Үүнийг бизнесийн хэлэнд хөрвүүлж ойлговол, “хил”-ийн чанадад хөрөнгө оруулахаас илүү дотоодын зах зээл дээр “Номер нэг” болох явдал гэж ойлгож яагаад болохгүй гэж? Дэлхийн электроникийн хөгжлийн түвшинг тодорхойлдог тус улсад дотоодын зах зээл дээрээ хүчтэй байр сууриа олж чадвал дэлхийн зах зээлд гарлаа гэсэн үг. Улс төрч, бизнесмен, инженер эдийн засагч гээд хэн ямар мэргэжилтэй, хэдэн настай, эрэгтэй эмэгтэй байхаас үл хамааран бие бялдрын, ёс суртахууны “дотоод тэжээл” нь болж байдаг тулааны урлаг бол харилцааны чухал төвөлшил олгодгийг энэ жишээнээс харж болно. Хорьдугаар зуунд Азийн төдийгүй дэлхийн олон үндэстний бие хамгаалах урлагийн хөгжилд олон өөрчлөлт гарч, амьдралын хэв маягаас гадна тоглоом наадам, уралдаан тэмцээний шинж чанарыг ч өөртөө агуулан хөгжжээ. Гэхдээ бие хамгаалах урлаг бол “амьдрахуйн хэв маяг” гэдэг үндсэн шинжээ огтхон ч гээгээгүй билээ.

3. Тулааны урлаг ба Үндэсний үзэл

Өрнийн мэргэд “Аливаа төр оршин байх үндсэн гурван нөхцөл буй” хэмээнэ. Энэ нь нэгдүгээрт, өөрийн харъяат хүн амтай, хоёрдугаарт, өөрийн газар нутагтай, гуравдугаарт, хүн амаа засаглан захирах эрх мэдэлтэй байх тухай бөгөөд энэ үзэл өдгөө нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. Тэгвэл тэр төрийг бүтээж буй хувь хүн оршин байх тухай ямар үзэл номлол байна вэ? Ямар ард түмэн байна, тийм л төр байна хэмээн доромж үг чулуудан суугаа “агуу ихийн өвчнөөр өвчлөгсөд” энэ талаар юу хэлэх бол? Төөрч будилсан түүхийн их алдаан дотроос “үндэсний” гэх тодотголоо арай ядан олж буй ололтыг ямарваа нэг “изм” тэр дундаа “демократизм”-д автсан цэцэрхэлээр унтрааж болох билүү? 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал нь улс гэрээ өөрснөө мэдэж, засан тохинуулах эрхийн төлөөх тэмцэл байгаагүй билүү? Эдүгээ хорин жилийн өндөрлөгөөс харахад социализмыг демократизмаар солих “захиалга болон” хувирчээ. Хүн төрөлхтөний ололт амжилттай хөл нийлүүлэн алхах нэрийн дор үндэстний эрхэмсэг оршихуйг демократизмын сүүдэрт аваачин тушч, бүр “царцааж” орхижээ. Үүнийг ухаарсан бол огоорсон нэгэнд нь ойлгуулах цаг нэгэнт болсон байна.
Үндэсний үзлийг төрийг урлан бүтээх улс төрийн хөтөлбөр хэмээн томъёолсон байхыг олж уншсан билээ. Үүнийг цаашид гүнзгийрүүлэн сэтгэвээс дараах байдлаар задалж болох мэт санана. Үндэсний үзэл нь хувь хүнийг бүтээх, төрөө урлан бүтээх, дэлхийн улс гүрнүүдтэй харилцах үзэл номлол хэмээх тулгын гурван чулуутай. Хэрвээ үнэ цэнээр нь эрэмбэлвээс хувь хүнийг хэрхэн бүтээж буй нь хамгийн эрхэм бөгөөд Өгөдэй хааны хэлсэн “Хойд үеийн хөвүүд ач нар минь өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрөөд хандгайг харваад оготныг онох болуузай” гэсэн үгнээс тод үзэгдэнэ. Энэ мэтчилэн сэтгэвээс дээр өгүүлсэн бие хамгаалах болон тулааны урлаг бол хувь хүнийг бүтээх, өөрөө өөрийгөө ялахад сургадаг үнэт нандин өв юм. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг байгуулан захирч явсан өвгөд дээдсээс уламжлан ирсэн “хүчит бөхийн барилдаан” бол бидний хувьд бие хамгаалах урлаг ч, тулааны урлаг ч, Монгол үндэстний тоглоом наадгай ч мөн билээ.
Үндэсний бөхийг амьдрах арга ухаан ч мөн хэмээн сэтгэнэ. Энэ нь нас хүйс, тэр бүү хэл жин, биеийн өндөр нам үл харгалзан хичээллэж болох, баяжуулан хөгжүүлж болох, удам дамжуулан өвлүүлж болох арга мэх юм. Нэгэн хошууны наадамд эмэгтэй хүн барилдан түрүүлсний дараа монгол бөхийн зодогны энгэрийг задгай болгосон тухай домог ч үүнийг гэрчлэх буй за. Гэвч өнөөгийн өндөрлөгөөс харахад “монгол хүнийг урлан бүтээх учиртай үндэсний бөхийн барилдаан” маань хүмүүсийг бие бялдар, нас хүйс, өндөр нам, тэр бүү хэл удам судраар нь ялгаварлан гадуурхсан, хэсэг бүлэг “жалга довны атаман”-уудын мөнгө олох арга хэрэгсэл болон хувирчээ. Монгол хүнийг урлан бүтээхээсээ илүү шүүмжлэл, шударга бусын үлгэр жишээ болсон байна. Аймаг орон, нутаг усаараа талцан хуваагдах, мэндлэх хүндлэх ёсноос эхлээд харилцааны соёл, ааш аяг гээд хүн эвдэрч болохын жишээг эндээс харж болно. Ааш аяг, бие бялдар нь эрүүл бус, үлэмж буруу хооллохын жишээ болон хувирсан байна. Гэдэс гүзээ нь унжсан, ямар ч хэлбэр галбиргүй, хүн өөрийгөө “хорлож эвдэх”-ийн сонгодог жишээ болсон “гарууд”-ыг үлгэрлэн дууриах нь битгий хэл ямар ч уран мэх, утга төгөлдөр тэмцэл хүлээх хэрэггүй болжээ. Энэ тухай өдөр бүр нэг жишээг, жилдээ нэг удаа орон даяар үй олон жишээг “үзэж” болно. Хувь хүнийг бүтээх соёлын өв гэхээсээ илүү наадгай, шоу цэнгээн, мөрий барьцааны тал нь хэт хөгжсөнөөс түүхэн үнэ цэнээ ч, түүхэн утгаа ч алдсан байна.
Жил болгон хурал хийн хэрэлддэг бөхийн холбоо нэртэй байгууллагын үндэсний бөхийн түүхэн шинэчлэлийн зангилаа нь энэ асуудал байж ч болох. Бөх бол олон нийтийнх, бид дундынх, бүх Монголчуудынх байж гэмээнэ тустай. Дан ганц “том биетэй, урт дээлтэй, тэнэгдүү хүмүүсийнх” байж хэрхэвч болохгүй билээ. Монгол бөх бол тоглоом наадгайн ч, амьдралын хэв маягийн шинжийг ч агуулсан урлаг. Энэ түүхэн өвийг Монголын хүчит сайн эрчүүд тээж, өвлөн авч ирсэн нь ч үнэн. Гэвч өнөө цагийн шалгуурт нийцэж байж, хөгжүүлэн цогцлоох, үндэстнээ олоход туслах Монгол бөхийн түүхэн үүрэг зайлшгүй бий. Үндэсний спорт талаас нь авч үзвэл хурд, хүчний дасгалууд, номлол үзэл сургаал бүхэн бүрэн бий. Гэвч энэ нь хүн бүрийнх байж чадахгүйгээс хоцронгуй, хөгжлийн царцанги байдалд байгааг өөгшүүлэх хэрэггүй билээ.
Түүхэн хуудсыг нь сөхвөөс “демократизм”-д автсан цэцэрхэгчид “өнгөрсөн түүхээрээ амьдардаг ард түмэн бол мөхөж яваа ард түмэн” гэх мэтээр доромжлох юм. Ирээдүйгээ төсөөлж мэдэхгүй байгаа бол өнгөрснөө харах л учиртай. Түүхээ гээх нь хэнд хэрэгтэйг асуух цаг нь болсон буй за. Дайн тулааны цаг үед тулааны болон бие хамгаалах үүргээ гүйцэтгэдэг, энхийн цагт тоглоом наадгайн үүрэг гүйцэтгэдэг нь дэлхийн улс орнуудын үндэсний спортод байдаг нийтлэг хэв шинж. “Харвалдах намналдахаар Монголчууд шиг бол” гэсэн Хятадын нэгэн хааны зарлиг үүнийг нотлох буй за. Монгол бөхийг спорт талаас нь хөгжүүлсэн ололт амжилт багадаагүй. Орчин цагт Монгол Үндэсний бөх жүдо, самбо, чөлөөт зэрэг бөхийн арга мэх, техникүүдээр баяжин, тэднийг ч улам хөгжүүлсэн нь ч бас багагүй. Ийм арга техникүүдийг гайхамшигтай эзэмшсэн үндэсний бөхийн мастеруудыг олныг дурдаж болно. Сумъяабазар аваргын тэгш бие хаа, Сүхбат аваргын уран хийцтэй барилдаан, Бат-Эрдэнэ аваргын эгэл даруу зан төрх үлгэрлэн дууриах жишээ яах аргагүй мөн. “Хөл нь гар шигээ болчихсон Дүвчин заан”-ы жишээ бол төрөлх авъяаснаас гадна уйгагүй хөдөлмөр зүтгэлийн шилдэг жишээ яах аргагүй мөн.
Тулааны урлаг нь үзүүлэн, наадгай гэхээсээ илүү хувь хүний төлөвшил рүү илүү анхаардаг. Монгол бөх ч ялгаагүй билээ. Энэ бол багийн спорт биш. Өөрийгөө ялж байж амжилтанд хүрдэг хувийн спортын төрөл. Гэвч энэ аугаа өвийг орчин цагийн хэлээр сурталчлан таниулах, амьдралынхаа дадал зуршил болгоход анхаарал хандуулж байгаа нь нэн цөөн байна. Хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний бөх гурав нийлж байж Монгол үндэстний бие хамгаалах болон тулааны урлагийг бүрдүүлдэг. Булчин шөрмөстэй, арга эвтэй хүчит Монгол эрсийн хувьд морь бол тээврийн хэрэгсэл, үнэнч нөхөр, өдөр тутмын хэрэглээнээс гадна “зэр зэвсэг” ч болж байсан жишээ үй олон. Бид ховор зүйлийг өвлөж үлдсэн ч сэтгэл дутсанаас зэврээж орхижээ…

Кино руугаа эргээд оръё. Иф Мен англи боксчинтой үзэлцэнэ. Англи боксчин бие бялдар, булчин шөрмөсөөр хамаагүй илүү. Өндөр ч нөхөр кинондоо тоглуулсан байна лээ. Гэхдээ Иф Мений тэсвэр хатуужил арга мэх хавьгүй илүү юм. Хэдэн ч удаа нокаутнаас гарав, овоо эр юм. Ийм байх ч үндэстэй. Нэг нь “парлонтой бээлийгээр парлонон мешок нүдэх”, нөгөө нь нүцгэн гараараа мод нүдэх хоёрын хэн нь илүү хатуужил олгох бол? Өөрөөсөө том биетэй, хүч чадалтай хүмүүстэй “үзэлцэх арга мэх” байна уу байна, эхлээд нүд рүү нь, дараа нь чих рүү нь, эцэст нь булчинг нь ажиллагаагүй болгож байна. Харин энэ хоёртой манай нэг бөхийг үзэлцүүлбэл яах бол? Яахав, эхлээд нэг нокаутанд орно, ганц нэг хусуулна, тэгээд яахав дээ, эвийг нь тааруулж байгаад барьж аваад нэг л тонгорно доо, тоолоод ч босч ирэхгүй л болов уу …

2011.11.30

November 15, 2011

“Хиллари байхгүй юу”

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 12:26 AM

Элбэгээ ерөнхийлөгч болоод Америкт айлчилжээ.
Обаматай уулзаж гэнэ. Тэгээд “Яаж тань шиг улс орноо ингэж лаг удирдах вэ?” гэж асуутал Обама хэлж байна гэнэ. “Их амархаан, ухаантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй” гэж. Элбэгээ “би тэднийг ухаантай гэдгийг яаж мэдэх вэ” хэмээн дахиад асуув.
Обама хэлж байна, “оньсого таавар таалга, хариулж чадвал ухаантай байна гэсэн үг” гээд нэг кноп дартал Хиллари Клинтон ороод иржээ. Түүнээс Обама асууж байна, “аав ээж хоёр чинь хүүхэдтэй, тэр хүүхэд нь чиний ах биш, эгч ч биш, дүү ч биш, тэгэхээр энэ хэн болж таарах уу” гэж гэнэ. Тэгэхэд нь Хиллари “энэ бол би” гэж зөв хариултыг хэлжээ. Обама энэ мэтээр хүмүүсээ шалгаж үзэж болно гэж зөвлөж. Үүнд нь урамшсан Элбэгээ ерөнхийлөгч Монголдоо буцаж ирээд Тамгын газрынхаа дарга Дорлигоог дуудаж. Тэгээд нөгөө Обамагийн Хилларигаас асуусан асуултыг асуутал цаадах нь “даргаа би жаахан бодож байгаад хэлье” гээд гараад явчихаж гэнэ. Тэгээд ордноор баахан гүйгээд, хүн амьтнаас нөгөө асуултаа асуугаад байж, мэдэх хүн байдаггүй, харин ашгүй Нямдорж өмдөө татчихсан 00-оос гарч яваатай таарчээ. Тэгээд нөгөөдөхөө асуутал “энэ чинь би байхгүй юу” гэж гэнэ. Баярласан Дорлигоо Элбэгээ дээр буцаж ороод “даргаа би хариултыг нь олчихлоо” гэжээ. Тэгэхээр нь Элбэгээ “за хэн бэ” гэтэл цаадах нь “энэ бол Нямдорж юм” гэж нааж. Уурласан Элбэгээ ширээ шааж босч ирсэнээ, “бишээ малаа, энэ чинь Хиллари байхгүй юу” гэж хашгирчээ.

Онигоо ер нь худлаа байхаа?!
Тэгэхгүй яах юм онигоо юм чинь
Тэгсэн ч гэсэн худлаа …
2011.11.15

November 13, 2011

Маазраа…

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:31 PM

Сүүлийн хэдэн сар хэдэн хүүхнүүдээ улс төрд оруулах, ядаж “чихэлдэх зай” гаргаж өгөх кампанит ажил ид өрнөж, сүүлдээ халуураад эмэгтэйчүүдийн банк байгуулах, эмэгтэйчүүдийн нэмэлт суудал гаргах маягийн марзан юм яриад бүр алийг нь алдуулаад унав. Зарим нь эмэгтэйчүүд улс төрд олноор орж ирвэл нийгэм зөөлрөх тухай онолдоод Алтай гишүүнд аман дундуураа алгадуулав. Хэрвээ яг ингэж зөөллөх, эрхлүүлэх талаас нь асуудалд хандаж байгаа бол Алтай гишүүний зөв. Түүнээс ч марзан юм Үүл баатрын ярилцлаганд гарчээ. Нэг “халтайсан сэтгүүлч” баатраас асууж байна гэнэ…
Сэтгүүлч: Идсэн, уусан гэж хамаг булхайгаа дэлгээд л захын “ховч авгай нар шиг” тулга тойрсон хэрүүл хийх нь хэнд ашигтай юм бол. Танд чухам юу гэж бодогдож байна вэ?
Үүл баатар хариулж байна: Хийх ажилгүй авгай нар шиг яриаг ялангуяа улстөрчид нь ярьмааргүй байна… \www.niitlelch.mn\
Сэтгүүлчийн асууж байгаа, баатрын хариулж байгаа хоёр ч таарч, бүх хүүхнүүдийг хамруулж хэлээгүй байх гэж найдъя. Үргэлжлүүлээд Алтай гишүүний ярилцлагаас жаахан ишлэе, жаахнаар ч барахгүй ишлэе.
Сэтгүүлч: Сэдвээ нэлээд өөрчлөөд эмэгтэйчүүдийн квотын асуудал руу хандуулъя. УИХ-аас 2010 онд Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан. Түүнд эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгөх байсан ч УИХ-ын Сонгуулийн хууль дээр тусгаж өгөх нь илүү оновчтой гэж үзээд хойшлуулсан. УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа ч, энэ асуу¬дал огт хөндөгдөхгүй юм. УИХ дахь хоёр намын бүлгээс эхлүү¬лээд, Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр ч асууд¬лыг авч ярихгүй байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

Ямар ч орооцолдсон урт асуудаг юм, гишүүн ч хариулна гэж үзүүлж өгч байна аа.
Алтай гишүүн: – Ер нь заавал эмэгтэй хүн улстөрд орох ёстой гэдгийг хэн хэлээд байгаа юм бэ. Монголын эмэгтэйчүүд улстөрд орохгүй болохоор нийгэм болохоо байчихаад хүний эрх зөрчигдөөд, ажил хийж болохгүй, амьдрал нь хэцүүдээд болохгүй болчихсон юм байхгүй. Та сайн эмэгтэй байж, чадалтай, чадвартай, олон түмэнд танигдсан л юм бол сонгогдох эрх нь нээлттэй. Сонгогч таныг л сонгоно. Заавал намайг сонго, би л орох ёстой, бид дуу хоолойгоо гаргах ёстой гэдэг нь нөгөө талаараа сонгогчийн эрхийг зөрчиж байна шүү дээ. Би чамайг сонгоогүй, би чамайг сонгохгүй гээд байхад хүчээр, автоматоор тэр эмэгтэй заавал гарч ирэх ямар хэрэгтэй юм. Чадалтай, чадвартай юм бол эрчүүдтэй адилхан үзэлцээд гараад ир л дээ. Би бол эмэгтэйчүүдийн квотыг эсэргүүцдэг.
Сэтгүүлч: -Ямар учраас та эмэгтэйчүүдийн квотыг эсэргүүцдэг гэж ?
Алтай гишүүн: -Яг үнэндээ бол “Бид сонгуульд оролцох ёстой, эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-д нэмэгдүүлэх ёстой” гэж Монголын бүх эмэгтэйчүүд яриагүй шүү. Наадах чинь ерөөсөө улстөрийн амбицтай, өөрснийгөө заавал улстөрд байх ёстой гээд итгэчихсэн, мөрөөдчихсөн хэдэн хүүхнүүд л өдөр, шөнөгүй телевиз, хэвлэлээр л яриад байгаа асуудал юм. Ер нь тэгээд тэр хэд УИХ-ын сонгуульд тогтмол л ордог шүү дээ. Ард түмэн чамайг сонгохгүй бол чи заавал хүчээр гарах ямар хэрэгтэй юм.
Сэтгүүлч: -Гол нь улстөрд эмэгтэ鬬¬чүүдийн оролцоо хэр олон байна, түүнийгээ дагаад ний㬬¬мийн проблем бага. Тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тулгарч буй асуудлыг шийд-вэрлэхэд илүү уян хатан бодлого боловсруулж гаргадаг нь нотлогдсон зүйл юм биш үү, шинжлэх ухаан талаасаа?
Алтай гишүүн: -Эрчүүд нь яасан юм, төрийн бодлого бол төрийн л бодлого байх ёстой. Эмэгтэй хүн парламентад ороод ирэхээр асуудал илүү уян хатан болно гэсэн юм байхгүй ээ, найз аа.
Сэтгүүлч: -Дэлхийн туршлагаас харахад 90 шахам орон эмэгтэйчүүдийн квоттой байна. Энэ бол үр дүн нь сайн байгаатай холбоотой биш гэж үү?
Алтай гишүүн: -Эмэгтэйчүүд улстөрд орохоор юу өөрчлөгдөх юм.
Сэтгүүлч: -Жишээ татъя л даа, Энэт¬хэг улс эмэгтэй ерөн¬хийлөгч¬тэй. Улстөр дэх эмэг-тэ鬬чүүдийн оролцоог дэмж¬сэний үр дүн биш гэж үү. Үр дүнд нь ард түмэн л хожно шүү дээ?
Алтай гишүүн: -Заавал тэр орныг дуурайх ямар хэрэгтэй юм. Чадалтай л юм бол сонгогдоод гараад ир л дээ. Тэр ерөнхийлөгч чинь хуулиараа гарч ирсэн юм уу, ард иргэд нь сонгосон юм байгаа биз дээ. Би бол энэ квот мвот гэсэн юмыг чинь буруу л гэж боддог. Ерөөсөө л хийх ажил байхгүй, олдохгүй улстөрөөр тоглоё гэсэн хэдхэн эмэгтэй л наад асуудлыг чинь байнга ярьж байна шүү дээ.
Сэтгүүлч: -Гол нь та уламжлалт ойлголтоо өөрчлөөд эмэгтэй¬чүүддээ итгэл үзүүлдэг бо¬лъё гэвэл квотыг хүлээн зөв¬шөөрөх л хэрэгтэй шүү дээ?
Алтай гишүүн: -Ямар хэрэгтэй юм бэ, улстөрд хүчээр орж ирэх. Ард түмэн сонговол сонгоно л биз. Тэрнийг заавал 15 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой гэж үзэх нь буруу. Би чамд хэлээд байгаа ш дээ, хэдхэн хүүхнүүд л байгаа гэж… Улстөрийн өвчин тусчихсан, Төрийн ордонд суучихаад өөрсдөө орилж байх санаатай. Түүнээс бүх Монголын бүх эмэгтэйчүүдийн хүсэл санаа биш. Би бол биш л гэж бодож байгаа… \www.news.mn\

Дээр дурдсан хоёр ярилцлагын эмэгтэйчүүдтэй холбоотой энэхэн хэсгээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, няцаах бүх өнцөг харагдаж байна. Гэхдээ, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог ихэсгэх, багасгах хандлага эрх баригчид гэхээсээ илүү хүүхнүүдэд өөрсдөд нь хамаатай асуудал юм. Сэтгүүлчдэд хамаатай, улс төрчдөд хамаатай ойлголт. Гэвч асуудлыг чухалчлан гаргаж ирэхээр сарниадаг, маазруулдаг, туйлшруулдаг, хэтэрхий эрдэж яваад мэхэндээ унадаг байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буй талынханд харагдахгүй байна гэж үү?

Алтай гишүүнд нам гэж байхгүй ч сонгогчдынх нь дийлэнх олонхи нь эмэгтэйчүүд гэдэгтэй маргахгүй байна. Гэхдээ тэрээр намын харъяалалгүй учраас асуудалд зоригтой ханджээ. Нялуурахгүй, маазрахгүй яг бодитоор хариулсан байна. Гэхдээ баатраас асуулт асууж байгаа сэтгүүлчийн “царай” эмэгтэйчүүдэд хандах нийгмийн сэтгэл зүйн хандлагыг ч харуулаад байгаа бишүү. Ийм тохиолдолд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны ач холбогдол нь яг юундаа байгааг тодорхой тайлбарлахгүй бол нэг авгай, хийх ажилгүй хэдэн хүүхнүүд гэх мэт үгээр л асуудлыг нь самраад хаячихаж байгаа харагдахым даа…

2011.11.13

Next Page »

Theme: Rubric. Blog at WordPress.com.

Follow

Get every new post delivered to your Inbox.